Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1011

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                

улсын яллагч Д.Батзаяа,

хохирогч Г.М,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д** овогт П-н О********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240500000**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод

төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Их Нарангийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д** овогтой П*********н О*******г, /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч П.О нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ж* Э* А****к" ХК дотор хохирогч Г.М-тэй "хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун чих рүү алгадаж баруун чихэнд хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүх хуралдаанд хохирогч Г.М-ийн өгсөн: “...Би чихэндээ алгадуулсан, чих эвгүй болоод байхаар нь даргад хэлээд ** дугаар хорооллын “Жаргалант” эмнэлэгт үзүүлсэн. Миний чихний хэнгэрэг хальс цоорсон гэсэн, хувийн эмнэлэгт хагалгаанд орохгүйгээр хальс тавиулсан амжилтгүй болсон. Тэгээд ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн. Миний лист дуусаж байгаа сунгах эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.М-ийн өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө ажилдаа ирчхээд ажлын хувцсаа өмсчхөөд гал тогоо руу орж кофе уучхаад гарж байхад хаалганаас зөрөхдөө дайрч унагаалаа шүү дээ чи гээд хэрүүл хийх гээд байхаар нь миний зүрх салгалаад ажил хиймээргүй санагдаад захиралтай уулзах гээд захирлын өрөөнд очиж захиралтай юм ярьж байхад миний араас О орж ирээд юм ярьж эхлэхээр нь эргээд харсан чинь миний баруун чих рүү нэг удаа алгадсан. Тэгээд манай менежер болох Б******х босож ирээд салгаж аваад О-ийг хаалгаар гаргаад явуулсан. Намайг нэг удаа алгадсан. Тэгээд менежер салгаж аваад гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:“... Миний бие Б.Б нь Ж*   Э*  Ат*****к ХХК-ийн үйлдвэр хариуцсан менежерээр ажилладаг ба Г.М нь соортлогч О нь мөн соортлогч албан тушаал дээр ажилладаг ба тухайн өдөр яаж маргалдсаныг мэдэхгүй захирлын өрөөнд манай компанийн захирал болох Мухаммед-тэй юм яриад сууж байхад Г.М орж ирээд би өнөөдөр ажиллаж чадахгүй О надтай хэрэлдээд байна, би явлаа гээд зогсож байхад нь О араас нь орж ирээд юм хэлэлгүй шууд Б.М-ийн баруун талын чихнээс нь хоёроос гурван удаа цохисон, эхний цохилт чихэнд нь оноод хоёр, гурав дахь цохилтыг хамгаалсан ба би босоод салгаж аваад О-ийг гаргаад явуулсан дахиж орж ирээгүй, Г.М гэдэг хүн бас араас нь гарж явчхаад 30 минутын дараа орж ирээд чих өвдөөд байна эмнэлэгт үзүүлчхээд ирье гэхээр нь чөлөө өгөөд явуулсан. Би захиралтай цуг сууж байсан. Тэгээд Г.М орж ирсэн араас нь О орж ирсэн, өөр хүн байгаагүй. Хяналтын камер байхгүй. Захирал М*********д нь Бүгд Найрамдах Турк улс руу ажлын чиглэлээр тодорхойгүй хугацаагаар явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13*** тоот: 1. Г.М-ийн баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 2. Дээрх гэмтэл нь 3. 6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.О нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ж* Э* А*******к" ХХК дотор хохирогч Г.М-тэй "хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун чих рүү алгадаж баруун чихэнд хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

        

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид баримтаар учирсан хохирол төлбөрт 4,106,550 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч П.О нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ж* Э* А******к" ХХК дотор хохирогч Г.М-тэй "хэл амаар доромжилсон" гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа баруун чих рүү алгадаж баруун чихэнд хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Г.М-ийн өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө ажилдаа ирчхээд ажлын хувцсаа өмсчхөөд гал тогоо руу орж кофе уучхаад гарж байхад хаалганаас зөрөхдөө дайрч унагаалаа шүү дээ чи гээд хэрүүл хийх гээд байхаар нь миний зүрх салгалаад ажил хиймээргүй санагдаад захиралтай уулзах гээд захирлын өрөөнд очиж захиралтай юм ярьж байхад миний араас О орж ирээд юм ярьж эхлэхээр нь эргээд харсан чинь миний баруун чих рүү нэг удаа алгадсан. Тэгээд манай менежер болох Б босож ирээд салгаж аваад О-ийг хаалгаар гаргаад явуулсан. Намайг нэг удаа алгадсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:“...Г.М орж ирээд би өнөөдөр ажиллаж чадахгүй О надтай хэрэлдээд байна, би явлаа гээд зогсож байхад нь О араас нь орж ирээд юм хэлэлгүй шууд Б.М*********н баруун талын чихнээс нь хоёроос гурван удаа цохисон, эхний цохилт чихэнд нь оноод хоёр, гурав дахь цохилтыг хамгаалсан ба би босоод салгаж аваад О-ийг гаргаад явуулсан дахиж орж ирээгүй, Г.М гэдэг хүн бас араас нь гарж явчхаад 30 минутын дараа орж ирээд чих өвдөөд байна эмнэлэгт үзүүлчхээд ирье гэхээр нь чөлөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13167 тоот: 1. Г.М-ийн баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 2. Дээрх гэмтэл нь 3. 6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийж алгадсан бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байсан нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан хохирогч Г.Мийн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.О-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч П.О нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч Г.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй  тул энэ талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт хохирогч Г.М нь эмчилгээ үйлчилгээ авсан талаар 470,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/-т авагдсан байна. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанаар 3,636,550 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч П.О-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 4,106,550 төгрөг гаргуулж хохирогч Г.М-д олгуулахаар шийдвэрлэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...Шүүгдэгч П.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д** овогт П-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-т оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ээс 4,106,550 төгрөг гаргуулж хохирогч Г.М-д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ