| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2020/01703/И |
| Дугаар | 151/ШШ2021/00490 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2021/00490
| 2021 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 151/ШШ2021/00490 | Төв аймаг |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТБ -д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.”“““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр /цахимаар/, гэрч П.Ганзориг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 13 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг ““““““““-иас худалдан авсан бөгөөд 2010 онд тухайн байрны доод давхарт байрлах, 12 м.кв талбай бүхий 8 дугаартай автомашины зогсоолыг 2.500.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсны дараа автомашины зогсоолын төлбөр төлсөн баримт, бусад холбогдох баримт бичгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар Борлуулалтын менежер ажилтай П.Ганзоригт өгсөн. Гэтэл миний материалыг хүлээн авсан мэргэжилтэн нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж, бүрдүүлж өгсөн материалыг алга болгож, өнөөдрийг хүртэл би автомашины үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авч чадахгүй байна. Миний бие уг автомашины зогсоолыг худалдан авч, ашиглаад 10 гаруй жил болж байна. Дээрх асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа ““““““““-д хандсан бөгөөд Таны бичиг баримтыг шүүж байгаа, олдохгүй байна, программ шинэчлэгдсэн гэх мэтээр маш олон шалтаг, шалтгаан хэлж, өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Бичиг баримт алга болсон байна, асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Энэ хугацаанд би өөрөө ОХУ-д магистр, докторын сургалтад сууж, Монгол Улсад байгаагүй бөгөөд манай гэр бүл тухайн үеэс хойш энэхүү байрандаа амьдарч, автомашины зогсоолыг ашиглаж байгаа болно. Иймд намайг Төв Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, 1 дүгээр байрны зоорийн давхарын 8 тоотод байрлах, 12 м.кв талбай бүхий автомашины хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ”“““““““-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь иргэн Г.”“““““““ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г.”“““““““ 2009 онд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 13 тоот орон сууцыг, улмаар 2010 онд тухайн орон сууцны доорх автомашины зогсоолыг 2.500.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар холбогдох баримтыг П.Ганзориг гэх мэргэжилтэнд өгсөн хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ дурдсан байна. ““““““““-ийн зүгээс дээрх иргэний төлбөр төлсөн эсэх асуудлыг судлан үзэхэд 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөг төлснөөс өөр гүйлгээ хийсэн баримт илэрээгүй. Нөгөө талаар, Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн баримт нь манай ““““““““-ийн дансны гүйлгээний баримт биш тул Г.”“““““““ыг зогсоолын төлбөр төлсөн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.”“““““““ нь хариуцагч ”“““““““-нд холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан Орон сууц санхүүжилтийн корпораци ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499111871 тоот харилцах дансны хуулга /хэргийн 32-68 дугаар тал/-аас үзэхэд Г.”“““““““аас 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гэрээний хураамж 2009.09.09 гэх утгатай 10.000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Гаражийн урьдчилгаа гэх утгатай 500.000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10.000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Гаражийн үнэ гэх утгатай 111.110 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гаражийн үнэ гэх утгатай 111.110 төгрөг, 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Гаражийн үнэ гэх утгатай 110.110 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гаражийн үнэ гэх утгатай 800.000 төгрөг, нийт 1.652.330 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Мөн хариуцагч ““““““““-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/1333 дугаар албан бичигт Манай байгууллага анх 2006 онд Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК нэртэйгээр байгуулагдаж, 2013 оноос Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдсан. Орон сууц санхүүжилтийн корпораци ХХК-ийн үед Төв аймгийн Зуунмод суманд 38 айлын орон сууцны барилгыг Стройка ХХК-иар барьж гүйцэтгүүлэн байнгын ашиглалтад оруулсан. Иргэн Г.”“““““““ 2009 онд Зуунмод сумын 38 айлын орон сууцнаас орон сууц, 2010 онд автозогсоол худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар материалаа бүрдүүлэн тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан П.Ганзоригт өгсөн боловч уг ажилтан нь хариуцлага алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн байна. Манай байгууллагын санхүүгийн программ болон холбогдох баримт материал шүүн үзэхэд иргэн Г.”“““““““тай холбогдох баримт материал байхгүй гэжээ.
Мөн гэрч С.Ерөөлт нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Би ““““““““-д 2016 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байгаа бөгөөд Г.”“““““““ 2019 онд надтай уулзаад Автозогсоолын гэрчилгээ гаргуулахаар бүх материалаа эх хувиар нь П.Ганзоригт өгсөн боловч өдий хүртэл гэрчилгээ гараагүй гээд хүсэлт гаргасан. Би холбогдох материалыг нь 2010-2012 оны санхүүгийн анхан шатны баримтаас шүүлгэсэн боловч ямар нэгэн баримт гарч ирээгүй. Автозогсоолын төлбөрийн баримт гараад ирвэл бид гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт материалыг гаргаж өгөхөө илэрхийлсэн. Ер нь өнөөдрийн байдлаар Төв аймагт манай балансад бүртгэлтэй автомашины зогсоол байхгүй гэжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.”“““““““ Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-тай /тухайн үеийн нэршлээр/ 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 2 дугаар хороолол, Нефтийн хотхоны 1 дүгээр байрны зоорийн давхарт 8 тоот автомашины дулаан зогсоолыг худалдан авахаар 2010-2011 оны хооронд зохих төлбөр төлсөн нь зохигчдын тайлбар болон дээр дурдсан баримтаар нотлогдлоо.
Харин шүүх хуралдаанд гэрчээр оролцсон П.Ганзориг Г.”“““““““ыг надад баримт материалаа өгсөн эсэхийг санахгүй байна. Хэрэв өгсөн бол би түүнийг байгууллагад хүлээлгэн өгсөн байх ёстой гэж мэдүүлсэн боловч байгууллагад Г.”“““““““ын автозогсоолтой холбоотой ямар нэгэн баримт байгаагүй болохыг Гүйцэтгэх захирал болон Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргын албан бичиг, мэдүүлгээр тогтоогдсон тул гэрч П.Ганзоригийн мэдүүлгийг үнэлээгүй болно.
Гэвч Тухайн автозогсоол нь хариуцагч ““““““““-ийн балансад бүртгэлгүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, гэрч С.Ерөөлт нар тайлбарлаж, мэдүүлсэн, мөн 2010 оноос хойш өдий хүртэл хугацаанд нэхэмжлэгч Г.”“““““““ тухайн автомашины зогсоолыг эзэмшиж, ашиглаж байхад ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч ““““““““-д уг автомашины зогсоолын өмчлөх эрхтэй холбоотой асуудал хамааралгүй ажээ.
Тэгэхээр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2-т заасны дагуу тухайн автомашины зогсоолыг 11 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа Г.”“““““““ад олгосноор хууль болон бусад этгээдийн өмчлөх эрхийг зөрчихгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх боломжгүй бөгөөд Г.”“““““““ 2019 онд ““““““““-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга С.Ерөөлтөд хандсан, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагаас түүнд хариу ирүүлсэн зэргээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2-т зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““ыг Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 2 дугаар хороолол, Нефтийн хотхоны 1 дүгээр байрны зоорийн давхарт 8 тоотод байрлах, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2-т зааснаар нэхэмжлэгч Г.”“““““““ыг Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 2 дугаар хороолол, Нефтийн хотхоны 1 дүгээр байрны зоорийн давхарт 8 тоотод байрлах, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА