Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

 

  

   2024        12          30                                    2025/ШЦТ/21

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир нарыг оролцуулан эрүүгийн 2409000002387 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “НБ” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хан Хиллс хотхоны 0 дугаар байрны 0000 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ял шийтгэлгүй, Б.М /РД:0000000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

-Б.М нь согтуурсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сити тауэр /City tower/-ийн 9 давхарт 902 тоотод байсан иргэн Б.Бын нүүр хэсэгт зүүн гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хамар, хоншоорт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Гэм буруу болон прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Би хамрын таславчийн мурийлтын эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч Б.Бын мэдүүлэг /хх 5-6/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15224 дугаартай дүгнэлт /хх 12-14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 28-30/, Б.Маас гаргаж өгсөн хохирогчид учирсан хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардлыг төлсөн баримт /хх 16-18/, хохирогчоос гаргаж өгсөн хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардлын баримтууд /хх 32-37/, Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт /хх 40/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хх 42-46/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан “...Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Сити тауэрын 0 давхарт 0 тоотод согтуу хүн агсам тавиад байна..” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

 

Хохирогч Б.Бын мэдүүлэг /хх 5-6/: “...2024 оны 11 дүгээр сарын 18-ны 15 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити тауэрын 9 давхарт 902 тоотод ажил дээрээ байхад гаднаас Мөнхбаяр нэг залуугийн хамт орж ирээд юу байна гээд гар барьсан. Нөгөө гараараа миний баруун нүдний доор, хамар руу нэг удаа цохьсон. Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан..." гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15224 дугаартай дүгнэлтэд /хх 12-13/:

1. Б.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хамар хоншоорт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Эмчлүүлсэн гэх эмнэлэгийн бичиг баримт ирүүлээгүй тул тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 28-30/, Б.Маас гаргаж өгсөн хохирогчид учирсан хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардлыг төлсөн баримт /хх 16-18/, хохирогчоос гаргаж өгсөн хор уршгийг арилгахтай холбоотой гарсан зардлын баримтууд /хх 32-37/, Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн маягт /хх 40/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хх 42-46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг оруулан тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч Б.Б нь баримтаар 2.706.277 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх 32-37/, Шүүгдэгч Б.М нь хохирогчийн эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 16-18 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ