| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
2025 01 23 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ын Б-д холбогдох эрүүгийн 2438003600526 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Ц-ын Б, 19** оны *** дүгээр сарын ***-ний өдөр ****** суманд төрсөн, *** настай, ******, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл ***, нөхөр, *** хүүхдийн хамт ******** аймгийн ************ сумын ************* дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******************* тоотод хохирогч Ц.Бын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******************* тоотод хохирогч Ц.Б-ын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бын гэрт нь цоожийг нь эвдэн орж, ааваасаа үлдсэн эд зүйл гэж бодож хэдэн юм авсан. Тэгэхдээ тэр нь аавынх биш байсан гэхээр нь буцаагаад бүх авсан зүйлээ өгсөн. Аавынх биш гэдгийг анхнаасаа мэдэж байсан бол би тэрийг тэгж орж аваад байх шаардлага байхгүй байсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Б оюутан байсан болохоор Ү ах үрчилж аваад өөрийнхөө нэр дээр бүртгүүлж байсан юм. Ү ахыг өнгөрсний дараа Б бид нартай хөрөнгө авах юм ярьж хэл ам хэрүүл тэмцэл хийж эхэлсэн. Бид нар ч гэсэн хэл амгүй ахаас үлдсэн эд хөрөнгийг нь бүгдийг нь Б-д өгсөн. Манайх үндсэн гэр хөдөө ***** суманд байдаг боловч аав маань өнгөрсөн болохоор гал голомтыг нь би аваад гэрийг нь **** сумын ***-р хороонд хамаатны ахынхаа хашаанд барьсан байсан юм. Тэгээд тухайн гэртээ бас **** орж ирэхдээ ирж очдог болохоор зарим нэг эд зүйлээ аваачсан байсан. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б, нөхөр П болон хүргэн ах Н үеэл ах Б нартайгаа хамт очиж манай ******* тоот хашаанд байх монгол гэрийн цоожийг эвдэн орж дотор нь байсан жижиг цагаан хөлдөөгч, авдарт байсан нөхрийн хромон гутал, 15 алд бугуйлын сур, 9 алд элдсэн сур, орон дээр байсан ягаан өнгийн даавуутай зузаан хөнжил зэргийг авч явсан байсан. Би тухайн өдөр ****** суманд ажилд явж байсан. Гэтэл Б над руу залгаад танайхаас орж хөлдөөгчөө авчихлаа шүү гэж хэлсэн. Би яахаараа эзэнгүй айлаас юм авдаг юм гэсэн чинь цоожийг нь эвдэж ороод авчихлаа гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22, 24-р хуудас),
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш намайг дуудаад гэр ачилцаад өг гээд би Б-тай уулзаад айлын байшинд хураасан гэр рүү нь хамт очсон чинь гэрийн доторх эд зүйлс нь дутуу байсан. Тэгээд гэрийг нь ачиж өгчихөөд ачаатайгаа хамт яваад **-р хороонд очиж гэр нь цоожтой байхад нь цоожийг нь эвдэн орж хөлдөөгч аваад буцсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Гэрч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б 2024 оны 08-р сарын 28-ны өдөр аавын хашаанд буюу **** сумын ***-р баг **** тоот хашаанд хөлдөөгчөө авч ирж тавьсан байсан...Уг нь бол би тухайн хөлдөөгчийг анх ****** их дэлгүүрээс бэлэн 380.000 орчим төгрөгөөр авч байсан. Барагцаагаар 2018 онд л авч Бын ээж А гэдэг хүнд өгч байсан. Тэднийх ашиглаж байгаад А эгч 2022 онд өнгөрсөн. Тэгээд үлдсэн гэр бүлийн хүмүүс нь л ашиглаж байсан байх. Би тэрийг ямар булаацалдах биш. Тэгтэл энэ оны хавар Ү гэдэг хүн өнгөрөөд ах дүү нар нь юмнуудыг нь хуваагаад авчихсан байсан. Тэгэхээр нь би хөлдөөгч бол мөнгө нь ч төлөгдөж дуусаагүй, би л авч өгч байсан юм. Ү-гийн ах дүү нар яагаад дур мэдээд авчихдаг юм гэж Б-д ярьж байсан. Ер нь бол Ү, А эгч нар Б-аас төрсөн хүү Д гэх хүүхдийг өөрсдийн нэр дээрээ авч, өсгөж байсан юм. Тэгэхээр энэ хоёр хүн өнгөрсний дараа бол хэрэглэж байсан эд зүйл юм нь Д-д л очих ёстой байх гэж бодож байна. Гэхдээ би ямар тэд нарыг юмтай булаацалдах биш. Б тэр утгаараа л очиж хөлдөөгч юмнуудаа авсан юм шиг байсан. Би бол хамт явалцаагүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Б.М-ийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай: “...Иргэн Ц.Б-гийн гэрээсээ хулгайд алдсан 5 нэрийн эд зүйлийн нийт үнэлгээг 628,450 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 35-36-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14-16-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 18-р хуудас),
Хохирогч Ц.Б нь шүүгдэгч Ц.Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ (хх-ийн 69-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2438003600526 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөт байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэжээ.
Үүнээс авч үзвэл гэмт хэрэг гарсан гэх ******************* тоотод хохирогч Ц.Б-ын монгол гэр нь хүн байнга амьдрахад зориулагдсан орон байр гэж үзнэ.
Мөн хохирогч Ц.Б нь тухайн монгол гэрийн эзэмшигч болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг тухайн гэрийн оршин суугч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******************* тоотод хохирогч Ц.Б-ын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн үйлдэл хохирогч Ц.Б-ын мэдүүлэг, гэрч Б.Н Л.Д нарын мэдүүлэг, хугацаагүй эрхтэй хөрөнгийн үнэлгээчин Б.М-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны үл ойлголцол зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Ц.Б-д 628,450 төгрөгийг хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хугацаагүй эрхтэй хөрөнгийн үнэлгээчин Б.М-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Ц.Б нь шүүгдэгч Ц.Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ (хх-ийн 69-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ц.Б: “...Хэлэх зүйл байхгүй...” гэж улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43-46-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2438003600526 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөт байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2438003600526 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР