| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/1003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1019 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1019
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч М.Эрдэнэзаяа
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И****н овогт Б*********н Б*********т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001514 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Х**д аймагт төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ф*** м*** хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар Баянгол дүүргийн бичил хороолол, **-р байрны ** тоотод оршин суух хаягтай, И*****н овогт Б*******н Б /РД:ПЮ********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С*****а" бар болон буудлаар үйлчлүүлж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан иргэн Т.Г-ийн эзэмшлийн 1,275,000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси эс-22 ултра загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...мэдүүлэг өгөхгүй
гэв...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Г-ийн дахин өгсөн: “...Тухайн үед бол би юу ч санахгүй согтоод тасарчихсан байсан. Харин өглөө нь сэрээд буудлын ресейпшнээс намайг хэн оруулж ирж өгсөн бэ миний утас хаана байгаа талаар асуутал Б гээд залуу оруулж ирээд таны нэг утсыг аваад явсан таныг залгаарай гэж хэлсэн гэхээр нь би Б руу залгаад утсаа асуусан юм. Гэтэл Б таны утсыг удаахгүй өгнөө гэсэн. Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг буруу санаад тэгж мэдүүлсэн байна. Би үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй 1,275,000 төгрөг гэх үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Би утасны хохирол төлбөрөө Баас авчихсан болохоор надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. Б-т хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Би утасны төлбөр болох 1,275,000 төгрөгийг Баас авсан байгаa. Миний бие Ховд аймагт амьдардаг мөн Эрдэнэс таван толгойн уурхайд ажилладаг болохоор ахиж Улаанбаатар хотод ирж үнэхээр чадахгүй учраас шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна гэдгээ хэлэх гэсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгө үнэлгээний №БГ2-24-1538 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С*****а" бар болон буудлаар үйлчлүүлж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан иргэн Т.Г-ийн эзэмшлийн 1,275,000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси эс-22 ултра загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С****а" бар болон буудлаар үйлчлүүлж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан иргэн Т.Гийн эзэмшлийн 1,275,000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси эс-22 ултра загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Т.Г-ийн өгсөн: “...Тэгээд гарахдаа миний халааснаас 2 утсыг маань аваад гарах гэхээр нь би яах гэж байгаа юм гэтэл буудлын тооцооны барьцаанд үлдээе гэсэн. Би өглөө сэрээд ресейпшнтэй уулзахад миний самсунг А-90 гар утсыг үлдээгээд Самсунг эс-22 ултра утсыг Б аваад явсан байсан. Тэгэхээр нь би утсаа аваад асаагаад Б-н 9037**** дугаар руу залгаад ахынхаа утсыг өгчих гэсэн чинь би таны утсыг гээчихжээ ахаа таны утас ямар үнэтэй вэ гэхээр нь би 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэтэл би бага багаар төлөөд барагдуулчихъя гэсэн...Би Бт өөрийнхөө гар утсыг хариуцуулж өгөөгүй. Миний гар утсыг авахыг ч би зөвшөөрөөгүй. Харин Б нь өөрөө л намайг согтоод тасарсан байхад миний гар утсыг зөвшөөрөлгүй надад мэдэгдэлгүйгээр аваад явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Гийн дахин өгсөн: “...Тухайн үед бол би юу ч санахгүй согтоод тасарчихсан байсан. Харин өглөө нь сэрээд буудлын ресейпшнээс намайг хэн оруулж ирж өгсөн бэ миний утас хаана байгаа талаар асуутал Б гээд залуу оруулж ирээд таны нэг утсыг аваад явсан таныг залгаарай гэж хэлсэн гэхээр нь би Б руу залгаад утсаа асуусан юм. Гэтэл Б таны утсыг удаахгүй өгнөө гэсэн. Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг буруу санаад тэгж мэдүүлсэн байна. Би үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй 1,275,000 төгрөг гэх үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Би утасны хохирол төлбөрөө Баас авчихсан болохоор надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. Б-т хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Би утасны төлбөр болох 1,275,000 төгрөгийг Баас авсан байгаa. Миний бие Ховд аймагт амьдардаг мөн Эрдэнэс таван толгойн уурхайд ажилладаг болохоор ахиж Улаанбаатар хотод ирж үнэхээр чадахгүй учраас шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна гэдгээ хэлэх гэсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.С*********н өгсөн: “... Б тэр хүнийг буудалд оруулж өгчхөөд гарч ирэхдээ 1 утсыг нь буудлын ресейпшнд үлдээгээд нөгөө утсыг нь авчихлаа гээд гарч ирсэн. Тэр утас хар саарал өнгийн Самсунг эс-22 ултра гэдэг утас гэж надад Б хэлсэн. Тэгээд бид 2 буцаж ороод ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Б нь тэр утсыг буудлын тооцоогоо хийчхээд авна биз гэж хэлээд халааснаас нь аваад гараад ирлээ гэж хэлсэн. Надад Б нь нөгөө утсыг нь би хаячихжээ л гэсэн...Б л тэгж хэлсэн. Тэр Г гээд байгаа ах хүү бол өөрөө гар утсаа Бт өгөх ухаангүй согтуу байсан. Б буудалд оруулж өгчхөөд гарч ирэхдээ утсыг нь авчихлаа өглөө өгнөө л гэж байсан. Би тэр буудал руу дагаж ороогүй баарныхаа үүдэнд байж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгө үнэлгээний №БГ2-24-1538 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:
Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл хийсэн. Хохирогч Т.Г тухайн үед тасраад унасан байсан талаар мэдүүлсэн мэдүүлгийг хэргийн бодит байдалд нийцэж байна гэж үзэж үнэллээ. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц далд аргаар бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г-ид 1,275,000 төгрөгийн хохирол учирсан байна. /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
Хохирогч Т.Г нь “...Б.Б-аас 1,275,000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн тул одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/-д авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И****н овогт Б*******н Б***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б************т 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б***********т оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ