Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2017/00729

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2017/00729

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 53-08 тоотод оршин суух, Бэсүд овогт Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт оршин суух, Занги овогт Дын Т -т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 155/2017/00621/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Д.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т миний бие нөхөр Д.Ттэй 2002 онд танилцаж, 2004 оны 12-р сарын 13-ны өдөр албан ёсоор гэр бүл болж 2005 оны 01-р сарын 29-нд хүү Шыг төрүүлсэн /12 настай, 6-р ангид сурдаг/. Бид хамтдаа Цагаан- Уул суманд 2013 оны 06-р сар хүртэл хамт амьдарч байгаад хоорондоо таарамжгүй харилцаатай болж, нөхөр Т нь өөр хүнтэй гэр бүл болсон тул тэр цагаас хойш 4 жил гаруй тусдаа амьдарч байна. Одоо Т нь Цэцэрлэг суманд Дэлгэрмөрөн гэж эмэгтэйтэй гэр бүл болж хамт амьдарч байгаа бөгөөд одоо нялх хүүхэдтэй болсон, би мөн өнгөрсөн жил Т гэж хүнтэй гэр бүл болж бид хүүтэй болсон /6 сартай/ тул бид хэн хэн нь өөр амьдрап зохиосон, цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд том хүү Т.Шт насанд хүртэл нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, 2004 оны 12-р сарын 13-ны өдрийн гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөртэйгээ 2002 онд анх танилцаж байсан. Тэгээд 2004 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүү Ш төрсөн. Бид 2013 оныг хүртэл хамт амьдарсан. Өмнө нь манай нөхөр өөр хүнтэй сууна гээд явсан. Одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Бид тусдаа амьдраад 4 жил болж байна. 2016 онд би өөрөө гэр бүлтэй болж хамтран амьдрагч бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү гарсан. Би Төөс салахгүй гэж араас нь зөндөө хөөцөлддөг байсан. Хүмүүс надад Тийг өөр хүнтэй болсон талаар зөндөө л хэлдэг байсан. Би нүдээр хараагүй учраас итгэдэггүй байсан. Нэг удаа утсаа авахгүй байхаар нь яваад очтол нөгөө хүүхнийхээ гэрт хэвтэж байсан. Тэгээд намайг хоёулаа нийлж байгаад зодсон. Хамт амьдарч байхдаа архи их уудаг, надад гар хүрдэг, амьдралын зорилго тэмцэл гэж байдаггүй, гэртээ ганц түлшнийхээ түлээг ч бэлддэггүй тийм л байсан. Энэ хүнтэй нийлээд амьдрах ямар ч боломж байхгүй учир гэрлэлтээ цуцлуулан. Хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч эцгээс нь хуулинд заасных нь дагуу тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Занги овогтой Дын Т нь Д.Ттай 2004 онд гэр бүл болж, 8 жил амьдрах хугацаандаа Ш гэдэг хүүтэй болсон. Миний бие Цагаан-Уул суманд ажиллаж амьдарч байгаад 2004 оноос Цэцэрлэг сумын олон нийтийн байцаагчаар ажилд орж ажилласан. Д.Т нь сургуульд сураагүй боловсролгүйн улмаас ажил төрөл эрхэлдэггүй байсан. Миний өөрийн орлого буюу цалингаар авсан нөүтбүүк болон бүх эд хөрөнгийг авсан. Миний хувьд өмссөн хувцастайгаа л хоцорсон. 2013 онд хүү Ш бид хоёрыг орхиод ажил хийнэ гэж яваад хэл сураггүй 2 жил болоод нөхөртэй болсон. Хот явна хүүг минь хот үзүүлнэ гэж Цэцэрлэг суманд авчирч өг гээд авчруулсан. Түүнээс хойш хүүхэдтэй минь уулзуулахгүй сураггүй явж байгаад өнгөрсөн жилээс хүү минь эмээгийнхээрээ ирж уулзах болсон. Уулзах үеэсээ эхлээд хүүхэддээ намрын хичээлийн хэрэглэл, хувцас боломжийнхоо хэрээр мөнгө төгрөг өгдөг болсон. Д.Т нь сургуульд сураагүй боловсролгүй болоод тэрүү хүүхдийнхээ ирээдүйд зарцуулах хүүхдийн мөнгийг авч ээжийнхээ эмчилгээнд зарцуулсан. Мөн аавтайгаа уулзлаа гэж хүүг минь зодож, айлгадаг, машин техникийн аваар осолд миний мэдэхийн 2, 3 удаа оруулсан. Цаашид хүүг минь аюулгүй орчин нөхцөлд сурч боловсорч, хүмүүжиж байгаад эргэлзээ төрж, санаа зовдог. Хүүхдээ зөвшөөрвөл өөрөө өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Зөвхөн хүүхдийнхээ нэрээр хадгаламж нээлгэж өөрийн нэрээр хийж, их дээд сургуульд сурах болон өөрийнх нь хэрэгцээнд зарцуулж, хуримтлуулахаас өөрөөр хүүхдийн тэтгэлгийг бол өгөхгүй. Хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгэе төрсний гэрчилгээг нь авъя гэж ярихад өгөөгүй. Миний хувьд гэр бүлгүй ганц бие амьдарч байгаа болно. Иргэн Д.Тын нэхэмжлэлд дурдсанаар гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2002 онд танилцаад албан ёсоор 2004 онд хурим найр хийж гэр бүл болсон. Бидний дундаас хүү Ш 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Тэгээд хүүгээ төрснийх нь дараа хүүгээ бүртгүүлэх гэтэл гэрлэлтээ бүртгүүлсэн байх ёстой гэж хэлсэн. Тэгээд бид гэрлэлтээ батлуулсан. Бид Цагаан-Уул суманд амьдарч байгаад Цэцэрлэг суманд очиж амьдрах болсон ба тус сумын Засаг даргын тамгын газарт олон нийтийн байцаагчийн ажлыг би хийдэг байсан. Ажил хийж байхдаа архи их уудаг, ажил дээр оройтох, гадуур дотуур явах ажил ихтэй байдаг байснаас бидний дунд хэрүүл маргаан их гардаг байсан. Мөн би Дэлгэрмөрөн гэдэг эмэгтэйтэй нэр холбогдсон. Үүнээс болж Д.Т миний хүүг аваад, гэрийнхээ эд хогшлыг ачиж аваад явчихсан байсан. Бид тусдаа амьдраад 4 жил болж байна. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн тухайд өөрөө өөрийн гэсэн орлого байхгүй учир төлөхөд хүндрэлтэй байна. Би хүүдээ өөрийн хэмжээнд мөнгө төгрөг цуглуулна гэж бодож байгаа. Би өөрийн гэсэн орлого байхгүй, аар саар ажил хийгээд өөрийн хэмжээнд сардаа 50.000 төгрөгийг ажилтай болох хүртлээ төлмөөр байна. Ажилтай байдаг бол хамаагүй би хүүхдэдээ өгөлгүй яахав. Би хүүхдээ манай ах дүү нараас хол хөндий болчих вий гэж санаа зовж байна. Таас ч энэ талаар гуйж байна. Манай ах дүү нар хүүд маань их хайртай, би ч хүүдээ их хайртай. Бид хоёр хуралд орохоос өмнө ярилцаж үзэхэд Т намайг өөрийгөө яая гэж байгаа хүн хүүхдээ аваад явж чадах уу гэж асууж байсан. Нэг талаар энэ нь үнэн л дээ. Тийм болохоор ээжид нь өгөхийг зөвшөөрч байна. Ажилтай болох хүртлээ би хүүхдийн тэтгэлгийг өөрийн боломжоор бага хэмжээгээр төлөх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Д.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2004 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №00/003285 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Т.Ш төрсөн болох нь 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 06 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь хамтран амьдрагчтай болж, нэхэмжлэгч Д.Т түүний хамтран амьдрагч нарын дундаас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Т.Лхагважав төрсөн болох нь №6701000969 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.Шыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Д.Тын асрамжид үлдээж эцэг Д.Төөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Т.Шыг эх Д.Тын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төөс эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгддөг 70.200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.Ш нь 13 нас хүрсэн байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийг сар бүр хариуцагч Д.Т төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Т.Шт сар бүр төлөх 173.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.082.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөгийг, нийт 118.462 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бэсүд овогт Дын Т, Занги овогт Дын Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Т.Шыг эх Д.Тын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.Шыг 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Төөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Тт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Тд тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Төөс 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН