Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/00570

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Б.Бямбасүрэн, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,Баян-Өндөр сум,*******-д холбогдох

Гэм хорын хохирол 538 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 10 дугаар сарын 18-нд 80 38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь осол гаргасан. Нийт 538 000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 11 цаг 30 минутын үед эхнэрийн хамт Зээлийн эцэс 2-65 тоотоос гарч Город орох гэж яваад Зээлийн сургуулийн хажуугийн зам дээр халтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гаргасан. 4 машин байсан түүний эсрэг урсгалд сөрж зогссон байсан Приус маркийн цагаан өнгийн автомашины урдаас гулгаж очиж мөргөсөн. Уг машинаас бултах ямар ч боломж байгаагүй. Уг машинаас зугтахаар эсрэг урсгалд орж урсгалдаа зогсож байсан 2 машиныг мөргөх учраас урсгал сөрж мөргөхөөс зугтах боломжгүй байсан. Өөрийн урсгал руу дарсан боловч бордиур тулаад гулгаад болохгүй байсан. Эсрэг талруугаа зугтаах гэхээр далан байсан. Осол гарахад цас орсон зам гулгаа ихтэй үзэгдэх орчин муу болоод замын уруу байсан тууз татсан гээд байгаа боловч хялмаанд сайн харагдахааргүй гялгар уут байсан. Ослын дараа дуудлага өгсөн боловч 1 цаг 30 минутын

2.

дараа 2 замын цагдаа ирсэн. Уг ослыг хараад асуудал тодорхой байна. Приусын жолооч таны буруу байна. Та урсгал сөрж зогссон, мөн эсрэг урсгалд байна, хөдөлгөөн хийхэд таны машин саад учруулсан байна гэсэн. Тэгээд тэр жолооч за ахаа би машинаа аваачиж тавьчихаад үнэлгээний газар очьё гэж тохиролцсон. Орой нь залгаад утсаа авахгүй. Маргааш нь дахин залгахад цагдаа найзаасаа асуусан чинь юу гэж чиний буруу байдаг юм гэсэн би төлөхгүй гэсэн.Үүний дараа замын цагдаагийн байцаагч дээр очсон. Энэ хүн чинь төлөхгүй гээд байна гэхэд чи тэрийг төлөөд хохиролгүй болгочихооч гэхээр нь би чадахгүй яагаад та нар ингэж байгаа юм. Тийм бол та нар дуудлага өгөөд бүтэн 1 цаг 30 минутын дараа ирээд хэмжилт хийгээгүй ослын зураг аваагүй, шалгаж үзээгүй байж ингэж болохгүй шүү дээ гэсэн. ...Ажлаа тарсаны дараа уг осол болсон газар ирж хэмжилт хийхэд нь харж зогсож байсан. Наад зураг хэмжилт чинь хэний талд ямар учраас буруу болж байна гэхэд би мэдэхгүй шинжээч дүгнэлт гаргана гэсэн. Дараа нь дүгнэлт миний буруу гэж гарсаныг би хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохирол 538 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн *******ын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Тоёота чазер маркийн 8038 ОРО улсын дугаартай авто машин, Тоёота приус 8415 ОРХ улсын дугаартай авто машинууд нь мөргөлдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 5-15 дугаар хуудас дахь зөрчлийг хянан шалгасан тухай хариу мэдэгдсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт, зөрчлийн талаар асууж авсан тайлбар тэмдэглэл, ******* дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, авто техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ, захиргааны шийтгэл ногдуулсан тухай шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...цагдаа ирээд уг ослыг хараад асуудал тодорхой байна. Приусын жолооч таны буруу байна. Та урсгал сөрж зогссон, мөн эсрэг урсгалд байна, хөдөлгөөн хийхэд таны машин саад учруулсан байна гэж хэлсэн... тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг

3.

арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Тиймээс нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар гэм хорын хохиролыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Хариуцагч гэм буруугийн талаар өөрийгөө буруугүй гэж мэтгэлцэж байх боловч, хэрэгт ******* дахь Замын цагдаагийн тасгаас гаргасан: Тоёота чазер маркийн 8038 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэсэн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт ирсэн байх ба энэ дүгнэлтээр *******ыг буруутай гэж тогтоожээ.

Түүнчлэн *******: тухайн үед би зогсож байсан машиныг мөргөсөн нь миний буруу гэж хэлсэн, салхи шуургатай, зам гялбаатай байсан, тууз татсан байсан, туузан доогуур нь гулгаад орсон нь үнэн, нэхэмжлэгчийн машиныг гулгаж очоод мөргөсөн... гэсэн тайлбар, Замын цагдаагийн тасгаас гаргасан дүгнэлт зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч ******* нь замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан явах, мөн жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн ...цагдаа ирээд уг ослыг хараад асуудал тодорхой байна. Приусын жолооч таны буруу байна. Та урсгал сөрж зогссон, мөн эсрэг урсгалд байна, хөдөлгөөн хийхэд таны машин саад учруулсан гэж хэлсэн гэсэн... татгалзал үндэслэлгүй байх ба энэ нь Замын цагдаагийн тасгаас гаргасан дүгнэлт, осол гаргаад зогсож байсан машиныг татсан туузыг нэвтэрч мөргөсөн гэсэн зохигчдын тайлбаруудаар няцаагдсан гэж үзнэ.

*******т Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх 19 200 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч машинд учирсан эвдрэл хохиролыг Ашид билгүүн ХХК нь 538 000 төгрөгөөр тогтоосон ба, хариуцагч нь осол гарахад өөрийн буруугүй гэдгийг нотолж чадаагүй тул авто машины эвдрэл хохиролыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

4.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 538 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 16 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

 

Л.АРИУНЦЭЦЭГ