Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/62

 

 

*******од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/316  дугаар шийтгэх тогтоолтой *******од холбогдох 2034000000268 дугаартай 2 хавтас, 254 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сийлбэрчин мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2017/ШЦТ/162 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригт, СЭ81032517 дугаарын регистртэй,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цэлмэг хотхонд Б.Даваасүрэнгийн гэрт барилгын ажил хийх явцдаа барилгын багаж, эд зүйлс хулгайлж 771050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 18-ний өдрийн 2020/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтод оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтоос 90000 /ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч ЕП88032711 дугаарын регистртэй, Бэрхэт овгийн Баадайн Даваацэрэнд олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1.Ялтан ******* хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд сийлбэр болон барилгын бүх төрлийн ажилд мэргэжсэн учир хохирогч Б.Даваацэрэнтэй түүний орон сууцны барилгыг барихаар тохиролцож уг ажлыг эхэлсэн байдаг юм. Энэ гэрээ тохиролцооны дагуу хохирогч Б.Даваацэрэнгийн барилгын  газар шорооны ажлыг нь хийж дуусгаад, цалин хөлсөө авахаар удаа дараа хүсэхэд нь түүнд ямар ч ажлын хөлс мөнгө огт өгөхгүй болохоор нь арга буюу мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан учир өөрийн эрхэлж байсан зарим багаж хэрэгслийг нь түүнд хэлж мэдэгдэлгүйгээр бусдад худалдаж борлуулсанг нь *******ыг гэм буруутайд үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ялын дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлжээ.

2. Энэ хэргийн үйлдэл, хэргийн зүйлчлэл нь тохироогүй боловч аль аль зүйлийн ял нь ижил өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг учир давж заалдах шатны шүүх уг хэргийн зүйлчлэлийг зөвтгөлөө гэхэд шийтгэх тогтоолд нөлөөлөхгүй гэж ойлгож байна.

3.Өмгөөлөгч миний зүгээс ялтан ******* үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн учир шүүх хурал дээр хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгөхийг хүссэн.

4.Улсын яллагч Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 зүйлийн 1 дэх хэсгээр  хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг түүний цагдан хоригдсон 34 /гучин дөрвөн/ хоногт нь багтааж энэ өдрөөс суллахаар санал, дүгнэлт мөн гаргасан юм. Гэтэл шүүх нэг жилийн хорих ялаар шийтгэсэн нь ялтан *******ын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэлгүйгээр хорих ял ноогдуулсаныг үндэслэл муутай гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний үйлчүүлэгч *******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж 320 цагаас дээшгүй нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг цагдан хоригдсон хоногт нь багтаан суллаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Тус Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******од холбогдох хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүх шүүгдэгч *******од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримталсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж хууль хэрэглээний алдаа гаргасан болно.

Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг буруу хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Шүүгдэгчид нийтэд тустай ажилд хийлгэх ял оногдуулах нь гэм бурууд тохирно. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Баатарзоригт нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цэлмэг хотхонд Б.Даваасүрэнгийн гэрт барилгын ажил хийх явцдаа барилгын багаж, эд зүйлс хулгайлж, бусдад 771050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-шүүгдэгч *******ын: “...Надад мөнгөний хэрэг гарсан тул Даваацэрэнд хэлэхэд надад 20.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө өгсөн орой нь би багажуудыг аваад Улаанбаатар хот яваад маргааш нь “32” гэх ломбардад Аюуш ахыг гуйгаад 9 ширхэг багажийг 350000 төгрөгөөр тавьсан. Тэр орой нь цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58/,

-хохирогч Б.Даваацэрэнгийн: “...Миний барилга бариулж ашигладаг багаж тоног төхөөрөмжүүд алга болсон байсан. Алдагдсан зүйлс нь тасдагч, лазер, невлер, түрдэг хөрөө, уран хөрөө, гинжтэй хөрөө, батерай дрилл, хадаасны буу, гагнуурын аппарат, үдээсний буу, электрод, ууттай мах миний санаж байгаар эдгээр зүйлс байна. Миний сэжиглэж байгаа хүн нь Баатарзоригт, Зулаа гэх хоёр хүн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12/,

- иргэний нэхэмжлэгч Ц.Анхбаярын “миний таньдаг Аюуш гэх хүн 1 залуугийн хамт орж ирсэн. Тэр залуугийн ажил дээрээ хэрэглэдэг 9 ширхэг багажны зургийг харуулаад зармаар байна, авах уу гэж асуусан. Тэр залуу 400000 төгрөгөнд өгмөөр байна гэхээр нь авахаар болоход тэр залуугийн дансанд нь 350000 төгрөг шилжүүлж багажуудыг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- гэрч Л.Аюушийн “...Ажил хийсэн газар нь цалингаа өгөхгүй болохоор нь би урьдчилгаа хөлсөндөө багажийг нь аваад ирлээ. Үүнийг ломбардад тавиад мөнгө болгомоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явсан. Тэр хүмүүс багажны мөнгө гээд 350000 төгрөг данс руу чинь хийчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

-“ЭМ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх-ийн 21-40/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-5/, иргэний нэхэмжлэгч Ц.Анхбаярын мэдүүлэг /1хх-ийн 14-15/, гэрч Л.Аюуш, О.Эрдэнэбилэг, Х.Батсүрэн нарын мэдүүлэг /1хх-ийн 16-17, 18, 19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба тэдгээрийг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнэ “анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримталсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж хууль хэрэглээний алдаа гарсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг “шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий гомдлыг тус тус давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******оос 90000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Даваацэрэнд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн ХААН банкны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажилд хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт хугацаа 150 хоног байх ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажилд хийлгэх ялын 8 цагаар тооцож ял эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.

 Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан 1 жилийг хорих ялыг 720 цагийн нийтэд тустай ажилд хийлгэх ял болгон өөрчилж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл *******од ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, хохирогчид учруулсан хохирлыг зохих хэмжээгээр төлж, нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд шүүгдэгчийг ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт юм.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5 жил байна. Түүнээс гадна шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх заалтыг баримталсан атлаа хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны

08 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Их тавнан овгийн Цогтбаатарын Баатарзоригтыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж, өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч *******ын нийт цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, түүнийг ял эдэлж дууссанд тооцож, нэн даруй сулласугай.

4. Прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч

Ц.Раашзэвэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж, шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоолоор төлбөл зохих 90000 төгрөгийг давж заалдах шүүх хуралдаанаас өмнө хохирогч Б.Даваацэрэнд төлсөн болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

      ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

 

                                                                      Г.БОЛОРМАА