Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ДШМ/57

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох 2034001050140 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаяр, Улаанбаатар хотод 1972 оны 05 дугаар сарын 22-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, “Боржигон Агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймаг, Эрдэнэсант сум, Улаанхудаг 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ЧЖ72052211,

Яллагдагч ******* нь 2019 оны 08 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутагт иргзн Б.Одончимэгийн хашаанд орж ирсэн иргэн Л.Аюушийн өмчлөлийн гахайн тооройнуудаас 2 гахайн тооройнуудыг хулгайж, алж идэн бусдад 994.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаярт шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаярт шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус ял оногдуулахыг мэдэгдэж,

            Эрүүгийн 2034001050140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Төв аймгийн прокурорын газраас ******* намайг 2019 оны 08 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутагт иргэн Б.Одончимэгийн хашаанд орж ирсэн Л.Аюушийн өмчлөлийн гахайн тооройнуудаас 2 гахайн тооройнуудыг хулгайлж, алж идэн бусдад 994.700 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Миний бие ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд прокурорын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн тул таныг 1 жилийн хугацаагаар тэнсэх, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна гэсэн тул би зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шүүхээр шийдвэрлүүлсэн.

Гэтэл прокурорын зүгээс надад 1 жилийн хугацаагаар тэнсэх, албадлагын арга хэмжээ авхуулах саналтайгаар шүүхэд шилжүүллээ гэж хэлсэн боловч шүүхэд өгсөн саналдаа 2 жилийн хугацаагаар тэнсэх, албадлагын арга хэмжээ авхуулах санал гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэнд гомдолтой байна.

Миний бие анх удаа шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд прокурортойгоо 1 жилийн хугацаагаар тэнсэнэ гэж тохиролцсон байсан учраас шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Мөн шүүх хуралдаанд орохын өмнө андуураад 1 жил гэхийг 2 жил гээд бичсэн байна. Шүүх хуралдаанд залруулаад хэлчихье гэсэн болно. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолыг бичгээр авч танилцаад прокурорын зүгээс надад 2 жилийн хугацаагаар тэнсэх, албадлагын арга хэмжээ авхуулах санал гаргаж, шүүхээс шийтгэх тогтоол гаргасныг мэдлээ.

Иймд Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн албадан ажил хийлгүүлэх ял хэрэглэх боломжтой байхад 2 жил тэнсэх ял оноосныг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд 5 дэх хэсэгт зааснаар шүүх ял оногдуулсан. Шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2034001050140 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын эхээр Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутагт иргэн Б.Одончимэгийн хашаанд орж ирсэн иргэн Л.Аюушийн өмчлөлийн гахайн тооройнуудаас 2 гахайн тооройг хулгайлж бусдад 994.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн хохирогч Л.Аюушийн ...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвөөс 1 том гахай, 8 тооройны хамт 2019 оны 07 дугаар сарын 10-ны үеэс 8 дугаар сарын 20-ны хооронд 9 тооны гахай алдсан. Миний алдсан гахайны тооройнууд нь баруун чих нь цуулбар имтэй, харин том гахай нь хоёр чих нь цуулбар имтэй зүсийн хувьд гэвэл том эр гахай нь хонлой дээрээ хар толботой. Цоохор зүсмийн байсан... ...дандаа бэлчээрээсээ л алга болсон тооройнууд нь хоёр, хоёроороо алга болсон. Нэг том гахай нь хоёр тооройтой алга болсон. 4 удаагийн үйлдлээр л гэсэн үг л дээ...би Шинээ буюу Шинэбаяр гэдэг газар тариалан эрхэлдэг залууг хардаж сэжиглэж байна. Яагаад сэжиглэж байгаа вэ гэвэл ямар ч байсан миний 2 тооройг хийж алж идсэн байсан болохоор бусдыг нь мөн адил энэ аргаар идсэн байж болзошгүй гэж бодож байна...би нүдээрээ хараагүй. Ямар ч байсан 2 тооройг нь идсэн талаар би өөрөөс нь сонссон. Харин бусдыг нь бол хараагүй, үзээгүй, сонсоогүй... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...Надад "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн үнэлгээчин Г.Амбасэлмаагийн гаргасан үнэлгээний тайлантай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...******* ахаас буцаагаад хохирлоо төлүүлж авахаар болж харилцан тохиролцсон. Тиймээс надад энэ хэрэгт нэхэмжлэх зүйл, гомдол санал алга байна... /хх-ийн 76 дугаар хуудас/,

гэрч Л.Аюушийн ...Самбаагөөгөө ах надад Санчир гахайнаасаа Аюушийн гахайг ялгаж байна гээд гахай ялгаж байсан юм. Тэгтэл тэр танай гахай гэж байсан гахайнаас 2 тооройг нь тариалангийн Шинээ алаад идчихсэн шүү гэж хэлсэн юм. Иймд цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлттэй байна...Самбаагөөгөө буюу Тэрбиш гэдэг ах надад Шинэбаярыг манай 2 тооройноос идсэн гэдгийг хэлсэн. Бусдыг нь гэхдээ мэдэхгүй байна... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

яллагдагч *******ын ...Төв аймгийн Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багийн нутагт иргэн Б.Одончимэгийн хашаанд орж ирсэн иргэн Л.Аюушын өмчлөлийн гахайн тооройнуудаас 2 гахайн тооройг хулгайлж алж идэн бусдад 1300000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 67-70 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...4 сартай гахайн тоорой 8 толгой, 1 настай гахай 1 толгой зах зээлийн үнэ нийт 6050000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

"ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06/219 дугаартай ...иргэн Л.Аюушийн өмчлөлийн 2 тооны гахайн тооройг 994700 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 79-96, дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, хохирогч Л.Аюушийн малын А дансны хуулбар /хх-ийн 28-33 дугаар хуудас/, хохирогч Л.Аюушийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 100 дугаар хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-40, 54, 99, 101 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

*******т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрвээгийн Шинэбаярт холбогдох эрүүгийн 2034001050140 дугаартай хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

Прокуророос яллагдагч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч ******* танилцан, хүлээн зөвшөөрсөн байна. /хх-н 115 хуудас/,

Анхан шатны шүүх “...улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон хүрээнд оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар тохироогүй гэж үзэж тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, хэд хэдэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.” гэсэн дүгнэлт хийн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэснийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх *******т холбогдох эрүүгийн 2034001050140 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнээс хальж дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “2 /хоёр/ жилийн” гэснийг “1 жилийн” гэж,

- 3 дугаар заалтыг “ 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Зэлмэн овгийн Пүрэвийн Шинэбаярт шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

 - 4 дүгээр заалтын “ 2 /хоёр/ жилийн “ гэснийг “1 жилийн” тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ