| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/1108/Э/220/2025/0154 |
| Дугаар | 2024/ШЦТ/1143 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1143
2024 12 17 2024/ШЦТ/1143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа нарыг оролцуулан эрүүгийн 2402000000279 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр 0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод түр оршин суух, урьд
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, (РД:00000000), Б.М нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
-2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 292 дугаар байрны 06 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 33,8 грамм зэрлэг олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад танил найз Баясаа ирээд байж байгаад явсан. Тэр өвс минийх биш. Би хар тамхи хэрэглэдэггүй. Гэрээс гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хөл муутай учир хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2402000000279 дугаартай тогтоол, /хх 1-5/, гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 50 минутад хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /1хх 12/, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 292 дугаар байрны 2 давхрын 6 тоот Б.М эзэмшлийн орон байранд 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэгжпэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 14-20/, Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 21-23/, гэрч Б.М 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх 33-34/, Сэжигтэн Б.М 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, /хх 46-47/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4491 дугаартай дүгнэлт, /хх 50-52/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4492 дугаартай дүгнэлт, /хх 55-57/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 753 дугаартай дүгнэлт, /хх 60-61/, Б.М мэдүүлэг, /1хх 63-65/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол, /хх 29-31/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 65-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
СБД т2 Б.М эзэмшлийн орон байранд 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэгжлэг хийсэн тухай “...Шүүгээний дээд хэсгийг гэрэл тусган үзэхэд “Coca Cola гэсэн бичиглэлтэй 2 литрийн ундааны сав байх ба дотор нь ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг “1” дугаараар тэмдэглэн хураан авав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 14-20/,
Хүний биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн “...ТНС урьдчилсан байдлаар илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 21-23/,
Гэрч Б.М өгсөн мэдүүлэг /хх 33-34/, “...Өмнө нь Мөнхтулгыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг ээжээс нь мэдсэн байсан учраас магадгүй хар тамхи хэрэглэчихсэн юм болов уу? гэж бодоод дуугүй хоолыг нь хийж өгчихөөд гараад явчихдаг байсан. Б.М гэрт найзууд нь гээд янз бүрийн нөхдүүд орж ирчихсэн байж байдаг байсан. Би гэрээс нь хөөгөөд гаргадаг байсан. Түүнээс биш Б.М гэрээс гараад гадуур тэнээд байдаггүй. Энэ хүн цоо эрүүл хүн бол биш. Үе үе ганцаараа яриад суугаад байдаг. Шар хаданд хэвтэж эмчлүүлж байсан. Б.М ээж надад хэлэхдээ Б.М нь ээжийгээ зодож нүддэг гээд айгаад ганцаараа Б.М дээрээ ирдэггүй, намайг дагуулж очдог байсан. Б.М нь айлын ганц хүүхэд болохоор эрхлүүлээд ийм болгочихсон юм шиг байсан. Б.М гэрээр орж ирдэг нөхдүүдийг харвал танина. Түүнээс биш нэр усыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Б.М 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн /хх 46-47/:"...Би Баясаатай найзаараа дамжуулан 4 сарын өмнө нь гадуур явж байгаад танилцсан. Тэгээд Баясаа манай гэрээр орж гардаг болсон. Баясаагийн бүтэн нэр болон хаана амьдардаг, ямар ажил хийдэг эсэхийг нь мэдэхгүй. Би дотно биш танилын хүрээний л найзууд байгаа юм. Баясааг надтай танилцуулсан найзын нэрийг мэдэхгүй. Хаяа тааралддаг л найз байсан. ...Би мансууруулах бодис хэрэглэдэггүй. Өмнө нь 2018 онд цагдаагаас шалгахад миний гар утсан дээр юм наалдсан байсан. Тэгээд шалгагдаад шийтгүүлсэн. Тухайн үед би хүнээс гар утас авсан чинь утсан дээр нь шавар наалдчихсан ирсэн байсан. ...Цагаандуу 174 орчим өндөр, бөгжний эзэн кинон дээр гардаг Смигол шиг царайтай хүн байдаг. Баясааг зүс мэдэхээс өөр зүйлийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4491 дугаартай дүгнэлтэд /50-52/:
1. Шинжилгээнд ирүүлсэн "Б.М УА87061510 2024.07.30" гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна.
2.3.Шинжилгээнд илэрсэн бодис нь тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөелөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний еренхий газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4492 дугаартай дүгнэлтэд /хх 55-57/:
1. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савалгаатай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Ургамал мэт зүйлийн хуванцар савны хамт жин нь 88,0 грамм, цэвэр жин нь 33,8 грамм болов.
3.4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно....” гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 753 дугаартай дүгнэлтэд /хх 60-61/:“...4. Б.М нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт,
Б.М мэдүүлэг /хх 63-65/: "....Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа..." гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 8 дугаар зарын 23-ны өдрийн "... Coca Cola гэсэн бичигтэй 2 литрийн ундааны савтай ургамал мэт зүйл...” гэх тогтоол, /хх 29-31/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 65-76/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон гэрээс хураагдсан “өвс” нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй өвсийг хадгалсан болох нь тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Б.М зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Ийнхүү шүүгдэгч Б.М сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Б.М нь хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаанд хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, хувь хүний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал, донтой болоогүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1 гэсэн дугаартай “Coca Cola гэсэн бичиглэлтэй 2 литрийн ундааны саван дотор байгаа ногоон өнгийн ургамал мэт зүйл...”-ийг устгахыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь 35 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Бат-Эрдэнийн Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...1 гэсэн дугаартай “Coca Cola гэсэн бичиглэлтэй 2 литрийн ундааны саван дотор байх ногоон өнгийн ургамал мэт зүйл...”-ийг устгахыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ