Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ж-нд холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ж нь  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** дугаар баг ******тоотод байх  гэртээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Т.Л-тэй маргалдаж, улмаар зүүн хөлөн тус газарт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, хохирогч Т.Лгийн мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг /хх-ийн 27 тал/,  мөрдөгчийн хэргийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 тал/,  мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/,  мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17 тал/, прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 18 тал/,   гэрч Ж. мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, гэрч Т.Н мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,  гэрч Ц.А мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, гэрч Н.Т мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 575 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 тал/, шүүгдэгч Э.Ж, хохирогч Т.Л нарын хооронд байгуулсан  2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №3728 дугаартай  эвлэрлийн гэрээ /хх-ийн 67 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 575 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Ж, хохирогч Т.Л нарын хооронд байгуулсан: “...Эмчилгээний болон холбогдох зардалд нийт 1.500.000 төгрөг авахаар тохиролцож. Үүнээс 500.000 төгрөгт нэг портер түлээ, 1.000.000 төгрөгийг Хаан банкны ******дугаартай Т.Лгийн дансаар 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Хохирол бүрэн төлсөн.... гэх эвлэрлийн гэрээ  /хх-ийн 67 тал/-д, хохирогч Т.Лгийн  өгсөн: “...Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/-д тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Жыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Лд төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.021.542 төгрөгийг шүүгдэгч Э.Ж-аас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Ж нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.021.542 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Ж-аас 2.021.542 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч  Э.Ж нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 11 см, бариул хэсэг нь 12 см, нийт 23 см урттай  бор шаргал өнгийн ахуйн хэрэглээний хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч  Э.Ж –г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ж-г  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 ( зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан 600 ( зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 ( зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Жаас 2.021.542 (хоёр сая хорин нэгэн мянга таван зуун дөчин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ****дугаартай дансанд олгосугай.

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 11 см, бариул хэсэг нь 12 см, нийт 23 см урттай  бор шаргал өнгийн ахуйн хэрэглээний хутга 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

  7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН