Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 84

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч С.Батжаргал, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Б.Тунгалаг,

улсын яллагч С.Энхтуул,

насанд хүрээгүй хохирогч Ж.Очирхуяг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж /№0931/

нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанхуягийн Анужинд холбогдох эрүүгийн 201725030115 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3. өвөө, ахын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 2 дугаар гудамж, 28 дугаар байр 2 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтанхуягийн Анужин /РД- У398070309/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: А.Анужин нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр гудамж 120 тоот хашаанд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Ж.Очирхуягийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Анужин мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ж.Очирхуяг мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой гэртээ ирээд байж байсан. Манай нийтийн байрны хаалганы цоож эвдэрсэн байсан. Би хаалганы цоож засах гээд болохгүй байж байсан. Тэгэхэд Анужин орж ирсэн. Би Анужинг хутга аваад хаалганы цоож засчих гэж хэлсэн. Анужин хутга авсан шалтгаан нь тэр юм. Дараа нь би муухай ааш гаргаснаас болж бид маргалдсан. Би Анужин руу юм шидсэн. Миний биеийн байдал одоо эрүүл болсон тул шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч хохирогч Ж.Очирхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны орой би Анужин луу "би найз Шижирээтэй уулзчихаад байнаа ойрд караокед суусангүй ээ чи хүрээд ирээ" гэхэд Анужин жоохон байж байгаад Зулаатай яваад очьё гэсэн. Тэгээд бид нар 2 цаг караокед суусан дараа нь тэндээсээ гараад Сансарт ЦЭ пабад Шижирээгийн 3 найзтай уулзахаар яваад тэндээ хэсэг сууж байгаад бид нар долуулаа болоод Сансарын үйлчилгээний төв дээр байрлах бааранд шөнийн 02 цаг хүртэл тэндээ байж байгаад бид нар гэр гэр лүүгээ салж явцгаасан. Би найз охин болох Анужин, түүний найз болох Зулаагийн хамт манай найз охин таксинаас буугаад өвөөгийндөө очно гэсэн харин би такситайгаа гэр рүүгээ явсан. Гэртээ би бухимдсан байдалтай ирээд байж байтал араас Анужин, Зулаа 2 ороод ирсэн. Тэгэхээр нь би Анужинг яагаад гэрт янз бүрийн хүн авч ирээд байгаан бэ гэж уурлаад тэгээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Би бухимдахдаа тамхины үнсээ хийж байсан варений шилийг ор руугаа шидсэн. Дараа нь цагаан өнгийн шаазан бариултай аягыг ширээн дээрээс аваад Анужинг давуулаад шидэх гэж бодож авсан боловч тухайн үед Анужинг аягаараа цохисон байсан. Анужинг цохиход Анужин цочсондоо намайг хутгаараа дүрсэн. Тэгээд би амьсгалж чадахаа болиод газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/

 

Гэрч Т.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар тэр бааранд хэсэг сууж байгаад харихаар гараад Анужин, Очирхуяг бид 3 такси бариад 17 дугаар сургуулийн орчим байх тэр хоёрын нийтийн байрлуу явж байтал замдаа Очирхуяг, Анужин хоёр маргалдаад эхэлсэн. Тэр хоёр муудалцаж байгаад Анужин бид хоёр 32-ын тойрог дээр таксинаас буугаад Очирхуяг цаашаагаа гэрлүүгээ такситай явсан. Анужин бид 2 алхаад нийтийн байранд нь очтол Очирхуяг ирчихсэн байсан. Тэгсэн Очирхуяг, Анужин 2 маргалдаж байгаад Анужин бид хоёр орон дээр хэвтсэн чинь Очирхуяг усны саван дээр сууж тамхи татаж байгаад тамхиныхаа үнсийг хийж байсан варений шилийг Анужин руу шидтэл шил нь орны толгойг оноод хагарчихсан. Тэр үед Анужин яаж байгаа юм бэ гэж хэлээд босоод иртэл Очирхуяг цайны аяга гартаа бариад би чамайг энэ аягаар цохино шүү гэтэл Анужин ширээн дээр байсан нарийн хутгыг аваад намайг цохих юм бол чамайг хутгална шүү гэтэл Очирхуяг баруун гартаа барьсан аягаараа Анужингийн толгойн зүүн чамархайн дээхнэ хэсэгт нэг удаа цохитол Анужин баруун гартаа барьсан хутгаараа Очирхуягийн зүүн тал руу нь нэг удаа хутгалчихсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 529 тоот шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: 1.Ж.Очирхуягийн биед хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хураа /500мл орчим/ гэмтэл тогтоолдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15х/

 

Яллагдагч А.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой найз Мөнхзултай хамт 120-н мянгатад байх өвөөгийн гэрт байж байтал манай хамтран амьдрагч Ж.Очирхуяг надруу залгаад найзтайгаа байна хүрээд ир гэхээр нь би найз Мөнхзулыг дагуулаад урт цагааны оримд байх караокед очсон. Бид дөрөв тэндээ 0,5 литрийн пивоноос хүн тус бүр 2 шилийг уугаад байж байтал Шижирээ манай гурван найз сансарт байна гэнэ дөрөвүүлээ очъё гэхээр нь бид нар эхэндээ үгүй гэж байгаад сүүлдээ зөвшөөрөөд хамт сансарт очсон. Шижирээгийн гурван найз Цэ пабд байна гээд Шижирээ эхлээд ортол араас нь Очирхуяг араас нь хамт орж хэсэг байж байгаад нөгөө гурван эмэгтэйг дагуулаад гараад ирсэн. Бид нар долуулаа болоод тунелийн дээр байдаг Камел нэртэй бааранд орж тэндээ 2 цаг бүжиглэж хүний 2 шил пиво уугаад тэндээсээ гартал Шижирээ, Очироо хоёр хүнтэй муудалцах гээд байхаар нь тэр хоёрыг хооронд нь салгаад найз Мөнхзул бид 2 маргалдаад би найз Мөнхзулыг аваад 32-ын тойрог дээр бууж Очирхуяг такситайгаа гэр лүүгээ яваад өгсөн. Найз Мөнхзул бид хоёр алхсаар байгаад гэртээ яваад очтол Очирхуяг ирчихсэн зайлахгүй яасан юм бэ гэхээр нь чи өөрөө зайл гэж маргалдаад Мөнхзул бид хоёр орон дээр гараад байж байтал надруу варений шил аваад шидтэл тэр шил нь модон орны толгой дээр цохигдоод хагарсан Тэгэхээр нь би бостол Очирхуяг цайны шаазан аяга барьчихаад цохих гээд байхаар нь би хоолны ширээн дээр байсан хутгыг аваад гартаа барьсан аягаараа миний зүүн талын чамархайн дээд талын хэсэгт цохиод автал миний гар өөрийн эрхгүй яваад Очирхуягийг хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/

 

Эд мөрийн баримтыг хураан авч, хэрэгт хавсаргасан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 11х/, хохирогчийн БХХСАХН эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 56-67х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч А.Анужин нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 9 дүгээр гудамж 120 тоот хашаанд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Ж.Очирхуягийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Яллагдагч А.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42х/, насанд хүрээгүй хохирогч Ж.Очирхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31х/, гэрч Т.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 529 тоот шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт /хх-ийн 15х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд А.Анужинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Очирхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гомдол саналгүй, миний бие маш сайн байгаа тул ямар ч гомдол санал байхүй, хурдан дуусгахыг хүсч байна. Дахин хэлэхэд надад гомдол санал үнэхээр байхгүй” гэж мэдүүлж байх тул А.Анужинг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учирсан гэм хорын хохирол арилсан гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулын урт 11см, ажлын хэсгийн урт нь 15см, өргөн нь 2.5см, нийт 26см-ийн урттай цэнхэр, цагаан, хар алаг өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

А.Анужинд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учирсан гэм хорын хохирол арилсан, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл, хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанхуягийн Анужинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар А.Анужинд 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Анужингийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Анужин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариулын урт 11см, ажлын хэсгийн урт нь 15см, өргөн нь 2.5см, нийт 26см-ийн урттай цэнхэр, цагаан, хар алаг өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

6. А.Анужинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Анужинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ

 

                                              ШҮҮГЧИД                      С.БАТЖАРГАЛ

 

                                                                                                  Б.ХАЛИУН