Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 89

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Н.Гантулга,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оргилтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Найрамдалын Гантулгад холбогдох 201725030194 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 ээж, эгч, дүү нарын хамт Төв аймаг Эрдэнэсант 4 дүгээр баг Угалзат 5 дугаар гудамж 212 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Найрамдалын Гантулга /РД- НФ95102015/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Н.Гантулга нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Сургуулийн 36-716 тоотод нэвтрэн орж хохирогч Б.Мөнхцэцэгийг "дуугүй бай ална шүү" гэх мэтээр амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж гарыг нь гутлын үдээсээр хүлж 120,000 төгрөгний үнэ бүхий "Хуавэй" маркийн гар утас, бэлэн 6000 төгрөг, 4 ам доллар, 5000 төгрөгний үнэ бүхий малгай зэргийг дээрэмдэж нийт 140.994.84 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гантулга мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд ах, эгчийг ажилд явсаныг мэдээгүй бөгөөд гэртээ унтаж байгаад сэрэхэд үл таних эрээн өнгийн фотбулкийг толгойдоо угласан миний дээр өвдөглөөд суучихсан хүзүүний ороолтоор хоолой боох гээд, хүзүү ороочихсон байхад би сэрээдхэн бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ дуугүй бай ална шүү гэж хэлээд миний гарыг зөрүүлээд гутлын үдээсээр хүлсэн. Тэгээд намайг хүч хэрэглэх гэж хөнжлийг татахаар нь би хөлөөрөө уг залуугийн цээжин биерүү өөрөөсөө холдуулсан юм. Тэгээд намайг босгож аваад үдээстэй гаранд дээр миний цагаан өнгийн суран тэлээгээр давхарлаж партай хамт хүлчихээд миний унтаж байсан орыг бусниулаад гудасны доогуур байсан хуавэй загварын гар утсыг авахад уг утас унтарсан байсан бөгөөд уг залуу надаас гар утасны сим картны кодыг асуухаар нь би тухайн үед хэлж өгсөн юм. Тэгээд асааж үзчихээд дэлгэцний локк код байхгүй гэдгийг мэдчихээд миний гар утсанд байсан сим картыг шидчихээд намайг гарсны дараа чаддаг юм бол хүлээсээ тайлаарай гэж хэлчихээд гэрээс гараад явсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 62-63х/

Эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 64х/

Монгол банкны лавлагаа /хх-ийн 66х/

Хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 68х/

 

Гэрч Н.Гантуулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчимд байх манай дүү Гантулга нь хорооллын эцэст байрлах ломбарданд Урлаг-Эрдэнэ гэдэг хүүхдийн бичиг баримтаар Хуавэй загварын шаргал хүрээтэй, 2 симтэй гар утас байсныг 43200 төгрөг төлөөд авсан. Манай дүү хэлэхдээ миний гар утас, хугацаа нь дуусах гээд байгаа юм аа, түр авчих гэх хэлэхээр нь би авсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр надруу цагдаагийн газраас залгаад ирж уулз, гар утсыг чинь хураан авна гэхээд нь би ээж Долгоржавын хамт ирж яваад өөрийн куртикны халааснаас уг гар утсыг алдчихсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70х/

 

Гэрч Л.Урлаг-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэрт очоод бид 2 нэлээд юм яриад хөзөр тоглосон юм. Тэгэж байснаа халааснаасаа хуавэй загварын 2 симтэй, мэмори оролттой утас гаргаж ирснээ андройд цэнэглэгч байна уу гэж хэлээд манай гэрт 1 цаг цэнэглэсэн юм. Гантулга надад хандаж уг гар утас манай эгчийнх бөгөөд би ажилд нь туслаж байгаад авсан гэж хэлж байсан. тэгэж байхдаа дахиад пс тоглох болоод мөнгө байхгүй учир хуруудаж тоглоод ялагдсан нь гар утсаа ломбарданд тавьж мөнгө болгох зорилгоор хуруудсан боловч Гантулга надад ялагдаад уг гар утсаа ломбарданд тавих болсон чинь ямар ч бичиг баримтгүй сим байхгүй гэхээр нь өөрийн симээ уг гар утсанд хийгээд өөрийн бичиг баримтаа аваад хорооллын эцэст байрлах ломбарданд 10 хоногийн хугацаатай өөрийн бичиг баримтаар ломбарданд тавьсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72х/,

 

Яллагдагч Н.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сары 08 ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-ийн тойргийн орчимд PC тоглоомны газар ганцаараа хоночихоод 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө гарч яваад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын уулзвараас дээш өгсөөд явж байхад сургуулийн гудамж, гүүртэй жалгаар баруун тийш гараад 2 давхар хаустай байшингийн зүүн талынхан байшингаас нь эрэгтэй эмэгтэй 2 хүн хашааны хаалгаа цоожлоод гараад явахаар нь хашаагийн хаалганы орчмоор нь давж ороод жижиг нэг давхар цагаан өнгийн байшингийн хаалга онгорхой байхаар нь яваад ороход "том өрөөнд нэг охин унтаж байсан" юм. Би тэр үед гал тогооны өрөөнд байсан гар цүнхнийг нь уудлаад улаан өнгийн түрийвчнээс 3000-4000 төгрөг байх шиг байсан, мөн 4-5 ширхэг америк доллар зэрэг эд зүйлүүд байхаар нь түүнийг авчихаад байж байхад, зочны өрөөнд унтаж байсан, охин сэрэх шиг болохоор нь гал тогооны өрөөнд байсан хар эрээн өнгийн футболкыг гараараа нүдний зай гарахаар урж тасдаад уг футболкыг толгойдоо углаад дээр нь гарч сууж байгаад гутлын үдээсээр 2 гарыг бугалгаар нь нийлүүлж байгаад хүлж байгаад хөнжил, гудас зэргийг нь сөхөж үзэхэд гудсан доогуур нь Huawei загварын гар утас байхаар түүнийг аваад, гар утасных нь 2 симийг гэрт нь орхиод, уг эмэгтэйг араас битий дагаж гарч ирээрэй" гэж хэлээд партай 2 гарыг хүлж орхиод, гэрээс нь гарч гүйгээд хашааны хаалгыг онгойлгосон байсан болохоор гаря яваад, хайлаастын автобусны буудлаас хотруу явах автобусанд суугаад 8 шарга орж хуучин доллар байна гээд 1 ширхэгийг нь 1500 солиулаад 7000-8000 орчим төгрөг болсон юм. Тэгээд тэндээсээ Нарангийн голд байх гэрлүүгээ хариад дээрэмдэн авсан гар утсаа өөрийн эгч Гантуул барьж байгаарай буцаагаад авна шүү гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны орой Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Ар согоот орчимд нэг давхар улаан тоосгон байшинтай гадуураа улаан өнгийн модон хашаатай айлруу хашаагийн давж ороод байшингийн вакум цонхоор дотогш нэвтрэн орж, дотор нь орж цуйван идчихээд, ногоон өнгийн нимгэн куртик зэрэг эд зүйлийг авчихаад тэндээсээ гарч яваад замын эсрэг талын 2 давхар улаан өнгийн тоосгон байшингийн 2 давхрын болконоор нь явж ороод гэрийнхэн нэг давхрын жижиг өрөенд ороод унтаж байхад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны 06 цагийн орчимд гэрийнхэн эзэн болох эрэгтэй хүн орж ирээд намайг барьж аваад цагдаад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1383 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Мөнхцэцэгийн биед зүүн шуунд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 76х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Гантулга нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Сургуулийн 36-716 тоотод нэвтрэн орж хохирогч Б.Мөнхцэцэгийг "дуугүй бай ална шүү" гэх мэтээр амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж гарыг нь гутлын үдээсээр хүлж 120,000 төгрөгний үнэ бүхий "Хуавэй" маркийн гар утас, бэлэн 6000 төгрөг, 4 ам доллар, 5000 төгрөгний үнэ бүхий малгай зэргийг дээрэмдэж нийт 140.994.84 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69х/, хохирогч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63х/, гэрч Н.Гантуул /хх-ийн 69-70х/, Л.Урлаг-Эрдэнэ /хх-ийн 71-72х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гантулгын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Мөнхцэцэг нь “Надад одоо санал гомдол байхгүй. Миний хохирол бүрэн төлөгдсөн. Шүүх хуралд оролцох боломжгүй” /хх-ийн 124х/ гэх мэдүүлэг, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 68х/ зэргийг үндэслэн шүүгдэгч Н.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Гантулгад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлоо барагдуулсан зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Найрамдалын Гантулгыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Н.Гантулгад 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Гантулгын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Н.Гантулга нь 56 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар эрээн өнгийн футболк, гарыг нь ороож хүлсэн шар өнгийн үдээс, суран цагаан өнгийн тэлээ, хар өнгийн фудболкны хайчилбар зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Төв аймгийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

7. Н.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гантулгын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ