Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Хохирогч *************

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал (цахимаар)

Шүүгдэгч Г.С************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн С**************д холбогдох эрүүгийн 2440000000081 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******************** регистрийн дугаартай, Б овогт Г-ийн С**************.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С************** нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК-ийн жоншны уурхайн хашаанд 2024 оны 11 дүгээр сарын 16-ны оройн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *************-тай маргалдаж улмаар нүүр, толгойн тус газарт олон удаагийн давтамжтай гараараа цохиж түүний дух, зулай, дагзны хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.С************** шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед ажил тарсан, 20 цагийн үед уурхайн дарга Т-ын өрөөнд орсон. Т- дарга урд жижиг уурхайд техник эвдэрсэн байна хоёулаа уурхай руу очоод ирье гээд машинтай явсан. Тэгээд Г ахтай уулзаад 1 шил архи хувааж уусан. Т- дарга намайг нөгөө хүмүүстэй уулзаад ир гэж явуулсан. Би гагнуур хийх шигшүүр дээр очиход хүмүүс ажил хийж байсан. Би тэднийг боль гэж хэлсэн. Хятад хүмүүс рүү биднийг ороход дургүйцээд чанга орилоод байсан. Тэгэхээр би жаахан чанга дуугарахад Г ах миний шилэн хүзүүнээс татаад ам, хамар маажсан. Мөн тэнд байсан нүдний шилтэй В гэдэг хятад миний эрүү рүү өшиглөсөн. Тэгээд би Г ахыг түлхэж гаргаад бид хоёрын хооронд зодоон болсон” гэв.

 

Хохирогч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед би уурхай дээр амралтын байдалтай байсан. Тэгээд Т-, С************** нар ирсэн. Бид гурав нэг шил архи хувааж уусан. Тэгээд байрлаж байгаа гэрт ирэхэд Вг энэ уурхайд ажиллах хэрэггүй, хурдан яв гэж орчуулж хэлүүлсэн. Тэгэхээр нь би чи согтуу байна, чи энд ингэж хэлээд нэмэргүй гаръя гээд гарсан. Гарч ирээд үүдэнд С************** намайг хятадаа өмөөрөөд байгаа юм уу гээд зүүн нүд рүү цохисон” гэв.

 

2440000000081 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч *************-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ********** ХХК-ийн жоншны уурхайд орчуулагчаар ажилладаг юм. Тухайн өдөр манай уурхайн дарга Т- орой 22 цагийн үед уурхай дээр С************** гэх залуутай хамт ирсэн. Ирээд намайг дуудахаар нь би өрөөнд нь ороод бид гурав хамт Экс нэртэй архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад би С***********ийн хамтаар гараад уурхай дотуур алхсан. Эхлээд гагнуур хийж байгаа нэг хятад дээр очоод наад ажлаа боль гэхэд нөгөөх нь болиод яваад өгсөн. Тэгээд цаашаа явж В гэх хятадын гэрт очиход хоёр хятад иргэн байхад тэр хэдэд надаар орчуулга хийлгээд одоо энэ уурхайд ирж ажиллахгүй шүү явна шүү энд байхгүй гэх утгаар хэлүүлсэн. Тэгээд би одоо наад хэдэн хятадаа үлдээчих хоёулаа гадаа гаръя гээд гараад явж байтал чи энэ хятадуудыг өмөөрлөө гэхээр нь тийм зүйл байхгүй. Чи согтсон байна ийм зүйл яриад яахын бэ гэхэд миний зүүн талын нүд рүү гараа зангилаад нэг удаа цохисон. Би цохиулаад нэг хэсэгтээ юм харж чадахгүй байхад намайг газар унагаагаад дээр толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд миний цээж хэсэгт баруун зүүн талаас нэг нэг удаа өшиглөсөн. Миний зүүн талын хөмсөгний дээд талын 6 оёдол тавиулсан хэсгийг бол би чулуугаар цохисон байх гэж бодож байна. Эхлээд нүд рүүгээ цохиулаад нэг хэсэгтээ манарлын байдалтай байсан. Тэгээд харин нэг хятад гарч ирээд Т- ахад хэлсэн юм шиг байна лээ. Нэг босоод харахад Т- ах машин руугаа С***********ийг чирээд суулгаад хөдлөөд гарч байсан. Би үлдээд шууд Бор-Өндөр сумын эмнэлэг рүү машинаар хүргүүлж ирсэн. Хятадуудаа өмөөрлөө гэх юм яриад л зодож эхэлсэн. Өөр бид хоёрт урд өмнө нь маргалдаж муудаж байсан зүйл байхгүй. Уурхайн дарга Т-ыг асуудалд оруулчих юм болов уу гэж бодоод би тэгээд гадаа С************** бид уугаад маргалдаад зодоон болсон гэж мэдүүлэг өгсөн юм. Уурхай дотор асуудал үүссэн гэх юм бол уурхай бас дагаад асуудалд орох байх гэж бодоод би С***********ийн уурхайн гадаа очиж архи уугаад тийм зүйл болсон гэж мэдүүлсэн юм. Тэгэхээс санаатай тийм мэдүүлэг өгсөн зүйл бол байхгүй. Аль аль талаа асуудалд оруулаад яах вэ гэж бодсон юм. Бид хоёр л гадаа байсан. Хажууд хүн байгаагүй. Бүгд гэртээ байцгаасан.

... Надад өмгөөлөгч хөлсөлсөн зардал, эрүүл мэнд учирсан хохирол эмчлүүлсэн төлбөр, хөдөө орон нутаг руу өмгөөлөгч орчуулагч явсан шатахууны тос, томилолтын зардал, өвчтэй байсан хугацааны цалин зэргийн гаргуулж авах хүсэлтэй байна, мөн сэтгэл санаад учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Би БНХАУ-ын Хөх хотод очиж бүтэн биеийн рентген зураг, дотор эрхтний оношилгоонд орсон төлбөр, зочид буудлын төлбөр, Эрээн хотоос Хөх хот руу явсан онгоцны төлбөр зэргийг мөн гаргуулж авах хүсэлтэй байна, би тухайн баримтуудыг орчуулга хийлгээгүй, урьдчилсан хэлэлцүүлэг, прокурорын шатанд байхад орчуулга хийлгэж гаргаж өгөх хүсэлтэй байна.гэх мэдүүлэг (хх-ийн 5, 58 дугаар хуудас)

 

Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой урд уурхай дээр амрах гээд байж байтал нэг хятад ажилтан орж ирээд дохио зангаагаар хүн зодоод байна гэж хэлэх шиг болохоор нь гараад очтол манай уурхайд хэлмэрчээр ажилладаг БНХАУ-н ӨМӨЗО-ны иргэн хятад нэр нь ************* Монгол нэр нь Г гэж хүний нүүр ам нь нэлээд цус болсон байдалтай газарт хэвтэж байсан хойд уурхайд механик ажилтай С************** гэж залуу архи уучихсан тухай орчуулагчийг зодож байсан. Би С**************д хандаж яаж байгаа пяздаа вэ архи уучхаад хүн зодож болдог юм уу гэж хэлтэл над руу хужаа өмөөрөөд байна уу үгүй юу гэж хэлсэн би С***********ийг хойд уурхай дээр чинь хүргэж өгье машинд суу гэж хэлээд өөрийн эзэмшлийн машиндаа суулгаад хөдлөх гэтэл над руу агсарч дайрсан би С**************тэй машин дотор маргалдаж байгаад ухрахдаа машинаараа экскаватор мөргөөд өөрийн эзэмшлийн ...................... улсын дугаартай Ланд крузер 300 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил хаалганд гэмтэл учруулсан. ... Надад гэмтэл шарх учраагүй. Намайг ална гээд сүүлдээ тэнэглэхээр нь хойд уурхай дээр үлдээгээд яваад өгсөн. Тэгтэл шөнө цагдаа нар очиж авсан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас)

 

Шүүгдэгч Г.С***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Т- нь энэ 2 уурхайн дунд монгол талын даргаар ажилладаг юм. Бид хоёр ирээд орчуулагч ************* -г дуудаад хамт “Экс” нэртэй нэг шил архийг бид гурав хувааж уусан. Архиа хувааж уугаад дуусаад би *************-тай хамт гараад зүүн урд талд гагнуур хийж байсан хятад ажилтан руу очоод би наад ажлаа дуусга боль гэж хэлтэл болиод яваад өгсөн. Тэндээсээ В гэх хятад ажилтны гэр лүү ороход хоёр хятад иргэн байсан. Би *************-д та орчуулаад өг гэж байгаад тэр хоёрт эндээс энэ уурхайгаас боль яв гэж хэлсэн. Тэгээд миний дуу жоохон өндөрсөөд тэгтэл намайг хойноос хүзүүгээр тэврэхээр нь гараад *************-д чи хятадуудыг өмөөрлөө гэж хэлээд би нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд газарт татаж унагаад дээрээс нь толгой руу хэд хэдэн удаа цохисон. Яг хэд гэдгээ санахгүй байна. Тэгтэл Т- ах гарч ирээд намайг хүн зодлоо гэж уурлаад машиндаа чирч оруулаад уурхайгаас хөдлөөд хойд уурхай луу явсан. ... Архи уухаараа их агсам бас үндсэрхэг үзэл ч гэх юм уу хятадуудад жоохон дургүй болохоор эндээс манай газар нутгаас яв гэсэн юм шиг байна лээ. Би *************-r бол хятадуудаа өмөөрлөө гээд биед нь халдаж зодсон юм. ...Би Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт мөнгийг нь төлөөд 7 хоног эмчилгээ хийлгэсэн. 7 хоногийн төлбөр 1,758,800 мянган төгрөг болсон. Баримтгүй 210,000 төгрөг бас байгаа. Тэр нь 160,000 мянган төгрөг нь оёдол тавиулсан, маргааш нь 50,000 төгрөгөөр эмч авч өгсөн юм” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 557 дугаартай

 

1. *************-ны биед духны зүүн хэсэгт шарх, дух, зулай, дагзны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлээс духны зүүн хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дух, зулай, дагзны хэсэгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох  журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 25-26-р хуудас)

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлсөнд 23,395,000 төгрөг шилжүүлсэн баримт, НӨАТ-ын баримт (98-99 хуу), Хятад хэл дээрх баримт  (100-102 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.С************** нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК-ийн жоншны уурхайн хашаанд 2024 оны 11 дүгээр сарын 16-ны оройн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *************-тай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж дух, зулай, дагзны хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

 

Хохирогч *************-ийн “...Тэгээд би одоо наад хэдэн хятадаа үлдээчих хоёулаа гадаа гаръя гээд гараад явж байтал чи энэ хятадуудыг өмөөрлөө гэхээр нь тийм зүйл байхгүй. Чи согтсон байна ийм зүйл яриад яахын бэ гэхэд миний зүүн талын нүд рүү гараа зангилаад нэг удаа цохисон. Би цохиулаад нэг хэсэгтээ юм харж чадахгүй байхад намайг газар унагаагаад дээр толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд миний цээж хэсэгт баруун зүүн талаас нэг нэг удаа өшиглөсөн. Миний зүүн талын хөмсөгний дээд талын 6 оёдол тавиулсан хэсгийг бол би чулуугаар цохисон байх гэж бодож байна. Эхлээд нүд рүүгээ цохиулаад нэг хэсэгтээ манарлын байдалтай байсан. Тэгээд харин нэг хятад гарч ирээд Т- ахад хэлсэн юм шиг байна лээ." гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Т-ын “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой урд уурхай дээр амрах гээд байж байтал нэг хятад ажилтан орж ирээд дохио зангаагаар хүн зодоод байна гэж хэлэх шиг болохоор нь гараад очтол манай уурхайд хэлмэрчээр ажилладаг БНХАУ-н ӨМӨЗО-ны иргэн хятад нэр нь ************* Монгол нэр нь Г гэж хүний нүүр ам нь нэлээд цус болсон байдалтай газарт хэвтэж байсан, хойд уурхайд механик ажилтай С************** гэж залуу архи уучихсан тухай орчуулагчийг зодсон байсан. " гэх мэдүүлэг,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 557 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг. Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчид үр дагавар болон учирсан гэмтэл нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж юм. 

 

Иймд шүүх шүүгдэгч Г.С***********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “Би өмгөөлөгчийн хөлс 23,395,000 төгрөг, шатахууны зардал 624,955 төгрөг, хоолны зардал 84,850 төгрөг, өвчтэй байсан хугацааны цалин, сэтгэл санаад учирсан хохирол, БНХАУ-ын Хөх хотод очиж оношилгоо хийлгүүлсэн төлбөр, зочид буудлын төлбөр, Эрээн хотоос Хөх хот руу явсан онгоцны төлбөр зэргийг нэхэмжилнэ.”  гэж мэдүүллээ.

Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт хохирогчийн хэвтэн эмчлүүлсний төлбөр 1,758,800 төгрөг (хх-ийн 87 дугаар хуудас)-ийг шүүгдэгч Г.С************** нь төлсөн байна.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны дутуу цалин, эмчилгээний зардал, зочид буудлын төлбөр, замын зардалтай холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад гаргаж өгөөгүй мөн хавтаст хэргийн 100-102 дугаар хуудсанд авагдсан хохиролтой холбоотой гэх хятад хэл дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхгүй тул хохирогч нь тус хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 23,395,000 төгрөг, шатахууны зардал 655,925 төгрөг, хоолны зардал 84,850 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Тэгвэл хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлсний төлбөр, шатахууны төлбөр, хоолны зардлыг хохирогч ************* нь өөрөөсөө гаргаагүй буюу ***********” ХХК  төлсөн болох нь хавтаст хэргийн 97-99  дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн “***********” ХХК  нь тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, энэ талаарх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаагүй болно. Иймээс тус зардлыг нэхэмжлэх эрх бүхий субъект нь хохирогч ************* биш гэж үзлээ.

***********” ХХК  нь дээрх зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурсан байна. /хх-н 94-95 хуу/

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.С**************эс гаргуулж хохирогч *************-д олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэсэн зан авир нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоох дүгнэлтийг гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзвэл харилцан зодолдсон мэтээр мэдүүлэг өгч байгаа нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байгаа учир зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

   Шүүхээс шүүгдэгч Г.С**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Г-ийн С***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С***********ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С**************д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арВ тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 23,395,000 төгрөг, шатахууны зардал 655,925 төгрөг, хоолны зардал 84,850 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь дутуу авсан цалин, эмчилгээний зардал, зочид буудлын төлбөр, замын зардал зэрэг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С**************эс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *************-д олгосугай.

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.С**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР