| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2021/00611/И |
| Дугаар | 151/ШШ2021/00751 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2021/00751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
............. аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. аймаг, ............., 2 дугаар баг, 18 дугаар байр 2-2 тоотод оршин суух, 41 настай, эмэгтэй................................................ын,
Хариуцагч:............. аймаг, .............ын Засаг даргад холбогдох
Сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............., түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сумын эмнэлэгт анх эмчлэгч эмчээр ажилд орж, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс .............ын Эрүүл мэндийн .............ийн даргаар томилогдон ажилласан. Тус эмнэлгийн даргаар 8 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн ажил мэргэжлийн дутагдал гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ зөрчиж, эхийн болон 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж ирсэн. Манай суманд вакцинжуулалт 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлсэн. Ковид-19 өвчний тохиолдол анх гарч 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл урьд урьдынхаасаа илүү бидний хариуцлага ажлын ачаалал нэмэгдсэн. Бидний ид ачаалалтай цаг наргүй ажиллаж байгаа хичээл зүтгэлийг Засаг дарга үл ойшоож энэ онцгүй цаг үед сахилгын шийтгэл ногдуулж, надад олгогдох эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний урамшууллыг хассан. Засаг дарга Б/20 дугаар захирамжаа гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаа бичээгүй, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний заалтуудыг удирдлага болгосон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төрийн албан хаагч биш, харин хөдөлмөрийн гэрээгээр төрийн үйлчилгээний албан хаагч ТҮЭМ-5-5-аар 832,357 төгрөгөөр цалинждаг. Намайг Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.5 тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд дүгнэж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу урамшуулах, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох болон сахилгын арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлэх, 2.3.1 Монгол Улсын хууль тогтоомж, тухайн салбарт хэрэгжиж буй дүрэм, журам, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, тавих, тайлагнах эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр дээд байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэсэн дээрх хоёр заалттай холбоотойгоор надад тухайн жилийн төлөвлөгөөг хоцроосон дүгнүүлээгүй, Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй түүнээс болж манай сумын эрүүл мэндийн .............ийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, төлөвлөгөө тасарсан, ажил цалгардсан, алдаа дутагдал, хүний эндэгдэл огт гараагүй юм. Засаг дарга 2020 оны орон нутгийн сонгуулиар тус суманд Засаг даргаар томилогдсон 2020 оны 11 дүгээр сард нэг жил болоогүй. Миний эхний хагас жилийн ажлыг муу гэж дүгнээд надад эхний хагас жилд авах ёстой урамшуулалаас хасаж байгаа явдалд гомдолтой байна. Ер нь засаг дарга орсон цагаасаа хойш хэд хэдэн удаа Засаг даргын зөвлөлийн хурал болон Онцгой комиссын хурал дээр сумын хууль эрх зүйн ажилтанд Уянга эмчийг сахилгын арга хэмжээ авах хуулийн заалтыг бэлд гэж үүрэг өгсөн байсан. Сүүлд 2021 оны 6 дугаар сарын хурал дээр Уянга эмчтэй цаашид хамтран ажиллахгүй. Сахилгын шийтгэл оногдуулаад бас дараа дараагийн арга хэмжээг авна гэж сумын онцгой комиссын гишүүд, манай эмнэлгийн ажилчдад хэлсэн байсан. Иймд энэ арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй ба цаашид Засаг дарга намайг халах хүсэл сонирхолтой байгаа тул уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ би зөвшөөрөөд явах юм бол дараагийн тушаалаар би халагдах эрсдэлтэй болоод байгаа болно. Иймд миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гаргасан .............ын Засаг дарга З.Дэлгэрцэцэгийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ............. аймаг, .............ын Засаг дарга З.Дэлгэрцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын Эрүүл мэндийн .............ийн эрхлэгч Г.Уянгын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............. үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж, ................ын Засаг дарга З.Дэлгэрцэцэгийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ./хх-1-2/
Хариуцагч ............. аймгийн .............ын Засаг дарга З.Дэлгэрцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. /хх-22/
Шүүх, хариуцагч ............. аймгийн .............ын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
............. аймгийн .............ын Эрүүл мэндийн .............ийн эрхлэгч албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.
Нэхэмжлэгч ............. нь /............. аймгийн .............ын Эрүүл мэндийн .............ийн эрхлэгчийн ажил албан тушаалыг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эрхэлсэн/, хариуцагч ............. аймгийн .............ын Засаг дарга З.Дэлгэрцэцэг нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх ба төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэхээр заасан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ............. аймгийн .............ын Засаг дарга З.Дэлгэрцэцэг нь .............тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан, ............. аймгийн .............ын Эрүүл мэндийн .............ийн эрхлэгчээр томилсноор талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. /хх 4-8 дугаар тал/
Уг хугацаанаас хойш нэхэмжлэгч Г.Уянгыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь хариуцагч ... гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хангалтгүй үнэлгээ авсан, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, Хөдөлмөрийн гэрээний 2.2.5, 2.3.1-д заалтуудыг тус тус удирдлага болгон сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-3/
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж,
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 48.1.1.-д сануулах гэж,
Мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.5-д Тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд дүгнэж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу урамшуулах, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох болон сахилгын арга хэмжээ авах эсэх асуудлыг шийдвэрлэх, мөн гэрээний 2.3.1-д Монгол улсын хууль тогтоомж, тухайн салбарт хэрэгжиж буй дүрэм, журам, төсөл хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, хяналт тавих, тайлагнах, эдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр дээд байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж тус тус заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зааснаар хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй төлөөлөгч татгалзаж буй ... гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хангалтгүй үнэлгээ авсан, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн ... үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч талаас ............. нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлдэггүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул сануулах сахилгын шийтгэл ногдлуулсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
............. аймгийн Эрүүл мэндийн .............ийн эрхлэгч албан тушаалтай ............. нь хөдөлмөрийн гэрээний болон байгууллагын дотоод журам түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулж буй хөдөлмөрийн хууль, хуульчилсан бусад салбарын хэм хэмжээг тогтоосон эрх зүйн баримт бичигт заасан ямар арга хэмжээг хэрэгжүүлээгүй, хэрхэн яаж зөрчсөн, ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь ажил олгогчоос гаргасан захирамжид тодорхойгүй байна.
Хариуцагч талаас хэрэгт Сумын онцгой комиссын хурлын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн болон 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлүүдийг тус тус гаргасан хэдий ч Г.Уянгын гаргасан зөрчлийг хэлэлцэж, зөрчил гаргасан эсэхийг тогтоосон, сахилгын ямар шийтгэл ногдуулж буй нь тодорхой тусгагдаагүй байна.
Дээрх баримтуудаас дүгнэхэд Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-нд тухайлан заасан ямар зөрчлийг мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журмын хэдэд заасан зөрчлийг хэзээ, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн, тухайн гаргасан зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах зөрчилд хамаарч байгаа эсэхийг үндэслэлтэй тодорхойлоогүй тул ажил олгогчоос гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хоёр талын гэрээнд нэг тал үүрэг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах, гэрээг цуцлах зэрэг шаардах эрх ажил олгогчид байдаг хэдий ч ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан үндэслэл бүхий шийдвэр /тушаал, захирамж/ гаргах нь ажил олгогчийн үүрэг юм.
Иймээс хариуцагч ............. аймгийн .............ын Засаг дарга З.Дэлгэрцэцэгийг үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээг буруу авсан гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д зааснаар хэрэгт байгаа ............. аймгийн .............ын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 05/168 дугаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханд хүргүүлсэн тайлбар, мөн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/176 дугаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай захирамжийг нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг мөн энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ............. аймгийн .............ын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Уянгын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгох гомдлыг хангаж, ............. аймгийн .............ын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Уянгын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч ............. аймгийн .............ын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ............. аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ