Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 60

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Нямсүрэн

шүүгдэгч Э.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /№ 0690/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оргилтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарс овогт Энхтөрийн Цэнд-Аюушид холбогдох 201625032370 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Бадруун" авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 9, эцэг эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг 7-6 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарс овогт Энхтөрийн Цэнд-Аюуш /РД- ПЮ94092216/

 

Холбогдсон хэргийн талаар: Э.Цэнд-Аюуш нь 2016 оны 12 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо "Далайхүү" худалдааны төвийн ард талд явж байсан иргэн Б.Оргилбатын өмсч явсан пүүз, гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Оргилбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 23-нд найз Баатарцогттой уулзаад "Бадруун" төвийн дотор байрлах бааранд орж 0,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 2, 2 пиво уугаад сууж байтал Баатарцогтын гэрээс хүүхэд нь уйлаад байна гэж залгаад тэр яваад өгсөн. Тэгээд би ганцаараа үлдээд 2 шил пиво уугаад хэдэн цагт гарснаа санахгүй байна. Гараад Далайхүү худалдааны төвийн ард явж байтал миний араас үл таних 2 залуу ирээд "хөгшөөн байж бай цуг явъя" гэсэн тэгэхээр нь "нөгөө залууд хандан би чамайг танихгүй өөрөө гэр рүүгээ харьчихаж чадна гээд алхаж байтал ногоон курткатай залуу нь намайг "Эрка андаа цуг явъя гээд чи хүйтэнд ганцаараа явж байгаад хөлдөж үхнэ гээд над дээр ирээд ханцуйнаас бариад авахаар нь би "тавь" гээд гараа угзрахдаа би өөрөө хальтраад унасан. Тэгээд би газарт унаад хэвтэж байхад тэр 2 залуугийн нэг нь миний пүүзийг тайлах гэхээр нь би тайлуулахгүй гээд хэсэг зуур ноцолдсон, тэгтэл нэг нь миний пүүзний улавчийг гаргаж үзсэнээ буцаагаад өмсүүлж байсан. Би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор ухаан санаа орж гараад байсан ямар ч байсан 1 хүн миний гар утсыг авах гээд гарнаас зулгаагаад байсан. Миний гар утас, пүүзийг авсан хүн цагдаагийн хэлтэс дээр намайг сууж байхад цагдаад баригдаад орж ирсэн байсан. Миний мэдэхийн Цэнд-Аюуш гэх залуу надтай "Бадруун" төвийн баарнаас цуг гараад надаас салахгүй яваад байсан, мөн миний пүүзийг тайлаад гар утсыг авах гээд халаас ухаад байсан хүн байсан. Цуг явж байсан хүн нь гар утас авах, пүүз тайлж авсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед архи уугаад нэлээн согтсон, ухаан санаа орж гараад байсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 14х/

 

Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү төвийн төвийн ар талд гудамжинд хүн дээрэмдүүлсэн гэх дуудлагыг хүлээн аваад хэргийн газар руу явахдаа дээрэм хийсэн гэх сэжигтэй этгээдүүд болох Б.Батдаваа, Э.Цэнд-Аюуш хоёроос дээрэмдсэн пүүз хаана байгаа вэ гэхэд Э.Цэнд-Аюуш нь их согтолттой, унтаад сэрэхгүй байсан. Б.Батдаваа нь бага зэргийн согтолттой байхаар нь пүүз хаана байгааг асуухад байгаа газрыг нь зааж өгч чадна гээд хэргийн газар руу дагуулж яваад пүүз байгаа газрыг заалгаж аваад хэлтэс дээр авчран пүүзийг Батдаваагаас хурааж авсан. Б.Батдаваа гэх этгээд нь найзуудын хамт архи ууж байгаад тэндээсээ гараад Цэнд-Аюуш нь үл таних залуугийн хамт явахаар нь араас нь очоод авах гэтэл цуг явсан залуугийнхаа пүүзийг тайлаад сууж байхаар нь "яаж байгаан боль" гээд хэлсэн чинь зүгээрээ би арыг нь даана гээд пүүзийг нь аваад явахаар нь би Цэнд-Аюуштай цуг явсан гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

 

Сэжигтэн С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ажил тараа найз Цэндээ, Батдаваа, Баясгалан, Бямбаа нартай Дуулга бааранд орсон. Тэндээсээ 00 цаг өнгөрч байхад гараад Бадрууны баар руу ороод Ерөөл нэртэй архи уугаад байж байтал манай найз Батдаваа нэг хүнтэй маргалдаад салаад, удалгүй бид 5 уг баарнаас гараад баарны үүднээс Баясгалан Бямбаа 2 муудаад угаалга руугаа яваад, Цэндээ Батдаваа бид 3 үлдээд, Цэндээ эргээд баар руу орж байсан ба Батдаваа бид 2-ыг тамхи татаад зогсч байтал нэг харсан чинь Цэндээ хохирогч гэх залуутай баарнаас гарч ирээд замын эсрэг талд Чингэлтэй талдаа Далайхүү төвийн хажуу талд хоёулаа газар сууж байхаар нь Батдаваа бид 2 Цэндээг хараад очтол Цэндээ нөгөө залуугаа "босооч" гээд байж байсан тэгэхээр нь би Цэндээг явъя гэхэд "байж бай" гээд байхаар нь би гудамж өгсөөд алхаад Цэндээ Батдаваа 2-ыг явъя гэхэд намайг тоохгүй байхаар нь цаашаа ганцаараа яваад өгсөн. Тэр 2-ыг ирэхгүй болохоор нь угаалга руугаа ороод унтаад өгсөн. Би нар 5-уулаа 0,75 литрийн 2 шил "Ерөөл" архи, 1 шил 0,5 литрийн пиво уусан байсан. Нэлээд согтолттой байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69х/

 

Яллагдагч Э.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад ажлынхаа газрынхаа хүмүүстэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 гэх нэртэй бааранд ороод архи ууж байгаад тэндээсээ гараад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Бадруун төвийн бааранд дахин архи ууж байгаад би караокеных нь хүнтэй уулзчаад эргэж орж ирээд ууж байсан архи дуусгаад тэндээсээ гарч угаалга руу орохоор болоод нөгөө хэдийгээ гаргаад би баарны зөөгчтэй нь уулзаад гарсан тооцооныхоо үлдсэн мөнгийг нь маргааш өглөө оруулж ирж өгье гэж хэлээд байж байтал нэг үл таних залуу тасраад хэвтэж байхаар нь манайх хаах гэж байна одоо гараад харьж амар гэж хэлсэн чинь хэн бэ? юу вэ? гэхээр нь би урдаас манайх хаах гэж байна гэж хэлээд баарнаас авч гараад таксинд суулгаж өгөх гээд зам гараад зам дээр гар өргөөд зогсож байсан чинь нөгөө үл таних залуу газар уначихаад босохгүй байхаар нь босгох санаатай дээшээ өргөсөн чинь такси зогсохгүй баййсан тэгээд би нөгөө залууг дээшээ өргөх явцад өмсөж явсан куртикных нь цээжнийх нь халаасанд гар утас тэмтэрэгдсэн тэгэхээр нь би утсыг авах зорилгоор Далайхүү худалдааны төвийн булан руу оруулаад утсыг нь үзсэн чинь утас нь байхгүй болохоор нь утсыг хайнгаа, мөнгө байж магадгүй гээд дахиад нөгөө халаасыг нь үзэж байтал өмдных нь салтаа орчмоор мэдрэгдсэн. Тэгээд өмсөж явсан пүүзнийхээ улавчийг доор мөнгө нуусан байж магадгүй гээд пүүзийг нь тайлж үзээд мөнгө байхгүй болохоор нь хажууд нь хаяад салтаанд нь байсан гар утсыг аваад хажуухан талд гудамжны үзүүр явган хүний зам руу шидсэн чинь Батдаваа, Бямбасүрэн хоёр ирсэн, тэгээд тэр хоёр ирээд юу хийгээд байгаа юм бэ хүн ирж байна гэхээр нь би хүн ирж байгаа юм байх гэж бодоод хохирогчийн хажууд тайлаад тавьсан байсан пүүзийг нь аваад босоод гүйхэд Батдаваа надтай цуг гудамж өгсөөд, Бямбасүрэн чигээрээ нөгөө гудамж руу гүйгээд, Батдаваа бид хоёр нэг буланд очоод зогсож байгаад тэр буландаа нөгөө пүүзээ нуугаад зогсож байгаад хүн харсан чинь байхгүй болохоор нь гараад алхаж байгаад би шээгээд, Батдаваа надаас зайтай нөгөө буланд нь зогсож байсан чинь цагдаагийн машинтай хүмүүс ирээд намайг болон Батдаваа бид хоёрыг барьж авсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд бид хоёрыг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79х/

 

Эд зүйлийн үнэлгээ 60.000 төгрөг /хх-ийн 112х/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-11х/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-6х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85х/ хохирогч Б.Оргилбатыг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 16х/, гэрч Э.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нь 2016 оны 12 дугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо "Далайхүү" худалдааны төвийн ард талд иргэн Б.Оргилбатын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж өмсч явсан пүүз, гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-79х/, хохирогч Б.Оргилбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Б.Батдоржийн /хх-ийн 27х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, сэжигтэн С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 69х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 Хохирогч Б.Оргилбат нь “Надад одоо санал гомдол байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн. Шүүх хуралд оролцож боломжгүй” /хх-ийн 113х/ гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-11х/ зэргийг үндэслэн шүүгдэгч Э.Цэнд-Аюушийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Цэнд-Аюушид ял оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулсан зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шарс овогт Энхтөрийн Цэнд-Аюушийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Э.Цэнд-Аюушид 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Цэнд-Аюушийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Э.Цэнд-Аюуш нь 17 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Цэнд-Аюушид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Цэнд-Аюушийн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.БАТГЭРЭЛ