| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/03112/И |
| Дугаар | 181/ШШ2017/03242 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2017/03242
| 2017 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 181/ШШ2017/03242 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ОНӨААТҮГ/РД: 5830761/-т холбогдох
Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнэ 48.000.000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 33.734.285 төгрөг, нийт 81.734.285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагчийн төлөөлөгч С.М, нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.О миний бие 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр А ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдрагтай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр миний бие гэрээнд заасан төлбөр болох 48.000.000 төгрөг төлөх, гүйцэтгэгч тал болох А ОНӨААТҮГ- нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 12 автомашины зогсоолыг Ж.О миний өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
Миний бие гэрээнд заасан хугацаанд автомашины зогсоолын төлбөр болох 48.000.000 төгрөгийг төлсөн.
А ОНӨААТҮГ нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 12 ширхэг автомашины зогсоолыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор миний өмчлөлд шилжүүлэх үүргээ одоог хүртэл гүйцэтгээгүй байна. Миний бие автомашины зогсоолын өмчлөх эрхийг гэрээнд заасны дагуу шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
А ОНӨААТҮГ нь тухайн газрын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй, мөн тухайн газрын эзэмших, өмчлөх эрх үүсээгүй байхад автомашины зогсоол барьж өмчлөх эрхийг нь бусдад шилжүүлэн өгөх эрхтэй байгууллага мэтээр бусдад ойлгуулан гэрээ хийж бусдаас мөнгө авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.,56.1.9-т заасан хууль зөрчсөн, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн байна.
Хууль зөрчсөн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу А ОНӨААТҮГ нь нэхэмжлэгчээс авсан 48.000.000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.
Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний 4.1.1-т захиалагч нь энэхүү гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг 100% гүйцэтгэгчийн дансанд байршуулснаар гэрээ байгуулах эрх үүснэ гэж, 6.5-д Хөрөнгө оруулалтыг гэрээний 4.1.1-т заасны дагуу саадгүй төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ж.О нь А ОНӨААТҮГ буюу төрийн байгууллагаас бусад этгээдэд санал болгож хийж байгаа гэрээ тул баталгаатай гэж итгэж 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хас банкнаас өөрийн нөхрийн хамт 40.000.000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 27,6 %-ийн хүүтэйгээр зээлдэж авсан. Уг зээлийн хүү болгож 11.054.285 төгрөгийг Хас банкинд төлсөн.
Гэтэл гүйцэтгэгч А ОНӨААТҮГ нь Авто зогсоолыг гэрээнд заасан хугацаанд миний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй , Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.4.-т заасныг зөрчиж захиалагчийг хохироож байна. Учир нь Ж.О нь нөхрийн хамт Да хүрээ авто худалдааны захад 7 автомашины зогсоолыг 2015-2017 онуудад жилийн 7.560.000 төгрөгөөр түрээсэлж, нийт 22.680.000 төгрөг төлсөн байна.
Захиргааны байгууллагын зүгээс хууль зөрчиж, бусдад итгэл үнэмшил төрүүлж гэрээ байгуулан захиалагч талыг хохироосон энэхүү хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө Ж.О д учруулсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу нөхөн төлөх нь хуулийн болон бодит үндэслэлтэй байна.
Иймд Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж гэрээний дагуу төлсөн 48.000.000 төгрөгийг А ОНӨААТҮГ-аас гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу Хас банк-нд төлсөн зээлийн гэрээний хүү болох 11.054.285 төгрөг, автомашины зогсоол түрээслэх гэрээний төлбөрт өгсөн 22.680.000 төгрөг, нийт 81.734.285 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
А ОНӨААТҮГ-ын эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/936 тоот захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.
Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/208 тоот шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 1210245 м.кв га газрыг 15 жилийн хугацаатай, Автохудалдааны цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн 000439065 дугаартай гэрчилгээг олгосон.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.1-д "Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ", гэж заасан.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д ... төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөөний дагуу тухайн шатны засаг дарга гаргана гэж , 33.1.2 -т газрын зөвхөн тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 02 дугаар сарын 20-ны 18 дугаар тогтоолоор баталсан А ОНӨААТҮГ-ын дүрмийн 4.2.1 Эзэмших эрхийн дуудлага худалдаа, түрээс газар эзэмшлийн эрх олгох зэрэг ажлыг хамтран зохион байгуулж санхүүгийн эх үүсвэр бий болгох, гэж заасан.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтаар тус Үйлдвэрийн газрын газар эзэмших эрх үүссэн учраас иргэд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан.
Талууд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №ЗА/1405-122 тоот гэрээг байгуулсан. Гэрээгээр: Захиалагч нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах А т автомашины зогсоол барихад хөрөнгө оруулалт хийж, автомашины зогсоолыг өмчлөх, гүйцэтгэгч нь автомашины зогсоолыг барьж ашиглалтад оруулсны дараа гэрээний 3.1-д заасан автомашины зогсоолыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолын хавсралтаар Үйлдвэрийн газрын дүрмийг баталсан. Тус дүрмийн 1.4. А орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өмчлөгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна, 5.2.1. Өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах эрхийг олгосон байдаг.
Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь тус гэрээг байгуулж, баталгаажуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл Үйлдвэрийн газрын даргад үүрэг болгосон байдаг.
Захиалагчдын авто зогсоол өмчлөх эрхийг баталгаажуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-үүл А ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа А ын бүтээн байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 2014 оны 07 дугаар сарын А/655 тоот захирамжийн хоёрдугаар зүйлээр Үйлдвэрлийн газрын дарга Д.Байдрагт үүрэг болгож, эрх олгосон байдаг.
Авто зогсоол захиалан бариулах гэрээг байгуулахдаа холбогдох байгууллагуудаас санал авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Энэхүү автозогсоол нь газар биш бөгөөд энэ нь Үйлдвэрийн газрын эзэмшлийн 121 000 м.кв га талбайд барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгө юм.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлснээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Одоогийн байдлаар 1253 иргэнд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Ж.О д ч гэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгах боломжтой байгаа юм.
Нэхэмжпэгчид хамаарах бүх бичиг баримтыг Үйлдвэрийн газрын захиргаа бүрдүүлсэн байдаг. Үйлдвэрийн газар нь гэрээ байгуулах, гэрээний загвар батлах, орлого олох, зарлага гаргах зэрэг үйл ажиллагаануудаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газруудаас зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр явуулдаг болно.
Тус иргэнтэй байгуулсан ЗА/1405-122 тоот гэрээнд Өмчийн харилцааны газар нь гэрээг баталгаажуулж, бүртгэж, гарын үсэг зурж, тамга дарсан байдаг.
Иймээс ЗА/1405-122 тоот гэрээний өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасны дагуух бичиг баримтуудыг бүрдүүлснээр шийдвэрлэх боломжтой тул тус гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч А ОНӨААТҮГ-т холбогдуулан Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнэ 48.000.000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 33.734.285 төгрөг, нийт 81.734.285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор А ОНӨААТҮГ-ыг байгуулж тус үйлдвэрийн газрын дүрмийг баталжээ. /хх-ийн 30-р хуудас/
Үйлдвэрийн газрын дээрх дүрмийн 5.2.1.-д Өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах эрхийг эдлэнэ гэжээ. /хх-ийн 33-р хуудас/
Энэ эрхийнхээ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1210245 м.кв га газрыг 15 жилийн хугацаатай Автохудалдааны цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авсан байна./хх-ийн 29-р хуудас/
Нийслэлийн засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан ...батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоож дээрх газрыг эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах эрхтэй байх бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талуудыг гэрээ байгуулах үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхтэй байсанаас 2016 онд дахин гэрчилгээ олгосон гэж үзнэ.
Нэхэмжлэгч /захиалагч/ Ж.О нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах автохудалдааны цогцолборт 3А блокны 12 ширхэг /1312, 1313, 1360, 1361-1364, 1381-1385/ автомашины зогсоол барихад 48.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, автомашины зогсоолыг өмчлөх, хариуцагч /гүйцэтгэгч/ А ОНӨААТҮГ-нь автомашины зогсоолыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7-р хуудас/
Гэрээний талууд 3А блокыг 2Б блок болгож, 1312, 1313, 1360, 1361-1364, 1381-1385 дугаартай автозогсоолыг 620-627,656-659 дугаартай автомашины зогсоолд байршуулан шилжүүлэхээр тохирч 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. /хх-ийн 110-р хуудас/
А ОНӨААТҮГ-ын дүрэмдээ ... газар эзэмших эрхийн дуудлага худалдаа, түрээс, газар эзэмшлийн эрх олгох зэрэг ажлыг хамтран зохион байгуулж санхүүгийн эх үүсвэрийг бий болгох ... зэргийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилгоор тодорхойлсон байх тул хариуцагч өөрийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээрээ Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулсныг хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхгүй юм.
Мөн өөрийн эзэмшлийн газар дээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 27 дугаар зүйлийн 27.1., 33 дугаар зүйлийн 33.1., 34 дүгээр зүйлийн 34.1.-т заасны дагуу дээрх гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хийснийг хуулиар хориглосон хэлцэл хийсэн гэж үзэх үндэсгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл ,56.1.9.-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний талууд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах А т 12 ширхэг автомашины зогсоол барих ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, ажлын хөлсөнд 48.000.000 төгрөг төлөхөөр тохирсон байна.
Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хөлсийг төлж, ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй.
Гүйцэтгэгч А ОНӨААТҮГ нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Автохудалдааны цогцолборын 6375 автозогсоолыг барьж байгуулан улсын комисст хүлээлгэн өгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 01/397 дугаартай албан бичгийг хүргүүлсний дотор Ж.О ийн захиалсан 620-627, 656-659/ дугаартай авто зогсоол хамрагдсан байна. /хх-ийн 112-113-р хуудас/
Дээрх гэрээний 3.4.-т Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан автомашины зогсоолыг А барих зориулалтаар олгогдсон өөрийн эзэмшлийн газар дээр барих бөгөөд газрыг ашиглуулахтай холбогдсон харилцааг Газар ашиглуулах тухай гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу гүйцэтгэгч нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №ГА/ЗА/1405-122/620 дугаартай Автомашины зогсоолын газар ашиглах гэрээ байгуулсан байна. /хх-ийн 111-р хуудас/
Хариуцагч /гүйцэтгэгч/ А ОНӨААТҮГнь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр /Авто зогсоолуудыг/ хүлээлгэн өгч комиссын акт үйлджээ. /хх-ийн 97-109-р хуудас/
Талуудын хооронд байгуулагдсан Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээний дагуу захиалагч Ж.О нь ажлын хөлс 48.000.000 төгрөгийг төлж, гүйцэтгэгч тал болох А ОНӨААТҮГ-нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг захиалагч Ж.О д хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон болох нь хариуцагчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, автозогсоол хүлээлгэн өгөх комиссын акт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-8, 97-109,112-113 -р хуудас/
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1., 351.2.-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Иймд Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнэ 48.000.000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 33.734.285 төгрөг, нийт 81.734.285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сүхбат нь шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн нь Д.Сүхбатыг шүүх хуралдааны тов мэдэж байсан боловч хүрэлцэн ирэх боломжгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвээрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56.1.1., 56.1.9., 56.5., 56.6.-д заасныг баримтлан Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний үнэ 48.000.000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 33.734.285 төгрөг, нийт 81.734.285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731866 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО