Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

 

 

 

 

 

 

 

  2024        12         23                                       2025/ШЦТ/04

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Д.Пүрэврагчаа /томилолтоор/,

шүүгдэгч Э.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2409007852009 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, охин, 3 дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бэлхийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух,

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорихыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: /, Э.Х нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Э.Х нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо Б 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эцэг Ч.Эад байнга догшин авирлаж агсам согтуу тавьж, биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эсрэг үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...Би согтуудаа ийм хэрэг үйлдсэн. Хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өсөхчимэгийн мэдүүлэг /хх 13-14, 36-37/, хохирогч Ч.Эын мэдүүлэг /хх 29-30/, гэрч Б.Өсөхчимэгийн гаргасан хүсэлт, /хх 38/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, /хх 39/ насанд хүрээгүй гэрч Х.А мэдүүлэг, /хх 43-44/, насанд хүрээгүй гэрч Х.Алгирмаагийн мэдүүлэг, /хх 47-48/, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 158 дугаартай шийтгэх тогтоол /хх 62-69/, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1021 дугаартай шийтгэх тогтоол /хх 70/, Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалт, /хх 87-90, 94-106/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 108-111/, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 376 дугаартай шийтгэвэр /хх 112-114/, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 380 дугаартай шийтгэвэр /хх 115-117/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 131-133/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 147-149/, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 717 дугаартай шүүгчийн захирамж /хх 150-152/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 78-107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27-662 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хөгжлийн бэрхшээлтэй, өөрийн төрсөн эцэг Ч.Эад байнга догшин авирлаж агсам согтуу тавьж, биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Ч.Эын мэдүүлэг /хх 29-30/: “...Манайх цагаан cap дөхөж байсан болохоор барашик исгэсэн байсан. Тэрнээс бид 2 хамт уугаад би согтсон байсан болохоор манай хүү намайг зодсон эсэхийг би санахгүй байна. Эхнэрээсээ маргааш нь асуухад хүү согтуу үедээ цохьсон гэж хэлж байсан. Би дараа нь хүүгээсээ acyyxaд манай хүү өөрөө юу болсон талаар би сайн санахгүй байна гэсэн. Манай хүү Н.Э.Хын эхнэр нь 6 жилийн өмнө нас барснаас хойш хүү маань архи уудаг болсон. Согтуу үедээ заримдаа зүгээр унтаад өгдөг, заримдаа гэртээ орилж чарлаад байдаг. Би хүү Э.Хыг согтуу үед нь гэрээс гараад гадаа амбаартаа, эсвэл хажуу талын засварын газар руу ороод унтсаных нь дараа гэртээ ордог. Э.Х сая 6 сарын баривчилгаанд явсан байхад манайх тайван байсан. Манай хүү Э.Х нь өмнө намайг согтуу үед зодож цохиж байсныг дараа нь эхнэр маань хэлдэг байсан. Би яг хэзээ хэдэн сард хэдэн удаа намайг зодож байсан талаар сайн санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар шинэ жилийн өмнө болон цагаан сарын сүүлээр зодсон байсан. Би өглөө сэрэхэд нүүр ам хөндүүр болсон байхаар нь эхнэрээсээ асуухад хүү Э.Х зодсон гэж хэлж байсан. Би эрүүл үед нь яагаад аавыгаа зодсон талаар асуухад би санахгүй байна. Ааваа намайг уучлаарай гэдэг. Би эрүүл мэндийн шалтгаанаар улсаас халамж авдаг, халамжийн мөнгө маань cap бүрийн 15-нд буудаг болохоор би өмнөх өдөр нь дэлгүүрээс жижиг архи зээлж аваад гэртээ ирээд Хосоо байвал хамт уудаг, байхгүй бол ганцаараа уугаад унтаад өгдөг. Хосоотой хамт уусны дараа унтаад сэрэхэд нүүр хөндүүрлэсэн байдаг бол зарим үед зүгээр байдаг. Гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Өсөхчимэгийн мэдүүлэг /хх 13-14, 36-37/: “...Манай том хүү Э.Х нь 2019 оноос хойш архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэх болсон. Архи уудаг болсноос хойш гэртээ агсам согтуу тавьж, аавыгаа зодож цохих болсон. Манай нөхөр Ч.Э нь хөгжлийн бэрхшээлтэй, группэд байдаг. Одоо 60 настай хөгшин хүн. Манай хүү согтуу үедээ аавыгаа зодож, гэр бүлийн бусад гишүүдээ хараан зүхэж, хэл амаар гутаан доромжилж айлган сүрдүүлдэг. Би цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага мэдээлэл өгч байсны дагуу арга хэмжээ авахуулж байсан боловч огт засрахгүй байна. Аавыгаа өшиглөж, гараараа цохих гээд хаашаа нь ч хамаагүй цохиж зоддог. Гэр бүлийн бусад гишүүдээ цохиж зоддог зүйл байхгүй. Би гомдолтой байна. Манай хүүд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Манай хүү баривчилгаа болон эмчилгээнд яваад ямар ч тус олоогүй болохоор хатуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Х.А мэдүүлэг /хх 43-44/: “...Манай ах Э.Х нь өглөө гэрээс зүгээр гарч яваад орой орж ирэхдээ согтуу ирээд эмээтэй хэрэлдээд, эгчийг хоол хий гэж загнаад дүү бид хоёрыг загнаж цохиод байдаг. Өөрөө архиа нуучихаад тэрийгээ олуулах гээд гэрээс хөөж гаргаад байдаг. Архийг нь олохгүй болохоор ээжээс мөнгө аваад дэлгүүрээс архи олж ир гэж загнадаг. Согтуу үедээ өвөөтэй маргалдаад юм авч шидээд, цохиод байдаг. Уусан үедээ байнга эмээ рүү дайраад бас дүү бид хоёрыг зоддог...” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Х.Алгирмаагийн /хх 47-48/:“...Манай ах Э.Х нь байнга архи ууж гэрт тайван байлгахгүй орилж чарлаад байдаг. Мөн согтуу үедээ унтаж амраахгүй эмээтэй хэрэлдээд байдаг. Бас хичээл хийлгэхгүй орилж чарлаад муухай үгсээр харааж доромжлоод гэртээ шээж баагаад байдаг. Архи уусан үедээ өвөөг унтаж байхад эсвэл хамт архи уусан үедээ зодож байсан. Би өвөөг олон удаа зодож байхыг харсан...” гэх мэдүүлэг,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт /хх 39/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 78-107/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Хт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Хын үйлдэл нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч Э.Хт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Х нь байнга архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, удаа дараа баривчлагдсан боловч засарч хүмүүжээгүй, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийдэггүй, хувийн байдал зэрэг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч  Ч.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Х нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 717 дугаартай шүүгчийн захирамжаар /хх 150-152/ нийт 53 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Хыг “...ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн...” гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Эрдэнэбатын Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Хын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Э.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНЧИМЭГ