Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/03237

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/03237

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:О.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Ч.Б холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.160.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч6Б нь хувийн хэрэгцээнд мөнгө шаардлагатай болоод байна, удахгүй өгнө гээд удаа дараа гуйгаад байхаар нь О.Д би 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгөөр нэг удаа, 3.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 5.000.000 /таван сая / төгрөгийг Ч6Б ын Хаан банкны 5020749493 тоот дансанд /хүүгүйгээр, барьцаагүйгээр/ шилжүүлсэн.

Зээлдэгч нь зээл авсанаасаа хойш янз бүрийн шалтгаан тоочиж зээлэн авсан мөнгөө буцаан төлөхгүй байсан бөгөөд талууд харилцан тохиролцож 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээндээ 2 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-ийн алданги тооцож буцааж өгөхөөр тохиролцсон.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч О.Д намайг мөнгө санхүү, сэтгэл санааны хүнд байдалд оруулсаар байна. Иймд Ч6Б аас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 440.000 төгрөг, алданги 2.720.000 төгрөг, нийт 8 160 000 / найман сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж О.Д г хохиролгүй болгож өгнө үү гэв

Хариуцагч Ч6Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ч6Б би О.Д гаас 5.000.000 төгрөгийг төлөх нь үнэн. О.Д гийн нэхэмжилж буй мөнгийг хүү алдангийн хамт төлнө. Одоо ажилгүй байгаа тул 2018 оны 3 дугаар сарын 18-ны дотор төлнө гэсэн тайлбарыг түүний эхнэр Б.Баярмаа ирүүлжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нь О.Д нь хариуцагч Ч6Б аас 8.160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ч6Б ыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 152290 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирүүлж 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгчээ.

Хариуцагч Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

О.Д гийн нэхэмжлэлтэй Ч6Б т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15.30 цагт товлож Ч6Б т хүргүүлэхэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ч6Б нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр О.Д гаас 2 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй 5.000.000 төгрөгийг зээлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-ийн алданги тооцон буцааж өгөхөөр зээлийн гэрээ хийсэн байна. /хх-ийн 5,6-р хуудас/

Дээрх гэрээг бичгээр хийхээс өмнө Ч6Б тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Ч6Б ын Хаан банкны 5020749493 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны 5020749493 тоот дансны хуулгаар тогтоогдож байна./хх-ийн 7-р хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү, алданги төлөх үүрэгтэй болно.

Талуудын хооронд хийсэн зээлийн гэрээний хавсралтад гэрээний хугацаанд зээлийн хүүд 379.200 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд баталгаажуулан гарын үсэг зурсан байна. /хх-ийн 6-р хуудас/

Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 5.000.000 төгрөг, хүүд 379.200 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алдангид 2.689.600 төгрөг /2016.8.27.-2017.10.20 хүртэл 496 хоног Х 26896/ нийт 8.068.800 /найман сая жаран найман мянга найман зуу/ төгрөгийг хариуцагч Ч6Б аас гаргуулах үндэстэй.

Иймд хариуцагч Ч6Б аас 8.068.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Д д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.,232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-т заасныг баримтлан Ч6Б аас 8.068.800 /найман сая жаран найман мянга найман зуу/ төгрөг гаргуулж О.Д д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 144050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

             

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО