Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2019/02150

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сары 31 өдөр

181/ШШ2019/02150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: б.э 

хариуцагч:  Х.Х

гэрээний үүрэгт 3,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

Хариуцагч Н.Х.Х шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч б.э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.Х.Х нь тус компанид 2014 оны 06 сараас 2015 оны 11 сар хүртэл борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа б.э ХХК-тай 2015 оны 11 сарын 24-ний өдөр Төлбөр тооцоо хийх гэрээ байгуулж 2,300,000 төгрөгийн үнэтэй 40 футийн чингэлэг худалдан авсан. Төлбөр тооцоог уг гэрээний 3.1-р заалтын дагуу 2015 оны 12 сарын 25-ны өдөр хийх ёстой байсан боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй.

Тус компани нь өнөөдрийн байдлаар Н.Х.Хаас үндсэн төлбөр 2,300,000 төгрөг, түүний алданги 1,150,000 төгрөг нийт 3,450,000 төгрөгийн авлагатай байгаа ба манай компанийн зүгээс удаа дараа утсаар холбогдож төлбөрөө асуух бүрт хугацаа хойшлуулсаар ямар ч төлбөр төлөөгүй болно.

Иймд иргэн Н.Х.Хаас манай компанид төлөх ёстой 3,450,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,150 төгрөгийн хамт гаргуулан өгч манай байгууллагын хохирлыг барагдуулж өгч тусална уу. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч б.эХХК хариуцагч Н.Х.Хт холбогдуулан чингэлгийн үнэ 2,300,000 төгрөг, алданги 1,150,000 төгрөг нийт 3,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцлоо.

Хариуцагч Ноонойн Х.Х 2019 оны 08 сарын 05-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 72.2, 72.3, 76.2, 77.8, 86.2, 100.3, 100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй болон нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 9 хуудас хэргийн нотлох баримтуудтай биечлэн танилцсан.

Хариуцагч Н.Х.Х шүүгчээс тогтоосон 2019 оны 08 сарын 19-ний өдөр хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан үндэслэлээр хэргийг 2019 оны 10 сарын 31-ний өдөр13 цаг 30 минутад хэлэлцэхээр хуралдаан товлосон.

Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч Н.Х.Хт 2019 оны 10 сарын 22-ны өдөр өөртэй нь холбогдон мэдэгдсэн, мөн өдөр Монгол шуудан компаний шуудан хүргэлтийн үйлчилгээгээр мэдэгдэх хуудас хүргүүлснийг эхнэр н.Батчимэг нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр хүлээн авсан болох нь шүүхийн ажилтны тэмдэглэл, Монгол шуудан компаний шуудан хүргэлтийн тэмдэглэгээгээр тус тус нотлогдож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т зааснаар мэдэгдэх хуудсыг хүргэсэн гэж үзэх үндэстэй.

Харин ямар нэг шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагч Н.Х.Хыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч б.эХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд зохигчдоос гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.гэж заасан үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагч хариу тайлбарын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэлгүй, мэтгэлцээний үндэслэл болгож ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ тус тус зөрчсөн буруутай.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй үүргээ зөрчсөн тул хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.гэж заснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэс болно.

Талуудын хооронд 2015 оны 11 сарын 24-ний өдөр хийгдсэн Төлбөр тооцоо хийх гэрээ/хэргийн 9дөх тал/ болон хавсралт1 баримтаар, хариуцагч Н.Х.Х нь б.э ХХК-иас чингэлгийг 2,300,000 төгрөгөөр үнэ тохирч худалдаж авахаар тохиролцож, чингэлгээ хүлээн аваад үнийг 2015 оны 11 сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2015 оны 12 сарын 15-ны өдөр 750,000 төгрөг, 2015 оны 12 сарын 25-ны өдөр 750,000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн, харин 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс одоог хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 

Талуудын хооронд бараа үнэ тохирч худалдаж худалдан авсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн, гэрээ хэрэгжиж худалдагч б.э ХХК бараагаа хугацаанд нь нийлүүлсэн, худалдан авагч Н.Х.Х хүлээн авсан барааны чанар хэмжээний талаар маргахгүй байх ба харин үнийг бүрэн төлөх үүргээ бүхэлд нь биелүүлэлгүй гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн үүргээ зөрчсөн буруутай байна.

Талууд гэрээ болон нэхэмжлэлд маргаагүй ба хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй буруутай тул нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний зөрчигдсөн үүргийг биелүүлэхийг шаардах эрх 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс үүссэн, хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс Н.Х.Хыг Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02449 дугаарын шийдвэрээр эрэн сурвалжлуулснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, 2019 оны 4 сарын 18-ны өдрийн тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээ-р хэлтсийн 30р /3532 тоот албан бичгээр, Н.Х.Хын оршин суух хаяг тодорхой болж эрэн сурвалжлалтыг зогсоосон, үүний дараа 2019 оны 7 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж зааснаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 11 сарын 02-ны өдөр тасалдсан байх тул хуулийн 79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.гэж зааснаар шаардах эрхийн хугацаандаа байна.

Гэрээний 4.1.-д төлбөр төлөгч тохиролцсон хугацаанаас хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,5%-р алданги тооцохоор тохиролцсон байх тул 2015 оны 12 сарын 26-ны өдрөөс хугацаа хэтрүүлэн үүргээ зөрчсөн төлбөр төлөгч алдангийг хариуцан төлөх үүрэгтэй тул хуульд нийцүүлэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувь болох 1,150,000 төгрөгийн алдангийг үндсэн үүрэг 2 300 000 төгрөг зөрчигдсөн үүрэг болох бүгд 3 450 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.4., 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч Н.Х.Хаас чингэлгийн үнэ 2,300,000 төгрөг, алданги 1,150,000 төгрөг бүгд 4,450,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч б.э ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 70,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч б.э ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ