Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 127/ШШ2022/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2022/0013/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хйисэн шүүх хуралдаанаар

             ХАПГЕПО Б.Г-ийн дүгнэлттэй

            Хариуцагч: ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д-д холбогдох

            Гуравдагч этгээд: Д.Н

            ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д-гийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0005322 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: ХАПГЕПО Б.Г-, хариуцагч ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д-, гуравдагч этгээд Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. ХАПГЕПО Б.Г- шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “тарвага худалдах талаар зар олон нийтийн цахим сүлжээд байршуулсан” гэх зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч, мөн өдөр зөрчилд холбогдогч Д.Нд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн талаарх мэдээллийг шалгах явцад зөрчилд холбогдогч Д.Н нь 2022 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн зарын нэгдсэн группт “Ганц 5Ж байна. Дундын, заръя” гэсэн мэдээлэл байршуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Харин Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол” гэж хуульчилсан байна.

Материалд авагдсан нотлох баримтаар зөрчилд холбогдогч Д.Н нь тарвага, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйл баримт нотлогдоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, зөрчилд холбогдогч Д.Нн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэгт нийцээгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ХАМХГБОГГЗЗХУБ Б.Дгийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0005322 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

2. Хариуцагч ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/53 тоот удирдамж байдаг. Ой, ан, байгалийн  ургамал хууль бусаар бэлтгэх, агнах, барих, худалдаалах, тээвэрлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж бөгөөд уг удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэхээр заасан.

Уг удирдамжийн 4.2-т, Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр ан амьтан, байгалийн ургамал, тэдгээрийн гаралтай эд эрхтэн, түүхий эд худалдан борлуулахаар зар мэдээлэл байршуулсан этгээдийг шалгахаар заасан байдаг.

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн нэгдсэн зарын групп болох цахим сүлжээнд хориотой ан агнуур болох тарвагыг зарж борлуулахаар Dashzeveg Oyungerel гэх хаягнаас байршуулсны дагуу хяналт шалгалт хийх явцад иргэн Дашзэвэгийн Оюунгэрэлийн эгч Дашзэвэгийн Нэргүй гэх иргэн хууль бус ан болох тарвагыг цахим хаягаар зарж борлуулах, техник хэрэгслээр тээвэрлэх зөрчил гаргасан.

Зар сурталчилгааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д, “Хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд агнах, бэлтгэхийг хориглосон амьтан, ургамлын эд эрхтэн, түүхий эдийг худалдах, худалдан авах тухай зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

 Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар,  тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл агнахыг хориглодог.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаа сарын 30-ны өдрийн А/193 тоот тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон.

Зөрчилд холбогдогч Д.Н нь эдгээр хууль болон тушаалыг зөрчсөн. Түүний үйлдлийг фото зургаар баримтжуулсан бөгөөд Д.Н нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсний үндсэнд түүнд торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах туай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

3. Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй. Тухайн үед би эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэх болсон бөгөөд найз маань надад тарвага явуулахаар нь би Facebook-д зар оруулчихсан юм. Ингээд нэг хүн залгахаар нь тарвагаа авч очоод энэ байцаагчид баригдсан.

Анх удаагаа ийм зөрчил гаргасан, гэмшиж байна. Амьдрал ахуйг минь харгалзан үзэж, нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ХАМХГБОГГЗЗХУБ Б.Дгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0005322 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзэв.

2. Хариуцагч ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д- нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 00053322 тоот шийтгэлийн хуудас үйлдэж, зөрчилд холбогдогч  Д.Нг “хууль бус ан болох 1 ширхэг тарвага худалдсан” гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн нөхөн төлбөр болох 340000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. ХАПГЕПО Б.Г- нь эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан байдлын хууль зүйн үндэслэлийг шалгаад, ХАМХГБОГГЗЗХУБ Б.Дгийн 0005322 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд  ирүүлсэн.

4. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ прокурор, “Зөрчлийн материалыг шалгаж үзэхэд, зөрчилд холбогдогч Д.Н нь 2022 оны 8 дугаар сард Хэнтий аймгийн зарын нэгдсэн группд “Ганц 5Ж байна. Дундын, зарья” гэсэн мэдээлэл байршуулсан үйл баримт тогтоогдсон, харин тарвага, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйл баримт нотлогдоогүй байхад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

5. Хариуцагч ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д- нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, “зөрчилд холбогдогч Д.Н нь хориотой ан болох тарвагыг цахим сүлжээ ашиглан худалдан борлуулсныг фото гэрэл зургаар баримтжуулж, зөрчилд холбогдогч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, үүний үндсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан” хэмээн маргаж байна.

6. Гуравдагч этгээд Д.Н нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Dashzeveg Oyungerel” гэх хаягнаас Facebook дахь Хэнтий аймгийн зарын нэгдсэн группд тарвага зарах агуулга бүхий зар тавьсан, үүний мөрөөр хариуцагч Б.Дтүүнтэй уулзаж, 1 ширхэг тарвагыг хураан авсан болох нь гуравдагч этгээд Д.Н, хариуцагч Б.Днарын тайлбар, эд зүйл хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

7. Хариуцагч Б.Днь гуравдагч этгээд Д.Нн гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан” гэх заалтын дагуу шийтгэл оногдуулжээ.

8. Уг зөрчлийг нотолж байгаа баримт гэж хариуцагчийн тайлбарласан, Facebook дахь Хэнтий аймгийн зарын нэгдсэн группд тавигдсан “Gants 5ji baina. Dundiin. Zarchiii hu…” гэсэн мэдээллийн зураг, гуравдагч этгээд Д.Нн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг зэрэг нь агнуурын амьтныг  худалдсан, худалдан авсныг нотолсон баримт биш байна.

 9. Иймд гуравдагч этгээд Д.Нн гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Гуравдагч этгээд Д.Н нь тарвага /тулам/ худалдах зорилгоор цахим сулжээнд зар тавьсан ч хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагаагаар зөрчил таслан зогсоогдож, тарвагыг худалдаагүй нь зөрчлийн хэргийн материал болон хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар  тогтоогдож байгаа тул “худалдах зорилготой байсан” гэж санаа зорилгод шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

11. Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцохоор зохицуулагдсан.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан.

12. Иймээс прокурорын дүгнэлтийг хангаж, хариуцагчийн гаргасан 0005322 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2,  2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан, ХАПГЕПО Б.Г-ийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 78 тоот дүгнэлтийг хангаж, ХАМХГБОГГЗЗХУБ Б.Д-гийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0005322 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, гуравдагч этгээд  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА