Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б. Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Н-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Х овогт Б.Н /РД:**************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг ******** гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.0718 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, улмаар өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Зил-131 загварын автомашинаар тус сумын ** дугаар багт байх өөрийн хашаа руу тээвэрлэсний улмаас байгаль экологид 6.232.027 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Н-н улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг *******  гэх нэртэй газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6.0718 м.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай Зил-131 загварын автомашинаар тус сумын 5 дугаар багт байх өөрийн хашаа руу тээвэрлэсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-13 дахь тал),

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл эд хөрөнгө хураана авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 18-24 дахь тал),

Өндөрхангай сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/107 дугаартай Мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай захирамж, /ХХ-29-31 хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг ******* нэртэй газарт 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хэрэгцээ, түлш мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд олгосон. Тухайн *******нэртэй газраас мод бэлтгэх эрхийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл  5 хоногоор сунгаж, иргэдэд эрхийн бичиг олгосон. Мод бэлтгэх эрхийн бичиг дээрх хугацаа дууссан тохиолдолд мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүй болдог ба хүчингүй болсон мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Б.Н нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутаг ******* нэртэй газраас түлшний зориулалтай модыг 2024 он оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны хооронд бэлтгэж, 2024 оны 10 дугаар сарын 18-аас 19-ний өдрийн хооронд тээвэрлэж авах мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч 2024 оны 10 өдрийн 10 дугаар сарын 31-ний өдөр мод бэлтгэж, тээвэрлэж хууль зөрчсөн үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 53 дахь тал),

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар баг ******* нэртэй газарт очиж мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн ******** улсын дугаартай автомашинд бэлтгэсэн модоо ачиж Өндөрхангай сумын 5 дугаар баг буюу сумын төв рүү явж байх замдаа Б.Н ахтай тааралдсан ба Н ах надтай ижил ******* нэртэй газраас мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн ******** улсын дугаартай автомашинд ачиж сумын төв рүү явж байсан. Б.Нах бид хоёр тус тусын мод ачсан автомашинтай Өндөрхангай сумын төвд явж байгаад цагдаагийн алба хаагчтай тааралдаж, мод бэлтгэх эрхийн бичиг шалгуулсан. Б.Н ах Өндөрхангай сумын ******* нэртэй газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуурай шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн ******** улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ойн тухай хуульд иргэд ойгоос жил бүрийн 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэх ёстой байдаг. Энэ жилийн хувьд зуны улиралд сумын 100 жилийн ой тохиосон мөн орон нутгийн сонгуультай холбоотой иргэд түлшний модоо бэлдэж авч чадаагүй байсан бөгөөд манай сумын иргэд түлшний мод бэлтгэх хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан бөгөөд Өндөрхангай сумын засаг дарга Г.Т захирамж гаргаж 2024 оны 10 дугаар сарын 14-өөс 21-ний өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд иргэд зөвхөн түлшний зориулалтаар ойгоос мод бэлтгэх захирамж гаргасан. Уг захирамж гарсны дагуу манай сумын иргэд 7 хоногийн хугацаанд түлшний мод бэлтгэж эхэлсэн бөгөөд надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан ба би эрхийн бичгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл олгож, 10 дугаар сарын 21-ний өдөр ойгоос мод бэлтгэл зогссон юм. Б.Н нь өмнө нь авсан мод бэлтгэх 2***** дугаарын эрхийн бичигт ямар нэгэн сунгалт хийлгээгүй, мод бэлтгэх эрхийн хугацаа дууссаны дараа надтай уулзаж “Өмнө нь авсан бичгээрээ мод бэлтгэж болох уу?” гэж асуухаар нь би түүнд хандаж “Болохгүй, мод бэлтгэх хугацаа дууссан шүү” гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Гэрч Э.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг сумын төв рүү орох зам буюу зүүн гүүрний орчимд дэд ахлагч А.А-н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд 21:00 цагийн орчимд сумын төвийн ар талын гүүрнээс ертөнцийн зүгээр хойд зүгээс 3 автомашины гэрэл гарч ирж байсан бөгөөд тухайн автомашинуудыг зогсоож шалгахад ЗИЛ-131 загварын автомашинууд түлшний мод ачсан байдалтай сумын төв рүү орж ирж байсан. Тухайн автомашинуудыг манай сумын жолооч Б.Д, Б.Н, Д.Б нар жолоодож явсан. Ингээд тухайн жолооч нараас мод бэлтгэх эрхийн бичгийг асууж шалгахад Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан боловч мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь дуусчихсан байсан. Б.Н нь мөн ЗИЛ-131 маркийн ******улсын дугаартай автомашинтай явсан. Ингээд дэд ахлагч А.А бид хоёр тухайн хүмүүсийг цагдаагийн хэсэг дээр авч ирж жижүүрийн 7045102 дугаарын утсанд дуудлага өгч бүртгэлд оруулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай “*******гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарна. Шинэс нэртэй шилмүүст төрлийн 6.0718 м.куб хэрэглээний мод байна. Тухайн модыг бэлтгэж, тээвэрлэх явцад зөрчил илэрсэн бөгөөд мод бэлтгэсэн талбайд үзлэг хийсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлтгэсэн байна. Уг мод хуурай мод. Уг 6.0718 м.куб мод нь байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалаар баталсан 1 шоо метр модны үнэлгээгээр бодож 6.232.027 төгрөг болно”  гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-78 дахь тал),

Шүүгдэгч Б.Н байцаалтын шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хугацаанд 16 м/куб түлшний мод бэлтгэх 2****** дугаартай эрхийн бичиг авч, 2024 оны 10 дугаар сарын 18-нд 8 м/куб модоо бэлтгэж хашаандаа буулгасан. Ууланд цас   орсон учраас үлдэгдэл 8 м/куб модоо бэлтгэж авч чадахгүй байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа модоо бэлтгэж, Г.П, Д.Б, Б.Д нарыг гуйж машиндаа ачуулж авсан. Уг мод нь хуурай түлшний зориулалттай боловч машинд ачиж болох хэмжээгээр буюу 2 метр урттай тайрч машинд ачсан. Мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан гэдгийг мэдэж байсан. Ойн санд учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэхээр хуульд заасан байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-т “Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн  бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” хэмээн хууль тогтоогч хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Н нь 2024 оны 10 дугаар сарын 17-оос 18-ны өдрийн хооронд 16 метр3 түлшний мод бэлтгэх зөвшөөрөл авсан атлаа 2024 оны 10 дугаар сарын 31-нд 6.0718 мхэрэглээний, хуурай шинэс мод бэлтгэсэн үйлдэл зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэдэгт хамаарна.

Зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Б.Н-н эрх бүхий байгууллагаас 16 м3 түлшний мод бэлтгэх зөвшөөрөл авсан атлаа тухайн эрхийн бичигт заагдсан хугацааг хэтрүүлж, уг газраасаа 6.0718 мхэрэглээний, хуурай шинэс мод бэлтгэсэн, Өндөрхангай сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн бол” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Н-н хууль бусаар мод бэлтгэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын 3 дугаар багийн нутагт хамаарах ******* гэх нэртэй газар нь Хан Хөхийн нуруунд хамаарч байна.

Улсын Их хурлын 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Хан Хөхийн нурууг Байгалийн цогцолборт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан тул ******* гэх нэртэй газрыг Улсын тусгай хамгаалалттай газар гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Н-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр  шүүгдэгч Б.Н-н бэлтгэсэн 6.0718 м/куб хэрэглээний, хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 6,232,027 төгрөг болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Н-н ойн санд учруулсан бодит хохирол болох 6,232,027 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 18,696,081 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээс хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авч 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Байгаль орчин-уур амьсгалын сан”-ийн 100900013040 тоот дансанд 5,000,000 төгрөгийг “Б.Н-с ОЗ81010471” гэх утгаар шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 1 ширхэг баримт, мөн  Өндөрхангай сумын Байгаль орчин бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.А-той 3 жилийн хугацаанд 13,696,081 төгрөгийг төлж барагдуулахаар “Хохирол нөхөн барагдуулах гэрээ” байгуулан шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь Байгаль орчин-Уур амьсгалын санд 5,000,000 төгрөг төлсөн болохыг, үлдэх 13,696,081 (арван гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга наян нэг) төгрөгийг Байгаль орчин-Уур амьсгалын санд 3 /гурав/ жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, энэхүү үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно

2. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан “Зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал )-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Н-н зан төлөвийн талаар: Гэрч С.Б-н өгсөн: “Б.Н 2000-2001 онд Ховдын Үенчийн 0130 дугаар ангид цэргийн алба хаасан ба хань ижил, үр хүүхдүүдээ халамжтай, ах, дүү нарын дунд нэр хүндтэй, хөдөлмөрч төлөв даруу, зөв боловсон харилцаатай, элдэв муу зуршилгүй, хааяа архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэдэг. Өвлийн улиралд мал маллаж, зав чөлөөгөөрөө гэрийн эд хогшил тавилга хийж хааяа боломж олдвол ЗИЛ-131 маркийн автомашинаараа модны тээвэр хийдэг” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн 67 дахь тал), Гэрч Г.Б-н өгсөн: “Б.Н хань ижил, үр хүүхдүүдээ халамжтай, ах, дүү нарын дунд нэр хүндтэй, хөдөлмөрч төлөв даруу, зөв боловсон харилцаатай, элдэв муу зуршилгүй, хааяа архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэдэг Өвлийн улиралд мал маллаж, зав чөлөөгөөрөө гэрийн эд хогшил тавилга хийж хааяа боломж олдвол ЗИЛ-131 маркийн автомашинаараа модны тээвэр хийдэг” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн 69 дэх тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Н-н хууль бусаар бэлтгэсэн 6.0718 метр.куб шинэс мод, уг модыг бэлтгэхэд ашигласан хөрөө, мод тээвэрлэсэн авто машин нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарч байна.

Шинжээч А.Т-н 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр  шүүгдэгч Б.Н-н бэлтгэсэн 6.0718 м/куб хэрэглээний, хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 6,232,027 төгрөг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н-н хууль бусаар бэлтгэсэн мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болох ******улсын дугаартай, 1983 онд үйлдвэрлэгдсэн, 2002 онд  монгол орж ирсэн Зил-131 маркийн авто машин нь 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн үнэтэй, дружба хөрөө нь 75,000 /далан таван мянга/ төгрөгийн үнэтэй бөгөөд шүүгдэгчийн өөрийнхөн өмч болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 5-т  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Н-н хууль бусаар бэлтгэсэн 6,232,027 төгрөгийн үнэ бүхий 6.0718 метр.куб хэрэглээний шинэс модыг, шүүгдэгчийн өмчлөлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ******улсын дугаартай, Зил-131 маркийн авто машиныг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75,000 төгрөгийн үнэ бүхий дружба хөрөөг тус тус хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл  мод, авто машин битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн ********** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хэрэгт хавсаргасан үлдэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Н-д 2 (хоёр) жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Б.Н-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Н нь хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Б.Н-с гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 13,696,081 (арван гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга наян нэг) төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, энэхүү үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг хэрэгт хавсаргасан үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-н хууль бусаар бэлтгэсэн 6,232,027 төгрөгийн үнэ бүхий 6.0718 м.куб, 181 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-131 маркийн ******улсын дугаартай 1,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75,000 төгрөгийн үнэ бүхий дружба /цахилгаан/ хөрөөг тус тус хурааж ойн санд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын орлогод оруулж,  Зил-131 маркийн ******улсын дугаартай автомашин, 6.0718 м.куб мод битүүмжилсэн тогтоолуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ГАНСҮХ