Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/61

 

 

 

А.Ганзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Б.Баярмагнай,

Шүүгдэгч А.Ганзориг /онлайнаар/

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолтой А.Ганзоригт холбогдох 1934008080207 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон Аръяагийн Ганзориг, 1983 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27-138 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ялаар, Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЧЕ83021218,

Шүүгдэгч А.Ганзориг нь 2019 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын үед Төв аймгийн Зуунмод хотын “Эдэлвайс” нэртэй сувиллын газарт 3 давхрын 303 тоот өрөөнөөс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хохирогч Б.Цолмонгийн нөөтбүүкийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/327 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон Аръяагийн Ганзоригийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Ганзоригийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 1934008080207 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Өмгөөлөгч яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, яллагдагч А.Ганзориг нь хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэхдээ яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчлөх мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн байр суурьтай оролцсон.

Яллагдагчийг "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэж улсын яллагч зүйлчилсэн. Шүүх "улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон /шийтгэх тогтоольн 3 тал/ гэж дүгнэв" гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь хэргийн бодит байдал нь багаараа хамтарч нэг зорилготой буюу тоглолтын бэлтгэл хангаж хамтлагын аялан тоглолт хийх боломж нөхцөлийг хамтаараа бүрдүүлж оролцсон нэг баг хамт олон бөгөөд нэг зочид буудалд 3-4 өрөө хөлсөлж байрласан. Төлбөрийг Төв аймгийн ЗДТГ-аас нийтэд нь төлсөн байдаг. Буудлын өрөөгөөр чөлөөтэй орж гарч ажил төрлөө ярилцдаг байсан. Ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй чөлөөтэй буудлын оногдсон өрөөнүүдийг хамтдаа ашиглаж байсан. Тоглолтын дараа баяраа тэмдэглэцгээсэн. Ингээд шүүгдэгч өөрийн хамтрагч /хохирогч/ нарын өрөө рүү нь орсон, хаалга нь цоожгүй онгорхой, эзэнгүй байсан нь нотлогдон тогтоогдсон. Ингээд нөөтбүк компьютерийг аваад гарсан. Энэ бол хулгай. Хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг. Шүүгдэгч ч хаалга нь онгорхой эзэнгүй байхаар нь нөөтбүкийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Зүйлчлэлийг дараах байдлаар үгүйсгэнэ. Үүнд:

1. Зочид буудал нь тухайн хүний байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр биш гэж үзнэ. Мөн бүх өрөөний төлбөрийг 1 байгууллага хийснээр багаараа хамтран ашиглаж байсан.

2. Дээрх эрүүгийн хуулийн тусгай ангид заасныг "...хууль бус нэвтрэлт тогтоогдсон эсэх тайлбар, үндэслэлийг тогтоох ёстой... Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно" гэж УДШ-ийн 2019.10.30-ны 570 дугаар тогтоолд зохицуулсан. Шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг хориглосон орон зай биш бөгөөд тухайн хамтлаг түүний ажилчдын хэн нь ч орох боломжтой 3 өрөөг ашиглаж байсан. Тийм ч учраас хохирогч нар өрөөгөө түгжээгүй онгорхой байсан гэж үзнэ.

3. Хуулийн хэрэглээнд “Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түтжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж,.....зүйлчилнэ" гэж УДШ-ийн 2019.10.16-ны 511 тогтоолд тайлбарласан. Тэгэхээр шүүгдэгч дээрх түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар нэвтрээгүй болно. Буудлын өрөөг эзэмшигч нар багаараа хамтран ажиллаж байсан тул хэний ч өрөөнд нэвтрэн орох зөвшөөрөлтэй байсан гэж үзнэ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, насанд хүрээгүй хүүхэд өндөр настай ээжээ харж асардаг, эхнэр нь жирэмсэн төрөх гэж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн нийтэд тустай ажил хийлгэх эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх ял болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтэндээ: Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүйлчлэл үндэстэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: А.Ганзориг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэг хамт олон 1 зочид буудалд хамтарч өрөө авсан. Мөнгийг нь аймгийн засаг даргын тамгын газраас төлсөн байдаг. Ганзоригийн үйлдэл нь хууль бус нэвтрэлт биш. Энэ нь Улсын Дээд Шүүхийн тайлбараар нотлогдож байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, тэнсэх, нийтэд тустай ажил хийлгэх эсвэл хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал байна. Өрөөнүүдэд хэн хэнийг оруулахыг яаж хуваарилсныг тогтоох ёстой байсан. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь ч мөн эргэлзээтэй байдаг. Энэ бүх нотлох баримтыг бүгдийг нь тогтоож байж шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарах болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч А.Ганзориг гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Ганзоригт холбогдох эрүүгийн 1934008080207 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

 Шүүгдэгч А.Ганзориг нь 2019 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 01:50 цагийн үед Төв аймгийн Зуунмод хотын “Эдэлвайс” нэртэй сувиллын газрын 3 давхрын 303 тоот өрөөнөөс иргэн Б.Цолмонгийн Notebook-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч А.Ганзоригийн өгсөн: Хурд хамтлагийн хайртай гэдэг аянд явж 21 аймгаар тойрч хамгийн сүүлд Төв аймаг дээр ирсэн. Тэр өдөр тоглолт дуусаад уулзалт хийсэн. Edelwains гэх сувиллын газар биднийг Төв аймгийн засаг даргын Тамгын газраас байрлуулсан. 4 давхрын өрөөнд бид доошоо буусан. Манайх 3 давхрын өрөөнд бид нар ууж байгаад орой би доошоо буусан. Манайх 3 давхрын 303 билүү 304 тоотод байсан. Хажуу өрөөний хаалга онгорой байсан. Би өөрийнхөө өрөө байна гээд ороход манай өрөө биш байсан. Нөөтбүүк байсан тэрийг би аваад өрөөндөө оруулаад гарсан. Би тэрийг авсандаа буруутай гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Цолмон /хх-ийн 16-17/, гэрч Б.Мөнхзул /хх-ийн 18/, Г.Баттулга /хх-ийн 21/, Б.Энхманлай /хх-ийн 22/ нарын өгсөн мэдүүлгүүд болон,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Б.Цолмонгийн өмчлөлийн Dell маркийн  Notebook-ний зах зээлийн бодит үнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар 600 000 /зургаан зуун мянган/ төгрөг болно гэх үнэлгээний тайлан /хх-ийн 23-33/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, Б.Цолмонд эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн гар тэмдэглэл /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга нь анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Ганзоригийн гэмт үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцсэн байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзсэн талаарх тайлбар, үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна.

Сувиллын газар нь хүн байнга амьдрах орон байр бус харин үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр мөн. Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эдэлвайс” нэртэй сувиллын газрын 3, 4 дүгээр давхрын өрөөнүүдэд “Хурд” хамтлагийн аялан тоглолтонд оролцсон хүмүүс байрласан гэх ба ямар хүмүүсийг аль аль өрөөнд оруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэг учрал гарах үед хохирогчийн нөөтбүүк байсан гэх өрөөнд шүүгдэгч А.Ганзориг нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, түүний нэвтрэлт нь хууль бус нэвтрэлт байсан  гэж үзэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ гарч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгч А.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч А.Ганзориг нь анхан шатны шийтгэх тогтоол гарснаас хойш 107 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүнийг ял эдэлж дууссанд тооцож, нэн даруй суллах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/327 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 1 дүгээр заалтыг

“1. Шүүгдэгч Боржигон Аръяагийн Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дугаар заалтыг 

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дугаар заалтыг

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригийн нийт цагдан хоригдсон 107 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, түүнийг ял эдэлж дууссанд тооцож, шүүдэгч А.Ганзоригийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ