Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/60

 

 

 

 

 

********** нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/364 дугаар шийтгэх тогтоолтой******* нарт холбогдох 2034000000290 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Онхор Шагдарсүрэнгийн Нямсүрэн, 1988 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын Эрээн 4 дүгээр баг хөдөө оршин суух хаягтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЙЗ88040318,

Онхор Шагдарсүрэнгийн Бямбасүрэн, 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг хөдөө оршин суух хаягтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЙЗ83112011,

Монгол Гэлэнхүүгийн Ганбат, 1982  оны 3 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар баг 03-01 тоотод оршин суух хаягтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: НФ82031917,

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, чихний хэнхэргэнэ хальс цууралт, бүсэлхий нурууны нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч******* нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Онхор Шагдарсүрэнгийн Нямсүрэн, Онхор Шагдарсүрэнгийн Бямбасүрэн нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол Гэлэнхүүгийн Ганбатад яллах дүгнэлт тус тус үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/364 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Онхор Шагдарсүрэнгийн Нямсүрэн, Онхор Шагдарсүрэнгийн Бямбасүрэн нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Монгол Гэлэнхүүгийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээг тус бүр 770.000 төгрөгөөр тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарын төлбөл зохих 770.000 төгрөгөөр торгох ял шүүгдэгч*******ад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр шүүгдэгч *******гээр 256.667 төгрөгөөр /хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр, шүүгдэгч*******гээр 256.667 төгрөгөөр, шүүгдэгч*******аар 200.000 /хоёр зуун мянга/  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг, шүүгдэгч*******гээс 410.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч*******ад, шүүгдэгч*******аас 489.780 /дөрвөн зуун наян есөн мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулж хохирогч *******д тус тус олгож,

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн 2034000000290 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2020.04.27-нд ах дүү *******, Ш.Бямасүрэн нар Банди гэгч айлд очиж ажил хийсэн тухайгаа ярилцаж ноолуур зарсны дараагаар хөлс мөнгөө авхаар тохиролцоод гэрээс гарах үед гэрийн гадаа Ганбат гэгч тааралдаж манай эгчийг битгий дээрэлхээд байгаарай гээд шууд ******* лүү довтлож нүүрэн тус газар мөргөж зодож түүний биед хүндэвтэр хохирол учруулсан түүнийг таслан зогсоохоор******* очиж Ганбатын биед халдаж зодооныг салгах хамгаалах үйлдэл хийсэн *******,******* нарын үйлдэл гарцаагүй ирэх хууль бус үйлдэл тулгарсан үед довтолгооны өөдөөс аргагүй хамгаалалт хийж Ганбатын биед хөнгөн хохирол учруулсан шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогддоггүй.*******ын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээдэг. *******,******* нар гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаг. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа:*******ын зүгээс шууд довтолгоон эхэлсэн. Аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байна. *******,******* нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2034000000290 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч*******,******* нар нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, чихний хэнгэргэн хальс цууралт, бүсэлхий нурууны нугалам хоорондын жийргэвчний цүлхийлт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч******* нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутагт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд нь баруун 8, 9, 11-р хавирганы зөрүүгүй хугарал, 9-р хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хохирогч, шүүгдэгч*******, хохирогч шүүгдэгч *******, шүүгдэгч*******, гэрч Г.Бадамханд /хх-ийн 17-18х/, Г.Пүрэвдалай /хх-ийн 19-20х/, О.Ганзориг /хх-ийн 21-22/ нарын мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******,*******,******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэрч Г.Пүрэвдалайгийн: “...Ганбат нь Нямсүрэнг гараараа түлхэх шиг болтол Нямсүрэн арагшаа ухарч гэрийн хаалганы тотго мөргөсөн. Тэгтэл Нямсүрэн Ганбатыг заамдахад мөн Ганбат нь заамдалцаж араас нь Бямбасүрэн нь бас боотол Нямсүрэн нь салж Бямбасүрэн Ганбат хоёр газар унаж дээр доороо оролцоод байж байсан.” /хх-н 20 хуудас/,

Гэрч О.Ганзоригийн: ”...Тэгтэл Бямбасүрэн мотоцикль дээрээ болиоч гээд Ганбат руу гүйж очоод Ганбат руу дайрч байсан. Тэгээд Ганбат, Нямсүрэн, Бямбасүрэн гурав хоорондоо зууралдаад байж байхад хажуу нь байсан хүмүүс тэр гурвыг салгасан. Тэгтэл тэр гурав ахиад хоорондоо зууралдаж, заамдалцаж газар унахаар нь би мотоцикль дээрээсээ очиж Бямбасүрэнг дээлийнх нь бүснээс татаж боль гэж хэлээд мотоцикль дээрээ суулгатал тэнд байсан хүмүүс буюу Ганбатын эгч нар ...намайг Бямбасүрэнг аваад хурдан хөдөл гээд байхаар нь би Бямбасүрэнг авч хөдлөөд 50-60 орчим метр хөдлөөд эргээд хартал Ганбат гэрийн үүдэндээ байж байгаад Нямсүрэн мотоцикль дээрээ сууж байхад нь нуруу хавь руу нь шургааг модоор нэг удаа цохиход тэр Нямсүрэн газар ойчиж байсан. ...Ганбат, Нямсүрэн, Бямбасүрэн гурав хоорондоо зууралдаад байсан. Тэр гурав бүр зууралдаад газар унацгаасан. Тухайн үед Ганбат доор нь орчихсон харин Нямсүрэн, Бямбасүрэн хоёр дээр нь гарчихсан байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгацгаасан.” /хх-ийн 21-22 хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр *******,******* нарын үйлдэл аргагүй хамгаалалт байгаагүй, тэд*******тай харилцан зодоон хийсэн байх бөгөөд тэдний хооронд болсон зодооныг тухайн үед байсан хүмүүс зогсоож байсан1.6. болох нь нотлогдож байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Г.Ганбатын довтолсон довтолгооны өөдөөс *******,******* нар аргагүй хамгаалалт хийсэн” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/364 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. *******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ