Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1021

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,                              

улсын яллагч М.Анхбаяр,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б******д овогт Л********н П*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001348 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр С****** аймгийн Б***** х**** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Уул уурхай баяжуулалтын технологич, инженер мэргэжилтэй, С** ХК-д ахлах лаборант ажилтай, ам бүл 3, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, Б******д овогт Л*********н П /РД: МБ********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Л.П 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш*** С*** рестораны орчимд хохирогч Б.Бтэй зогсоолын төлбөрийн улмаас маргалдаж түүнийг үсдэж чирэх, ам болон нүүр хэсэгт маажих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь завжны салстад өнгөц шарх, язрал, зүүн нүдний зовхи, шанаа, баруун сарвууны долоовор, дунд хуруунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П: “...Би 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах “С***” рестораны зогсоол дээр машинаа байрлуулаад дэлгүүр орж энэ хавьд ломбард байгаа эсэхийг асуугаад буцаж гарч ирээд явах гэж байхад хохирогч намайг явуулахгүй байсан. Хохирогч хөөе чи манай зогсоолд өдөр бүр машинаа байрлуулдаг гэж намайг гүтгэсэн өнгө аястай хэлсэн. Би түүнд өдөр бүр машинаа байрлуулдаггүй талаар хэлсэн. Бид хоёр маргалдах явцад би хохирогчийг үсдэж чирсэн зүйл байхгүй. Харин маргалдах явцад миний гар хохирогчийн ам руу орсон. Бид хэн хэнийхээ үснээс татаад миний гарт шүд мэдрэгдсэн учраас би гараа татаж авсан. Цагдаа дуудах үед хохирогч би жирэмсэн гэж орилж уйлаад өөрөө намайг дахиж үсэдсэн. Мөн тухайн үед би машинаа асаагаад хөдөлгөөнд орж байхад машины араас гүйж ирээд миний машиныг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б: “...Би шүүгдэгч дээр очоод зогсоолын төлбөрөө төлөөрэй гэж хэлэхэд миний өөдөөс уурлаад 3 минут болсон гэж хэлсэн. Би хариуд нь манайх камертай учраас ороод камер үзчих гэж хэлээд буцаад явсан. Гэтэл шүүгдэгч хуцаад бай гэж хэлээд хөдөлсөн. Мөн шүүгдэгч миний завж руу санаандгүй биш санаатай олон удаа миний ам руу гараа хийгээд маажсан. Би тэр явдлаас хойш 2, 3 сар орчим тайван байж чадахгүй маш их стресстэй  байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн өдөр надад ямар гэмтэл учирсныг тодорхой гаргасан байна. Өөрөөр надад гомдол санал байхгүй. Би шүүгдэгчид жирэмсэн гэдгээ олон удаа хэлсэн. Хэрвээ намайг үсдэж чирээгүй байсан бол миний өмдний салтаа, гутал урагдахгүй байх байсан. Мөн олон удаа давтамжтай миний чихийг мушгиж, дорд үзсэн маягтай харилцсан. Чи зогсоолын мөнгө авсаар байгаад сурчихсан юм уу, чи хэдэн төгрөг авмаар байгаа юм гэх мэт надтай дорд үзэж байгаа юм шиг харилцсан. Би түүнд өөдөөс нь та өөрөө мэдээд өгчих гэж хэлсэн. Би ажлаа хийгээд л явж байгаа хүн. Уг нь хувийн өмчийг ашигласан бол зогсоолын төлбөрөө төлөөд явчих байсан. Би шүүгдэгчийн машиныг 2 удаа цохисон нь үнэн. Би цагдаа ирэхэд машины толь нь эвдэрсэн бол би төлье гэж хэлээд машиных нь толийг очоод үзэхэд ямар нэг эвдэрсэн зүйл байхгүй байсан. Би сэтгэл санааны хохирол болон баримтаар гаргаж өгсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн: “...Би энэ гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний ам хэсэг руу гараа хийж буйл болон жавиж хэсгийг гараа аман дотор оруулж маажсан мөн зүүн талын чихний ар хэсгийг гараараа маажиж зулгаралт үүссэн, нүүрэн хэсгийг олон удаа базаж маажиж миний нүүрэн болон баруун зүүн гар гуя хэсэг хөхөрсөн. Би машиныг нь гэмтээсэн зүйл байхгүй мөн тэр хүн над руу дайрахаар нь би түлхээд тэгээд намайг үсдээд намайг зодоод газраар чирээд машин руугаа авч явсан тэгээд ноцолдоод намайг тавиач гэж орилоод ойр очим д хүн байхгүй байсан тэгээд удалгүй миний үснээс тавиад буцаад дахин миний үснээс зулгаахаар би зөрүүлээд үснээс зулгаасан. Намайг доромжилсон мөн намайг зодсон тал дээр би гомдолтой байна. Би тэр хүнээс мөнгө аваагүй мөн би сэтгэл санааны хохирлоо тогтоолгох саналтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ийн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11497 дугаартай: “...1. Л.Пгийн биед зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 6. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 7. 8. Бие даан үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11509 дугаартай: “...1. Б.Бийн биед завжны салстад өнгөц шарх, язрал, зүүн нүдний зовхи, шанаа, баруун сарвууны долоовор, дунд хуруунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Б.Б нь 17-18 долоо хоногтой жирэмсэн хожуу хугацаанд зулбахыг завдалт, ихэс ховхролт, умайн булчингийн чангаралтай байна. Эдгээр нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаант үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

      

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,   

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.П 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Ш*** С*** рестораны орчимд хохирогч Б.Б-тэй зогсоолын төлбөрийн улмаас маргалдаж түүнийг үсдэж чирэх, ам болон нүүр хэсэгт маажих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь завжны салстад өнгөц шарх, язрал, зүүн нүдний зовхи, шанаа, баруун сарвууны долоовор, дунд хуруунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

  

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч баримтаар 480.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэг тогтоогдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Хохирогч 60,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн нь юуны баримт эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн булчин суллах тариа хийлгэсэн 80,000 төгрөгийн баримтыг энэ хэрэгтээ шалтгаант холбоотой гэж үзэхгүй байна. Шүүгдэгч зогсоолын төлбөр 2000 төгрөг өгчхөөд машинаа асаагаад 400 метр явчхаад байхад хохирогч араас нь гүйж очоод усны саваар машиныг нь цохисон үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон. Шүүгдэгчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч сэтгэл санаа нь хохирсон байгаа. Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн багаар бодож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Л.П 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш*** С*** рестораны орчимд хохирогч Б.Б-тэй зогсоолын төлбөрийн улмаас маргалдаж түүнийг үсдэж чирэх, ам болон нүүр хэсэгт маажих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь завжны салстад өнгөц шарх, язрал, зүүн нүдний зовхи, шанаа, баруун сарвууны долоовор, дунд хуруунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн: “...Би энэ гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Миний ам хэсэг руу гараа хийж буйл болон завж хэсгийг гараа аман дотор оруулж маажсан мөн зүүн талын чихний ар хэсгийг гараараа маажиж зулгаралт үүссэн, нүүрэн хэсгийг олон удаа базаж маажиж миний нүүрэн болон баруун зүүн гар гуя хэсэг хөхөрсөн. Би машиныг нь гэмтээсэн зүйл байхгүй мөн тэр хүн над руу дайрахаар нь би түлхээд тэгээд намайг үсдээд намайг зодоод газраар чирээд машин руугаа авч явсан тэгээд ноцолдоод намайг тавиач гэж орилоод ойр очим д хүн байхгүй байсан тэгээд удалгүй миний үснээс тавиад буцаад дахин миний үснээс зулгаахаар би зөрүүлээд үснээс зулгаасан. Намайг доромжилсон мөн намайг зодсон тал дээр би гомдолтой байна. Би тэр хүнээс мөнгө аваагүй мөн би сэтгэл санааны хохирлоо тогтоолгох саналтай байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11509 дугаартай: “...1. Б.Бийн биед завжны салстад өнгөц шарх, язрал, зүүн нүдний зовхи, шанаа, баруун сарвууны долоовор, дунд хуруунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Б.Б нь 17-18 долоо хоногтой жирэмсэн хожуу хугацаанд зулбахыг завдалт, ихэс ховхролт, умайн булчингийн чангаралтай байна. Эдгээр нь гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаант үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.П нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Л.П нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж цохисон идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.П нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирлын талаар

Хохирогч Б.Б 400,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/-д авагдсан бөгөөд хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-с 3,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бт олгуулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Пд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний 850,000 төгрөгийн торгох ял оногдуулах...гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Шүүгдэгч хувийн байдлын хувьд “С**”х******т к***д борлуулагч хийдэг, ганц бие эх 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-г 850 нэгжтэй тэнцэх хэмжээний 850,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.   

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б******д овогт Л*********н П**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П*********г 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.П*********д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П**********с гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 400,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршигт 3,300,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Б******т олгосугай.    

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.П**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ