Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч М.G нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Булга овогт G  холбогдох 201625032233 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 0 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Булга овогт G (РД:УЖ00000000),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Энхтогтохыг “хэрүүл маргаан хийж байхад хажуунаас орж ирлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Чингэлтэй дүүрэгт байрлах Маргад зочид буудалд би 11 дүгээр сарын 14-ний өглөө орсон. Би тэнд хүмүүстэй тааралдаад архи уусан. Тэгээд би орой нь чикэн захиалах санаатай буудлын хүлээн авагч дээр ороод утасны дугаар авсан. Тэгээд эргэж ороод энэ дугаар буруу байна гээд нөгөө буудлын хүлээн авагчтай маргалдсан. Тухайн үед өндөр биетэй залуу ирээд чи юу вэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би цаашаа яв гэсэн. Энхтогтох гэдэг хүн ирж намайг бариад байсан. Тэгээд ноцолдоод шатны уруу буухдаа 1 юм уу 2 удаа цохисон байх. Санаатай цохиогүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

            Насанд хүрээгүй хохирогч Д.Энхтогтохоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016.11.12-ны өдөр найз Улсболд, Содбилэг нарын хамт тэнгис кино театрт кино үзчихээд гараад РС тоглохоор болсон боловч тоглож чадаагүй. Тэгээд нилээн орой болчихсон байсан тул ойрхон хоночих санаатай Маргад нэртэй зочид буудалд Улсболд, Содбилэг бид 3 орсон юм. Ингээд уг газрын 1 давхарт байрлах караокед сууж байгаад Улсболдын хамт дээш 3 давхарт гараад өрөөндөө орох гэтэл түлхүүрээ мартчихсан байсан болохоор буцаад доош буух гэж байхад нэг залуу буудлын ресепшин эгчтэй маргалдаад зогсоод байсан. Яасан юу болсон талаар асууж байхдаа эрэгтэй хүн байж эмэгтэй хүнтэй маргаан хийлээ согтуурхаад агсам тавиад байгаа юм уу гэж хэлэхэд намайг чи муу бацаан юу гэнээ гэж байснаа эргэж хараад миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ цаашаа яваад өгсөн. Би тэгэхээр нь угаалгын өрөөнд хамраас гарсан цусаа угаасан. Тэр хооронд намайг зодсон залуу зугтаагаад явчихсан байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг зодож гэмтээсэн залууг өмнө нь харж байгаагүй, таньж мэдэхгүй гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-

            1.Г.Мөнхзулаас:-Би Маргад нэртэй нэг давхартаа караоке, хоёр давхарт ресторантай, гурван давхартаа буудалтай байгууллагад хамгаалагчаар ажилладаг. Тухайн өдөр буудлын ресепшнээр Сарнай буюу Ариунтуяа ажиллаж байсан юм. Тэр үед шилжих шөнө би нэг давхарт караокег хааж байгаад дээшээ буудал руу гүйгээд гарахад үл таних 20 орчим насны хүүхэд бусдад зодуулсан байдалтай зогсож байсан. Харин Сарнай түүний цусыг нь арчаад л зогсож байсан. Ингээд юу болсон талаар Сарнайгаас асуухад буудлын 5 номерын өрөөнд орсон залуутай зодуулсан хүүхэд маргалдсан юм байна лээ. Тэгээд л түүндээ зодуулсан гэж сонссон. Тэрнээс өмнө ч гэсэн тэр 5 номерын өрөөнд орсон сахалтай дээгүүрээ нүцгэн байсан залуу над руу дайрч үнээ нэмлээ гэх мэтээр хэл ам гаргаж байсан. Тэр залуу л тэр хүүхдийг зодчихсон юм байна лээ. Тэр зодуулсан хүүхэд 4-5 уулаа явж байсан санагдаж байна гэжээ.

2.Ж.Ариунтуяагаас:-2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Маргад зочид буудлын ресепшнээр ажилласан юм. Орой 23 цагийн орчимд үл таних 20 орчим насны дөрвөн хүүхэд орж ирээд эгчээ бид нар амарч унтах гэсэн юм буудлын өрөө авъя гэхээр нь 10 номерын өрөөнд оруулсан. Мөн буудлын 05 номерын өрөөнд тэр өдрийн өглөөний 08 цагт миний өмнөх ээлжинд гарсан Цэнд-Аюуш хоёр залуу нэг эмэгтэйг оруулсан байсан. Тэгтэл тэр 5 номерын өрөөнд байсан дээгүүрээ цээж нүцгэн залуу нь шөнө над дээр ирээд муудалцаад хэл амаар доромжлоод, чанга чанга дуугараад байсан. Тэгтэл 10 номерын өрөөнд орсон нэг хүүхэд хэн чанга дуугараад байна гээд хашгираад хүрээд иртэл, нөгөө цээж нүцгэн залуу чи юу гэнээ гээд нөгөө хүүхдэд хэлэхэд би ч тэр хүүхдэд наадах чинь чамаас том ах чинь байна битгий муудалцаарай гэхэд өөдөөс нь муудалцаад миний үгэнд орохгүй байсан. Тэгтэл дээгүүрээ цээж нүцгэн залуу нөгөө хүүхдийг хоёроос гурван удаа нүүрэнд нь цохиод авсан. Тэгээд би ч дундуур нь ороод салгасан. Тэгэхэд нөгөө хүүхдийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхдээ хамар хэсэгт нь 2-3 удаа хүчтэй цохьчихсон. Би тэр хүүхдийг бие засах өрөөнд хамрыг нь угаалгаж цусыг нь арчуулж байх хооронд нөгөө цээж нүцгэн залуу гараад зугтаачихсан байсан. Камерын бичлэг дээр тодорхой байгаа гэжээ.

            3.Насанд хүрээгүй гэрч Э.Содбилэгээс:-Тус өдөр би ганцаараа караокед үлдээд дуулж байхад Улсболд орж ирээд Энхтогтох танихгүй залууд зодуулчихлаа гэхээр нь дээшээ гүйгээд гарахад манай найз Энхтогтохын хамраас цус гарчихсэн бие засах өрөөнд байхаар нь юу болсон талаар асуухад танихгүй залууд зодуулчихлаа гэж байсан гэжээ.

            4.Насанд хүрээгүй гэрч Б.Цэлмэгээс:-Энхтогтох нь дээгүүрээ нүцгэн залууд цохиулаад хойшоо алхаж байсан. Би маргааныг зогсоох гээд Энхтогтохыг доош бууя гээд гарнаас татахад гараа тавихгүй шатнаас зуураад байсан, тэгээд л буудлын ресепшн эгч болиочээ гээд орилоод байсан. Энхтогтохыг зодсон залуу буудлын ресепшн эгчтэй маргалдаад байсан гэсэн тэгтэл Энхтогтох түүнийг болиоч гэж хэлсэн тэгээд л маргалдсан юм шиг байна лээ. Энхтогтохыг ямар нэгэн зүйлээр цохиж гэмтэл учруулаагүй гараараа л цохиод байсан гэжээ.

            5.Насанд хүрээгүй гэрч Б.Улсболдоос:-Энхтогтох бид хоёр дээшээ өрөө рүүгээ гарсан бөгөөд өрөөний түлхүүр байгаагүй доош бууж түлхүүр авах гэж байхад буудлын ресепшн эгч орилоод байсан. Тэгэхээр нь очоод харахад нэг танихгүй залуутай маргалдаад байхад тэр залууд Д.Энхтогтох хандаад үг хэлчихсэн юм байна лээ. Тэгтэл нөгөө дээгүүрээ нүцгэн залуу нь чи юу гэнээ гээд наашлаад байхаар нь би Д.Энхтогтохыг боль гээд татаж холдуулсан. Тэгтэл тэр дээгүүрээ цээж нүцгэн залуу гэнэт гүйж ирээд Д.Энхтогтохыг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гээд ороход чи холд гээд намайг ойртуулахгүй байсан тэр үед Цэлмэг доороос шатаар өгсөөд гарч ирж байсан би түүнтэй зөрөөд доош бууж караокеноос Содбилэгийг дуудсан. Ингээд Содбилэгийг дагуулаад дээшээ гарахад маргаан дуусчихсан Д.Энхтогтох хамарнаас гарсан цусаа цэвэрлээд зогсож байсан. Тэгээд цагдаа ирэхийн хооронд тэр залуу зугтаачихсан байсан гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.11.16-ны ¹15652 тоот актын дүгнэлтэд:

            1.Д.Энхтогтохын биед зүүн гайморовын хөндийн урд хана, дотор, хана, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруу, зүүн нүдний дотор болон гадна булан, зүүн хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч М.П нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маргад зочид буудал дотор архи ууж согтуурсан үедээ тус буудлын зохион байгуулагчтай маргалдан, улмаар тус газарт үйлчлүүлж байсан Д.Энхтогтохын “эмэгтэй хүнийг хүндлэхгүй согтуу агсам тавиад байгаа юм уу” гэж хэллээ хэмээн түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьж зодсоноос хохирогчийн биед зүүн гайморовын хөндийн урд хана, дотор, хана, хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруу, зүүн нүдний дотор болон гадна булан, зүүн хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Энхтогтохын “…буудлын ресепшин эгчтэй дээгүүрээ нүцгэн одоо нэрийг нь мэдэх болсон нь маргалдаад зогсоод байсан. Тэгэхээр нь би амандаа тэр залууг эмэгтэй хүнийг хүндлэхгүй согтуу агсам тавиад байгаа юмуу гэж хэлэхэд намайг “чи юу гэнээ” гэж хэлээд эргэж ирээд шууд нүүрэнд цохиод би доошоо суусан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ариунтуяагийн “…дээгүүрээ цээж нүцгэн залуу нь хоёроос гурван удаа нүүрэнд нь нөгөө хүүхдийг цохиод авсан” гэх мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч Б.Цэлмэгийн “…Энхтогтох нь дээгүүрээ нүцгэн залууд цохиулаад хойшоо алхаж байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Улсболдын “…нөгөө дээгүүрээ нүцгэн залуу нь чи юу гэнээ гээд наашлаад байхаар нь би Д.Энхтогтохыг боль гээд татаж холдуулсан тэгтэл тэр дээгүүрээ цээж нүцгэн залуу гэнэт гүйж ирээд Д.Энхтогтохыг зодоод эхэлсэн” гэх мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.16-ны ¹15652 тоот акт, шүүгдэгч М.Пүрэв-Очирын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зочид буудлын камерийн бичлэг, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Булга овогт G бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.П нь 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаанд тэрээр гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүйд тооцогдох ба түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч М. н хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 700.000 төгрөг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Булга овогт G бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч М.П2ыг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.П оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.П2т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.П урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ