| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/07 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Янжмаа
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Г...
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б...
Шинжээч Д...
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын ... баг ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ... /регистрийн дугаар: ..../
Шүүгдэгч Г.... нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ... сумын ... багийн ... тоот хашаандаа нэн ховор ургамал буюу 21 шуудай, 489 кг Агарууны овгийн-Cupressaceae Хонин арц- Juniperus sabina”-ийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааны хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.1 Шүүгдэгч Г... нь 2024 оны 09 дүгээр сарын дундуур Завхан аймгийн ... сумын ... багийн ... тоот хашаандаа 21 шуудай арцыг иргэн А.... худалдан авч, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хашаандаа хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... “...Намайг ... сумын Засаг даргын тамгын газраас энэ хэрэгт оролцож мэдүүлэг өг гэж томилсон... энэ хэрэгт сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 23 дахь хуудас),
Г... 21 шуудай арцыг ... руу ачуулахаар ярилцсан тухай мэдүүлсэн гэрч Б... “...Би ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлтэй бөгөөд хот хооронд тээвэр хийдэг юм. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... ачаа ачих гээд... худалдааны төвийн авто зогсоолд зогсож байхад нэг залуу ирээд ачаа байна гэсэн тэгээд би тэр хүнд өөрийнхөө гар утасны дугаарыг өгсөн тэгтэл 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр утсаар яриад 500 кг орчим арц байна ... оруулах гэсэн юм ачих уу? гэхээр нь би тэгье тэгье гээд хашааг нь заалгаж аваад 14 цагийн үед би ... сумын ... багийн ... хамгийн урд нүүрний гудамжаар ороод дээрээсээ 4 дэх хашаанд очиход .... худалдааны төв дээр уулзсан залуу байсан би хашаанд машинаа оруулж тавихад хашаан дотор байсан амбаараас нөгөө залуу зарим нь цагаан зарим нь ногоон өнгийн шуудайтай арцнууд гаргаж ирсэн. Тэгээд тэр залуу бид хоёр машины тэвшин дээрээ машиныхаа хучлагыг дэвсэж байгаад нийт 21 шуудай ойролцоогоор 500 кг орчим арц ачиж машины тэвшний урд хэсэгт нь шахаж ачаад нэг хүний дайвар ачаа болох орыг дээр нь тавьж татаад явах гэж байтал цагдаа ирж шалгаад цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. ...Би машинаараа арц ачиж яваагүй. Арцаа дөнгөж ачиж дуусаад яг хөдлөх гэж байхад цагдаа ирж уулзаад ачааг шалгаад арц байгааг мэдээд цагдаагийн газарлуу яв гэсний дагуу би машинаараа цагдаагийн газарт ирсэн юм.” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 29 дэх хуудас),
Г.... ... гэх хүнээс арц худалдан авч хашаандаа хадгалсан тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Б.... “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна 2024 оны 09 сарын дундуур байх гэж бодож байна. Миний нөхрийн найз ... гэдэг залуу түүнтэй утсаар яриад хямдхан арц худалдаад авчих гээд гуйгаад байсан юм. Тэгээд нэг орой арцаа ачиж ирчхээд авчих гээд байсан тэгээд Миний нөхөр Г.... түүнээс 500 кг арцыг 750,000 төгрөгөөр худалдаж авсан юм тооцоо хийхдээ бэлэн мөнгө өгсөн. Анх ярьж тохирсон мөнгөнөөсөө урьд өмнөх өр авлага гэж хасаад нийт 500,000 төгрөг ... өгсөн юм... Цагдаад баригдаад ирсний дараа би нөхрөөсөө асуухад тухайн залууг нас барчихсан гэж надад хэлсэн үнэн эсэхийг би тодорхой мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 31 дэх хуудас),
Шүүгдэгч Г... мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны үед ... над руу утсаар залгаад би арцаа ачаад ирлээ хашааны хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь би хашааныхаа хаалгыг онгойлгож өгсөн чинь ... танихгүй хоёр залуутай хүрч ирээд 21 шуудай 500 кг арц надад өгсөн. Тэгээд би тухайн 500 кг арцыг кг тус бүрийг нь 1500 төгрөгөөр бодож 750,000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд ... надад 250,000 төгрөгийн өртэй байсан болохоор тэрийгээ суутгаад бэлнээр 500,000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд авсан арцаа хашаа дотор байдаг байшин дотроо ууттай нь хадгалж байгаад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр арцнуудаа ... хот руу ачуулах гээд ... худалдааны төвийн зогсоол дээр байсан том тэрэгнүүд дундаас нэг жолоочтой ярьж тохироод ачуулахаар болоод гэрийнхээ хаягийг зааж өгөөд хамт явсан. Тэгээд тэр жолооч бид хоёр манай хашаанд очоод машинд нь байшин хураасан байсан арцнуудаа ачаад байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд тухайн машин болон арцнуудыг журмын хашаанд хийчихсэн...” гэсэн мэдүүлгээр, болон ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад 21 шуудай арц хураан авсан тухай тэмдэглэсэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр, тэмдэглэлээр нотлогдсон байна.
Г.... худалдаж авсан арц нь нэн ховор ургамалд хамаарах нойтон хонин арц болох нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалын ухааны шинжилгээний хэлтсийн хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “...
1. Шинжилгээнд ирсэн ууттай зүйл нь Агарууны овгийн-Сupressaceae Хонин арц- Juniperus sabina L байна.
2. Шинжилгээнд ирсэн ургамал нь нэг төрлийн Агарууны овгийн-Cupressaceae Хонин арц- Juniperus Sabina байна.
3. Агарууны овгийн-Cupressaceae Хонин арц-Juniperus sabina L "Нэн ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал юм.
4. Шинжилгээнд ирсэн Арцны дундаж чийг нь 49.4% байх тул нойтон байна...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн /өдөр завсартай/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд дурдснаар Г.... хурааж авсан арцыг нийт 489 кг гэж хиллэсэн боловч тухайн ажиллагааны явцад ямар маркийн жин ашигласан болох мөн жинг стандарт хэмжил зүйн газраас хэдэн оны хэдэн сарын хэдэнд баталгаажуулсан талаар үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй, мөн гэрэл зургийн үзүүлэлтэд тухайн жингийн нэр төрөл болон стандарт хэмжил зүйн газрын баталгааны хуудас уншигдахгүй байна. Дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд заасан ”Тэмдэглэлд мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн...нэр төрөл үзүүлэлтийг тэмдэглэж...тусгана” гэснийг зөрчсөн байна.
Ургамал нь агаарын хуурай, дулаан нөхцөлд чийгшлээ алдаж жин багасаж байдаг учраас хэрэгт энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй. Харин шүүгдэгчид ашигтай байдлаар буюу шүүхийн хэлэлцүүлгийн явцад эд мөрийн баримтаар хураагдсан арцыг жинлэсэн байдлаар буюу 455.8 кг-аар тооцож хохирлыг гаргуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж Г.... 455.8 кг нойтон хонин арц худалдаж авч хадгалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын 60 дугаарт нойтон хонин арцны үнэлгээг 100,900 тогтоосон ба 455.8 кг хонин арцны үнэлгээ 45,990,220 байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас ургамлын санд 45,990,220 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.
1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
1.3 Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болохоор заасан байна.
Иргэн нэн ховор ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахдаа төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг авахаар Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан.
Шүүгдэгч Г.... нь хонин арцыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй, хуульд зааснаас өөр зориулалтаар буюу худалдан борлуулах зорилгоор худалдаж авч хадгалсан нь хэрэгт авагдсан Г.... мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь нэн ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр худалдан авах, хадгалах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгож түүнийг хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг худалдан авч, хадгалсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг санаатай зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
1.4 Шүүгдэгч Г.... зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар нэн ховор ургамлыг худалдан авч хадгалсан үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 45,990,220 төгрөгийн хохирол учирсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэн ховор ургамлыг худалдан авсан хадгалсан этгээдийг уг ургамлыг түүсэнтэй адилтган үзэх талаар зохицуулалт байхгүй учир ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгч Г.... 45,990,220 /дөчин таван сая есөн зуун ерэн мянга хоёр зуун хорь/ /төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Шүүгдэгч Г.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Г.... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагч шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 шуудай хонин арцыг худалдан борлуулж орлогыг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 зааснаар “ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-нь байгаль орчин уур амьсгалын сангийн эх үүсвэрт хамаарах учир гэмт хэрэг үйлдэж олсон 21 шуудай хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохдоо байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогтой ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.... 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.... оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.... нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.... 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.... 45,990,220 төгрөгийг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 шуудай хонин арцыг худалдан борлуулж үнийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
8. Шүүгдэгч Г.... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ