Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2018/01019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Улаан ямаат овогт Санжаасүрэнгийн Амаржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлстэст холбогдох

Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус хэлтэст Стандарт, салбар сангийн албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн. Хэлтсийн даргын 2018 оны 03-ны өдрийн Б/13 тоот тушаалаар сануулах арга хэмжээг үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна.

1.Уг сахилгын арга хэмжээг авахдаа Монгол улсын засгийн газрын 288 дугаар тогтоолын хавсралтын 5.1.2, 5.2.1, 5.3, 5.3.4, 5.4.4, 5.4.5, 5.4.7 дугаар заалтууд, Стандарт хэмжил зүйн газрын даргын А/144 дүгээр тушаал 3.1, 3.2, 3.3, заалтуудыг тус тус удирдлага болгосон байх ба энэхүү тогтоол, тушаалаар баталсан ёс зүй дүрэм нь миний ажил үүрэгт хамаарахгүй юм. Эдгээр ёс зүйн дүрэм нь төрийн захиргааны албан хаагчид хамаарах бөгөөд миний бие төрийн үйлчилгээний ажилтан билээ.

2. Байгууллагын дотоод журмын 7.1 дүгээр заалтуудыг үндэслэл болгожээ. Энэхүү дотоод журам хамт олны хурлаар хэлэлцэгдээгүй, ажилтан албан хаагчидад танилцуулаагүй хүчин төгөлдөр болоогүй журам учир үндэслэл болгож хариуцлага хүлээлгэх боломжгүй.

3. Миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 24 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдол байхгүй. Энэхүү тушаал гаргах хугацаанд миний бие говийн чиглэлийн суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд хамт олны болон өөр ямар нэг хурлаар надтай холбоотой асуудал хэлэлцсэн удаа байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч С.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хэлтсийн даргын гаргасан тушаалыг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь даргын надад өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байгаагүй удаа байхгүй. Мөн үйлчлүүлэгчдээс ажлыг хариуцлага алдлаа гэж нэг ч гомдол санал ирж байгаагүй . 2018 оны 09 дүгээр сарын 27 ны өдөр Говийн бүсэд сургалт хийчихээд ирсэн гэтэл 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хуралтай гээд  хэлтсийн даргын өрөөнд орсон гэтэл С. Амаржаргалын ажлын 40 хувийг бичиг хэрэгт өгөөд ажлаас чөлөөл гэсэн надад өмнө нь хэлж сануулаагүй. Ямар нэгэн үндэслэлгүй шийдвэр гарсан,сануулах шийдвэр авчхаар, үр дүнгийн нэмэгдэл авахгүй, сануулах шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

1.  Тус хэлтэс нь Монгол улсын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн
газрын харъяа орон нутаг дахь салбар байгууллага билээ. Иймд стандарт хэмжил
зүйн газраас баталсан ёс зүйн дүрэм нь тухайн салбарт ажиллаж буй төрийн
албан хаагчдад бүгдэд нь хамаатай.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчдад үйлчлэх ёс зүйн дүрэм нь тухайн
байгууллагын ТҮ ангиллаар ажиллаж байгаа үйлчилгээний бусад ажилтанд нэгэн
адил үйлчилнэ гэж хуульчид тайлбарладаг юм билээ. Үүнийг ойлгохгүй төрийн
байгууллагад 2014 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж буй мэргэжилтэн байгаад
гүнээ харамсаж мөн энэ талаар ойлголт өгөөгүй явсан байгууллагын дарга БИ
өөрөө буруугаа хүлээж байна.

2.  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгууллагын дотоод журмыг
шинэчлэл батлах тухай бүх ажилчдын санал хүсэлтийг тусган эцэслэн
шийдвэрлэж байсныг С.Амаржаргал санахгүй байгаа бол ой тогтоолт маш муугаа
гайхуулж байна. Хурлын тэмдэглэл хавсрав.

С.Амаржаргал нь тушаал гарах тухай асуудлыг өөртэй нь хэлэлцэж
мэдэгдээгүй гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

Учир нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байгууллагын хурлаар
С.Амаржаргал, П.Оюунжаргал, Г.Батбаатар нарт сануулах арга хэмжээ авах
талаар мэдэгдсэн бөгөөд нөгөө мэдэхгүй сонсоогүй С.Амаржаргал маш бүдүүлэг
хэл амаар, нас хүйсээр доромжлол харааж байсныг манай ажилчид бүгд сонсоод
сууж байсан.

3.  С.Амаржаргал нь 24 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдол
байхгүй гэж мэдүүлсэн байна. С.Амаржаргал нь 9 дүгээр сард 2 өдрийн чөлөө
авна гэж манай бичиг хэргийн ажилтанд хэлсэн байсан ба чөлөөг чөлөөний
хуудсаар ав гэхэд маш бүдүүлгээр загнаж Чи хүний оронд 2 сар ажиллаж байж чи муу урдах ажлаа хий. Манай байгууллага урьд нь ийм тийм чөлөөний
хуудас энээ тэрээ гэдэггүй байсан. Би чөлөө авна л гэж хэллээ авах л ёстой
гэх
мэтээр хүний амнаас гарах нь байтгуй бодож зүрхлэхгүй үгээр доромжипсо-
байсныг би мэдсэн.

4.  Бүр ч бай түр ч бай тухайн ажил үүргээ гүйцэтгэж буй хүн ажил үүргийн
дагуу шаардпага тавихад эсэргүүцэж буй нь тухайн ажилтанд сануулах нь битгий
хэл ёс зүйн арга хэмжээ авах эрх зүйн хэм хэмжээтэй гэж үзэж байна.

5.  Учир нь 2016 оны 10 сарын 01 нээс энэ байгууллагын даргаар томилогдон ирэхэд энэ байгууллагад сүүлд нь орж ирж ажиллаж байгаа шинэ залуу ажилтныг хавчих, түүнд илэрхий дээрэнгүй хандах, үл тоох, үг хэлээр дарамтлах зэрэг үзэгдэл ганц 2 хүний зан үйлд гараад байгаа нь надад ажиглагдаад байдаг байсан ба тэр хүний нэг нь энэ охин мөн л дөө.

6.   Ер нь эцэст нь хэлхэд төрийн байгууллага ч бай бусад аливаа байгууллагыг удирдахад ёс зүйн хэм хэмжээний талаар ихээхэн зөрүү ойлголттой тэс өөр байгаа нь асуудлын гол зангилаа юм гэжээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгуулга нь Монгол улсын тохируулагч агентлаг, Стандартчилал хэмжил зүйн газрын харъя орон нутаг дахь байгууллага, тус байгууллагын баталсан ёс зүйн дүрэм байдаг үүнийг мөрдөж ёстой, уйлдаг хүнд үйлчилдэг гэсэн тийм  зүйл байхгүй. Манай байгуулага С.Амаржаргалыг дэмжиж ажилладаг байсан өмнө жил гэхэд л Удирдлагын акдемид суръя гэхэд дэмжээд цалинтай чөлөө олгож байсан. С.Амаржаргал нь ажлаа хийдэггүй, дуудуулж ажилдаа ирдэг. Сургалтыг хийхийг шахсан үнэн, ажилаа сайн хийгээсэй гэж бодож л сахилгын шийтгэл авсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Амажаргал нь  Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Хосбаяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх тухай маргаанд хамаарч байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/13 тоот сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байх боловч шүүх хуралдаанд тодруулахад тушаалын дугаар Б/11 болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, энэ талаар маргаангүй байна. /хх-ийн 3-р тал/

С.Амаржаргал нь Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэст 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар Стандартын салбар сан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Хосбаяр нь уг тушаалын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа шүүхэд тайлбарлаж чадахгүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд шүүхээс тодруулсан асуултанд мэдэхгүй гэсэн байр сууринаас оролцож байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь...нэхэмжлэгч бичиг хэргийн ажилтантайгаа маргалдаж ёс зүйн зөрчил гаргасан, энэ нь бичиг хэргийн ажилтаны өөрөө орж ирж хэлсэн үйлдлээр нотлогдсон, мөн 2017 онд бичиг хэргийн ажилтантайгаа маргалдаж байсан...эдгээр нь ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэж тайлбарлаж байна.

Гэвч зохигч өөрийн тайлбар, шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдагдсан эрх зүйн актуудын нэр, дугаар, хавсралтын дугаар байхгүй, эдгээр баримтууд хэрэгт авагдаагүй, хариуцагч тал тайлбарлаж нэрлэж чадахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 3.2, 7.1 дэх заалтуудыг баримталсан байх ба 3.1-т Төрийн албан хаагчийн тангараг ёс зүйн хэм хэмжээ эрхэмлэх 9 зүйл, төрийн албаны стандартыг мөрдөнө, 3.2-т Хэлтсийн ажилтан нь хариуцсан ажилдаа идэвхи санаачлагатай байх, баталгаажуулалтын ажлыг цаг алдалгүй үнэнчээр, бусдын нөлөөнд авталгүй хийж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж ажиллах, 7.1-д Дотоод журам зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу сануулах...хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус зохицуулсан заалтыг үндэслэсэн боловч ажилтын гаргасан зөрчил нь ямар сахилгын зөрчил болох, тухайн зөрчлүүд нь ямар эрх зүйн акт, журам, хуулиар зохицуулагдсан эсэх, ажилтан хэзээ зөрчил гаргасан, хэрхэн шалган тогтоосон зэрэг нь тодорхойгүй байна.

Байгууллагын хурлын тэмдэглэлийг хариуцагч байгууллага нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч уг хурлаар зөрчлийг хэрхэн авч хэлэлцэж, хэн хэний саналаар сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, харилцан маргааны шинжтэй тэмдэглэл авагджээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Амаржаргалын нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүлийн 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилтны гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГАНТУЯА