Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2019/00655

 

 

 

 

2019 07 24 155/ШШ2019/00655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Д ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХТӨХК-д холбогдох,түрээсийн гэрээний үүрэгт 23.863.000 /хорин гурван сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Хиад овогт Б.Г /НГ74050860/, хариуцагчийн төлөөлөгч Цоохор овогт Д.Л /РЮ….........../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ханбүргэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК-ний захирал Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....Д ХХК нь ХТӨХК-тай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр № 1819 тоот гэрээ байгуулж, 7 дугаар багт байрлалтай ус дулаан дамжуулах төвийг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ХТӨХК нь 1, 2, 3, 4, 5, 9, 10,11, 12 саруудад дулааны төлбөр болох 33.149.014 төгрөгийг айл өрх, аж ахуйн нэгжээс нэхэмжилж авах үүрэгтэй бөгөөд үүнээс 23.170.000 төгрөгийг Д ХХК-д өгөх үүгийг гэрээгээр хүлээсэн.

ХТӨХК-аас нэмэгдэл зардал гараагүй бөгөөд түгээх бүх зардлыг Д ХХК хариуцаж ажилласан. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргээ Хөвсгөл ХТӨХК биелүүлээгүй учир гэрээний дагуу түрээсийн төлбөр 23.170.000 төгрөг, сар бүр өгөх ёстой түрээсийн төлбөрийн алданги 693.000 төгрөг, бүгд 23.863.000 төгрөгийг ХТӨХК-аас өгнө үү гэжээ.

Хариуцагч ХТӨХК-ний захирал Ч.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:....Д ХХК-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Хтөрийн өмчит хувьцаат компанийн захирал асан Б.М нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн гудамжинд байрлах Ус дулаан дамжуулах төвийг түрээсээр ашиглах гэрээг Д ХХК-тай байгуулсан нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно заалтыг зөрчин өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Энэхүү байгуулсан гэрээ нь Д ХХК-ийн эрх ашгийг илүү хамгаалсан ашиг сонирхлыг зөрчилтэй гэрээ болсон тул цуцлах талаар компанийн зүгээс албан бичиг хүргүүлж, утсаар мэдэгдсэн боловч өдий хүртэл хариу ирүүлээгүй байна.

Тус компанитай байгуулсан 18/19 дугаартай гэрээний 3.1-д олсон ашгаас 70 хувийг түрээслүүлэгч, 30 хувийг түрээслэгч тал авахаар заасан бөгөөд ХТӨХК нь 2018 оноос 2019 оны халаалтын улиралд тухайн Ус дулаан дамжуулах төвөөр дамжуулан хэрэглэгчдэд дулаан түгээж 14.933.887 төгрөгийн алдагдал хүлээсэн тул Д ХХК-ийн 23.863.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...ХТӨХК нь Д ХХК-ны дулаан дамжуулах төвөөр дамжуулан 18 айл өрх, аж ахуй нэгжид дулаан түгээхээр түрээсийн гэрээг байгуулсан.Гэрээний дагуу олсон орлогын 70 %-г түрээслүүлэгчид өгөхөөр тохирсон. Тухайн жил 33.149.014 төгрөгийн  орлого орсон ба түүний 70 %, мөн алданги нийт 23.863.000 төгрөгийг гэрээний үүрэгт нэхэмжилсэн. Энэ нь 2018 оны 9.10.11.12, 2019 оны 1.2.3.4.5 сарын дулааны орлогоос юм.

ХТӨХК нь цахилгааны төлбөр, цалин, хөлс, засвар үйлчилгээ, бусад урсгал засварын төлбөрийг огт гаргаагүй. Хавтаст хэрэгт энэ талаар баримт  байхгүй. Ийм байхад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээр барахгүй гэрээ хийснээс хойш төлбөр төлөөгүй байдаг.Нэгэнт энэ компани алдагдалд орж, ХТӨХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа тул 23.863.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Хариуцагчийн хариу тайлбарт гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байгуулсан. Мөн байгууллагад алдагдалтай гэрээ байгуулсан тул мөнгийг өгөхгүй гэсэн байсан. Би ойлгохдоо М гуайг ДХХК-тай холбож яриад тэгж байх шиг байна. М гуайн хүү тус компанийн захирлаар ажиллаж байсан нь үнэн боловч гэрээ байгуулах үед ажил албан тушаалаа Бямбацэрэн гэж хүнд хүлээлгэн өгч эрхээ шилжүүлсэн байсан. Энэ нь хэрэгт гаргаж өгсөн баримтаас харагдах юм.Улсын бүртгэлд эрх шилжүүлэх тухай албан тоотыг Д-с-оос 2017 оны 12 сард гаргасан байхад Улсын бүртгэл 2018 оны 7 сард бүртгэсэн нь Д-с-оос шалтгаалаагүй. Тэгээд ч аливаа хүсэлтийг тэр дор шийдээд өгчихдөг газар одоо бараг байхгүй. Үүнээс үзэхэд ямар ч хамааралгүй хүнийг Мтай хамааруулж, Д ХХК-ний мөнгийг өгөхгүй алдагдалд оруулж байна. Нэр бүхий айл өрх, аж ахуй нэгжээс дулааны төлбөрийг цаг тухайд нь ХТӨХК нь авч байсан нь тодорхой байна. Иймд гэрээнд заасан 70%-ийг өгөхгүй гэх үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байна.гэрээнд хэдийгээр ашиг гэсэн байгаа боловч нэхэмжлэгч тал үүнийг орсон орлогын 70 % гэж ойлгож гэрээ хийсэн гэж тайлбарладаг. Алдангийн хувьд төлөөгүй мөнгөн дүнгээс алданги тооцоод 693.000 төгрөг, 33.149.014 төгрөгийн орлого олсон нь үнэн тул түүний 70 % болох 23.170.000 төгрөг, нийт 23.863.000 төгрөгийг нэхэмжилсэн гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... Нэхэмжлэл дээр хэдэн оны хэдэн сарын дулааны төлбөрийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. 1-5, 9, 10, 11, 12 гээд оныг нь бичээгүй байгаа. Манайх 2018 оны 9, 10, 11, 12 сар, 2019 оны 1, 2, 3, 4, 5 сар болов уу гэж бодоод хариу тайлбараа өгсөн. М дарга Д ХХК-ны захирлаар ажиллаж байгаад дараа нь өөрийн хүүд шилжүүлсэн байдаг. Тэгээд ч уг компанийн үүсгэн байгуулагч нь М юм. Хүү нь 2018 оны 07 сард эрхээ Бямбацэрэн гэж хүнд шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.Гэтэл гэрээг 2018 оны 3 сард байгуулсан байдаг.Гэрээ байгуулах үед эрх шилжигдээгүй байна.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 9, 10, 11, 12 сар, 2019 оны 1, 2, 3, 4, 5 сарын мөнгийг авна гэж тайлбарлаад байгаа гэж ойлгож байна. Аймгийн хэмжээнд дулаан дахин дамжуулах төв 13 байдаг.Үүн дээр Д нэмэгдээд 14 болж байгаа. Дулааны станцаас гарсан дулаан, дулаан дамжуулах төвөөр дамжиж хэрэглэгчдэд очдог.Дулаан дамжуулан төвөөс дулаан авч байгаа айл өрх, аж ахуй нэгжүүд дотор төрийн байгууллага заавал байх ёстой.Үгүй бол алдагдалд ордог.Учир нь айл өрх, аж ахуй нэгжийн дулааны төлбөрийн хэмжээ нь төрийн байгууллагаас хамаагүй бага байдаг. Тэгэхээр тухайн дулаан дамжуулах төвөөс авч байгаа 18 айл өрхөд ядаж 1 төрийн байгууллага байвал алдагдалгүй байх байсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын дулаан үнэ өндөр байдаг тул алдагдлаа түүнээс нөхдөг.Харин төрийн байгууллага байхгүй тохиолдолд алдагдалтай ажилладаг байгаа. Мөн М дарга байхдаа гэрээ хийгээд явсан болохоор ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. М дарга хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө ДХХК-нийг огт мэдэхгүй гэсэн байгаа.М дарга нь ДХХК-ийг үүсгэн байгуулаад хүүхдээ өгсөн байж ДХХК-ийг мэдэхгүй гэж худлаа ярьсан. Өөрийн хүүхэдтэй нь хамааралтай компанитай гэрээ байгуулсан байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж үзэж байна. 1 сард өгсөн тоотыг удлаа удлаа гэхэд 7 сард Улсын бүртгэл шийднэ гэж байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч илт үнэмшилгүй Улсын бүртгэлийн алдаанаас болоод 2017 оны 12 сард гаргасан эрх шилжүүлэх тухай хүсэлтийн Улсын бүртгэл 7 сард бүртгэсэн гэж ойлгогдохоор ярьж байна. Гэрээнээс үзэхэд ХТӨХК-д илт хохиролтой гэрээ байгуулсан байдаг. Ашгийн 70 хувийг ДХХК аваад, 30 хувийг ХТӨХК  авахаар хийсэн байдлаас энэ байдал тод харагдах юм. Ашиг сонирхол байлаа гэхэд 50, 50 хувиар гэрээ хийх боломжтой байсан. Үүнийг шалгуулах гээд авилгатай тэмцэх газарт бид өгсөн. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа гэсэн. Гэхдээ бидэнд одоогоор энэ талаар хэрэгт гаргаж өгсөн баримт байхгүй. Гэрээний дагуу ашиг олох нь битгий хэл алдагдал гарсан. Өөрөөр хэлбэл тухайн төвөөр дамжуулан 18 айл өрх аж ахуй нэгжид дулаан түгээж 33.149.014 төгрөгийн орлого орсон боловч түүнээс зарлагаа хасахад 14.933.887 төгрөгийн алдагдал гарсан байгаа.Тэгээд ч гэрээнд олсон ашгийн 70% гэснээс орлогоос гээгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч ХТӨХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 23.863.000 /хорин гурван сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018-2019 оны халаалтын улиралд ХТӨХК нь тус төвөөр дамжуулан айл өрх, аж ахуй нэгжид түгээсэн дулааны төлбөрт 33.149.014 төгрөгийг авсан байх тул гэрээнд заасан ёсоор түүний 70% болох 23.170.000 төгрөгийг Д ХХК-нд өгөх ёстой.Иймд ХТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түрээсийн төлбөр 23.170.000 төгрөг, алданги 693.000 төгрөг, нийт 23.863.000 төгрөгийг гаргуулж авна гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлээ 2018-2019 оны халаалтын улиралд тухайн ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан хэрэглэгчдэд дулаан түгээж дулааны төлбөрт 33.149.014 төгрөгийг авсан боловч түүнээс зарлагаа хасахаар 14.933.887 төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг.Гэрээнд олсон ашгаас 70%-ийг түрээслүүлэгчид өгнө гэж заасан болохоос олсон орлогоос гэж заагаагүй.Иймд нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэг авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ХТӨХК нь Д ХХК-тай Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ нэртэй гэрээг бичгээр байгуулжээ.

Ингэснээр ХТӨХК нь 2018-2019 оны халаалтын улиралд тухайн ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан айл өрх, аж ахуй нэгжид дулаан түгээж гарсан зардлуудыг түрээслэгч бүрэн хариуцаж, олсон ашгаас 70%-ийг түрээслүүлэгч, 30%-ийг түрээслэгч тал авахаар тохиржээ.

ХТӨХК нь 2018-2019 оны халаалтын улиралд тухайн ус, дулаан дамжуулах төвөөр дамжуулан айл өрх, аж ахуй нэгжид дулаан түгээж дулааны төлбөрт 33.149.014 төгрөгийн орлого олсон гэх ба талууд энэ талаар хэн аль нь маргаагүй.

Харин 33.149.014 төгрөгийн орлогоос зарлагаа хасахад 14.933.887 төгрөгийн алдагдал гарсан.Гэрээнд олсон ашгийн 70 % гэснээс орсон орлогын 70 % гээгүй.Ашиг олоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж хариуцагч тал маргаж байх ба хэрэгт авагдсан баримтаар ХТӨХК нь 2018-2019 оны халаалтын улиралд тус төвөөр дамжуулан айл өрх, аж ахуй нэгжид дулаан түгээж 33.149.014 төгрөгийн ашиг олсон болох нь нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Д ХХК-ний нэхэмжлэлтэй, ХТӨХК-нд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт нийт 23.863.000 /хорин гурван сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-г нэг талаас ХТӨХК-нийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.М, нөгөө талаас Д ХХК-нийг төлөөлж Б.Бнар нь бичгээр байгуулсан.

Гэтэл хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/908 дугаартай лавлагаагаас үзэхэд М овогтой Лхагвасүрэнгээс Бэгзмаа овогтой Бямбацэрэнд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эрх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.265/ хоёр зуун далан долоон мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч ХТӨХК-нд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт нийт 23.863.000 /хорин гурван сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.265/ хоёр зуун далан долоон мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ