Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00785

 

 

 

 

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2021/00785

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ж.А-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Д.Н-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай 155/2021/00621/и дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ж.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид хоёр 2011 онд танилцаж, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Б төрсөн. Манай аавынд 9 сар хамт амьдарч байгаад Д.Н нь Улаанбаатар хот явсан түүнээс хойш буцаж ирээгүй. Одоо охин маань аавыгаа мэддэггүй. Урьд жил би шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрэн сурвалжлуулж хаяг утсыг олж авсан. Бид 2013 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би хамтран амьдрагчтай болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй.

Иймд Д.Н бидний гэрлэлтээ цуцалж, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Бг эх миний асрамжид үлдээж өгөхийг хүсэж байна. ...2013 оны 01 дүгээр сард гэрлэлтээ бүртгүүлсэн. ...Би тусдаа амьдралтай болсон. Хариуцагчтай дахин нийлэх боломжгүй учир нэхэмжлэл гаргасанХүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйБид нэг гэрт орж амьдараагүй. Манай аавынд ирэн очин амьдарч байсан тул бидний дунд ямар нэгэн эд хөрөнгө байгаагүй. ...Хариуцагч бид хоёр манай аавынд 9 сар ирэн очин хамт амьдарсан. Энэ хугацаанд худлаа хэлж, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг байсан учир болж бүтэхгүй юм байна гэж бодоод тусдаа амьдрахаар шийдсэн....гэв.

 Хариуцагч Д.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Даваадорж овогтой Д.Н нь Ж.Аын гэр бүл цуцлуулах саналыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Ж.Аын нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.А нь Д.Нид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2011 онд танилцаж, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0177583 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Б төрсөн болох нь бүртгэлийн 17 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 4, 5 дугаар тал)

Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Д.Н нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2013 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эхийн халамж, эхтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Бг эх Ж.Аын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Н.Бг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Нийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.Ноос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ж.А нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ж.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ноос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Д.Н,  Ж.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Б-г эх Ж.Аын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Д.Нид, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ж.Ад тус тус даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ноос улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ад олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ