Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1088

 

 

 

 

 

 

 

2024          11          29                                    2024/ШЦТ/1088

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Б.Өнөбат /томилолтоор/,

шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нарыг оролцуулан эрүүгийн 2409000000824 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эмэгтэй, 55 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн П.СРД:ИА0000000/ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч П.С нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Сэргээн засах төв эмнэлэгт хамт ажилладаг 4 сартай жирэмсэн хохирогч Н.Н “хөргөгчинд бууз хийлээ" гэж маргаж улмаар түүний биед халдан зодож, өшиглөн зүүн чихэнд шарх, зүүн эгэмд зулгаралт, умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ:“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шинжилгээ хийлгэдэг материалыг байгууллага өгөхгүй байснаас маргаан үүссэн...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Н мэдүүлэг / хх 8-9, 11, 111/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн 623 дугаартай дүгнэлт /хх 16-18/,  Шинжээч эмч Б.Ганзоригийн / 22-23 / мэдүүлэг,  Өргөө амаржих газрын 24-1-04723 дугаартай төрөлтийн түүхийн хуулбар /хх 26-34/, Сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоосон баримтаар II зэрэглэл /хх 40-42 /, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 44-45 /, гэрч Б.Ө мэдүүлэг /49-50 /, гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх 52/, гэрч Г.Тогтохбаярын мэдүүлэг /хх 54/, гэрч Т.Ариунсайхан мэдүүлэг /хх 113-114/ гэрч М.Адъяасүрэн мэдүүлэг /хх 116/ хохирогч Н.Н жирэмсний хяналтын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 118-119 /, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хх 70-86/, зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.С нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Н.Н мэдүүлэг / хх 8-9, 11, 111/: “...2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 40 минутын үед амралтын өрөөний хөргөгчид хоол хүнс лабораторийн шинжилгээний хэрэглэгдэхүүн хамт нэг дор хийсэн байсныг хараад би ерөнхий эмч Тогтохбаяр, ажилчдаас асуусан. Зургийг нь аваад эмнэлгийн фэйсбүүк группт тавьсан. Ерөнхий эмч ажилчид мэдэхгүй лабораторынх юм шиг байна гэсэн. Би лабораторийн эмч П.С рүү утсаар залгаад “Энд юу хийчихсэн юм бэ” гэж асуухад “ Тийм ээ. Би хийсэн пизда минь. Чи наанаа байж бай. Чамайг очиж ална” гэж хэлээд утсаа салгасан. Миний хажууд утсаар ярих үед статистикч Эрдэнэцэцэг, өмнө нь ажиллаж байсан эмч Мөнхзаяа хоёр байсан. Удалгүй П.С 2-3 минутын дараа 5 давхрын амралтын өрөөнд орж ирээд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Бид нарын дундуур Эрдэнэцэцэг орж ирээд салгаад “ Яаж байгаа юм бэ” гэхэд П.С “ Чамд хамаагүй. Би угаасаа энийг алах гэж орж ирсэн” гэж хэлээд араас хөөгөөд зүүн чих рүү 3 удаа цохихоор нь би 4 сартай жирэмсэн тул гэдсээ хамгаалаад тонгойгоод хариу үйлдэл гаргаж чадаагүй. Одоо миний бие хөндүүр, чих дүнгэнээд байна. Миний толгой руу 2 удаа бас цохьсон толгой их өвдөж байна. Эрдэнэцэцэг П.Сг салгаад манай нөхөр Өлзийбуянг дуудахаар өрөөнд орсон. Удалгүй ерөнхий эмч Тогтохбаяр нар хамт ирэхэд намайг зодохоо больсон. Тэгээд би 102 дуудаад цагдаа ирээд 103 дуудсан. ...3 удаа ЭХҮ-д харуулсан тонусгүй байсан одоо үзүүлэх болгонд тонустай хэвтрийн дэглэм сахиж байгаа...” мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 623 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд /хх 16-18/:

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх 22-23/: “...умайн булчингийн чангарал нь тухайн эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдалтай холбоотой мөн сэтгэл зүй сэтгэл санааны түгшүүрт байдал зэргээс үүсэж болно. ...Тухайн тохиолдолд зовиур шаналгаа илэрсэнтэй холбоотой яаралтай тусламжид үзүүлж анхны тусламж авсан бөгөөд хэвтүүлэх заалт үгүй гэж зөвлөгөө өгч буцаасан байна. Дахин зовуурь шаналгаа илэрч нэмэгдэж 2024 оны 05 дугаар сарын 14-ний 00:02 минутад Өргөө амаржих газарт хэвтэж эмчилгээ хийгдэж байна. Тийм учраас тухайн хэрэг гарсан хугацаанд үүссэн байх боломжтой юм...” гэх мэдүүлэг,

 

Өргөө амаржих газрын 24-1-04723 дугаартай төрөлтийн түүхийн хуулбар /хх 26-34/,

Сэтгэцэд учирсан зэрэглэл тогтоосон баримтаар II зэрэглэл /хх 40-42 /,

 

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 44-45 /,

 

Гэрч Б.Ө мэдүүлэг /49-50 /: “...Эхнэр Н.Нн ажил дээр байж байхад эхнэр “цай аваад ирье” гэж гарсан. Удалгүй 2-3 эмэгтэй хүмүүс хэрэлдээд “ Болиоч ээ. Цохьчихлоо шүү дээ” гэж маргалдаж байсан. Удалгүй нэг эмэгтэй ирээд “ Танай эхнэрийг зодоод байна “ гэж хэлсэн. Тэгээд би очиход нэг ажилтан манай эхнэр рүү орилж байсан. Би дундуур нь орж маргааныг таслаад болиулсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх 52/: “...Би 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжинд байдаг Сэргээн засах эмнэлэг дээрээ байж байсан чинь чанарын менежер Н.Н амралтын өрөө рүү ороход хөлдөөгчин дотор буузтай хамт лабораторын бодис /урвалж/ байсан. Тэгээд “ Энэ хэнийх вэ” гээд намайг дуудсан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд лабораторын эмч П.С рүү залгаад “ Энэ юу вэ “ гээд асуусан чинь “ Яадаг юм бэ. Өөр хөргөгч байхгүй юм чинь хийхгүй яах юм. Гэр рүүгээ авч явах юм уу. Пизда “ энэ тэр гээд байсан. Тэгээд П.С эмчийг дуудсан чинь орж ирээд чанарын менежерийг очоод нүүрний зүүн шанаа руу нь баруун гараараа цохьсон. Тэгсэн чинь чихнийх нь тэр хэсгээс цус гарсан байсан. Тэгээд дахин цээж болон толгой руу нь цохиод тэгээд хэвлий рүү нь өшиглөсөн. Тэгээд би очоод барьж аваад болиулсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Тогтохбаярын мэдүүлэг /хх 54/: “...Н.Н утсаар “ Дарга аа дээш гараад ирээч. П.С эмч намайг зодчихлоо “ гэж хэлсэн. Би 5 давхрын 501 тоот өрөөнд очиход Н.Н, П.С, Эрдэнэчимэг 3 байсан. Намайг харчихаад Н.Н “П.С эмч намайг зодчихлоо” гэсэн. Учрыг асуухад хөргөгчөөс болсон байсан. Намайг орж ирсний дараа П.С эмч Н.Н руу пизда гэж дайрч доромжилж байсан...” мэдүүлэг,

 

Гэрч Т.Ариунсайхан мэдүүлэг /хх 113-114/:“... Н.Н 2024 оны 02 дугаар сарын сүүлээр хэвлийн цуллаг эрхтний ЭХО-д үзүүлье гэж орж ирсэн. Үзээд би элэг, бөөр, нойр булчирхай, цөсний хүүдий дэлүү үзээд дараа нь давсаг үзэж байтал зүрх нь цохилж байгаа 3 cap хүрсэн жирэмсэн байсан. Тэгээд би “Чи жирэмсэн юм байна шүү дээ. 3 сартай юм байна” гэхэд Н.Н тийм би жирэмсэн, хяналтдаа орж байгаа. Тэгээд шинжилгээ бүрдүүлж явна. Танаар хэвлийн цуллаг эрхтний ЭХО-ны шинжилгээг хийлгэх гэсэн юм.Тухайн үед тонусгүй байсан. ЭХО-д үзээд хариугаа бичиж суухад Н.Н “ Та хэнд ч битгий хэлээрэй. Та бид хоёрын нууц шүү. Гэдэс томроод ирэхээр нь манайхан мэднэ биз. Тэр болтол нуух гэж байгаа “ гэж хэлсэн Би “ За. Хэнд ч хэлэхгүй “гэж хэлсэн. Эмчийн тангарагт хүний өвчний нууцыг хадгалах үүрэгтэй учир би хэнд ч хэлээгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Адъяасүрэн мэдүүлэг /хх 116/: “...Н.Нн биеийн байдал дунд хэвлийгээр базална, толгой өвдөнө доошоо цуслаг ялгадас гарна гэсэн зовуурьтай ирсэн. Өөрөөс нь зовиур хэзээнээс эхэлсэн гэж асуухад “ Ажил дээрээ хүнтэй муудалцаад гэдэс рүүгээ өшиглүүлснээс болж эхэлсэн” гэж хэлсэн. ЭХО харах үед умай тонустай /ихтэй/ байсан...” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Н.Н жирэмсний хяналтын дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 118-119 /,

  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хх 70-86/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Сд холбогдох хэргийг шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч П.Сгийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч П.Сд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэтгэвэрт байдаг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.С нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн байнга оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөр болох эмчилгээний зардалд хохирогч Н.Н.Н нь 60.426 төгрөг баримтаар нэхэмжилсэн байна. /хх 38-39/, Мөн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд түргэн тусламжийн үйлчилгээ, өргөө амаржих газарт эмчлүүлсэн төлбөрт 705.082 төгрөгийг Эрүүл мэндийн Даатгалын сангаас олгосон болох нь хавтаст хэргийг 44-45 дугаар талд авагдсан байх ба шүүгдэгч нь  нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч П.Сгээс 765.508 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н.Нд 60.426 төгрөг,   Эрүүл мэндийн даатгалын санд 705.082 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П.С П.Сг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Пүрэвхүүгийн П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Сгээс 765.508 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н.Нд 60.426 төгрөг,   Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 705.082 төгрөгийг тус тус  олгосугай.

 

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар П.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 7. П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ