Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

   2025          01             28                                        2025/ШЦТ/17

      

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******д холбогдох эрүүгийн 2504000000017 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                                Б.Баттуяа

Шүүгдэгч                                                           Э.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* 02 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******ын ******* (РД:*******)

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед найз эмэгтэйн хамт  ******* хэсгийн урд 2 шампанск хувааж уучихаад гэр лүү гээ явж байхад Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсгийн 5 дугаар гудамжны замд явж байхад цагдаа зогсоож шалгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24, шүүх хуралдааны тэмдэглэлээс

Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед ******* хотоос Багануур дүүрэгт найз *******тай хамт ******* УНУ улсын дугаартай миний эзэмшлийн машинтай ирсэн. Бид хоёр 2 шил шампанск хувааж уугаад манай найз миний машиныг бариад гэр лүүгээ явж байтал ардаас цагдаа ирж зогсоогоод манай найзыг согтуугаар машин барьсан гээд цагдаа руу авч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18),

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...Э.******* (РД:*******) нь эрх хасагдсан үедээ “ -20******* УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.78 хувийн согтолттой жолоодсон...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4, 6),

Шүүгдэгч Э.*******гийн жолоочийн “...Эрх хасагдсан төлөвтэй, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл эрх хасагдсан...” гэсэн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 10),

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/460 дугаартай шийтгэврээр “Э.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” тухай шийтгэврийн хуулбар (хх-ийн 50-51),

Шүүгдэгч Э.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48), болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хх-ийн 11-16, 41-46) баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.*******г гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.******* нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/460 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цаг 23 минутын үед согтуугаар Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсгийн 5 дугаар гудамжны урд замд “ -20 маркийн ******* УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Багануур дүүргийн Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4, 6), Э.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан болохыг тогтоосон Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/460 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 50-51), шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 10) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль(%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш  промиль(%) илэрснийг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгчийн согтуурлыг шалгахад1.78%-тай байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц үйлдэл юм.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.

Улсын яллагчийн гаргасан “Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлттэй холбогдуулж шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал хүсэлт гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа  нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуун) нэгж буюу 2.700.000 (хоёр сая долон зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн  дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Э.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Э.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА