Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 115/2016/0026/з |
Дугаар | 221/МА2017/0235 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0235
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасныг тус тус баримтлан “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн холбогдох хэсэг /А/562, А/129 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Уг хэргийг учир дутагдалтай шийдвэрлэсэн. Үүнд:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 115ШШ2016/0022 дугаар захирамжаар А/354 дүгээр захирамжийн “НИК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан “НИК” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох “Монголт” ХХК-иас нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хангагдсан байхад хэрэг үүсгэн шийдвэрлэж хуулийг зөрчсөн.
Газрын тухай хуулийн дагуу 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу Газар эзэмших эрхийн 04 дүгээр сарын 08-ны өдрийн 000302470 дугаартай гэрчилгээг “НИК” ХХК-д шилжүүлснээр мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар “Монголт” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байхад шүүхийн шийдвэрт “... “НИК” ХХК-д шилжүүлснээр дуусгавар болсон мэт харагдаж байвч” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор газар эзэмших эрх дуусгавар болно” гэж хуульчилсан байтал газар эзэмших эрхээ бүр мөсөн шилжүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд хуульд бүрмөсөн шилжүүлэх, түр шилжүүлэх гэсэн зохицуулалт байхгүй.
Мөн шүүхийн шийдвэрт “өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх хэдий ч энэ нь хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах үндэслэл болж чадахгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, 2 нөхцөл зэрэг хангагдсан байхыг шаардаагүй байхад өөрийн үзэмжээр хуулийг тайлбарласан.
Хариуцагч талаас хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн байхад ач холбогдолтой, эргэлзээгүй талаас бодитойгоор үнэлж чадаагүй зөвхөн нэг талыг барьж шүүхийн шийдвэр гаргасан.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал: аймаг. иийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан.
Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/162 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “НИК” ХХК-д шилжүүлсэн тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар “Монголт” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т “Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах, 6 дугаар зүйлийн 6.6-д “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Дээрх бүрэн эрхийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06/4561 тоот албан бичиг ирүүлсний дагуу Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг гаргаж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл шалгаруулалт зохион байгуулах тухай” А/562 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч “Монголт” ХХК-ийн газар эзэмших эрхийг “НИК” ХХК-д шилжүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/162 дугаар захирамжаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.
Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжийг дахин хүчингүй болгосноор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдол бий болоогүй, мөн 47.3-д заасан “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэсэн үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, ... давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч, хуулийн дагуу хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06/4561 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/562, 2016 оны “Газар эзэмшүүлэх тухай” А/129, А/133, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/162 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба “Монголт” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч “Монголт” ХХК нь маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгож шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн дагуу зохион байгуулагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болж, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд 1,0 га газрыг худалдаа үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ.
Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурдагдсан “Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн дагуу явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 3-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 3-д заасан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх журмыг хэрэгжүүлээгүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болохоос нэхэмжлэгч хуулийн этгээдтэй хамааралгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нөгөө талаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд хэрэглэнэ.
Гэтэл энэ тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга Сайншанд сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын зүүн талд 1,0 га газрыг “Монголт” ХХК-д эзэмшүүлсний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, энэ талаарх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/162 дугаар захирамжаар “Монголт” ХХК-ийн газар эзэмших эрхийг “НИК” ХХК-д шилжүүлсэн хэдий ч маргаан бүхий захирамжаар “Монголт” ХХК-ийн оролцож ялагч болсон газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай захирамж, уг төсөл сонгон шалгаруулалтын дагуу тус хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн учир уг захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчөөгүй байна.
Иймээс “шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН