| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00456/и |
| Дугаар | 133/ШШ2018/00019 |
| Огноо | 2018-01-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2018/00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- 0 тоотод оршин суух, эмэгтэй, Ө овогт Т-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- 0 гэх газарт байрлах, Х сумын ЭМТ-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм /0865/, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х сумын **********-д 2017 оны 10 дугаар сарын 2-нд нийгмийн эрүүл мэнд, эмчлэгч их эмчээр ажилд орсон. Гэтэл Хөхморьт сумын ********** дарга Л.Б гэгч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэн намайг ажлын ямар нэгэн алдаа гаргаагүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би 2007 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд элсэн ороод 2017 онд эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд Говь-Алтай аймгийн ********** томилолтоор Говь-Алтай аймгийн Х сумын **********-д их эмчээр томилогдон очсон. Ажиллаж байх хугацаандаа энэ даргын хий гэсэн болгоныг хийж, 6 жилийн хугацаанд сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж ажилдаа алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Дарга надтай дээрэнгүй харьцдаг байсан. Мэргэжлийнхээ дагуу хүнээ үзээд стороо нээгээд хэвтүүлэх ёстой хүмүүсийг хэвтүүлэх гэхээр чи миний эсрэг зүйл хийж байна, ингэж болохгүй, надаас асууж байж хий гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би сүүлдээ тэгэх ёстой юм байлгүй гэж бодоод өөрөөс нь бүгдийг асууж хийдэг болсон. Би гэнэт үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаа их гайхаж байна. Тиймээс нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын томилолтоор манай сумын нийгмийн эрүүл мэндийн их эмч гэсэн орон тоон дээр ажилласан.Ажиллах хугацаандаа ажил мэргэжилдээ гаргасан ойр зуурын алдаа дутагдлыг дөнгөж төгсөөд ирсэн гэж бодоод өнгөрөөдөг байсан. Эмнэлгийн байгууллагад эмчилгээ үйлчилгээний стандарт гэж байдаг. Мөн шаардлагагүй хүнд гадуур стор нээсэн. Тухайн үед нь хэлж шаардлагатай буюу хэвтрийн, эсхүл цус харвалттай, хавдрын өвчтэй, шоконд орсон хүнд өвчтөнүүдэд зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хүний шахалтад орж гадуур стор нээж болохгүй гэдгийг хэлж сануулсан. Дараа нь халуурсан хүүхдэд вакцин хийж ажил мэргэжлийн хувьд алдаа дутагдал гаргасан. Энэ үед нь эелдгээр хүлээн авч өнгөрөөсөн. Их эмч учраас үзлэг оношлогоо хийх хэрэгтэй, вакцин хийхдээ үзлэгдутуу хийснээс болж тэр хүүхэд нь халуурч орой нь дуудлага өгсөн. Энэ нь байгууллагын хямралтай үед байгууллагад хохирол учруулж бензин тосны үрэгдэл гаргасан. Тухайн үед бас сануулаад орхисон. Мөн Цоохор нуур баг руу дуудлаганд явуулахад үзлэгээ дутуу хийж буруу эмчилгээ хийснийг хүртэл манай жолооч хэлж байсан. Сүүлд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагыг зөрчиж, гаж элдэв янзын байдлаар хувцасладаг, нөхөртэйгөө албан байгууллага дээр зодолдсон, албан байгууллага дээр 2-3 хоногоор орогнож, хоноглосон хувийн асуудлаа албан байгууллага дээр гаргаж, зодолдсон,хэвтэн эмчлүүлж байсан хоёр удаадаралт харвасан хүнийг Т.Д-ийн нөхөр зодсоноор даралт нь ихэссэн. Хичнээн амралтын өдөр байсан ч гэсэн ингэж болж байгаа юм гэдэг шаардлагыг өвчтөний зүгээс тавьсан. Т.Д нь ажилдаа хайнга хандсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй дотоод журамд заасан, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт шаардлагыг хангаагүй, эмчийн ёс зүйн алдаа зөрчил гаргасан. Ажил дээрээ нөхөртэйгээ зодолдож хүүхдээ хүүхдээ өвчтөн рүү шийдэж зүй бусаар авирлаж, эмч хүн гаргаж болохгүй ёс зүйн алдаа дутагдал гаргасан болох нь нотлогдсон. Байгууллагын дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1-д өвчтөн үйлчлүүлэгчдийн биед нь халдаж, өвчтөн үйлчлүүлэгчээс гомдол ирсэн нь нотлогдож, нотлох баримтаар илэрсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажил үүргийн хувьд олон алдаа дутагдал гаргасан, сумын Засаг дарга сум газар иймэрхүү байдлаар ажиллавал бүтэхгүй, сумын иргэд танай эмчийн шуугиж байхад наад хүнээ ажиллуулах боломжгүй хал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Мөн ажилчдын удирдлагын баг ажилладаг бөгөөд эрүүл мэндийн даргад зөвлөн туслах үүрэгтэй ажилладаг багаас сувилагч Тунгалаг тухайн үед жижүүрт гарч байсан. Тухайн үед нөхөр нь над руу залгаад манай эхнэр байдаггүй танай ажил тараагүй юм уугэхэд нь гэртээ байгаагаа хэлсэн, Даваадоржийн утас руу залгахад утсаа аваагүй, хүүхэд нь тухайн үед халуурч, гүйлгэж байна гэсэн. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт буюу хувь хүний ёс зүйн алдаа дутагдал, биеэ авч яваа байдлыг үндэслэсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ажлаас халах тухай үндэслэлийг хамт олны хурлын удирдлагын багаар хэлэлцэж хуралдсаны үндсэн дээр шийдвэрлэсэн. Дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан өвчтөн хэвтэн эмчлүүлэгчээс гомдол санал ирсэн нь тогтоогдож тодорхой болсон тул хууль журмынхнь дагуу ажлаас чөлөөлсөн болохоор буруу гэж үзэхгүй байна. Т.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Д нь Говь-Алтай аймгийн Х сумын **********-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаарджээ /хх-1-2/.
Х сумын **********-ийн дарга нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаалдаа Төрийн албаны тухай 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, дотоод журмын 16.1, сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5081:2013 /А/ хавсралтыг үндэслэн нийгмийн эрүүл мэндийн их эмчээр ажиллаж байсан Т.Дийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-39/.
Нэхэмжлэгч Т.Д нь Говь-Алтай аймгийн Х сумын **********-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна /хх-2/.
Түүнчлэн Т.Д нь Говь-Алтай аймгийн Х сумын **********-д нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр ажиллаж байсан болох нь Х сумын **********-ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 тоот ажилд түр томилсон, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот ажлаас чөлөөлсөн тушаалууд, 1104381 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, хариуцагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон /хх-38, 39, 16-17, 18/.
1. Ажил олгогч Х сумын **********-ийн даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Дийг нийгмийн эрүүл мэндийн их эмчийн ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэжээ.
Дээрх тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.
Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Т.Д-ийг ажилд ороод удаагүй байхдаа ажлын байран дээр гэр бүлийн хүнтэйгээ зодолдож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн ая тухыг алдагдуулж, өвчтөний биед халдсан, дуудлагаар үзлэгт явахдаа үзлэг дутуу хийж, үндэслэлгүй онош тавьж, буруу эмчилгээ хийсэн, халуурч байсан хүүхдийн үзлэг дутуу хийж вакцин хийлгэснээс сумын эрүүл мэндийн төвд дуудлага ирж бензин тосны үргүй зардал гаргасан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа гаргасан, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй, Т.Д нь хүний оронд түр томилогдон ажиллаж байсан гэж маргасан /хх-18, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Д-ийг Х сумын **********-ийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар томилсон байна /хх-38/.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д ...хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгнө гэж, мөн хуулийн 24.3-т ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй гэсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч буюу хариуцагч ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна... гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой.
Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан зохицуулалтыг хариуцагч зөрчиж, улмаар нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр Т.Дийг түр хугацаагаар томилж, ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 40.1.2-т заасныг үндэслэн Т.Дийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байх тул энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд нь ажилтан буруугүй болно.
Түүнчлэн ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй, ажлын байранд гэр бүлийн хүнтэйгээ зодолдож танхайрсан, түр хугацаагаар хүний оронд ажиллаж байсан гэж тайлбарлаж байх боловч нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр ажиллаж байгаа Т.Д нь ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоогдсон болох нь, Т.Дийг ур чадварын хувьд тэнцэхгүй гэх шийдвэр, дүгнэлт гарсан болох нь, тухайн ажлын байранд өөр хүн ажиллаж байгаад нэхэмжлэгч түр томилогдсон талаарх үндэслэл тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр ажиллаж байгаа Т.Дтой тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг батлаагүй, ажилтанд тухайн албан тушаал дээр хийвэл зохих ажил үүргийг танилцуулаагүй атлаа уг ажилтны мэргэжлийн мэдлэг, түүнийгээ хэрэглэх ур чадвар дутуугаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж чадахгүй байна гэж үзвэл зохих журмаар тогтоосон өөрөөр хэлбэл ажилтаны энэ байдлын талаарх салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан байх шаардлагатай байжээ.
Х сумын **********-ийн албан хаагчдын дүгнэлт гаргах тухай гэх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот албан бичгийг ирүүлсэн боловч уг дүгнэлтэнд гарын үсэг зурсан дарга, лаборант бага эмч, вакцинатор сувилагч, сувилагч гэх хүмүүс дүгнэлт гаргах эрхтэй эсэх, уг үнэлгээ дүгнэлтийг хэрхэн яаж гаргасан болох нь тодорхойгүй, ямар хурлаар хэлэлцсэн болох нь, хурлын тэмдэглэл зэрэг баримт хэрэгт авагдаагүй, эмнэлгийн мэргэжилтний ажил үүргийн талаар дүгнэлт гаргах эрх, үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй болно /хх-19/.
Мөн ажил олгогч нэхэмжлэгч Т.Дийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үзсэн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Ажил олгогчийн ажилтаныг томилж, чөлөөлсөн тушаалд Т.Дийг нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчээр томилсон байх боловч ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн хүний нөөцийн доод хязгаар А хавсралтад нийт 30 ажлын байрны нэр тусгагдсан байх бөгөөд 3-рт нь нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь олон нийттэй харилцах ажилтан гэж тусгасан байх тул нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмч үзлэг оношлогоо хийх ажил үүргийн хуваарьтай болох нь нотлогдохгүй, хариуцагчийн зүгээс ажилтаны ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаагүй болно.
Хариуцагч талаас эмчлүүлэгч Б.Цолмон гэж гарын үсэг зурсан нэг хуудас гараар бичсэн баримтыг хариу тайлбартаа хавсаргаж ирүүлсэн байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-20/.
2. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаалдаа дотоод журмын 16.1, Сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS5081:2013 /А/ хавсралтыг үндэслэл болгосон байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дотоод журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, баталсан тухай тэмдэглэл, байгууллагын тамга тэмдэг байхгүй, хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ болох нь, хамт олны хурлаар хэлэлцсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-41-57/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж, мөн хуулийн 130.2-т хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж тус тус заасан бөгөөд дээрх дотоод журмын сүүлийн хуудсанд боловсруулсан эрүүл мэндийн төвийн дарга Ж.Баярцэцэг гэж гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй /хх-57/.
Хариуцагчийн төлөөлөгч нь байгууллагын дотоод журам түүнийг баталсан хамт олны хурлын тэмдэглэлийг гаргах талаар шаардлага гаргаагүй учир авчираагүй, өөрт байсан дотоод журмын гаргасан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Т.Дийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргуулах тухай шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШЗ2018/00042 дугаартай захирамж гарсан боловч хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал, 2018-01-10 олгосон баримт гээд дээр нь Говь-Алтай аймаг хөхморьт сумын эмнэлэг санхүү гэх тэмдэг дарсан баримт, нотлох баримтын шаардлага хангаагүй дотоод журам гэх баримтуудыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрын тодорхойлолтыг батлаагүй болохыг хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарласан /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө хариуцлага хүлээдэг бол сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал бөгөөд зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл байх боловч зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан байхыг, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч юм. Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтаны хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болохоор байна. Тиймээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтны ажлын байр өөрчлөгдөх тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нэгэн адил өөрчлөгддөг тул өмнөх хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, шинэ ажлын байранд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулагдах учиртай.
Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/05 тоот тушаал тул уг тушаалын үндэслэл болсон тухайн албан тушаал, ажил дээр хийвэл зохих ажил үүргийг бүрэн эрхлэн биелүүлэхэд ажилтан Т.Дийн мэргэжлийн мэдлэг, түүнийгээ хэрэглэх ур чадвар хүрэхгүйгээс ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж чадахгүй байгааг тухайн байгууллагын албан тушаалтны ажиглалт, шалгалтаар тогтоохгүй атал мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэгч Т.Дийг ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор тус тус заасан боловч ажилтан Т.Д нь дундаж цалин тооцох 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул ажилд томилсон 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн 17-ны өдөр хүртэлх хугацаанд авсан цалин, хөлсийг нийт ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тогтоосон болно.
Нэхэмжлэгч Т.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1104381 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр авсан байх бөгөөд дэвтрийн 2 дугаар хуудсанд 2017 оны 11 дүгээр сард 304.669 төгрөгийн бичилт хийгдсэн, нэхэмжлэгч Т.Дийн ажилласан хугацааны цалинг 2017 оны 11 дүгээр сард олгосон талаар талууд тайлбарлаж байх тул тухайн хугацаанд авсан цалин, хөлсийг нийт ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тооцоход 304.669 : 12 хоног = 25.389 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч Т.Дийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажлын 60 өдрөөр тооцож олговорт 1.523.340 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй... гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр, 4.1.4-д Шинэ жилийн өдөр 1 дүгээр сарын 1-ний өдөр зэрэг дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.
Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Х сумын **********-д даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39.323 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө овогт Т-ийн Д-ийг Х сумын **********-ийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Х сумын ЭМТ-өөснэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 60 хоногийн олговорт 1.523.340 /нэг сая таван зуун хорин гурван мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39.323 /гучин есөн мянга гурван зуун хорин гурван/ төгрөгийг хариуцагч Х сумын ЭМТ-өөсгаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ