Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч Б.Мөнхдөл,    

Шүүгдэгч Н.Пү, Д.П,

Өмгөөлөгч Н.Нарангарав,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,               

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Д-ийн П, У овгийн Н-ийн Пү нарт холбогдох 2428002720262 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П, Н.Пү нар нь бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу 2 дугаар багийн нутаг “...” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтад заасан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох 71,9 килограмм Cynomoriaceaе-гоёоны овгийн Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёо зүйлийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр 5,658,530 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.П, Н.Пү нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Д.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай дүү аваарт ороод бие нь тааруу байгаа. Тэгээд эмчилгээний журмаар Мандал-Овоо сумын Баянхошуу гэдэг газраас гоёо түүсэн. Би тухайн газрын талаар сайн мэдэхгүй анх удаа очсон. Н.Пү бууц хороогоо эргэе машин тэрэг муухан надтай хань болоод яваад ирээч гэж хэлсэн. Бууцан дээр нь алт гарсан бололтой хүмүүс ирээд бужигнуулаад хаясан байсан. Тухайн бууц манай эгчийн бууц. Тэгээд бууцан дээр нь очоод хоол хийж идээд байж байтал Н.Пү эгчийн биед эмчилгээний журмаар хэрэглэж болно гэсэн гээд гоёо түүсэн. Н.Пү-ын эгч нь Дорноговь аймагт явж байгаад аваарт орсон. Би Н.Пү-тай хамт явсан бөгөөд надад эгчийнхээ эмчилгээнд зориулж хэдэн гоёо түүнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би их хэмжээгээр түүж болдоггүй гэж хэлсэн. Би гоёо түүж үзээгүй учраас гоёо түүж чадахгүй юм байна лээ. Гоёо хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гэхдээ 2, 3 гоёо гаргасан гэв.

Шүүгдэгч Н.Пү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр миний төрсөн эгч Дорноговь аймагт явж байгаад зам тээврийн осолд орж нөхөр, 2 хүүхэд нь газар дээрээ нас барж манай эгч одоог хүртэл комын байдалтай ухаангүй байгаа. Тухайн үед нь бид нар байгаа бүх хөрөнгөө зараад Хятад улс руу эмчилгээнд явуулсан.  Монголд ирээд хиймэл амьсгалын аппараттай байсан. Манай эгч анхнаасаа маш хүнд байсан. Тэгээд бид нар бүх эмнэлгээр авч явсан. Сүүлдээ Монголд эмчилгээгүй гээд эмнэлэг нь гарга гээд бид нар Хятад улсаас хиймэл амьсгалын аппарат худалдаж аваад гэрээр гаргасан. Ерөнхийдөө маш өндөр халуурч, шүд амаа зууж таталт өгдөг. Өөрөө ямар ч ухаангүй байгаа учраас би хууль ёсны төлөөлөгчөөр нь томилогдоод бүх шүүх хуралд нь ороод явж байгаа. Бид нар эгчийгээ Хятад улсад 4 сар авч явж эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо Монгол эмчилгээгүй маш өндөр тунтай, мансууруулах төрлийн эмчийн бичигтэй өвчин намдаах эм байдаг. Би хуруугаа уншуулж эгчийнхээ өмнөөс очиж авч байнга асран хамгаалдаг учраас одоогоор тогтсон ажил хийж чадахгүй дүү нартайгаа эгчийгээ хараад байж байгаа. Би одоо Улаанбаатар хотод амьдардаг. Өмнө нь ... ХК-д ажиллаж байгаад нуруугаа гэмтээгээд ажлаасаа гарсан. Тэгээд эгчийг осолд орсноос хойш эгчийгээ хараад тогтсон ажил хийж чадахгүй байгаад байсан. Гоёо түүсэн процесс нь болохоор би Улаанбаатар хотоос хүний машин унаж Өмнөговь аймагт ирчхээд би машинаар чинь хөдөө яваад ирье гэхэд тэг тэг болно гэж хэлсэн. Тухайн машин асаж, унтраад нэлээн муу машин байсан. Д.П ах манай ээжийн төрсөн дүү байгаа. Энэ ах хөдөөнөөс ирсэн аймаг дээр байна гэхээр нь та надтай хань болоод яваад өгөөч машин тэрэг эвдэрчхэж магадгүй. Би хөдөө яваад эгчид хэдэн улаан гоёо түүгээд ирье гэж хэлсэн. Монголд эмчилгээгүй гэсэн болохоор дандаа өвчнийг нь намдаадаг өндөр тунтай өвчин намдаах эмүүд хэрэглэдэг. Даралт нь ихсээд таталт өгөөд байнгын савлагаатай хэцүү байдаг. Эмчид үзүүлэхээр улаан гоёо хандалж өгвөл дотор эрхтнүүдэд нь сайн байдаг гэж хэлсэн. Манай эгчийн дотор эрхтнүүд нь бяцарсан. Машиндаа хавчуулагдсан байсан учраас бүх хавирга яснууд нь хугараад ходоод, элэг, сав нь бяцарсан байгаа. Тэгээд ганцаараа амьд үлдсэн. Залуу хүн учраас зүрх нь цохилоод бусад нь ямар ч ажиллагаагүй байгаа. Тэгээд улаан гоёог хэрэглэвэл даралт нь буурна байнга таталт өгөөд, халуураад хөлс нь гоожоод байхгүй. Тийм учраас уламжлалт талаас хэрэглэе гэж эмч зөвлөсөн. Миний гоёо ухаж байсан газар Мандал-Овоо сумын Баянхошууны хойно бид нарын багаасаа өссөн зунжаа байдаг. Тэгээд би тэнд өссөн учраас улаан гоёо хаана ургадгийг мэддэг байсан. Би Улаанбаатар хотоос хүний машин унаж ирэнгүүтээ тэр машинаараа Мандал-Овоо сум руу явсан. Эхлээд бууцан дээгүүрээ ороод лоом байсныг хэрэглэнэ гээд хэрэгтэй юмнуудаа аваад явсан. Миний гоёо түүсэн газар 2 километр л байх, нэг овоо даваад байдаг. Замдаа тэнд нэг худаг байдаг эгчдээ уснаас нь амсуулъя гэж бодоод ус аваад явсан. Намар аажуу болсон байсан учраас тэнд байсан улаан гоёонууд нь хатаад хагдарсан байсан. Надад хатсан сайн муу гоёо нь огт хамаагүй байсан. Тэгээд худаг тойрсон байсан хэдэн бутнаас гоёо түүж авсан. Худаг нь төв замаас 50 метрийн зайтай байдаг. Миний түүсэн гоёо 4 шуудай биш. Дөрвөн шуудайны тал талаар байсан. Надад тийм их гоёоны хэрэг байгаагүй. Гэхдээ бас 2, 3 ширхэг гоёо аваад явахаар очоод эгчид эмчилгээ болохгүй байх гэж бодсон. Мөн өвөл болохоор хатчихна гэж бодоод ирсэн дээрээ нэг мөсөн аваад явъя гэж бодсон. Гэхдээ тухайн гоёонууд өтөлсөн байсан учраас толгой урттай ашиглах хэсэг нь бага байдаг учраас ихээр түүсэн байх гэж бодож байна. Хажуугаар нэг хар машин өнгөрч явснаа эргэж ирээд та нар юун хүмүүс вэ гэж хэлсэн. Тэгээд бид нар Улаанбаатараас нутагтаа ирээд ус, гоёо аваад явж байгаа гэсэн чинь гоёо түүж болохгүй шүү дээ та нар одоо яв гэж хэлсэн. Тэгээд Мандал-Овоо сум руу яв гэж хэлсэн. Мандал-Овоо суманд очтол нөгөө цагдаа нар нь байхгүй болсон. Тэгээд аймаг руу явж байтал машин эвдрээд замдаа нэг хоносон. Тэгээд аймаг руу яриад айлаас дэмжлэг авч машинаа асаасан. Миний улаан гоёо түүсэн шалтгаан нь анхнаасаа зарж борлуулах ямар ч санаа зорилго байгаагүй. Эгчийнхээ эмчилгээнд л зориулж түүсэн. Миний хувьд эгчийнхээ тэр их зовлон шаналлыг нүдээрээ харж байгаа учраас надад маш хэцүү байсан. Эгчийгээ эмчлээд хэдэн дүү нартайгаа жоохон ч гэсэн хамт байлгачих юмсан гэж бодсон. Би их сургуулиа Шинжлэх ухаан технологийн их сургуулийг барилгын инженерээр төгссөн. Би “...” ХК-ийн тэтгэлэгт оюутан байсан. Дараа нь уул уурхайгаар сурсан, бас аюулгүй ажиллагааны ажилтнаар сурсан. Би боловсролыг шат дараатайгаар сурсан. Би хуулийг санаатайгаар зөрчих хүн биш. Би “...” ХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан байсан учраас хүмүүст хөдөлмөрийн хуулийг хэлж, зөвлөдөг хүн байсан. Би улаан гоёог түүж болохгүй талаар мэдэхгүй л дээ. Хар багаасаа төрж өссөн нутгаасаа жоохон гоёо авч эгчдээ тус дэм болъё гэж бодсон. Мөн би энэ хүнтэй бүлэглэн гэмт хэрэг хийгээгүй. Надад хань болоод яваад ирээч гэж л гуйж явсан. Миний унаж явсан машин их муу байсан. Тэгээд би худаг дээр очоод ус аваад байж байтал хэдэн хүмүүс ирээд цагдаа байна гэж хэлсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Засгийн газрын тогтоолоор гоёо ургамлыг ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм. Шинжлэх ухааны нэр нь “Зүүн гарын гоёо” Cynomorium songaricum Rupr гэдэг. Орон нутгийн хүмүүс улаан гэж нэрлэдэг. Ховор ургамал түүх нь хориотой байдаг. Түүж бэлтгэсэн гоёо ургамал дахин ургах боломжгүй. Аймгийн хэмжээнд “Зүүн гарын гоёо” Cynomorium songaricum Rupr-ын ургамлын нөөцийг тусгайлан тогтоосон нөөц хийгдээгүй тул экологийн тэнцвэрт байдал алдагдуулсан гэж үзэхгүй. Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалт, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар түүж бэлтгэх ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас жилд нэг удаа гаргадаг. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд “Зүүн гарын гоёо” Cynomorium songaricum Rupr ургамал түүж, бэлтгэх зөвшөөрөл 2023, 2024 онуудад олгогдоогүй. Би Өмнөговь аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээчийн 02 дугаартай дүгнэлттэй танилцсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалын хавсралтаар заагдсан дагуу экологи эдийн засгийн үнэлгээ гарсан байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалын хавсралт хэсэгт нойтон гоёо ургамлын 1 кг үнэ 78,700 төгрөгөөр тогтоосон. Иймд 71,9 кг 78,700 үржүүлэхэд 5,658,530 төгрөг болж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасан байх тул 5,658,530 төгрөгийг хуульд зааснаар тав дахин нэмэгдүүлэхэд 28,292,650 төгрөг болж байна. Миний зүгээс экологи эдийн засгийн үнэлгээ болох 28,292,650 төгрөгийг төлчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй. 71,9 кг зүүн гарын “Зүүн гарын гоёо” Cynomorium songaricum Rupr ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг хийхдээ нойтон жин, килограмм хийгдсэн байна. Ургамал нь түүсэн цаг хугацаанаас хойш хадгалалтын үед жин килограмм нь багасдаг, чийг нь алдагдах, буруу хадгалсан өнгө хатаж, хөгцөрч муудах магадлалтай.” (1 дүгээр хавтаст хэргийн 32-37 дахь тал)      

Гэрч Н.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний аавын аав, ээж буюу өвөө, эмээ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөө мал маллаж амьдардаг байсан. Н.Пү гэдэг миний төрсөн дүү харин Э гэдэг нь миний төрсөн эгч байгаа юм. Э эгчийг 2023 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Айраг сумын нутагт гэр бүлийн хүмүүсийн хамт замын хөдөлгөөнд оролцон явах үед нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч урсгал зөрж улмаар зам тээврийн осол гарсан. Ослын улмаас миний эгчийн нөхөр хоёр хүүхэд нь нас барсан. Харин эгчийн тархи, нугас, дотор эрхтний бяцрал, хавирга, гар, өвдөгт олон тооны гэмтэл учирсан тэрнээс хойш байнгын асаргаанд байна. Уг гэмтэлд гоёоны хандаар усанд оруулах, шавших, уулгах, хөхүүлэх зэрэг эмчилгээ хийдэг юм байна лээ. Тийм учраас улаан гоёо түүж бэлтгэсэн гэж надад Пү хэлсэн. Миний төрсөн дүү Пү нь нагац ах Пийн хамт Даланзадгад сумын төвөөс Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу 2 дугаар багийн нутагт очиж гоёо түүж бэлтгэсэн талаар сүүлд Пүаас мэдсэн... Миний дүү одоогоор Э эгчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан хэргийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож өмгөөлөгчтэй цуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа.” (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал) 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Босоо овогтой Б нь Ө аймгийн ... сумын харьяат ба тус сумын ... хэмээх газар мал малладаг. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ... сумаас бага малаа туун Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байх найз Энх гэдэг хүн дээр ирсэн. Би ирээд малаа найз болох Энх гэдэг хүний малтай нийлүүлсэн. Ирснээсээ хойш найзынхаа малын хороог янзалж, малаа хариулж гурав хоносон. Би 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед найз Энх гэдэг хүний хүргэн болох Гүнээгийнд майхан савыг нь хүргэж өгөх гээд өөрийн мотоциклоороо явж байсан. Гэрээс гараад замаар 27, 28 км яваад Баянхошуу гэх газрын хажуугаар явж байтал замын хажууд 100 орчим метрээс хүрз барьсан хоёр залуу гараараа даллаж намайг дуудсан. Дуудахаар нь би очсон чинь хоёр танихгүй залуу байж байсан ба намайг машин дээр хоёр шуудай гоёо хүргээд өг гэж гуйхад нь би мотоцикл дээрээ ачаад 400-500 метр газар явж машин дээр нь хүргэж өгсөн. Хүргэж өгчөөд явах гэтэл намайг хоол идчихээд яв гэхээр нь би “За тэгье” гээд хоол болохыг нь хүлээсэн. Хоол болохыг нь хүлээж байтал цагдаа нар ирсэн. Намайг тухайн хүмүүсийн машин дээр очиход саарал өнгийн “Starex” загварын дугааргүй машин байсан. Тухайн машин нь гар худгийн дэргэд зогссон байсан. Тухайн машины ард талд нь миний ачиж очсон хоёр шуудай гоёоноос гадна дахиад хоёр шуудайтай гоёо байсан. Нийт 4 шуудай гоёо байсан. Улаан өнгийн гоёо түүж цагаан өнгийн шуудайнд хийсэн байсан... Намайг очиход улаан дээлтэй, цагаан дээлтэй 2 хүн байсан. Тухайн хүмүүстэй урд өмнө нь уулзаж байгаагүй. Танихгүй хүмүүс байна лээ. Тухайн хоёр хүний өвөлжөө нь уг газраас ойрхон гэж ярьж байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 43-46, 48-49 дэх тал)

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Пүын эгч Эг би өнгөрсөн Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байх хугацаанд болон осолд орсноос хойш ер нь байнга л биеийг нь үзэж эмчилж байсан, Э нь эмнэлгээр хүчтэй эм тариа их хийлгэчихсэн болохоор уламжлалт тан уулгах юм бол өвчтөн их ядрах болохоор би улаан гоёо хандалж уулгахыг зөвлөж байсан. Улаан гоёо нь дотор эрхтэн, дотоод шүүрлийн үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг, цус шингэлдэг, тархины даралт бууруулах үйлчилгээтэй эмчилгээний ургамал байгаа юм. Тэгээд би Э-д улаан гоёо хандалж бага багаар уулгах эмчилгээ зааж бичиж өгч байсан. Энэ ургамал нь их олон төрлийн өвчнийг эдгээдэг, гаж нөлөөгүй болохоор хандалж уулгадаг юм. Пү над дээр ирээд манай эгчийг эмнэлгээс бол эмчлэх эмчилгээгүй гээд байна миний найз үзээд өгөөч гэхээр нь би очиж Эг үзсэн. Тэгээд эмчилгээ зааж бичиж өгсөн, хэвтэрт байгаа хүнд өвчтэй хүнд өөр эмчилгээ хийх боломжгүй байгаа юм.” (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал)

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хэргийн талаар мэдэж байгаа. Миний том охин Э өнгөрсөн жил зам тээврийн осолд орсноос болоод тархины болон дотор эрхтний маш хүнд гэмтэлтэй, ухаангүй байдалтай хэвтэрт манай гэрт байгаа юм, бид нар Эг эмчлүүлэхээр гадаад дотоодын сайн гэсэн эмнэлгүүдээр бүтэн жил гаран хугацаанд явсан. Одоо анагаах чиглэлээр бол эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой, хийх эмчилгээ байхгүй гэсэн тул уламжлалт эмнэлгийн эмчилгээ хийлгэх байдлаар эмчлүүлж байна. Миний охины даралт нь маш өндөр болоод гэнэт ихсээд байдаг, даралт нь ихсэх өвчинд гоёог хандалж уулгах нь сайн гэдгийг уламжлалтын эмч зөвлөсөн юм. 2024 оны 09 дүгээр сард Пү эгчийнхээ төрсөн нутагт очиж газар нутагт нь өргөл өргөж, төрсөн нутгийнх нь уснаас авчирч уулгах гэж яваад гоёо ургасныг хараад жаахныг түүсэн юм билээ, энэ нь гэмт хэрэг болчихно гэж яаж мэдэх билээ дээ. А гэдэг уламжлалт анагаах ухааны эмч үзээд бидэнд хэлж өгсөн юм. Өвчтөний картанд нь ч бас бичиж өгч байсан. Бид Эгийнхаа эмчилгээнд байгаа бүхнээ зориулж эмчилгээ хийлгэж байгаа. Бид нар 1,5 жилийн хугацаанд сэтгэл санаа, эдийн засгийн маш хүнд байдалд байгаа юм. Гэхдээ охиноо ямар ч байсан эрүүл болгочих юмсан гэж зүтгэцгээж байгаа. Миний хүү Пү эгчийнхээ эмчилгээнд хэрэг болчих байх гэж бодсондоо л гоёог түүсэн, хүн аргаа барахдаа л байгаль дэлхийдээ ханддаг юм байна, бусдаар бол бид энэ гоёог зарж ашиг олох гэж түүгээгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал)

Шинжээч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 02 дугаартай дүгнэлтийг гаргасан. Засгийн газрын тогтоолоор гоёо ургамлыг ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм. Шинжлэх ухааны нэр нь Cynomorium songaricum Rupr гэдэг. Тухайн түүж бэлтгэсэн ургамал дахин ургах боломжгүй. Ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалт, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар түүж бэлтгэх ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог тул надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Харин гоёо ургамал нь түүсэн цаг хугацаанаас хойш хадгалалтын үед жин килограмм нь багасдаг. Учир нь чийг нь арилж хатсан гэсэн үг өөр нэмж ярих зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал)

Шүүгдэгч Н.Пү мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг Мандал-Овоо сум Баянхошуу багт өөрийн өвөө, эмээгийн нутагт өөрийн төрсөн эгч Э-гийн бие өвдөөд байдаг тул эгчийн амь насыг гуйх гэж очсон байсан. Тэгээд хэдэн гоёо авчихаад буцах гэж байсан юм, 4 шуудайн дундуур шуудай гоёо түүсэн, машины хажууд сууж байхад хэдэн цагдаа нар ирсэн. Улаан гоёо Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, Баянхошуу баг өвөө, эмээгийн зуслан Хярийн хойд ам гэх газраас түүсэн. Би бага байхад тэнд нутаглаж өссөн. Өвөө, эмээ улаан гоёо гэдгийг зааж өгсөн байсан. Би гоёо түүж үзээгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал)  

Шүүгдэгч Н.Пү мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн эгч Н овогтой Э нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд гэр бүлийн хамт автомашинаар явж байгаад зам тээврийн осолд орсны улмаас нөхөр 2 хүүхэд нь газар дээрээ нас барсан, манай эгч өөрөө бүтэн 1 жил гаруй ухаангүй, эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа. Манай эгч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, байнгын хэвтэрт байгаа, өнгөрсөн хугацаанд манай гэр бүлийнхэн бүгд нийлээд эгчийгээ гадаад эмчилгээ, шинжилгээ хийлгэж явсаар ирсэн. Э эгч маань даралт нь маш өндөр болж таталт өгдөг, тэгээд уламжлалт эмнэлгийн эмч нар улаан гоёогоор даралтыг нь буулгадаг гэж эмчилгээ заасан учир би эгчийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж өөрийн төрсөн нутаг, өвөөгийнхөө өвөлжөөний хажуугаас улаан гоёо түүсэн. Манай эгчийг Монголын эмнэлэгт бол эмчилгээ байхгүй гэсэн болохоор арга тасрахдаа ардын уламжлалт эмнэлгийн эмчийн хэлснээр даралтыг нь буулгаж тогтворжуулах үүднээс энэ гоёог түүсэн байсан. Би тухайн үед өөрийн ээжийн төрсөн дүү болох П ахыг надтай хань болж яваад ирээч гэж гуйж авч явсан, миний унаж явсан машин манай хойд эцгийн машин байсан, тэр машин их муу, эвдэрдэг болохоор ганцаараа явж чадаагүй. П ахыг хань татаж авч явсан. Хориглодог гэдгийг бол мэдэхгүй, гадуур дэлгүүрээр чөлөөтэй зарагдаж байдаг, хүмүүс дуртай болгон нь түүж иддэг болохоор хориглодог гэж мэдээгүй. 4 ширхэг 25 килограммтай гурилын цагаан уутны тал хэмжээтэй байсан. Тухайн гоёо нь нойтон бас шороотой байсан болохоор их жин дарсан байх гэж бодож байна. Гадуур дэлгүүрээр гоёо 1 кг нь 10,000 төгрөг гэж байсан бидний хувьд худалдаж авах санхүүгийн бололцоо байхгүй болсон, мөн дээрээс нь бид нар эгчийгээ гадаад болон Улаанбаатар хотын эмнэлгүүдээр эмчлүүлж яваад сүүлдээ эмчилгээгүй гэсэн оноштой аймагт авчирсан. Тэгээд эгчийнхээ даралтыг тогтвортой байлгах гэж гоёо түүж авчирсан, мөн тэр гоёо түүсэн газар нь эгч бид нарын төрж өссөн газар болохоор тэр газрынх нь худгийн уснаас авчирч эгчдээ уулгах, нутгийн уул усандаа өргөл, сүү будаа өргөх зэргээр явж байсан. Миний эгчид эмнэлгийн зүгээс эмчилгээ байхгүй гээд эмч нар эмчилгээ хийдэггүй, одоо гэртээ бид нар хамтдаа амьдардаг, эгч маань таталт өгөхөөрөө хэлээ тас хазчих гээд байдаг тухайн үед нь ямар ч эм тариа хийгээд нэмэргүй гэдэг болохоор даралтыг нь байнгын бага байлгах гэж гоёо уулгадаг. Бусдаар энэ гоёог зарж борлуулах гээгүй юм.” (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 4 шуудай ургамал нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжлэгдсэн ургамал нь Cynomoriaceaе-Гоёоны овгийн Суnomorium songaricum Rupr- Зүүнгарын гоёо зүйл байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь Элстэй газар, хармагийн үндэс дээр шимж амьдардаг. Өмнөговь, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Баянхонгор, Говь Алтай, Завхан, Увс аймгуудын нутагт тохиолдоно. Супоmorium songaricum Rupr- Зүүнгарын гоёо нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал байна. 3. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаал “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний 1 дүгээр хавсралтын дагуу Cynomoriaceae-Гоёоны овгийн Супomorium songaricum Rupr- Зүүнгарын гоёо зүйлийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоолж үзэхэд 78,700 төгрөг x71.9кг=5,658,530 төгрөг байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дахь тал)   

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал)

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 106, 111 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 107, 112 дахь тал)

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 108, 113 дахь тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 114, 115 дахь тал)

Н.Пү-ын төрсөн эгч Н.Э-гийн амбулаториор эмчлүүлэгчийн картад: “Н овогтой Э, эм, 42 настай, Авто ослын улмаас хэвтэрт байгаа. Зовиур: Өндөр халуурч, таталт өгнө, даралт тогтворгүй, ухаан санаа муу, Үзлэгээр: БЕБ муу /хүнд/ таталт өгснөөр буйл, завьж, хэлээ гэмтээсэн, бэртэл, дотор халуун ихтэй. Онош: ТМGO8 /Гэмтсэн халуун/, Эмчилгээ: -ББЗБ, -Монгол эм, -Улаан гоёог хандалж өгөх, Эмч уламжлалт анагаах ухааны их эмч Д.А, Эмчилгээний дэлгэрэнгүйд: Улаан гоёог хэрэглэх арга: 1-2 цайны халбага 1 аяга буцалсан халуун усанд хийх, 5-10 минут буцалгаад 20-30 минут идээшүүлж шүүнэ. Уух тун: Өдөрт 3 удаа 3 амны халбагаар 14 хоног өгнө, 14 хоног өнжинө.” (1 дүгээр хавтаст хэргийн 126, 127, 199 дэх тал)

Н.Эгийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дэх тал)

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Эмнэхүй” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай албан тоотод: “Н овогтой Э настай, эмэгтэй /РД:.../ БЗД-ийн 3-р хорооны 30б байр 86 тоотод оршин суудаг. Н.Э нь DS: Гэмтлийн шалтгаант гавал тархины хүнд гэмтэл, тархи дарагдсан, аалзан хальсан доорх цус харвалт, цээж болон хэвлийн хөндийн эрхтний хавсарсан гэмтэл, дарагдал оноштой биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаангүй, гэр бүлийн бүтэн асаргаанд, өрхийн эмчийн хяналтад байдаг нь үнэн болно.” (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал)

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/944 дугаартай захирамжид: “...1.У овгийн Нн Э РД:... нь эрүүл мэндийн улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон тул төрсөн дүү У овгийн Нн Пү РД:...-ыг харгалзан дэмжигчээр тогтоосугай. 2. Асрамж, дэмжлэгт байгаа хүнд хувийн хэрэг нээж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Э.Б), 3 дугаар хорооны Засаг дарга (Ц.А) нарт тус тус үүрэг болгосугай. 3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Г.Ж)-д даалгасугай.” (1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал)

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 134, 185-186 дахь тал)

Харгалзан дэмжих тухай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/944 дугаартай гэрээнд: “Нэг. Гэрээний зорилго: Эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүнийг төрөл садан болон төрөл садан бус хүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн, хуулийн дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтооход энэхүү гэрээний зорилго оршино... Гэрээ байгуулсан: Баянзүрх дүүргийн Засаг даргыг төлөөлөн: Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн О-ийн Я, Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг төлөөлөн: Н овогтой Пү.” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 135-137 дахь тал)

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрт: “Н.Э ...өвчний жагсаалтын 10-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоохоор шийдвэрлэв.” (1 дүгээр хавтаст хэргийн 138, 188 дахь тал)

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/36 дугаартай магадлалын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 139-148 дахь тал)

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 149-162 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10359 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 163-166 дахь тал)

Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/43-1 дугаартай дүгнэлтийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 167-169 дэх тал)

Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 170-183 дахь тал)

Баянзүрх эмнэлэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/162 дугаартай албан тоотод: “Н овогтой Э (РД:...) нь манай эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Онош: “Гэмтлийн дараах тархины кома, Олон эрхтний хавсарсан гэмтэл” оношоор Хөдөлмөр чадвар алдалт 100%, Бартел индексийн оноо-30, өргөтгөсөн Бартел индекс 15 оноо, NIHSS 30 оноо, Глазго комын үнэлгээ 3 оноо, Зохиомол амьсгалын аппаратад бүрэн зохиомол дэг дээр ургамал хүн байдалтай эмчлэгдэж байгаа нь үнэн болно.” (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал)

Эмчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 187, 189-198 дахь тал)

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал)

Н.Пү-ын Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 219-222 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.П, Н.Пү нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.П, Н.Пү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, гэмт хэргийн улмаас экологи-эдийн засгийн үнэлгээгээр 5,658,530 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг үнэлгээг хуульд заасны дагуу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28,292,650 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулаагүй байна. Энэхүү хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 14,146,325 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна гэх дүгнэлтийг,        

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангаравын хувьд ... энэ осол аваар нэг хүнийх биш, нэг айлыг биш, нэг удмыг тэр чигт нь бүрхсэн хар зүйл байдаг юм байна. Тиймээс үүний хор уршгийг яаж арилгах вэ, яаж багасгах вэ гэдэг нь асар хэцүү зүйл байдаг. Тийм учраас энэ зорилгоор гэмт хэрэг үйлдэгдэх үндэслэл болжээ гэж тайлбарлаж байна. Яагаад үүнийг тайлбарлаж байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг оногдуулахаар хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд заасан байгалийн ургамлын тухай хууль зөрчих буюу зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд түүсэн бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа. Тийм учраас Н.Пү, Д.П нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нотолбол зохих нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр бид нарын маргаад байгаа гоёоны хэмжээ тогтоогдохгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 14-нд 71.9 килограмм түүсэн гоёо нь 2025 оны 01 дүгээр сарын 17-нд 48.2 килограмм болно гэсэн шинжээчийн дүгнэлт байхгүй. Харин бид нар өөрсдөө гоёог шүүслэг ургамал учраас хатаж хорчийж харагдах талаасаа өөрчлөлт орох боломжтой гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид нар шинжээч биш учраас таамаг төдий зүйлээр үндэслэл тавьж хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд яллаж болохгүй. Тийм учраас гоёоны хэмжээ эргэлзээ төрүүлээд байна. Хавтаст хэргийн 19-23 дахь талд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд гоёог хэмжихэд шүүгдэгч болон хөндлөнгийн гэрч нарыг байлцуулаагүй, баримтжуулсан баримт авагдаагүй, хэний, хэдэн уут гоёог хаанаас олж авч хиллэсэн нь тодорхойгүй байна. ... ялангуяа 1 килограмм гоёо хасагдахад 355,370 төгрөгийн өөрчлөлт орно. Тийм учраас гоёоны хэмжээг бодитой, зөв тогтоох ёстой гэж үзэж байна. 28,292,650 төгрөгийн хохирол төлбөр тогтоочихсон байгаа. Тийм учраас гоёоны хэмжээг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай эсвэл шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт бүлэг гэдэг нь огт тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Хүн шүүх хуралдаан дээр сандраад буруу зөрүү ярьж болно. Гэхдээ шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглахыг хориглодог. Шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэггүй. Би 2, 3 гоёо гаргасан байж магадгүй гэж хэлснийх нь төлөө бүлгээрээ оролцсон юм байна гэж үзэх үндэслэлгүй. Гэрч Ц.Б, П хоёрын мэдүүлгээр машин нь муу машин байсан гэдэг нь нотлогдоод байгаа. Өөрөөр хэлбэл машин нь муу машин байсан нь зургаас харагдаж байгаа. Гэрч Ц.Б-ын мэдүүлгээр энэ 2 анхнаасаа гоёо түүх гэж яваагүй, газар усаа эргээд, хот бууцаа хараад багадаа өссөн газрынх нь усыг авчирч уулгая, тэгээд жоохон гоёо авч ирье гэж явсан нь харагдаж байгаа. Амбулаториор эмчлүүлэгсдийн картад эмч нь гоёогоор эмчил гэж бичиж өгсөн байх тул эдгээр нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзнэ үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,       

Шүүгдэгч Д.П нь өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх,

Шүүгдэгч Н.Пү нь би анхнаасаа гоёог зарж боловсруулах зорилгоор түүгээгүй. Гоёог түүсэн зорилгоо түрүүнд тайлбарлаж хэлсэн. Би гоёог нууж хааж түүдэг ч хүн биш, төв замаас 50 метр хүрэхгүй газарт зогсож байсан. Хэрвээ үнэхээр хүн амьтан ирнэ гэж бодож байсан бол нууж хаах байсан байх. Гэхдээ надад ямар ч тийм зорилго байгаагүй учраас миний бүх зүйл ил байсан. Цагдаа ирээд энэ юу вэ гэхэд улаан гоёо гэж хэлсэн. П ах унтаж байсан. Тэгээд босож ирээд хоол хийгээд өгье гэж хэлсэн. Би тэр хооронд нь худаг тойроод хэдэн бутнаас гоёо түүсэн. Би бүлэглэж зохион байгуулалтайгаар энэ зүйлийг хийгээгүй. ...Би улаан гоёо түүсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хоёрын хооронд жоохон юм авч очоод яах вэ гэж бодоод нэмээд хэдийг түүе гэж бодсон нь үнэн бөгөөд би 71.9 килограмм гэж мэдэхгүй байна. Үүн дээр зөв хандаад өгнө үү. Би торгуулийн мөнгийг төлнө гэх тайлбарыг тус тус гаргав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.П, Н.Пү нар нь бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу 2 дугаар багийн нутаг “...” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтад заасан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал болох 71,9 килограмм Cynomoriaceaе-гоёоны овгийн Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёо зүйлийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр 5,658,530 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.        

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Н.Пү нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Пу-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-37 дахь тал), гэрч Б.Б-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-46, 48-49 дэх тал), гэрч Н.П-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал), шинжээч Г.О-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал), Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал), шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан ургамал зүүн гарын гоёо мөн болохыг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж зааж, хуулиар хамгаалсан бөгөөд ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар ховор ургамлыг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авахаар зохицуулсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Н.Пү, Д.П нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчинд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.  

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна” гэж гэж хуульчилсан байна.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилсан ба Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Ховор ургамлын жагсаалт” 153 дугаартай тогтоолын хавсралтад Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёог ховор ургамлын жагсаалтад оруулсан болох нь тогтоогдож байна.  

Энэхүү ховор ургамлын жагсаалтад орсон зүүн гарын гоёог төрийн захиргааны байгууллагаас олгосон зохих зөвшөөрлийн үндсэн дээр Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар тус тус ашиглахаас бусад тохиолдолд хоригложээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болохоор хуульчилсан ба энэхүү ховор ургамлыг өдөр тутмын ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээг хангах зорилгоор бус, харин эмчилгээний шугамаар хүнсийг орлуулах замаар эмчийн жорыг үндэслэн холбогдох байгууллагаас хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ховор ургамлын хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт тогтоосон, зөвшөөрөлд заасан хэмжээний хүрээнд хязгаартайгаар ашиглахаас бусад тохиолдолд хориглодог байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна.” гэж тус тус хуульчилсан тул зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан бол гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэдэг байна.  

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Н.Пү, Д.П нарын үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэх агуулга бүхий дүгнэлтийг гарган мэтгэлцэж оролцов.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “3охих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж:

1.1.байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд;

1.2.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол хүн, хуулийн этгээдэд энэхүү зүйл ангиар зөрчлийн шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.П, Н.Пү нар нь эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр, байгалийн ховор ургамал болох 71,9 килограмм зүүн гарын гоёог түүсний улмаас байгаль орчинд ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр 5,658,530 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрх тайлбар, дүгнэлт няцаагдаж байна.

Шүүгдэгч Н.Пү-ын зүгээс эгчийнхээ эмчилгээнд зориулж зүүн гарын гоёо түүсэн талаар мэдүүлж байх боловч уг гоёог эмчилгээнд зориулж хэрэглэх хэмжээ, хугацааг тодорхойлсон мэргэжлийн эмчийн бичиггүй, сумын Засаг даргаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ховор ургамал болох зүүн гарын гоёог их хэмжээгээр түүснийг ахуйн хэрэгцээнд зориулж хэрэглэсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй гэж үзлээ.   

Түүнчлэн шүүгдэгч, өмгөөлөгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, гоёоны хэмжээг 71.9 килограмм гэж байгаа боловч уг хэмжээг бэхжүүлсэн нотлох баримтгүй, шүүгдэгч болон хөдлөнгийн гэрч нарыг байцуулж тогтоогоогүй” гэж маргаж, мэтгэлцэв.

Шүүгдэгч Н.Пү нь Мандал-Овоо суманд байдаг бууц хороогоо эргэж, өвчтэй эгчийнхээ өмнөөс өргөл өргөж, худгийн уснаас авчирч уулгах зорилгоор явахдаа Д.Пийг хань татаж дагуулж явсан, бүлэглэж үйлдээгүй талаар удаа дараа мэдүүлдэг боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.П нь “Би Н.Пү-тай хамт явсан бөгөөд надад эгчийнхээ эмчилгээнд зориулж хэдэн гоёо түүнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би их хэмжээгээр түүж болдоггүй гэж хэлсэн. Би гоёо түүж үзээгүй учраас гоёо түүж чадахгүй юм байна лээ. Гоёо хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гэхдээ 2, 3 гоёо гаргасан” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Пү, Д.П нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.      

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б-гийн “...би очсон чинь хоёр танихгүй залуу байж байсан ба намайг машин дээр хоёр шуудай гоёо хүргээд өг гэж гуйхад нь би мотоцикл дээрээ ачаад 400-500 метр газар явж машин дээр нь хүргэж өгсөн. Хүргэж өгөөд явах гэтэл намайг хоол идчихээд яв гэхээр нь би “За тэгье” гээд хоол болохыг нь хүлээсэн. Хоол болохыг нь хүлээж байтал цагдаа нар ирсэн. Намайг тухайн хүмүүсийн машин дээр очиход саарал өнгийн “Starex” загварын дугааргүй машин байсан. Тухайн машин нь гар худгийн дэргэд зогссон байсан. Тухайн машины ард талд нь миний ачиж очсон хоёр шуудай гоёоноос гадна дахиад хоёр шуудайтай гоёо байсан. Нийт 4 шуудай гоёо байсан. Улаан өнгийн гоёо түүж цагаан өнгийн шуудайнд хийсэн байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 43-46 дахь тал) гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Пү, Д.П нар нь гэмт үйлдэл дээрээ цагдаа нарт баригдсан болох нь гэрч Б.Б-гийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тухайн үед шүүгдэгч нарын түүсэн 4 шуудай зүүн гарын гоёонд хэргийн газрын үзлэг хийн, зургаар бэхжүүлж, хэмжилт хийхэд 71,9 килограмм зүүн гарын гоёо байсан талаар тусгагдсанаас гадна шинжилгээний байгууллага уг 4 шуудай зүүн гарын гоёог биет байдлаар хүлээн авч шинжилгээ хийхэд хүлээж авсан зүүн гарын гоёо нь 71,9 килограммтай болохыг давхар, эргэлзээгүйгээр тогтоосон байх тул өмгөөлөгч, шүүгдэгч нарын дээрх тайлбар, дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.

 Иймд шүүгдэгч Н.Пү, Д.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.            

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.                      

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т байгаль орчинд учруулсан хохиролд ургамалд учруулсан хохирол хамаарч байх ба мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.” гэж заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад ховор ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр Cynomoriaceaе-гоёоны овгийн Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёог 78,700 төгрөгөөр тогтоосныг үндэслэн 71.9 килограммаар үржүүлэхэд 5,658,530 төгрөг болж байна.

Шүүгдэгч Н.Пү, Д.П нар бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 5,658,530 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 28,292,650 төгрөгийн тооцоо гарч байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нар нь 71,9 килограмм зүүн гарын гоёог худалдан борлуулж, ашиг олох зорилгоор бус шүүгдэгч Н.Пү нь автотээврийн ослын улмаас гавал тархины хүнд гэмтэл, тархи дарагдсан, аалзан хальсан доорх цус харвалт, цээж болон хэвлийн хөндийн эрхтний хавсарсан гэмтэл, дарагдал оноштой биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаангүй, гэр бүлийн бүтэн асаргаанд, өрхийн эмчийн хяналтад байдаг төрсөн эгч болох Н.Э-гийн эмчилгээнд зориулж, эмчийн зөвлөсний дагуу тухайн зүүн гарын гоёог түүсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан;

 Н.Пү-ын төрсөн эгч Н.Э-гийн амбулаториор эмчлүүлэгчийн карт: “Н овогтой Э, эм, 42 настай, Авто ослын улмаас хэвтэрт байгаа. Зовиур: Өндөр халуурч, таталт өгнө, даралт тогтворгүй, ухаан санаа муу, Үзлэгээр: БЕБ муу /хүнд/ таталт өгснөөр буйл, завьж, хэлээ гэмтээсэн, бэртэл, дотор халуун ихтэй. Онош: ТМGO8 /Гэмтсэн халуун/, Эмчилгээ: -ББЗБ, -Монгол эм, -Улаан гоёог хандалж өгөх, уламжлалт анагаах ухааны их эмч Д.А, Эмчилгээний дэлгэрэнгүйд: Улаан гоёог хэрэглэх арга: 1-2 цайны халбага 1 аяга буцалсан халуун усанд хийх, 5-10 минут буцалгаад 20-30 минут идээшүүлж шүүнэ. Уух тун: Өдөрт 3 удаа 3 амны халбагаар 14 хоног өгнө, 14 хоног өнжинө.” (1 дүгээр хавтаст хэргийн 126, 127, 199 дэх тал),

гэрч Д.А-ын “Пү-ын эгч Э-г би өнгөрсөн Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байх хугацаанд болон осолд орсноос хойш ер нь байнга л биеийг нь үзэж эмчилж байсан. Э нь эмнэлгээр хүчтэй эм тариа их хийлгэчихсэн болохоор уламжлалт тан уулгах юм бол өвчтөн их ядрах болохоор би улаан гоёо хандалж уулгахыг зөвлөж байсан. Улаан гоёо нь дотор эрхтэн, дотоод шүүрлийн үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг, цус шингэлдэг, тархины даралт бууруулах үйлчилгээтэй эмчилгээний ургамал байгаа юм. Тэгээд би Э-д улаан гоёо хандалж бага багаар уулгах эмчилгээ зааж бичиж өгч байсан. Энэ ургамал нь их олон төрлийн өвчнийг эдгээдэг, гаж нөлөөгүй болохоор хандалж уулгадаг юм. Пү над дээр ирээд манай эгчийг эмнэлгээс бол эмчлэх эмчилгээгүй гээд байна миний найз үзээд өгөөч гэхээр нь би очиж Э-г үзсэн. Тэгээд эмчилгээ зааж бичиж өгсөн, хэвтэрт байгаа хүнд өвчтэй хүнд өөр эмчилгээ хийх боломжгүй байгаа юм.” (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал) гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Т.Пу-гийн “... Ургамал нь түүсэн цаг хугацаанаас хойш хадгалалтын үед жин, килограмм нь багасдаг, чийг нь алдагдах, буруу хадгалснаас өнгө хатаж, хөгцрөх муудах магадлалтай” (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал) гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 71.9 килограмм зүүн гарын гоёог зохих журмын дагуу хадгалаагүйн улмаас нойтон чанараа алдаж, хуурайшиж хатаж, шүүхэд ирүүлэхэд уг зүүн гарын гоёо 47.805 килограмм болж багассан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хөрөнгө чинээ, эд хөрөнгийн байдал, цалин хөлс, орлого, төлбөрийн чадвар зэргийг тал бүрээс нь тус тус харгалзан шүүгдэгч нарын бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 5,658,530 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28,292,650 төгрөгийг  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу хоёр дахин багасгаж шүүгдэгч нарын төлбөл зохих хэмжээг 14,146,325 төгрөгөөр тогтоож, үүнийг тэднээс хувь тэнцүүлэн 7,073,162 төгрөг гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.           

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Пү, Д.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна гэх дүгнэлтийг,   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав нь улсын яллагчаас санал болгосон торгох ял шүүгдэгч нарын эрх зүйн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох хамгийн хөнгөн ял гэж үзэж байна. Торгох ялын хэмжээ 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөс эхэлж байгаа учраас шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Бусад эд мөрийн баримтыг устгах болон хохирол төлбөртэй асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Пү нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Зохих зөвшөөрөл авдаг гэдгийг мэдсэн бол түүнийг нэн даруй хийх байсан гэх, шүүгдэгч Д.П нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Пү, Д.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.         

Шүүгдэгч Н.Пү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.Пү, Д.П нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Пү, Д.П нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч Н.Пү нь төрсөн эгчийнхээ эмчилгээнд ашиглах зорилгоор зүүн гарын гоёо түүсэн шалтгаант нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Н.Пү-ын хэвтрийн байдалтай төрсөн эгчийгээ байнгын асардаг, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийг 5800 (таван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пү-ыг 5800 (таван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.                  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пү, Д.П нарт шүүхээс оногдуулсан 5,800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.     

Бусад асуудлаар.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд “...шүүгдэгч нар тухайн ургамлыг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, ачсан, зөөсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзээгүй, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Хэрэгт “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ӨмЦ-24-180 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Hyunday Starex” загварын 69-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,485,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ уг тээврийн хэрэгслийг ашиглан гэмт үйлдлээ хөнгөвчилсөн, зөөж тээвэрлэсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэх дүгнэлтийг хангах үндэслэлтэй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “Hyunday Starex” загварын 69-58 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхэд уг тээврийн хэрэгслийг биет байдлаар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47,805 килограмм Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёог хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 71,9 килограмм Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёог зохих журмын дагуу хадгалаагүйн улмаас нойтон чанараа алдаж, хуурайшиж хатсан бөгөөд прокурорын хяналтын шатанд 48,195 килограмм болж жин нь багассан болох нь прокурорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай яллах дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 60-64 дэх тал)-ээр тогтоогдож байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхэд Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёоны жин 47,805 килограмм болж багассан болох нь эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 68-70 дахь тал)-ээр тогтоогдож байх ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж хэрэгцээний дагуу шилжүүлэхээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх үед уг ургамлын нойтон чанараас шалтгаалан тогтоолд заасан хэмжээ, жин нь багасах, өөрчлөлт орж болзошгүй онцлог шинжийг нь харгалзан хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.П, Н.Пү нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.      

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пү, Д.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:                                                                  

1. Шүүгдэгч А овгийн Д-ийн П, У овгийн Н-ийн Пү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийг 5800 (таван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пү-ыг 5800 (таван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Н.Пү нарт шүүхээс оногдуулсан 5,800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Н.Пү нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Н.Пү нараас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 14,146,325 (арван дөрвөн сая нэг зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин тав) төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 7,073,162 (долоон сая далан гурван мянга нэг зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн 100110051407 дугаартай дансанд оруулсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 47,805 килограмм Суnomorium songaricum Rupr-зүүн гарын гоёог хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.        

7. Шүүгдэгч Д.П, Н.Пү нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.П, Н.Пү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ