Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/00195

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/00195

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХХК -д холбогдох 51.169.480 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.У, нарийн бичгийн даргад Б.Мөнхтулга нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие М ХХК-тай №1622065383 тоот Гадаадад зорчигчийн даатгалын гэрээ-г байгуулсан. Миний бие 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Калифорни мужид Yosemite National Park-т хальтарч унан баруун шилбэ, тахилзуур ясаа хугалж гэмтээснээр 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-д мэс засалд орж гэрээнд заасны дагуу мэс заслын төлбөрт 32.768.810 төгрөгийг М ХХК-иас авсан.

Гэвч мэс заслаар тавигдсан титан хавтан нь биед харшилж зайлшгүй солиулах шаардлагатай гэсэн тул хөлөнд тавьсан төмөр бэхэлгээг авахуулж, гуя хамруулсан гипс тавиулж, эмчилгээ хийлгэсэн тул БНСУ-руу дахин явж 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэс засал, эмчилгээ хийлгэж нийт 23.472.240 вон буюу 51.169.480 төгрөгийн зарлага гарсан.

Талуудын байгуулсан гэрээний 1.1.-т заасны дагуу Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн осолд орсны улмаас учирсан эмнэлэг, эмчилгээний болон мэс заслын зардал, эмчлэгч эмчийн жорын хуудсаар олгогдсон эм тарианы зардал зэрэг ердийн нэн шаардлагатай зайлшгүй гарах зардлыг эмчлэгч эмчийн тодорхойлсны дагуу даатгагч төлнө, даатгалын хамгаалалтын дээд хэмжээ 50.000 ам доллар байна гэж тохирсон.

Даатгуулагч Б.Б нь даатгалын хамгаалалтын дээд хэмжээнд хүртэл мөнгө аваагүй, өнөөдрийг хүртэл уламжлалт эмчилгээг хийлгэж байна.

Даатгалын тохиолдол 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бий болсноос үүдэн миний бие 2 удаа мэс засал хийлгэж эмчилгээ хийлгэсэн болно. Гэтэл М ХХК-ийн зүгээс хоёр дахь мэс засал , эмчилгээний төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдсэн нь гэрээний заалтаа зөрчиж байна.

Иймд даатгалын нөхөн төлбөрт хөлний давтан мэс засалд орж гаргасан 22.116.970 вон, хөлөнд тавьсан төмөр бэхэлгээг авахуулах гуя хамруулсан гипс тавиулах зэрэг эмчилгээг хийлгэсэн 1.355.270 вон нийт 23.472.240 вон буюу 51.169.480 төгрөгийu М ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гадаадад зорчигчийн даатгалын №1622065383 тоот гэрээний даатгуулагч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Калифорни мужид Yosemite National Park-т хальтарч унан баруун шилбэ, тахилзуур ясаа хугалж гэмтээснээр 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-д мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн байсан. Энэ мэс заслын зардлыг даатгуулагч Б.Б М ХХК-иас нэхэмжилсэн бөгөөд бид холбогдох материалыг судлан гэрээний дагуу даатгуулагч Б.Б д 32.768.810 төгрөгийн нөхөн төлбөрийг олгож гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.

Дараа нь мэс заслаар тавигдсан титан хавтан нь Б.Б гийн биед харшилж түүнийгээ солиулах, эмчилгээ хийлгэх зорилгоор, Солонгос улс руу дахин явж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэс засал хийлгэсэнд нөхөн төлбөр олгох хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр дахин манайд ирүүлсэн. Ийнхүү 2 дахь удаагаа гадаадад зорчихдоо эмнэлгийн туслалцаа эмчилгээ авах зорилготойгоор гадаадад зорчсон бөгөөд гадаад оронд зорчсоноос хойш 90 хоногийн дараа гарсан эмчилгээний зардал байсан.

Энэ нь даатгалын гэрээний 11b болон 12-т зааснаар даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах тохиолдолууд байсан тул нөхөн төлбөр олгохоос татгалзах шийдвэрийг гаргасан.

Даатгалын гэрээний 1.1.-т зааснаар даатгуулагч нь гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн осолд орсны улмаас учирсан эмнэлэг, эмчилгээний болон мэс заслын зардлыг нөхөн төлбөрөөр олгох гэж байдаг. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор гадаадад зорчих нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарч байгаа юм.

Мэс заслаар тавигдсан титан хавтан нь Б.Б гийн биед харшлах эсэх, түүний улмаас даатгуулагчид үүссэн зардал нь Б.Б болон мэс засал хийсэн БНСУ-ын Gangnam Severance эмнэлгийн хоорондын хариуцлагын асуудал тул энэ зардлыг гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалаар олгох боломжгүй.

Мөн нэхэмжлэгч 22.101.640 воныг хөлний давтан мэс засалд ороход зарцуулсан төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт өгсөн баримтаас харахад Б.Б гийн зүрхэнд хийсэн эмчилгээний зардал байдаг бөгөөд 1.355.270 вон нь хөлөнд тавьсан төмөр бэхэлгээг авахуулах гуя хамруулсан гипс тавиулахад биш арьсны эмчилгээнд зарцуулсан байна.

Даатгуулагч Б.Б тай байгуулсан №1622065383 тоот Гададад зорчигчийн даатгалын гэрээний 11b-д Эмнэлгийн туслалцаа, эмчилгээ авах зорилготойгоор гадаад оронд зорчсон-д нөхөн төлбөр олгохгүй гэх заалт, 12 болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Б нь М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 51.169.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч М ХХК нь гэрээний дагуу нөхөн төлбөрт 32.768.810 төгрөгийг олгосон, сүүлийн эмчилгээний зардал нь даатгалын тохиолдол биш тул олгохгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Мандал женерал даатгал ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай, даатгалын хамгаалалтын дээд хэмжээ 50.000.000 ам доллар, даатгуулагчийн хариуцах хэсэг нь 50 ам доллар байх нөхцөлтэйгээр №1622065383 тоот Гадаадад зорчигчийн даатгалын гэрээг байгуулжээ. /хх-ийн 29,30,66-71-р хуудас/

Мандал женерал даатгал ХХК нь өөрийн оноосон нэрийг М ХХК болгон өөрчилж 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 000136728 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь зохигчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 21-р хуудас/

Даатгуулагч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Калифорни мужид Yosemite National Park-т хальтарч унан баруун шилбэ, тахилзуур ясаа хугалж гэмтээснээр 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-д мэс засалд орж гэрээнд заасны дагуу мэс заслын төлбөрт 32.768.810 төгрөгийг М ХХК-иас авсан талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 44-р хуудас/

Даатгуулагч нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дээрх мэс заслын дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 24-ний хооронд БНСУ-ын Гангнам Северанс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүрхний өвчин судлал, ортопедик болон арьсны эмчилгээнд 22.116.970 воныг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд мөн дээрх эмчилгээнд 1.355.270 воныг тус тус төлжээ./хх-ийн 39,40,53-55-р хуудас/

Б.Б дээрх төлбөрийг даатгалын нөхөн олговорт авахаар 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр М ХХК-д хандаж 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр даатгалын гэрээний 11b-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн хариуг,

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговорыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...даатгалын гэрээний 11b-д заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэсэн хариуг тус тус авч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ханджээ./хх-ийн 8,19,73-74-р хуудас/

Даатгуулагч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М ХХК-тай Гадаадад зорчигчийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тохирсон байх бөгөөд уг гэрээний 12.-т ...гадаад оронд зочсоноос хойш 90 хоногийн дараа гарсан эмчилгээний зардал-ийг даатгалын нөхөн төлбөрт олгохгүй гэж харилцан тохиролцсон байна.

Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монголоос гарч 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Монголд орж ирсэн болох нь түүний гадаад паспортны 28 дугаар хуудсанд дарсан Буянт Ухаа боомтын тэмдэгээр нотлогдож байна. /хх-ийн 83-р хуудас/

Даатгуулагч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 24-ний хооронд БНСУ-ын Гангнам Северанс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүрхний өвчин судлал, арьсны эмчилгээнд 22.116.970 воныг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд мөн дээрх эмчилгээнд 1.355.270 воныг тус тус зарцуулсан нь даатгалын тохиолдолоос хойш 90 хоногийн дараа /108 ба 176 дахь хоногт/ хийлгэсэн эмчилгээний зардал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 23.472.240 вон буюу 51.169.480 төгрөгийг М ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч М /Мандал женерал даатгал/ ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 51.169.480 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-т заасныг баримтлан М ХХК-иас 51.169.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413797 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                                         

                            ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО