| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00462/И |
| Дугаар | 142/ШШ2017/00569 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2017/00569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,Баян-Өндөр сум,*******-д холбогдох
Гэм хорын хохирол 1 351 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч О.Нямбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 04-ний орой 19 :30 минутын үед ажилдаа явж байхдаа 5 дугаар микрийн орчим явган хүний гарцаар явж байх үед 4611 ОРО улсын дугаартай автомашинаар О.Нямбаатар нь мөргөж гэмтэл учруулсан. Үүний улмаас зүүн арын 4, 7, 8 хавиргууд хөндлөн хугарч зөрүү үүссэн бөгөөд тухайн өдрөөс хойш ажилдаа яваагүй. Эмнэлэгийн байгууллагаар явж онош тодруулахаар хэд хэдэн удаа хот руу явсан. Автомашинд мөргүүлсэнээс хойш цочролоос гараагүй сэтгэл санааны хүнд байдалд байж, юмаа амархан мартдаг шинж тэмдэг байнга илрэх болсон. Осол гарсанаас хойш О.Нямбаатар нь нэг ч удаа эмчилгээндээ хэрэглээрэй гэж мөнгө өгөөгүй бөгөөд зардал хэр их гарч байгаа талаар ч асууж байгаагүй болно. Осол гарснаас хойш өдийг хүртэлх зардал нийт 1 351 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч О.Нямбаатар шүүхэд гаргасан тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 02 дугаар сарын 04-ний орой Мэнд Амар-ын гарц дээр явж байсан хүнийг мөргөсөн. Мөргөхөд хойшоогоо бөгсөөрөө суусан, савж унаагүй. Толгойд гэмтэл авсан гээд байгаа, бөгсөөрөө хойшоо суухад толгойд гэмтэл авах уу. 2-3 удаа утсаар ярьсан, гэрт нь очсон.
Утсаар ярьж уулзаагүй юм шиг ярьж байна. Эхлээд 350 000 төгрөг өгье гэхэд авахгүй гэсэн. Сүүлд гэрт нь очоод 500 000 төгрөг өгье гэхэд үгүй гэсэн. Нэг орой нөхөр нь над руу эрүүл согтуу нь мэдэхгүй залгаад нэг төгрөг ч авахгүй, шүүхэд өгнө гээд байсан болохоор ямар ч мөнгө өгөөгүй. ******* эгчтэй гэрт нь очиж уулзаад 500 000 төгрөг өгье гэхэд одоохондоо яахын бэ гээд аваагүй. Хот явчихаад ирэхэд нь очиж уулзсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулахгүй хот явсан. Хот явж ирсний дараа шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд картаа хот явуулсан гэсэн. Хотоос картаа авч ирээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Анхны тусламж үзүүлэхэд хамт очсон. Гэмтлийн эмчид маргааш нь үзүүлэхэд хамт явсан... гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан авто ослын улмаас учирсан гэм хорын хохирол гэж 1 351 000 төгрөг-ийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийн хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзсан, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
2017 оны 02 дугаар сарын 04-ны орой Мэнд-Амар худалдааны төвийн урд талын машин замын явган хүний гарц дээр 4611 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.Нямбаатар нь *******г мөргөсөн талаар болон, хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзахдаа: ... ******* нь мөргүүлээд хойшоо толгойгоороо савж унаагүй, бөгсөөрөө суусан. Тэгэхэд хавирга хугарах уу... гэж тайлбарлаж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэд эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар гэм хорын хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* нь машинд мөргүүлсний улмаас онош тодруулахаар шинжилгээ хийлгэж, эмчид үзүүлсэн болон, эм тарианы зардал, мөн ажилдаа явалгүй акттай байсан хугацааны цалингийн зөрүү, Улаанбаатар хот явж үзүүлсэн замын
зардал /65 100+324 000+20 000+15 200x2/ зэрэг нь баримтаар нотлогдож байх тул гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн ******* нь цалин 1 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд, нэхэмжлэгч Хаан хүнс эрдэнэт ХХК-д ажилладаг үндсэн цалин 500 000 төгрөг гэсэн тус компанийн цалингийн тодорхойлолтыг ирүүлсэн, *******гийн амбулаторийн картан дээр акт олгосон тухай бичилт хийгдсэн байна.
Нэхэмжлэгч листээр нийт 443 000 төгрөг авсан гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан тул үлдэгдэл 557 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн буюу 996 500 төгрөгийн хэсгийг хангаж, нэхэмжлэлээс 345 500 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч 996 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 345 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Л.АРИУНЦЭЦЭГ
п