Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0442/З/ |
Дугаар | 510 |
Огноо | 2017-12-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 510
“Б О К” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0676 дугаар магадлалтай, “Б О К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б О К” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн “Б О К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын ХV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0676 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б О К” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн “Б О К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ашигт малтмалын хайгуулын ХV-011679 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй тул нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалах хүсэл зориг байгаа эсэхийг тодруулах үүднээс Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2560 тоот албан бичгээр цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн тухай баримт болон хүндэтгэн үзэх бусад шалтгаан байсан эсэхээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр цуцалсан бөгөөд цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын мөн өдрийн 6/3367 тоот албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Б О К” ХХК-д дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.
Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно”, 10.5-д “компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн албан ёсны хаягийн өөрчлөлтөө хуульд заасан зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүйгээс гарах аливаа үр дагаврыг зөвхөн өөрөө хариуцах үүрэгтэй.
“Б О К” ХХК нь дээрх шийдвэртэй холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд тухайн актад гомдол гаргах хугацаа хэтэрсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан байна.
“Ш Ш П” ХХК нь 2015 онд “Б О К” ХХК, “Г М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг өөрийн компанийн илүү төлөлтөөс тооцож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан нь тухайн жил буюу 2015 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хамааруулж байсан бөгөөд хэрвээ илүү төлөлтийг 2016 онд шилжүүлэн тооцсон бол үнийн дүн хүрэхгүй байгаа нь хуулийн шаардлагад бүрэн нийцэхгүй нь нотлогдож байгаа бөгөөд мөн гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаас энэ нь тодорхой харагдаж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0676 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй”-г дурдаж тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б О К” ХХК-ийн XV-011679 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгч нь “...2015 оны төлбөрийг шилжүүлэн тооцсон атлаа 2016 онд төлөгдөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль бус, ...цуцалсан талаар мэдэгдээгүй” гэж маргаж, уг шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр, анх олгогдсон өдрөөс эхлэн тооцож дараагийн жилийн төлбөрийг урьдчилан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч “Б О К” ХХК нь Ховд аймгийн Алтай сумын нутаг “Хөх булаг” нэртэй 1010.15 га талбайн хайгуулын ХV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн дараа жилийн ээлжит төлбөрийг урьдчилан тухайн оныхоо 4 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө төлөх ёстой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн XV-011679 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг /2015, 2016 оны/ Ашигт малтмалын газрын дансанд 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр “Ш Ш П” ХХК-ийн шилжүүлсэн мөнгөнөөс тооцож авах хүсэлтийг “Ш Ш П” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Т15/08 дугаартай албан бичгээр гаргасны дагуу тухайн өдөр шилжүүлэгдсэн 5 616 264 төгрөгийг XV-011679 тусгай зөвшөөрлийн төлбөрт тооцсон, уг мөнгө нь төлбөрийн дүнд хүрэлцэхгүй байснаас зөрүү 1 708 000 төгрөг, төлөх хугацаа хэтрүүлсний алданги 571 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө 2015 оны 5 дугаар сарын 13-нд төлсөн нь тогтоогджээ.
Иймд, хайгуулын XV-011679 дугаар зөвшөөрлийн 2016 оны төлбөрийг “Ш Ш П” ХХК-ийн илүү шилжүүлсэн мөнгөөс тооцож аваагүй” гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх уг маргааны үйл баримтад холбогдолгүй “Ш Ш П”ХХК-ийн “илүү” төлөлтийн баримтуудыг үнэлж, “Ш Ш П” ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1 226 339.28 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 979 946 төгрөг, нийт 7 206 285.28 төгрөгийн “илүү” төлөлт нь нэхэмжлэгчийн төлөх ёстой хайгуулын XV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн 7 323 587.5 төгрөгийн төлбөрт “хараахан хүрэлцэхгүй” боловч дутсан 117 305.5 төгрөгийг төлөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...илүү төлөлтийг шилжүүлэн тооцсон бол үнийн дүн хүрэхгүй, хуулийн шаардлагад бүрэн нийцэхгүй” гэх гомдол үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “дараа жилийн” гэдгийг, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д заасан “3 жилийн хугацаа”, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “3 жилийн хугацаагаар 3 удаа”, 32 дугаар зүйлийн 32.2-т заасан “эхний жил, 2 дахь жил, 3 дахь жил, 4-6 дахь жил, 7-9 дэх жил, 10-12 дахь жил” гэсэнд уялдуулан, маргаан бүхий энэ тохиолдолд холбогдуулан авч үзвэл “2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу 10 дахь жилийн”, “2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу 11 дэх жилийн” гэж ойлгохоор байна.
Иймээс, “Ш Ш П” ХХК-ийн хүсэлтэд “...2015, 2016 оны төлбөрт” гэж дурдсаныг дараагийн 2 жилийн гэж шууд утгаар тайлбарлах боломжгүй, шүүхүүд “2015, 2016 оны төлбөрийг тухайн үед нэг дор суутган тооцох боломж байсан” гэж дүгнэхдээ 2015 онд 2016 оныхыг, 2016 онд 2017 оныхыг төлөх, төлбөр төлөх жил нь тусгай зөвшөөрөл анх олгогдсон өдрөөс эхлэн дараагийн жилийн мөн өдрөөр тооцогдохоор хуульд дээрх байдлаар зохицуулсаныг анхаараагүй нь буруу.
Мөн хариуцагч нь “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх”-ийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2560 дугаар, “цуцалсан шийдвэр”-ийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/3367 дугаар мэдэгдлүүдээр нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягаар нь шуудангаар хүргүүлсэн боловч уг хаягт “байхгүй” шалтгаанаар “буцаагдсан”, нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй тохиолдолд “мэдэгдэл гардаж аваагүй” гэж маргаж буй үндэслэлийг нь зөвтгөх, “мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх байдалд үндэслэн дүгнэвэл: “Б О К” ХХК-ийн хайгуулын XV-011679 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 388 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасанд нийцсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0676 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б О К” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын XV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ