Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн .... дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Т ургийн овогт Д-гийн Х- (РД:.....), ... оны ... дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулж, уг ялыг эдэлж байгаа гэх.

Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Д.Х- нь Увс аймгийн Малчин сумын 04 дүгээр багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед хохирогч Ц.Б-ийн 5 тооны адууг буюу олон тооны бод мал хулгайлж хохирогчид 3’600’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогч Ц.Б-ийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 6-7, 9 дүгээр хуудас), гэрч М.Х-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), гэрч Э.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), гэрч Л.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), гэрч Б.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), хөрөнгө үнэлгээний 198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), шүүгдэгч Д.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх гомдол /мэдээлэл/-ыг шалгах хугацааг сунгах тухай тогтоол (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), хохирогч Ц.Б-ийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэрч М.Хийн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-13 дугаар хуудас), гэрч Э.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), гэрч Л.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), гэрч Е.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас), гэрч Б.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), гэрч Ц.Г-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), хөрөнгө үнэлгээний 198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас), шүүгдэгч Д.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас), хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 82 дугаар хуудасны дараа дугаарлагдаагүй хуудас), хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол (дээрх дугаарлагдаагүй хуудасны араас давхардуулан 67-68 дугаар хуудас гэж дугаарласан 2 хуудас) зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд: 

- Хохирогч Ц.Б-ийн “...Манайх Зүүнговь сумын 3 дугаар багийн нутаг “Гурамсан” гэх газарт байдаг бөгөөд манай адуу байнга Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны сай” гэх газар орчим бэлжиж явдаг байсан. Намайг нутгийн хүмүүс “А” гэх нэрээр дууддаг бөгөөд миний нэр Ц.Б юм. Мөн манай залууг бид болон нутгийн хүмүүс “Умбуу” гэх нэрээр дууддаг, жинхэнэ нэр нь Б.С юм. Манай адуу нь 2021 оны 09 дүгээр сарын 07-аас 08-ны өдрийн хооронд байх Малчин сумын “Цагаан бургасны сай” гэх газарт байхад нийт 12 тооны адуунаас 5 тооны адууг хулгайд алдсан ба ойр орчимд болон Зүүнговь болон Малчин сумаар хайгаад олоогүй. Малаа олохгүй болохоор орхичихсон байтал 2024 оны 06 дугаар сарын 20-ны үед байх Малчин сумын М.Х гэх залуу нь манай хүү Б.С-тай уулзаад Э.Б, Д.О болон хэсэг залуус архи, пиво ууж байгаад Д.Х нь Э.Б-тай утасны цаанаас маргалдаж Э.Б нь “Л.М та хоёр Зүүнговь сумын 3 дугаар багийн иргэн Ц.Б-ийн адууг хулгайлан авсан гэдгийг чинь хэлнэ шүү” гэж маргалдсан талаар хэлсэн тухай манай хүү надад хэлсэн. Би Л.М-тай очиж уулзаад энэ талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. ...Миний хулгайд алдсан 5 тооны адуу нь шарга зүсмийн, таван настай гүү 1 тооны буруу гуяндаа аагт олом тамгатай; халтар зүсмийн 4 настай гүү буруу гуяндаа аагт олом тамгатай; бор хээр зүсмийн 5 настай хүрэн зүсмийн эр унагатай гүү; буруу талдаа аагт олом тамгатай, хүрэн галзан зүсмийн 3 настай гүү алдсан. Дээрх мал нь урьд нь ижлээсээ салж байгаагүй. Миний өөрийн унаган мал байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);

- Хохирогч Ц.Б-ийн дахин өгсөн “...Тухайн хэрэг шалгаж эхэлсэн орой нь Д.Х надтай уулзаж “би танай адууг хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, би таны хохирлыг маргааш бүрэн төлж барагдуулна, та надад гомдол санал байхгүй гэдгээ бичиж өгөөрэй” гэж 2024 оны 09 дүгээр сарын 11-ний орой хэлсэн боловч одоог хүртэл хохирол төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

- Гэрч М.Х-ийн “...2024 оны 05 дугаар сарын эхэн үед байх Малчин сумын 4 дүгээр баг Орлогын зоо гэх газарт Э.Б, Д.О бид нар пиво ууж байтал Д.Х бид нар руу залгаад Э.Б-д “дүү уруу татаж архи дарс уулаа” гэж хэлэхэд Э.Б нь Д.Х-т “би М та хоёрын хийсэн хулгайг чинь гэрчлэн, та хоёр Зүүнговийн Умбуугийн 5 адууг Зүүнговиос М (Л.М-) тууж ууланд гаргаад Д.Х- нь Завхан сум руу ачуулсан” гэж хэлэхэд Д.Х- нь Э.Бд “2024 оны өвөл айлын адуунаас шарга зүсмийн даага салгаж аваад явсан шүү, тэр даагыг хариу эзэнд нь өг” гэж хэлэхэд Э.Б нь “зудад үхсэн малыг би яаж өгдөг юм” гэж хэлсэн. Хэсэг маргалдаж байгаад утсаа тасалсан. Бид гурав тараад явсан. Энэ тухайгаа Умбууд бүгдийг нь хэлсэн. Урьд нь би Умбуутай хамт анх 5 адуу алдах үед Хяргас нуур хүртэл хайж байсан учраас Умбууг адуугаа хулгайд алдсан талаар мэдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Э.Бын “...2024 оны 05 дугаар сард байх Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Орлогийн зоо гэх газарт М.Х, Д.О, н.Б бид 4 пиво уугаад сууж байтал Д.Х- нь над руу утсаар залгаад “дүүд архи өгсөн байна” гэхээр нь “би архи өгсөн зүйл байхгүй, Д.О, Б 2 өөрсдөө ирж хамт суухаар нь ууж байсан архинаасаа буюу пивоноос өгсөн, өөр зүйлгүй” гэхэд “гэр бүлтэй хүнд архи өгч байна” гэж маргалдаж эхэлсэн. Д.Х- нь “чиний адуу гэхээр юу байдаг юм” гэхээр нь “миний адуу байгаа” гэхэд Д.Х- юм хэлэхгүй байхаар нь “би бас гэрчилж чадна шүү, М гэгч залуу 2021 оны 09 дүгээр сард Зүүнговь сумын Аын Умбуугийн 5 тооны адууг хулгайлан аваад танд хүргэж өгсөн, түүнийг та ууланд хадгалж байгаад Завхан сум руу ачиж явуулсан шүү. Ийм асуудал байгаа шүү” гэхэд Д.Х- нь утсаа тасалсан. Энэ яриаг надтай хамт пиво ууж байсан М.Х, Д.О, н.Б нар сонсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Гэрч Л.М-ын “...2021 оны 09 дүгээр сарын эхэн үед буюу 09 дүгээр сарын 01-ээс 10-ны хооронд гэж бодож байна. Би Малчин сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны сай” гэх газарт өдрийн 15 цагийн үед ус авах гээд явж байтал хар зүсмийн морь унасан Д- овогтой Х- тааралдаад надаас “голд байгаа адуу хэний адуу вэ” гэж асуухаар нь би Зүүнговь сумын Ангир хочтой буюу Ц.Б гэх хүний адуу байгаа юм аа гэж хэлэхэд Д.Х- “аан за за” гэж хэлээд хар зүсмийн морио унаад явахдаа надад хандаж “энэ адууг хойшоо хөөгөөд гаргаарай” гэж хэлээд мордоод явсан. Би мотоциклоо унаад гол руу ороход голд байсан адуу нь мотоциклын дуунаас үргэж Цагаан уснаас хойш гарсан. Би усаа аваад гэртээ хүргээд орой 07-оос 08 цагийн үед байх, нар орохын үед гэрийн гадна талд сууж байтал голоос дээшээ үргээд явсан Ц.Б ахын адууг цаанаас хар зүсмийн адуутай Д.Х- ирээд яг хэдэн тооны адуу гэдгийг мэдэхгүй байна голоос тууж аваад уул руу явсан. 10 хоногийн дараа Ц.Б ахын залуу Умбуу буюу Б.С нь хажуудаа нэг залуутай хамт Холбоо гэх газарт тааралдаад “2021 оны 09 дүгээр сарын эхэн үед Цагаан бургасны сай гэх газраас хүрэн алаг азаргатай 11 тооны адуунаас ...нийт 5 тооны адуу хулгайд алдаад хайж байна” гэхээр нь ах үзсэн зүйл байхгүй гэхэд “чи эндүүр явахдаа адуу мал сайн харж яваарай сураг гарах юм бол хэлээрэй” гэж хэлээд явсан. Би адуугаа хараад гэртээ хариад бодож үзэхэд Ц.Б ахын 4 тооны адууг Д.Х- нь хулгайлан авсан юм байна даа гэж бодож байгаад удалгүй Д.Х-тай хөдөөд тааралдахаар нь “Ц.Б ах 5 тооны адуугаа алдсан байна, танд мэдэж байгаа зүйл байна уу” гэхэд “надад мэдэж байгаа зүйл байхгүй” гэж хэлсэн. Би 1 жилийн дараа халамцуу явж байтал Б.С тааралдахаар нь би адууны талаар хэлэх гэж байгаад айгаад хэлээгүй сүүлд нь буюу 2024 оны 06 дугаар сард Б.С ирээд “миний хулгайд алдсан 5 тооны адууг чи Д.Х-т гаргаж өгсөн байна, үнэн байдлаа хэлээд халуун дээрээ хохирлоо барагдуул” гэхээр би тухайн үед айгаад мэдэхгүй гэж хэлэхэд Б.С явсан. Уг хүнээс салаад шууд дээшээ яваад Д.Х- ахын гэрт очиход Д.Х- ах ганцаараа байхаар нь уулзаад “хэрэг буруугаар эргэсэн байна, Б.С ирлээ 5 тооны адууг намайг гаргаж өглөө гэж хэлж ирлээ, энэ асуудлаа зохицуул” гэхэд Д.Х- нь “ямар хүн очиж хэлсэн юм бол” гээд шийдтэй хариу өгөхгүй болохоор нь шууд гэр рүүгээ явсан. ...2022 оны 05 дугаар сард Э.Б нь шүүхээс бугуйн цагтай ялтай байсан бөгөөд би согтуу Э.Бтай тааралдаж Зүүнговь сумын Ц.Б ахын 5 тооны адууг Д.Х- нь хулгайлан авсан талаар хэлсэн бөгөөд энэ тухай өөр хүнд хэлээгүй. ...тухайн үед Д.Х- нь уг адуунаас адуу хулгайлан авах талаар надад хэлсэн зүйл байхгүй, мөн цаашаа хэнд өгөх, хэнтэй хамтарч хулгай хийж байгаа талаар хэлсэн зүйл байхгүй учраас тухайн үед Д.Х-ыг уг адуунаас өөрийн адуугаа барьж авах гэж байна гэж бодсон. Гэтэл сүүлд уг адуунаас 5 тооны адуу хулгайд алдсан гээд хайж байхаар нь Д.Х- хулгайлан авсан юм байна гэж бодсон. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Д.Х-тай уулзаж ярилцахад Ц.Бийн адуунаас 5 тооны адуу тасалж хулгайлж авсан тухайгаа хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);

- Гэрч Л.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны оны 09 дүгээр сарын эхэн үед тухайн адуунууд манай хажууханд байдаг байсан. Тухайн өдөр манайх архи нэрж байсан. Би усанд явж байгаад Д.Х-тай таараад надаас тухайн адуунууд хэний адуу вэ? гэж асуухад нь би Ц.Бийн адуу гэж хэлээд явсан. Орой би дахин ус авахаар гарахад адуунуудыг Д.Х- эргүүлж байсан. ...Э.Б бид хоёр хамт пиво уугаад сууж байтал Э.Б намайг хулгайч гэж хэлээд байхаар нь тийн би хулгайч тэгээд чи яахын гэж хэлсэн. ...Тэр хавиар Д.Х-, Л.М- хоёр хулгайлсан юм биш үү гээд шуугиад байсан. Д.Х- гараад явсны дараа Э.Б намайг Д.Х- та хоёр хулгайлсан гээд байсан гэхээр нь би хулгайлсан чи яахын гэж хэлсэн. Завхан сум руу гаргасан гэж яриагүй. ...Би цэнхэр банктай улаан мотоциклтой ус аваад явж байсан. Д.Х- ах надтай таараад тэр адуу хэний адуу вэ? гэхэд Аын адуу гэхэд хойшоо эргүүлчих гэж хэлсэн. Дахин 2-3 удаа ус аваад дахин харахад адуу усандаа байсан. Дахин ус авахаар ирэхэд адуу хойшоо явж байсан” гэх мэдүүлэг;

- Гэрч Б.Э-гийн “...2024 оны хавар адууны сураг гарч Малчин сумын иргэн Д.Х- гэх залууг авсан гэдгийг миний нөхөр мэдэж сумын цагдаад хандсан. Албан ёсоор бүртгүүлж мэдүүлэг өгсний дараа буюу намайг эмнэлэгт байх хугацаанд Малчин сумын иргэн Д.Х- нь Малчин сумын бүсээс гарч болохгүй учраас манай ойролцоо ирээд миний нөхрийг дуудаж уулзаад хохирлыг барагдуулна гэдэг зүйлийг хэлсэн байсан. Тухайн үед хэрхэн яаж авсан талаар болон бусад зүйлийг яриагүй гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) зэрэг болно.

2.1. Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Зүүнговь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Лхагвадоржид 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ц.Б гэмт хэргийн талаар гомдол гаргасан (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас)-ыг үндэслэн тус өдөр уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Алтангэрэл эрүүгийн 2345000000239 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нямдаваа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Лхагвадорж, хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.Еламан нарт даалгасан байх бөгөөд уг тогтоолд гарын үсэг зурж албажуулаагүй байна.

 Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нямдаваа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Лхагвадорж, хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.Еламан нар тус албан тушаалыг хашиж байгаа болох нь зайлшгүй нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий баримт бөгөөд мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар нь хэргийн оролцогч нартай садан төрлийн холбоотой, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах бөгөөд тус хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулсан байна. Мөн тус хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Т.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах эрхтэй байна. Тодруулбал Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нямдаваа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Лхагвадорж, хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.Еламан нарыг тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны харьяалал зөрчсөн, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тул эрх зүйн ухамсрын хүрээнд өдөр тутам дээрх ажиллагааг явуулдаг мөрдөгчийг хууль бусаар санаатай үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Т.Алтангэрэл тус тогтоолд гарын үсэг зураагүй, мөрдөгч гарын үсэг зурж албажуулаагүй баримтыг хэрэгт хавсаргаж байгаа нь тэдгээрийн ажлын хариуцлагагүй байдал юм.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)-д гарын үсэг зурж албажуулаагүй гэх үндэслэлээр мөрдөгч нарын цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хууль бусад тооцож, дахин ажиллагаа явуулах нь мөрдөн шалгах ажиллагааг удаашруулаад зогсохгүй гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй юм.

Иймд Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нямдаваа, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Лхагвадорж, хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Т.Еламан нарын цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Л.М-ын мэдүүлгийг нотолгооны чадваргүй, уг мэдүүлэгт дурдсан үйл баримт нь эргэлзээтэй гэж мэтгэлцжээ.

Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд ноцтой зөрөөгүй бөгөөд уг мэдүүлгүүдэд дурдсан “хохирогч Ц.Б-ийн таван тооны адууг шүүгдэгч Д.Х- авсан” гэх үйл баримт нь агуулгын хувьд хохирогч Ц.Б, гэрч М.Х, Э.Б нарын шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоор заасан мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Гэрч Э.Б “...2022 оны 05 дугаар сард Малчин сумын төвд М архи ууж явж байхад таарсан бөгөөд надад 2.5 литрийн пиво авч өгөхөөр нь Мд “би архи пиво ууж болохгүй, шүүхээр ороод бугуйн цагтай ялтай байгаа болохоор ууж болохгүй” гэхэд М нь уг пивыг ганцаараа ууж байгаад “Ангирын адуу би мэддэг юм” гэхээр нь би надаас өөр хүнд хэлж болохгүй дахин хулгай хийж болохгүй гэхэд М “би Аын Умбуугийн 5 адууг хулгайлан аваад Д.Х-т хүргэж өгсөн, үүнийг Д.Х- аваад Завхан сум руу ачуулсан” гэж надад хэлэхээр нь би залуу хулгай хийж болохгүй би урьд хулгай хийгээд ял аваад сумын төвөөс ч хөдөлж чадахгүй байна. Ялтай байхад хэцүү шүү гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

Гэрч М.Х “...Умбуу бид хоёр Д.Х-, М хоёрыг хардаж байсан боловч баримт байхгүй байсан. Умбуугын адуу нь Малчин сумын 4 дүгээр багт бэлчээрлэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас) тус тус өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.М- улсын яллагчийн “Э.Б мэдүүлэхдээ таныг Аын 5 тооны адууг гаргаж Д.Х-т өгсөн. Д.Х- Завхан сум руу ачуулж зарсан. Тухайн адууг би идэлцсэн талаараа согтуу байхдаа хэлсэн гэж мэдүүлсэн. Энэ үнэн үү?” гэх асуултад “Э.Б бид хамт пиво уугаад сууж байтал Э.Б намайг хулгайч гэж хэлээд байхаар нь тийн би хулгайч тэгээд чи яахын гэж хэлсэн” гэж, мөн улсын яллагчийн “Э.Б яагаад таныг Ц.Бийн адууг хулгайлсан гэж хэлсэн бэ? гэх асуултад “Тэр хавиар Д.Х-, Л.М- хоёр хулгайлсан юм биш үү гээд шуугиад байсан. Д.Х- гараад явсны дараа Э.Б намайг Д.Х- та хоёр хулгайлсан гээд байсан гэхээр нь би хулгайлсан чи яахын гэж хэлсэн. Завхан сум руу гаргасан гэж яриагүй” гэж;

- Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Д.Х- та хоёрыг адуу хулгайлсан гэж хүмүүс яагаад хардаад байдаг вэ?” гэх асуултад “Тухайн адуу манай хажууханд ирж ус уугаад, нутаглаад явдаг байсан” гэж;

- Даргалагчийн “Өмгөөлөгч асуухад танай нутагт 10 гаруй айл нутагладаг гэж таны зүгээс хариулсан. Гэтэл 10 гаруй айлаас яагаад Д.Х- та хоёрыг тухайн адууг хулгайлсан гэж онцолж яриа гарах болсон бэ?” гэх асуултад “Манай нутагт ихэнх нь нас тогтсон хүмүүс байдаг. Залуу хүмүүсээс Д.Х- бид хоёр л байгаа байх” гэж тус тус хариулсныг дээрх мэдүүлгүүдтэй харьцуулан дүгнэвэл хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогчийн адуу бэлчиж байсан газрын ойролцоо байх айлын хүмүүсийн ихэнх нь нас тогтсон хүмүүс байх бөгөөд шүүгдэгч Д.Х-, Л.М- нар хэрэг гарсан гэх газарт ойролцоо байсан хүмүүсээс насны хувьд залуу байсан нь тэдгээрийг хардах үндэслэл болжээ.

Уг асуудлаар буюу гэрч Л.М-ыг тухайн хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх яриа удаан хугацаанд гарсан, мөн гэрч нь согтуурсан байснаас шалтгаалж гэрч Э.Бын “хулгайч” гэх хардалт, өдөөн хатгасан үгэнд тийм гэж хариулсныг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж буруутгах үндэслэлгүй юм.   

Гэрч Э.Б “...М “би Аын Умбуугийн 5 адууг хулгайлан аваад Д.Х-т хүргэж өгсөн, үүнийг Д.Х- аваад Завхан сум руу ачуулсан” гэж надад хэлэхээр нь би залуу хулгай хийж болохгүй би урьд хулгай хийгээд ял аваад сумын төвөөс ч хөдөлж чадахгүй байна. Ялтай байхад хэцүү шүү гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт “тийн би хулгайч” гэж хэлсэн боловч дээрх агуулгаар хэлээгүй гэж үгүйсгэжээ. Энэ яриа болсон гэх хугацаанд гэрч Э.Б, Л.М- нар архидан согтуурч байсан, улмаар хохирогч Ц.Б-ийн адууг хулгайлсан гэх асуудлаас болж тэд хоорондоо маргалдсан, мөн 2024 оны 05 /06/ дугаар сарын үед гэрч Э.Б нь шүүгдэгч Д.Х-тай маргалдах явцдаа гэрч Л.М-ыг тухайн хэрэгт хамааралтай мэтээр ярьсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж гэрч Э.Б нь хувийн дүгнэлтдээ хөтлөгдөн болсон ярианы агуулгыг гуйвуулж мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэрч Э.Бын дээрх агуулга бүхий мэдүүлгийн хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлээгүй болно.

Гэрч Л.М- хэрэг болсон гэх цаг хугацаанд гэмт хэрэг гарсан газарт байсан болохыг шүүгдэгч Д.Х яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хүлээн зөвшөөрч, няцаан үгүйсгээгүй. Гэрч Л.М нь хэрэг гарсан гэх үйл баримтыг харсан байх тул түүний мэдүүлэг анхдагч нотлох баримт юм. Уг мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотолгооны чадамжтай өөр баримт хэрэгт авагдаагүй тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Иймд өмгөөлөгчийн гэрч Л.М-ын мэдүүлгийг нотолгооны чадваргүй, уг мэдүүлэгт дурдсан үйл баримт нь эргэлзээтэй гэж мэтгэлцсэнийг үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), хөрөнгө үнэлгээний 198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) зэргийг шүүгдэгчид танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж мэтгэлцжээ.

Мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэж, уг тогтоолын дагуу шинжээч 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгө үнэлгээний 198 дугаартай дүгнэлт гаргасан байна.

Шүүгдэгч Д.Х-ын үйлдэлд холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танилцуулж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авчээ. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Д.Х- болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарт хэргийн материалыг танилцуулахад шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй талаар гомдол гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулах бөгөөд тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад зааснаар “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, хөрөнгө үнэлгээний 198 дугаартай дүгнэлт гарах үед шүүгдэгч Д.Х- энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байгаагүй тул мөрдөгч танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд тооцогдохгүй. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцсаны дараа тухайн тогтоол, дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйг эрхийн зөрчил, хязгаарлалтад тооцохгүй.

Прокуророос эрүүгийн .... дугаартай, 1 хавтас 97 хуудас бүхий хэргийн материал шилжүүлсэн ба Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрахын хэрэг шилжүүлсэн албан бичигт 1 хавтас 80 хуудас гэж буруу бичжээ. Мөрдөгч гэрч Л.М-д хууль сануулсан баримтыг 17 гэж дугаарласан атлаа түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн эхний хуудсыг дахин 17 гэж дугаарлан алдаа гаргасан. Мөрдөгчийн давхардуулан дугаарласан, сүүлийн 17 дугаар хуудаснаас 82 дугаар хуудас хүртэл алдаагүй дугаарлагдсан бөгөөд 82 дугаар хуудас гэж дугаарлагдсан, мөрдөгчийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналын дараа хохирлын тооцоо гэх баримтыг дугаарлалгүй хавсаргасан, тухайн хуудасны араас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбарын эхний хуудсыг 67 гэж буруу давхардуулан дугаарласнаас үүдэж хавтаст хэргийн хуудасны дугаар зөрсөн байна.

Өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн материал шинжлэн судлахдаа хэлсэн “мөрдөгч хэргийн материалыг буруу дугаарласан” гэх дүгнэлт үндэслэлтэй. Албажуулаагүй тогтоол хэрэгт бэхжүүлсэн, хавтаст хэргийн баримтыг буруу дугаарласан нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Хэдий энэ хэргийн хүрээнд оролцогчоос хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн талаар гомдол гаргаагүй, ийм үйл баримт тогтоогдохгүй байх боловч цаашид ийм хариуцлагагүй байдлаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал алдагдах нөхцөл байдал үүснэ. Иймд тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нямдаваа, тухайн хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр нарын алдаа болохыг тодотгож дурдах нь зүйтэй.

2.3. Шүүгдэгч Д.Х-: яллагдагчаар “2021 оны 09 дүгээр сард буюу /сар өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна/ ямар ч байсан Малчин сумын 4 дүгээр баг Бунханы өмнө завсар гэх газарт өөрийн хар морьтой явахад усан талаас 11 тооны алаг азаргатай адуу гарч ирсний дараа удалгүй Л.М- нь Малчин сумын 1 юм уу 3 дугаар багийнх байх Одгоо гэх хүний хамт миний хажууд ирж зогссон. Одгоо нь бууж ирээд Л.М-ыг уг адууг уул руу эргүүлчих гэж хэлээд явуулсан. Түүний дараа надад “миний морь зогсчихлоо” гэж хэлсэн бөгөөд “өөрийн морь уулын доод бэлд зогсчихсон тул уячихсан тэгээд Л.М-тай гарч ирлээ” гэж хэлсэн. Л.М- нь уг адууг уул руу эргүүлчхээд буцаж ирээд Одгоог авсан бөгөөд Одгоо нь явахдаа “би морио амрааж байгаад буцаж ирээд наад адууг чинь аваад явна, харин чи уул руу шахчих” гэж хэлээд явсан учраас Хоо толгойн ар гэх газар руу шахсан. Тэгээд би үхрээ хайж явж байгаад гэр рүүгээ харьсан. Тухайн үед би Одгоог ямар адуу тууж явсныг мэдээгүй бөгөөд 2024 оны намар Зүүнговь сумын хэсгийн төлөөлөгч шалгах үед уг адууг хулгайн адуу гэдгийг мэдсэн. Л.М- нь үнэн зөвөөр мэдүүлэг өгөхгүй байгаа бөгөөд би адуу хулгайлсан зүйл байхгүй” гэж  (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас);

- Шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие Цагаан бургасны сайд үхэр хайгаад явж байхад гэнэт адуу гараад ирсэн. Удалгүй Л.М-, Одгоо хоёр ирээд адууг шахаж гаргаад өг гэхэд нь би шахаж гаргаж өгөөд өөрийн үхрээ хайгаад явсан. Гэрч М.Х, Л.М- нар хохирогч Ц.Бтэй худ ургийн холбоотой хүмүүс юм. 2024 оны намар хохирогч Ц.Бийн хүү болох Б.С нь байцаагчтай хамт ирж тухайн хэргийг талаар мэдэгдэж биднийг байцааж тухайн хэргийг над руу чиглүүлээд байгаа” гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.

Шүүгдэгчийн дээрх мэдүүлгүүд: гэрч М.Хийн “...2024 оны 05 дугаар сарын эхэн үед байх Малчин сумын 4 дүгээр баг Орлогын зоо гэх газарт Э.Б, Д.О бид нар пиво ууж байтал Д.Х- бид нар руу залгаад Э.Бд “дүү уруу татаж архи дарс уулаа” гэж хэлэхэд Э.Б нь Д.Х-т “би М та хоёрын хийсэн хулгайг чинь гэрчлэн, та хоёр Зүүнговийн Умбуугийн 5 адууг Зүүнговиос М (Л.М-) тууж ууланд гаргаад Д.Х- нь Завхан сум руу ачуулсан” гэж хэлэхэд Д.Х- нь Э.Бд “2024 оны өвөл айлын адуунаас шарга зүсмийн даага салгаж аваад явсан шүү, тэр даагыг хариу эзэнд нь өг” гэж хэлэхэд Э.Б нь “зудад үхсэн малыг би яаж өгдөг юм” гэж хэлсэн. Хэсэг маргалдаж байгаад утсаа тасалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч Э.Бын “...2024 оны 05 дугаар сард байх Малчин сумын 4 дүгээр багийн нутаг Орлогийн зоо гэх газарт М.Х, Д.О, н.Б бид 4 пиво уугаад сууж байтал Д.Х- нь над руу утсаар залгаад “дүүд архи өгсөн байна” гэхээр нь “би архи өгсөн зүйл байхгүй, Д.О, Б 2 өөрсдөө ирж хамт суухаар нь ууж байсан архинаасаа буюу пивоноос өгсөн, өөр зүйлгүй” гэхэд “гэр бүлтэй хүнд архи өгч байна” гэж маргалдаж эхэлсэн. Д.Х- нь “чиний адуу гэхээр юу байдаг юм” гэхээр нь “миний адуу байгаа” гэхэд Д.Х- юм хэлэхгүй байхаар нь “би бас гэрчилж чадна шүү, М гэгч залуу 2021 оны 09 дүгээр сард Зүүнговь сумын Аын Умбуугийн 5 тооны адууг хулгайлан аваад танд хүргэж өгсөн, түүнийг та ууланд хадгалж байгаад Завхан сум руу ачиж явуулсан шүү. Ийм асуудал байгаа шүү” гэхэд Д.Х- нь утсаа тасалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) зэргээр няцаан үгүйсгэгдэж байна.

Тодруулбал шүүгдэгч Д.Х нь “дүүд архи уул Г-” гэх шалтгаанаар гэрч Э.Бтай маргалдсан байх бөгөөд уг маргааны явцад нэг нэгнийхээ үйлдсэн хулгайн гэмт хэргийн талаар хэлж сүрдүүлсэн байна. Шүүгдэгч Д.Х- гэрч Э.Бын хэлсэн “хохирогч Ц.Бийн таван тооны адуу авсан” гэх үйл баримтыг үгүйсгэхгүйгээр утсаа тасалсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчийн “Улсын яллагчийн асуусан асуултад нэмэлтээр тодруулъя. Э.Б таныг 5 тооны адуу хулгайлсан гэж хэлэхэд таны зүгээс яагаад үгүйсгээгүй вэ?” гэх асуултад шүүгдэгч “Тэд согтуу байсан тул тэр талаар яриагүй” гэх хариулт нь үндэслэл бүхий сэжгийг няцаахгүй.

Мөн хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин “...Тухайн хэрэг шалгаж эхэлсэн орой нь Д.Х- надтай уулзаж “би танай адууг хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, би таны хохирлыг маргааш бүрэн төлж барагдуулна, та надад гомдол санал байхгүй гэдгээ бичиж өгөөрэй” гэж 2024 оны 09 дүгээр сарын 11-ний орой хэлсэн боловч одоог хүртэл хохирол төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас) өгсөн ба уг мэдүүлэг нь гэрч Б.Э-гийн “...2024 оны хавар адууны сураг гарч Малчин сумын иргэн Д.Х- гэх залууг авсан гэдгийг миний нөхөр мэдэж сумын цагдаад хандсан. Албан ёсоор бүртгүүлж мэдүүлэг өгсний дараа буюу намайг эмнэлэгт байх хугацаанд Малчин сумын иргэн Д.Х- нь Малчин сумын бүсээс гарч болохгүй учраас манай ойролцоо ирээд миний нөхрийг дуудаж уулзаад хохирлыг барагдуулна гэдэг зүйлийг хэлсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)-ээр давхар нотлогджээ.

Тодруулбал шүүгдэгчийн гэмт үйлдэл илэрсний дараа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөөр хохирогчтой уулзсан нь түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болно. Нөгөөтэйгөөр шүүгдэгч болсон хэргийн талаар үнэн мэдүүлэг өгөх, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй тул өөрт ашигтай байдлаар яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Х-ын мэдүүлэгт дурдсан “Одгоо” буюу Гомбын Одхүү гэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан болох нь Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас гэж буруу дугаарласан)-аар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хэргийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэхийн тулд нас барсан хүнийг уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байх тул түүний яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.

2.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг нэгтгэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Д.Х- Увс аймгийн Малчин сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Цагаан бургасны сай” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед хохирогч Ц.Бийн таван тооны адууг хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.

Шүүгдэгч Д.Х- нь хохирогч Ц.Б-ийн таван тооны адууг буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангажээ.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны малыг хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч хохирогчийн таван тооны адууг буюу бод малыг хулгайлсан тул дээрх олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна. Тодруулбал таван тооны адуу хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

3.3. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бт 3’600’000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний 198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-ээр нотлогджээ.  

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн үед Зүүнговь сумаас Малчин сум руу орж малаа хайсан. Нийт 10 хоног хайж явсан. Энэ хугацаанд зарцуулсан шатахуун болон хоол хүнс, ламд үзүүлэх зэрэг нийт 2’500’000 төгрөгийн зардал гарсан. ...Би Д.Х-аас 15 толгой мал нэхэмжилж байна. Энэ өөрөө 15 толгой мал өгнө гэж хоорондоо тохирсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) өгсөн байна. Тодруулбал хохирогч шүүгдэгчээс 15 тооны адуу, малаа хайхад зарцуулсан зардалд 2’500’000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бол тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. Тодруулбал хохирогчид гэмт хэргийн улмаас таван тооны адууны буюу 3’600’000 төгрөгийн хохирол учирсан, уг учирсан хохирлын улмаас буюу таван тооны адууг эрх хайхад зарцуулсан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхдээ адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн дөрвөн тооны гүү, нэг тооны унаганы үнэ болох 3’600’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Бт олгох үндэслэлтэй.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж, тус хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хууль зүйн үндэслэлийг тодорхойлжээ.

Гэрч М.Хийн мэдүүлгээр хохирогч тодорхой хугацаанд хулгайд алдсан адуугаа хайсан болох нь нотлогджээ. Хохирогч хулгайд алдсан адуугаа эрж хайсан зардал буюу уг гэмт хэргийн улмаас хор уршигт 2’500’000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотолсон баримтаа ирүүлээгүй байна. Хохирогчид учирсан хор уршгийн талаарх баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд зааснаар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хохирогч Ц.Бийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын гаргасан тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55-62 дугаар хуудас), Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1378 тоот албан бичиг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхнэр хүүхдүүдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, тухайн ялыг шүүгдэгч эдэлж байгаа, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь 2020 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас бусдын 2 тооны үхрийг, 2020 оны 11 дүгээр сарын эхээр Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутгаас бүлэглэн бусдын 12 тооны адуу тус тус хулгайлж гэм буруутайд тооцогдсон байна. Тодруулбал шүүгдэгч нь хоёр удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн атлаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

3. Улсын яллагч “...Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Д.Х- нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 4 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Одоо зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялыг эдэлсний дараа 2022 оны 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн зорчих эрх хязгаарлах ялаас үлдсэн ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх саналтай байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Д.Х- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хар зүсмийн нас гүйцсэн морь унаж явсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.М-ын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн нас гүйцсэн морины үнэлгээг тогтоосон байгаа учраас уг үнэлгээгээр гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан адууны үнийг хурааж улсын орлогод оруулах саналтай” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл “...Тухайн эдэлж байгаа ялыг нь тусад нь эдлүүлэхээр гаргасан саналыг дэмжиж байна. Хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосноор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-т 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.2. Шүүгдэгч хохирогчийн таван тооны адууг хулгайлахдаа хар зүсмийн морь унаж байсан болох гэрч Л.М-ын “...Би усаа аваад гэртээ хүргээд орой 07-оос 08 цагийн үед байх, нар орохын үед гэрийн гадна талд сууж байтал голоос дээшээ үргээд явсан Ц.Б ахын адууг цаанаас хар зүсмийн адуутай Д.Х- ирээд яг хэдэн тооны адуу гэдгийг мэдэхгүй байна голоос тууж аваад уул руу явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)-ээр нотлогдсон.

Мөн шүүгдэгчийн “...Тухайн үед миний унаж явсан хар зүсмийн морь энэ өвөл зудад үхсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас)-ээр түүний гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морь үхсэн болох нь нотлогдсон, хөрөнгө үнэлгээний 198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-ээр уг морины үнэлгээ 1’300’000 төгрөгөөр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн уналга болгож ашигласан морь үхсэн тул уг морины үнэлгээ болох 1’300’000 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах буюу хохирогчид олгох үндэслэлтэй.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн дөрвөн тооны гүү, нэг тооны унаганы үнэ болох 3’600’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Бт олгохоор шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах тул шүүгдэгчээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хураан авахаар тогтоосон 1’300’000 төгрөгийг Иргэний хуулийн холбогдох заалтаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох 3’600’000 төгрөгөөс хасаж тооцвол 2’300’000 төгрөгийн нөхөн төлөгдөөгүй хохирол үлдэж байна. Иймд давхардуулан буюу илүү хэмжээгээр шүүгдэгчээс хохирол гаргуулах үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 1’300’000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 2’300’000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Бт олгох нь зүйтэй гэж дүгнэв.

3.3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х-т 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ба Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/1378 тоот албан бичиг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)-ээр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон тооцоход шүүгдэгч 1 жил 7 сар 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй болох нь тогтоогджээ.

Шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхийг зогсоосон, дуусгавар болгосн үйл баримт тогтоогдоогүй ба шүүгдэгч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 84 хоногийн ялыг эдэлж, 1 жил 4 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор журамласан. Тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох боловч шүүгдэгч олон тооны мал хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдэж дээрх шийтгэх тогтоолоор ял авсан, уг хэрэгт шалгагдах явцдаа дахин олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул хөнгөн ялыг хүнд төрлийн ялд нь нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.

Нөгөөтэйгөөр шүүгдэгч Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт үйлдлээ илчилж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломж байсаар байтал ашиглаагүй тул дээрх ялыг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулах ялтай нэмж нэгтгэснээр түүний эрх зүйн дордохгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн солихоор журамласан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Х-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 (тав) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар тогтоох үндэслэлтэй.

3.4. Шүүгдэгчийн анх удаа хорих ял эдэлж байгаа гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 (тав) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

4. Мөрдөгч 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Д.Х-т энэ хэрэгт холбогдуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Д-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Х-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 (тав) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 5 (тав) жил 4 (дөрөв) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Х-аас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан уналга болох морины үнийг буюу 1’300’000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг албадан гаргуулж хохирогч Ц.Бт олгосугай.

6. Шүүгдэгч Д.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2’300’000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Бийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА