Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02675

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

7.896.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би “” ХХК-тай 2017 оны 03 сарын 13-ны өдөр БНСУ-ын их дээд сургуульд оюутнаар суралцахад зуучлах гэрээ байгуулан зуны элсэлтэнд бүртгүүлэн зуучлалын гэрээний төлбөрт 800000 төгрөг төлсөн. Энэ төлсөн мөнгөө огт нэхэмжлээгүй, нэхэмжлэх ёсгүй гэдгийг ойлгож байна.. Эхлээд Фигион гэдэг сургуульд анх бүртгүүлээд бүртгэлийн хураамж 35 мянган вонн өгсөн. Тэрний дараа корэй теч их сургуульд оруулая зуны элсэлтэд явуулна гэж байснаа хүүхдийн тоо гүйцсэн намрын элсэлтэд явуулая гэхээр нь би мөнгөө авья гэхэд Баярбат мөнгөө алдсан байсан. Одоо бүртгэлийн хураамж, дотуур байрны мөнгө, сургалтын төлбөр 2 сая 500 мянган вон, дотуур байрны мөнгө 550 мянган вон, төлбөрийн зөрүүнд нэмж 100 мянган вон төлсөн, 2 сургуулийн бүртгэлийн хураамж 75000 вон төлсөн учир нийт 7 896 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ануудариас манай “” ХХКомпанид холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр гаргасан талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “БНСУ-ын их дээд сургуульд оюутан суралцуулахад зуучлах” гэрээний дагуу нөхөн төлбөрт 7.896.000, улсын тэмдэгтийн хураамжинд 141.286 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

1. Нэхэмжлэгч Б.тай манай “" ХХКомпани нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 17/10 дугаартай “БНСУ-д оюутан суралцахад зуучлах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус гэрээгээр талууд харилцан адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуүлж өгсөн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт зуучлалын гэрээний төлбөр 800.000 төгрөг байхаар заасан. Дээрхи 800.000 төгрөг нь зүучлагч байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргийн төлбөр байхаар харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээнд өөр байдлаар төлбөр, хураамжийн талаархи зохицуулалт огтоос байхгүй. Гэтэл нэхэмжпэгч нь талуудын дунд байгуулсан 17/10 дугаартай гэрээг үндэслэл болгон манай компаниас сургалтын төлбөр 5.350.000, элсэлтийн хураамж 158.250 гэх мэтчилэн нийт 7.896.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Компаний зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биөлүүлж суралцагч Б.Анударийг санал болгосон БНСУ-ын Пүгён Их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцуулах зуучлалын үйл ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын байдлаар бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрхи хугацаанаас хойшхи үүссэн сургалтын төлбөр, элсэлтийн хураамж, дотуур байрны зардал гэх мэт төлбөр, зардлууд нь талуудын дунд байгуулсан 17/10 дугаартай гэрээнд хамааралгүй тухайн гэрээгээр зохицуулагдахгүй харилцаа болно. Харин зуучлалын үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш суралцагчийн зүгээс БНСУ-ын их, дээд сургуультай харилцах, төлбөр болон бусад мөнгөн шилжүүлгийг хийхэд компаний зүгээс хэлний мэдлэг, туршлага зэрэг байдлаараа гэрээнд зааснаас өөр нөхцөл байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлж ажилладаг бөгөөд нэхэмжлэгч Б. нэхэмжпэлийн шаардлага гаргах болсон үндэслэл, шалтгаан дээрхи нөхцөл байдлаас үүдэлтэйгээр үүссэн болохыг талууд тодорхой сайн мэдэж байгаа. Тодруулбал: - Зуучлалын үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б. нь өөрийн сонгосон БНСУ-ын Пүгён их сургуулийн хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрт 2.500.000 вон төлөх шаардлагатай болсон бөгөөд дээрхи 2.500.000 воны төлбөр нь зуучлагч манай компанид хамааралгүй төлбөр болохыг гэрээнээс тодорхой сайн харж болно. Дээрхи байдлаар суралцагч Б.Ануудариас сургалтын төлбөр, элсэлтийн хураамж, дотуур байрны зардал гэх мэтээр Пүгён их сургуульд төлөхөөр бэлдсэн төлбөрийг манай компаний нягтлан ажилтай Ч.Баярбат нь банкинд шилжүүлэг хийх зорилгоор бэлнээр биедээ авч явахдаа хулгайд алдаж гэмт хэргийн замаар алдагдсан болохыг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоон эзэн холбогдогчийг илрүүлэн саатуулж одоо Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт “...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа...” гэсэн үндэслэлийг тодорхойлон зааж хэрэв дээрхи үндэслэл байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг хуульчилсан байна. Хариуцагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээс хойш нэхэмжпэгчийн шаардаж буй төлбөр, хураамжинд холбогдолтой төлбөрийг бэлнээр авч яваад гэмт хэргийн замаар алдсан гэх үйлдэл холбогдол нь нэхэмжлэгчийн иргэний хэргийн шүүхэд хандан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагатай аль ч талаараа холбогдолтой хууль зүйн үр дагавар үүсгэх тул нэхэмжлэгч манай “” ХХКомпанид холбогдуулж иргэний журмаар шүүхэд нэхэмжпэл гаргах бус Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа “...Ч.Баярбат бусдын сургалтын төлбөрийг бэлнээр авч яваад хулгайд алдсан...” гэх үйлдэл бүхий эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгон тайлбар мэдүүлгээ өгч хохирол төлбөрөө нэхэмжлэх хууль зүйн зохицуулалттай байна.

2.      ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нөгөө талаар нэхэмжпэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа зөв тодорхойлох хууль зүйн шаардлага тавигддаг бөгөөд нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаас харахад хуулийн дээрхи шаардлага хангагдаагүй, илтэд хууль бус шаардлага болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал: нэхэмжпэлийн хариуцагч хэсэгт хариуцагчийг “” ХХКомпаний ерөнхий захирал О.Энхжаргал гэж тэмдэглээд шаардлага тодорхойлох хэсэгтээ захирал О.Энхжаргалаас 7.896.000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. О.Энхжаргал миний бие “” ХХКомпаний захирлаар ажилладаг бөгөөд албан үүргийн хувьд хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч Б.тай уулзаж зуучлалын талаар болон компаний үйл ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байсан болохоос иргэн О.Энхжаргалын хувьд түүнтэй харилцаж, эрх зүйн харилцаанд оролцож байсан тохиолдол байхгүй. Ийм байхад нэхэмжпэгч нь нэхэмжлэлийн шаардлагдаа хариуцагчийг иргэн О.Энхжаргал миний нэрээр дурьдаж тодорхойлж байгаа нь хууль бус юм. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.8, 65.1.11 дэх хэсгүүдийг үндэслэл болгож ИХШХШТХуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. хариуцагч “” ХХК-д холбогдуулан, 7.896.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б. хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрт төлсөн 2 500 000 вон, элсэлтийн хураамж, банкны шимтгэлд төлсөн 75 000 вон, дотуур байрны төлбөр, банкны шимтгэлд төлсөн 565 000 вон, төлбөрийн зөрүүнд төлсөн 100 000 вон зэргийг зуучлагч компанид төлсөн талаар маргадаггүй боловч эдгээр төлбөрийг нь манай компаний нягтлан бодогч Ч.Баярбат банкинд шилжүүлэг хийхээр бэлнээр авч явахдаа хулгайд алдсан, Цагдаагийн байгууллага эзэн холбогдогчийг нь илрүүлэн, эрүүгийн журмаар шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тухайн хэрэгт нь иргэний нэхэмжлэгчээр тогтоолгон тайлбар мэдүүлгээ өгч хохирол төлбөрөө нэхэмжлэх хуулийн зохицуулалттай тул манай компанид хамааралгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч Б.тай 2017 оны 03 сарын 15-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсад оюутан суралцахад зуучлах 17/10 дугаартай гэрээг байгуулж, Пугён их сургуульд хэлний бэлтгэлийн зуны сургалтанд 6 сарын хугацаатай суралцахад шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох баримт материалыг нь бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг зуучлахтай холбогдох бүхий л ажиллагааг зохицуулах эрх, үүрэг хүлээж, зуучлалын гэрээний төлбөрт 800 000 төгрөгийн хөлсийг суралцагч /Б.Аунуударь/-аар төлүүлэхээр харилцан тохиролцжээ./хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Зуучлагч “” ХХК нь гэрээнд заасны дагуу Пугён их сургуульд Б.Ануударийг суралцуулахад шаардлагатай баримт материалыг нь шаардан авч бүрдүүлэн Бүгд найрамдах Солонгос улсын Пугёны их сургуульд 6 сарын хугацаатай хэлний бэлтгэлийн зуны сургалтанд суралцуулахаар болж сургалтын төлбөрт 2 500 000 воныг 2017 оны 04 сарын 07-ны өдөр, тус сургуулийн элсэлтийн хураамж, банкны шимтгэлд 75 000 воныг 2017 оны 04 сарын 11-ний өдөр, дотуур байрны төлбөр, банкны шимтгэлд 565 000 воныг 2017 оны 05 сарын 10-ны өдөр, төлбөрийн зөрүүнд 100 000 воныг 2017 оны 05 сарын 09-ний өдөр тус тус зуучлуулагч Б.Ануудариар төлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 12-15 дугаар хуудас/-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б. нь зуучлалын гэрээний дагуу хариуцагч компаниар зуучлуулах үйл ажиллагааг гүйцэтгүүлсэн байх боловч тухайн зуны сургалт нь гэрээнд заасан хугацаандаа түүнийг явуулаагүй хойшлогдсон шалтгааны улмаас зуучлалын гэрээнээс татгалзаж, зуучлалын гэрээний төлбөрт төлсөн 800 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин тус сургуулийн сургалтын болон дотуур байрны төлбөр, банкны шимтгэл, төлбөрийн зөрүүнд нэмж төлсөн нийт 3 240 000 воныг буцаан авахыг хариуцагч “” ХХК-иас шаардаж байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 2.6-д “зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгохоос өмнө суралцагч нь энэхүү гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох үндэслэл, шалтгааныг үл харгалзан зуучлагч нь нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тооцон үлдэх хэсгийг суралцагч талд буцаан олгоно. Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг зуучлагч талаас тогтоосон суралцагч талд танилцуулсан ажлын гүйцэтгэлийн талаарх хүснэгтээр тодорхойлно. Энэхүү хүснэгт нь гэрээний салшгүй хэсэг болно”, 3.1.4-т “...зуучлагч талаас шалтгаалахгүй дээрх өөрчлөлт нь суралцагчийн хувьд зуучлалын гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон тохиолдолд гэрээний 2.6-д заасан журмаар төлбөрийн асуудлыг зохицуулна”, мөн 4.2-т “Суралцагч нь энэхүү гэрээг хэдийд ч дуусгавар болгох бөгөөд гэрээний 2.6-д зааснаар гэрээний төлбөрийн асуудлыг зохицуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч компаниас сургалтын төлбөрт төлсөн 2 500 000 вон, сургуулийн элсэлтийн хураамж, банкны шимтгэлд төлсөн 75 000 вон, байрны төлбөр, банкны шимтгэлд төлсөн 565 000 вон, төлбөрийн зөрүүнд төлсөн 100 000 вон буюу нийт 3 240 000 воныг Монгол банкнаас зарласан буюу төлсөн өдрийн ханшаар тооцож нийтдээ 7 896 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хариуцагч компанид төлсөн гэх эдгээр воныг тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 4-7 дугаар хуудас/-нд бичигдсэнээр тооцоход: 2017 оны 04 сарын 07-ны өдөр сургалтын төлбөрт төлсөн 2 500 000 вон х 2.14 = 5 350 000 төгрөг, 2017 оны 04 сарын 11-ний өдөр сургуулийн элсэлтийн хураамж, банкны шимтгэлд төлсөн 75 000 вон х 2.11 = 158 250 төгрөг, 2017 оны 05 сарын 10-ны өдөр дотуур байрны төлбөр, банкны шимтгэлд төлсөн 565 000 вон х 2.13 = 1 203 450 төгрөг, 2017 оны 05 сарын 09-ний өдөр төлбөрийн зөрүүнд төлсөн 100 000 вон х 2.12 = 212 000 төгрөг буюу нийт 6 923 700 төгрөг болж байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага 7 896 000 төгрөгөөс 6 923 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 972 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б. 2017 оны 05 сарын 09-ний өдөр төлсөн гэх 100 000 воныг Баасанбат гэдэг хүн төлсөн байх тул Б. уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий 100 000 воныг тушаасан Баасанбат гэгч нь Б. төрсөн эх болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Тэрээр, хариуцагч “” ХХК нь Б.Ануудартай байгуулсан зуучлалын гэрээний дагуу түүний суралцуулахад төлбөл зохих сургалтын төлбөр гэх мэт зардалд нийтдээ 3 240 000 воныг хүлээн авч бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн байх тул “” ХХК нь уг төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-т заасныг баримтлан хариуцагч  “” ХХК-с 3.240.000 вон буюу 6.923.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 972.300  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.286 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “” ХХК-иас 125.729 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.       

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ