Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 90

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Ч.Төгсжаргал, Д.Анар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж /ҮД:1284/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиван овогт Чулуунхүүгийн Төгсжаргал, Алтаншаргалдай овогт Дарьбазарын Анар нарт холбогдох 201625032193 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн техникч мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эхнэр 2 хүүхэд дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, НХДЗ-ийн 20-12 тоотодоршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халиван овогт Чулуунхүүгийн Төгсжаргал /РД-ХБ82050811/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-380 тоотодоршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын баривчлах ял шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Алтаншаргалдай овогт Дарьбазарын Анар /РД-ЧМ85010118/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Яллагдагч Ч.Төгсжаргал, Д.Анар нар нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ruby гооm"-/Рабирүүм/ ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч Ц.Отгонбатыг урьд нь Айриш пабад дуулж байхад болиулсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бүлэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Төгсжаргал мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 9 цаг өнгөрч байхад Руби рүүм пабад орсон. Тэр үед Отгонбат, Ганзориг, Анар нарын хамт байсан. Нэг нэг пиво уучихаад байж байтал Ганзориг 1 шил архи авсан. Отгонбат архи хундаглаж байхдаа намайг архиар шахаад байсан. Чи яагаад архиар шахаад байгаа юм бэ гэсэн чинь айраш пабад дуулуулахаа болиулсанаас болж ингэж байна гэсэн. Тиймэрхүү маргаан тухайн үед болсон. Энэ маргаанаас болоод Анар Отгонбатыг чи яагаад байгаа юм бэ гэхэд Отгонбат босоод ирсэн. Тухайн үед Отгонбатыг Анар цохих шиг болсон тэгээд тэрний дараа би Отгонбатыг шилэн аягаар цохисон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Анар мэдүүлэхдээ: Төгсжаргал ярьсан дээр нэмж хэлэхэд бид нар нэг ширээд тойрч суусанаас хойш Отгонбат Төгсжаргалыг архиар шахаж, үгээр дайраад байгааг анзаарсан, би гайгүй болчих байх гээд цаг гаран хүлээсэн. Тэгээд би чи өөрөөсөө ахмад хүнтэй ингэж харицаж болж байгаа юм уу гэхэд чамд ямар хамаатай юм гэхээр нь чи ер нь яагаад байгаа юм бэ гэсэн чинь босч ирээд миний мөрөнд хүрсэн. Тэгэхээр нь би цохисон гэв.

 

 

Хохирогч Ц.Отгонбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19-20 цагийн үед найз Санчирын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ruby room" нэртэй пабад очсон. Тэр пабыг манай найз Ганзориг гээд залуу ажиллуулдаг юм. Санчир ээждээ юм хүргэж өгчихөөд ирье гээд явчихсан би ганцаараа Ганзоригийг хүлээгээд пабад сууж байсан юм. Тэгсэн 1 цаг орчимын дараа Ганзориг найзууд болох Анар бас миний танихгүй 1 найзын хамт гурвуулаа гаднаас ороод ирсэн. Тэгээд бөөнөөрөө нэг ширээнд сууцгаая гээд би тэнд нартай 1 ширээнд суусан. Удалгүй Төгсжаргал гээд таньдаг залуу гаднаас ороод ирсэн. Тэгээд бөөнөөрөө 1 ширээнд сууцгаагаад 1 шил архи нэмж аваад ууцгаасан. Архи уугаад сууж байгаад дахин нэг удаа хундагандаа архи хийгээд би тэнд байсан Төгсжаргалд хандаж "тулгая хөгшөөн" гэсэн чинь "чи хэзээ миний хөгшин болчихсон юм бэ бацаан минь" гэхээр нь би "за сүртэй шдээ бөөнөөрөө хамт ууж байж, зүгээр найзууд шиг л байя л даа" гээд хоорондоо тэрнээсээ болж маргалдсан.

...Тэгсэн Анар гээд цуг ууж байсан залуу маань босож ирээд надруу "...чи манай найзтай яахаараа маргадаг юм бэ" гээд гараараа 1 удаа миний зүүн нүд рүү цохисон. Яг тэр үед Төгсжаргал миний толгойруу пивоны том шилэн аягаар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойгоо хоёр гараараа дараад эрүүгээ хамгаалахад тэр хоёр намайг дахиад дээрээс хэд хэдэн удаа цохиод авсан. Миний цээж, хоёр хөлний гуя хэсэгрүү цохиод байсан. Намайг зодож байхыг Ганзориг нойлын өрөөнөөс гарч ирээд харчихаад ирж салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/

...тухайн өдөр Төгсжаргал, Анар нар цохих үед Рүби рүүм пабад өөр хүн байгаагүй. Орой 22 цаг гээд хаалга барьчихсан байсан. Билгүүн-Очир, Намуунаа Ганзориг бид нараас өөр хүн байгаагүй. Харин яг намайг цохих үед Ганзориг 00-ийн өрөө орох гээд харин Намуунаа, Билгүүн-Очир нар тамхи татах гээд гарчихсан байсан. Харин зөөгч нар нь хаана байсан гэдгийг мэдэхгүй байна. Анар, Төгсжаргал нар тэр өдөр ойролцоогоор 20 цагийн үед орж ирсэн байх.Төгсжаргал намайг урд нь "Ай риш" гээд пабад дуулдаг байхад тэнд ажилладаг байсан. Тэгээд нэг өдөр манай хамтлагийг их олон жил тоглосон болохоор дуу нь хуучраад байна шинэ уран бүтээл тоглуулах хэрэгтэй гэж менежертэй ярьж байгаад тоглуулахаа больчихсон юм. Тэр өдөр Ганзоригтой гаднаас Төгсжаргал хамт орж ирэхийг хараад дотроо миний дургүй хүрсэн. Тэгээд архи ууцгааж байхдаа би тэрийгээ яриад үгээр идээд байсан нь Төгсөөд болон Анарт их ядаргаатай санагдсан юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95х/,

Гэрч Э.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...19 цагийн үед ирэхэд Отгонбат манай пабад сууж байсан. Би Анартай цуг ирсэн. Бид хоёрыг ирэхэд Билгүүн-Очир, Отгонбат хоёр цуг сууж байсан. 21 цагийн үед Амуни гээд охин, дараа нь 22 цагийн үед Төгсжаргал нэмэгдээд ирцгээсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлээд пиво ууж байгаад сүүлдээ 2 шил архи нэмж уугаад юм ярьцгаасан. Орой 23 цагийн үед би түр босоод текен дээр очсон байхад ширээн дээр үлдсэн байсан хүмүүс маргалдаад байгаа чимээ гарахаар нь очсон чинь Отгонбатын толгойноос цус гарчихсан байхаар нь би яасан бэ гээд асуухад Отгонбат "...найз чинь ингэчихлээ шдээ" гэхээр нь би "хэн тэгсэн юм" гэсэн чинь "Төгсөө цохисон" гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

...Манай паб өглөө 11 цагаас нээгээд орой 22 цагаас хаадаг юм. Тэр өдөр бараг хүнгүй байсан болохоор 22 цагаас хаалга барьчихсан байсан. Бид нар л байсан өөр хүн байгаагүй. Манай хоёр зөөгч тэр үед паб хаасан байсан болохоор нөгөө өрөөндөө цэвэрлэгээ хийгээд байж байсан. Анар, Төгсжаргал, Отгонбат нарыг тэгэж муудалцах үед хажууд нь өөр хүн байгаагүй. Билгүүн-Очир, Намуунаа нар тамхи татах гээд гараад явчихсан байсан гэсэн. Намайг 00-ийн өрөөнөөс гарч ирсэний дараа тэр хоёр гаднаас орж ирж байсан. Манай зөөгч нар гал тогоонд цэвэрлэгээ хийж байсан. Намайг гарч ирэхэд Анар, Төгсжаргал, Отгонбат гурав л байсан гэх мэдүүлэг /хх-ийн 98х/,

 

Гэрч Б.Билгүүн-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “…Намайг тэр газар орж ирэх үед Отгонбат гээд залуу нь орж ирээд суучихсан, тусдаа ширээн дээр сууж байсан...Орой 20 цагийн үед Анар, Ганзориг нар гаднаас орж ирэхэд бид нар нийлээд Отгонбат бид нартай цуг сууцгаасан юм. Орой 22.30-аас 23.00 цагийн үед Төгсжаргал гаднаас орж ирж бид хамт сууцгаасан. Тэгэхэд Отгонбат Төгсжаргалыг архиар шахах маягаар өгөөд байсан. Төгсжаргал машинтай явж байсан болохоор уухгүй байна гэж би ойлгоод байсан. Тэгээд сууж байхад би текний хажууд босоод зогсчихсон Намуунтай юм яриад байж байсан чинь бид нарын сууж байсан ширээн дээр шил хагарах чимээ гарахаар нь очоод харсан чинь Отгонбатын толгойноос цус гарчихсан байсан. Хажууд нь Анар, Төгсжаргал нар байсан. Ганзориг Намуун бид гурав бас хажууд нь очиход Отгонбат "би цагдаа дуудна яаж байгаа юм бэ" гэсэн чинь Төгсжаргал "...дуудаа дууд би байж байна" гэсэн зүйл яриад байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

....Тэр өдөр Ганзориг пабаа 10 цагт хаалгыг нь бариад хүнгүй болсон юм. Тэгээд бид нар суугаад үлдэцгээсэн юм. Анар, Отгонбат, Төгсжаргал нарыг маргалдах үед хажууд нь өөр хүн байгаагүй. Намуунаа бид хоёр тамхи татах гээд гарчихсан. Ганзориг 00-ийн өрөө орох гээд явчихсан байсан. Харин зөөгч нар нь паб хаасан байсан болохоор цаад өрөөндөө цэвэрлэгээ хийж байсан байх. Намуунаа бид хоёрыг тамхи татах гээд гарах үед Анар, Төгсжаргал, Отгонбат нараас өөр хүн үлдээгүй. Анар, Төгсжаргал, Отгонбат нар тэгэж их согтуу байгаагүй. 2 шил архи бид нар хувааж уусан байсан. Бас ганц, хоёр пиво уусан байсан. Тийм их хэмжээгээр согтоогүй байсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 96х/,

Гэрч М.Соёнгуагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би тэр өдөр зөөгчөөр ажиллаж байсан. ...Орой 23 цагийн үед Ганзориг захирал болон түүний найзууд бөөнөөрөө сууж байгаад гэнэтхэн хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдаж байтал 2 залуу нь 1 залууруугаа дайраад байсан. 2-лаа дайраад байсан залуугийн нэг нь эхэлж босч ирээд Отгонбат гэх залуугийн толгой хэсэг рүү нь нэг зүйлээр цохиод авсан....Тэгэж толгойруу нь цохисны дараа хажууд нь байсан залуу тойрч очоод нөгөө хоёулаа байсан залуу нь толгойгоо хагалуулсан Отгонбатруу дайраад хоорондоо маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/

Гэрч Ц.Ганжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би цагдаа жолооч Ганбатын хамт 23 цагийн үед дуудлага өгсөний дагуу очиж шалгахад Отгонбат гэх залуу бусдад зодуулсан, толгой нь хагарчихсан, нүүр гар нь цус болсон байдалтай сууж байсан. Отгонбат дээр очиж юу болсон талаар асуухад түүний дух хэсэгт язарсан шархтай, цус гарсан байдалтай байхаар нь 103 дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

Гэрч М.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэр өдөр би Соёнгуагийн хамт зөөгчөөр ажиллаж байсан... Тэр орой манай захирал Ганзоригийн найзууд ирээд тэд нар хамт 1 ширээнд сууцгаасан. ...Гэнэтхэн Төгсөө болон Анар нар нь Отгонбат гээд хамт ууж байсан хүнрүүгээ дайраад байсан. Нэг мэдсэн чинь Төгсжаргал нь босож ирээд Отгонбатын толгой руу цохиод авах шиг болсон. Яг юугаар цохисон гэдгийг хараагүй. Сүүлд нь харахад пивоны бакал хагарсан байхаар нь тэрүүгээр цохисон байна гэж ойлгосон. Тэгсэн Отгонбат нь толгойгоо бариад буйдан дээр хэвтсэн чинь Анар гэгч нь хажуугаас нь бас Отгонбатын толгойруу цохиод байх шиг байсан. Тэгтэл нөгөө өрөөнөөс захирал Ганзориг очиж тэд нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

Гэрч Г.Намууны мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэр орой би 20 цагийн үед ажлаа тараад Билгүүн-очиртой уулзах гээд тэр газар ганцаараа очсон Намайг очиход тэнд Отгонбат, Ганзориг, Анар, Төгсжаргал, Билгүүн-Очир нар байсан. Бид нар тэр газар пиво уугаад мөн Ганзориг ах нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь юм яриад хувааж ууцгаасан. Тэгээд сууцгааж байхад Отгонбат ах Төгсжаргал ахыг "...чи яасан гэж намайг ингээд байгаа юм бэ" гээд согтуурхаад байсан чинь Төгсөө ах пивоны шилээр цохисон юм шиг байсан. Би яг тэр үед утсаа оролдоод сууж байсан болохоор хэн нь эхэлж цохисон гэдгийг хараагүй. ...доошоо утасруугаа хараад сууж байсан чинь ширээ хөдлөөд шилэн зүйл хагарах чимээ гарсан. Тэгээд харсан чинь Отгонбат ах сандал дээр суучихсан нүүр нь цус болчихсон байсан. Харин Анар, Төгсжаргал ах нар Отгонбатын хажууд зогсож байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,

...Орой 22 цагийн үед паб хаасан санагдаж байна. Ганзориг ах өөрөө ажиллуулдаг болохоор зөөгч нартаа хэлээд хаалгаж байсан. Тэр өдөр Ганзориг ахын пабад тэгэж их хүн ороогүй байсан. Бараг бид хэдээс өөр хүн байгаагүй байх. Хаалга барих үед лав бид нар үлдсэн байсан. Тэр гурвыг тэгэж маргалдах үед хажууд нь өөр хүн байгаагүй. Билгүүн-Очир бид хоёр лав гадаа байсан. Харин Ганзориг ах бид хоёрыг гарахаас өмнө босоод явсан байсан. Бид нар тэд нарыг тэгэж хоорондоо маргалдаж муудалцана гэж бодоогүй байсан.Анар, Төгсжаргал, Отгонбат нар тэр өдөр тийм аймаар согтуу байгаагүй. Отгонбат ах жаахан муудсан байх шиг байсан. Ер нь бол зүгээр байсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 97х/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Үзүүлэгч Отгонбатын биед учирсан духны шархууд гэмтэл нь пивоны шилээр 1 удаа цохих үед болон шилний хагарсан хэсгүүдээр цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл. Отгонбатын зүүн нүдний дээд зовхи ба дотор буланд цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. тархи доргилт гэмтэл нь гараараа цохих юмуу, пивоны шилээр цохих үед аль алинд нь үүссэн байх боломжтой. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/

Яллагдагч Ч.Төгсжаргал, Д.Анар нарын үйлдлийн улмаас хохирогч Ц.Отгонбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг нотолсон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №15377 /хх-ийн 34х/,

 

Яллагдагч Д.Анарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд сууцгааж байгаад би тэсэхгүй Төгсөөг өмөөрч босож ирээд Отгонбатад "...чи Төгсөөг яагаад байгаа юм бэ" гэсэн чинь миний урдаас "яасан ч яадаг юм бэ" гээд босоод ирэхээр нь уур хүрээд 1 удаа зүүн талын нүдний орчим нь цохиод авсан. Тэгсэн чинь Отгонбат "наадах чинь яаж байгаа юм бэ, чамаас болж яасан гэж намайг цохиж байгаа юм бэ" гээд Төгсжаргал руу дайрсан чинь Төгсжаргал "тэгэхгүй яадаг юм чи өөрөө түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ" гээд ууж байсан пивоны шилээрээ цохих шиг болсон. Тэгсэн чинь Отгонбат толгойгоо бариад арагшаа хэвтсэн чинь Төгсжаргал 1-2 удаа өшиглөж байгаа харагдсан. Ганзориг, Билгүүн-Очир нар ирж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 52х/,

Паб эрт хаасан байсан. 22 цагийн үед хаасан байх. Угаасаа хүн бага байсан юм. Ганзориг пабаа хаачихаад сүүлд нь дахиж нэг шил архи авсан юм. ...Маргалдах үед бид гураваас өөр хүн байгаагүй. Бусад нь хаашаа явсан юм мэдэхгүй байхгүй байсан...Би бага зэрэг согтуу байсан. Бусад нь хэр зэрэг согтсон байсан гэдгийг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 100х/,

Сэжигтэн Ч.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Отгонбат намайг архи уучих гэх мэтээр нэг л хүн өдөөд байгаа шинжтэй үг хэлээд байсан. Тэгтэл манай найз Анар тэрийг нь анзаарсан юм шиг "чи ер нь яагаад байгаа юм бэ" гээд босоод Отгонбатруу хэлсэн чинь Отгонбат урдаас нь "чи тэгээд яах юм бэ" гээд бас босоод ирсэн. Анар Отгонбатыг суудал руу түлхэх шиг болсон. Отгонбат арагшаа сандал дээрээ суухаар нь би ширээн дээр байсан хоосон пивоны шилэн аягыг барьж аваад толгой руу нь 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь текен дээр байсан Ганзориг ирээд бид нарыг салгасан. Ганзориг тэгэж салгачихаад Отгонбатыг хамгаалаад доошоо суусан байхад нь Отгонбатыг хөл хэсэг рүү нь би 1-2 удаа гуяны орчим өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 49х/,

Яллагдагч Ч.Төгсжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ганзоригийн паб хүнгүй байсан болохоор эрт хаасан байсан. 22 цагийн үед хаасан байсан байх. Ямар ч байсан бид нараас өөр хүн байгаагүй. маргалдах үед Ганзориг босоод явчихсан байсан. 00-ийн өрөө явсан байсан байх. Намуун, Билгүүн-Очир нар тамхи татах гээд гараад явсан болсон үйл явдлыг санаж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 99х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88х, 89х, 90х/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Төгсжаргал, Д.Анар нар нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ruby гооm" -/Рабирүүм/ ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч Ц.Отгонбатыг урьд нь “Айриш” пабад дуулж байхад болиулсан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бүлэглэн зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 52х, 100х, /хх-ийн 49х, 99х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Отгонбатын мөрдөн байцаалтад өгсөн /хх-ийн 17х, 94-95х/, гэрч Э.Ганзориг /хх-ийн 21х, 98х/, Б.Билгүүн-Очир /хх-ийн 22х, 96х/, М.Соёнгуа /хх-ийн 24х/, Ц.Ганжаргал /хх-ийн 25х/, М.Цолмон /хх-ийн 26-27х/, Г.Намуун /хх-ийн 28х, 97х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №15377 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34х /, шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Ч.Төгсжаргал, Д.Анар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

Хохирогч Ц.Отгонбат нь өөрт учирсан гэм хорын хохиролоо барагдуулж авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 17х, 102х/ гэж байх тул шүүгдэгч Ч.Төгсжаргал, Д.Анар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Д.Анар нь урьд  Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байх ба энэ гэмт хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар түүний ялтай байдлын хугацаа дууссан байна.

Шүүгдэгч Ч.Төгсжаргал, Д.Анар нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав. 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халиван овогт Чулуунхүүгийн Төгсжаргал, Алтаншаргалдай овогт Дарьбазарын Анар нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ч.Төгсжаргалд 300 /гурван зуун/ цаг, Д.Анарт 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Ч.Төгсжаргал, Д.Анар нарыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольсугай.

 

4. Ч.Төгсжаргал, Д.Анар нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Төгсжаргал, Д.Анар нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.БАТГЭРЭЛ