Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 119/ШШ2022/0037

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК,

Хариуцагч: ОА-ийн БӨСЗД,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М.Д нарын хоорондын

Маргааны төрөл: ОА-ийн БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Тамхи худалдан борлуулах тухай” тусгай зөвшөөрөл иргэн М.Д-д олгосон А/51 тоот захирамжийг хуульд нийцсэн эсэх  талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.М, түүний өмгөөлөгч Б.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, гуравдагч этгээд М.Д, түүний өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Р.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас ОА-ийн БӨСЗД-д холбогдуулан “БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Д-д “Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгосон А/51 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд анх гаргасан.

2.Хариуцагчаас “Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл”-ийг М.Д-д 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/51 тоот захирамжаар олгосон.

3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Орхон аймгийн Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/04 тоотоор хандсан, Орхон аймгийн Засаг даргаас БӨСЗД Б.Б-д харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн боловч шийдвэрлээгүй талаар хэрэгт нотлох баримт авагдсан байна. /ХХ-ийн 246-249 тал/

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ Манай компани 2019 оны 7-р сараас тамхины худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж байна.

2/ М.Д-гийн тамхи худалдаж буй цэг нь МСҮТ болон “Э” асрамжийн төвөөс 500 метр дотор байрладаг ба энэ нь Тамхины хяналтын тухай хуулийн 4.1.1-д зааснаар насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, 6 дугаар зүйлийн 6.7.14-д заасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглох гэсэн заалтуудыг зөрчиж байна.

3/ ОА-ийн БӨСЗД-д гомдол гаргахад үндэслэлгүй хариу өгсөн.

4/ Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа “хуульд үндэслэх”,"... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг хуульд заасан зарчмыг зөрчиж иргэн, хуулийн этгээдэд ялгамжтай байдлаар хандсан нь миний бизнесийн эрхэд халдсан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/ дахь хэсэгт зааснаар  ОА-ийн БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжаас иргэн М.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү” гэж,

-Нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “... илт хууль бус болохыг тогтоолгох гэснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” гэж өөрчилсөн. /ХХ-ийн 195 тал/

-Харин энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нар нь “...Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах” тухайгаа тайлбарлаж дэмжиж оролцов.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Би анх М.Д-гийн тамхи худалдан борлуулж байгаа газарт тусгай зөвшөөрөл хүсэхэд өгөөгүй. Хажууд нь байгаа Америк барааны дэлгүүрт тамхи зарж байсан, ямар үндэслэлээр болиулсан юм байгаан бас болиулсан. Хууль зөрчиж М.Д-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл БӨСЗД олгосон байгаа. Сая нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчээс уншиж өгсөн учраас нэмж тайлбарлах зүйл байхгүй, нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь тодорхой бус гээд байна. Ижил төрлийн бизнес эрхэлж байгаа.  Үүнд: Тусгай зөвшөөрөл олгодог, хуулиар тодорхой шалгуурыг хангаж байж тусгай зөвшөөрөл авдаг. Гэтэл хэн нэгэн хуулиар заасан шалгуурыг хангаагүй бол 500 м-аас дотогш байхад тусгай зөвшөөрөл олгож байгаа нь тэгш эрхийн зарчмыг хангахгүй байна гэж үзэж байна. Тэгш эрхтэй холбоотойгоор иргэн Л.М болон “С” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг ерөнхий боловсролын сургуультай адилтгаж үзэх үү гэдгийг хариулж чадсангүй. Хариуцагч тал Боловсролын тухай хуулийн талаар мэдэгдэхүүн байхгүй юм байна гэж дүгнэж байна. Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар сургуулийн өмнөх болон бүрэн дунд, бага дунд боловсролыг мэргэжлийн байгууллагаар дамжуулан энэ үйл ажиллагааг явуулж болно гэж заасан. 141 дүгээр зүйлд: “эрх бүхий байгууллагад нь коллеж болон Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв хэлбэртэй байж болно” гэж тодорхой заасан байгаа. Тэгэхээр Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил гэж үзэх боломжтой сургууль байхад үүнийг нэршлээс нь хамаарч ерөнхий боловсролын сургууль биш гэж дүгнэж байгаа нь хариуцагчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад М.Д-д олгосон А/51 дугаартай захирамж нь шинжээчийн дүгнэлтээр Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон “Э” сургуулиас 500 м-ээс дотогш байрлаж байгаа нь Тамхины хяналтын тухай хуулийг илт зөрчсөн гэдэг нь тодорхой харагдаж  байна. Тийм учраас шүүхээс маргаан бүхий Засаг даргын А/51 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд М.Д-д 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон. Тамхины хяналтын тухай хуульд Ерөнхий боловсролын сургуулиас 500м гэж заасны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээс Google дээрх программаас татаж өгсөн зураглалын дагуу тусгай зөвшөөрлийг олгосон. Нэхэмжлэгч Л.М нь тухайн газар хүсэлт өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ хэлдэг. Манай БӨСЗД-д албан ёсны бичгээр хүсэлт өгөөгүй байдаг. Тухайн үед “А”, “М” гэдэг цайны газрын ойролцоо асууж ирсэн. М 500 м дотроо орж байгаа учраас Л.М нь өөрийн эзэмшлийн хашаандаа үйл ажиллагаа явуулъя гээд тусгай зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг шийдвэрлэхэд нэлээн хэдэн асуудлыг анхаарахгүй бол болохгүй. Л.М гэдэг хүн гомдол гаргаад нэхэмжлэлээсээ татгалзаад шийдвэрлүүлсэн. Дараа нь нэг гишүүнтэй компани байгуулж яг адилхан нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр нэхэмжлэлийн агуулгыг харвал яг адилхан байна. Нөгөө зөрчигдсөн гэх ашиг сонирхлоо адилхан гаргасан байсан. Хуулийн этгээдийн нэр дээр гаргасан нэхэмжлэл дээрээ хуулийн заалт нэмж бичсэн болохоос яг адилхан нэхэмжлэл гаргасан байна лээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  54.1.6, 66.4, 110.2 дахь хэсэгт зааснаар шүүх дахин шийдэх ёстой юм уу?  Л.М гэдэг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн бэ? энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлал дээр тодорхой заасан байна. Л.М-ын тайлбарлаж байгаа агуулга бол М.Д-гийн байршилд зөвшөөрөл олгосноор М.Д орлого олж байна гэж байна.

Энэ бол захиргааны актаас болж эрх ашиг сонирхол нь шууд хөндөгдөөд явж байна уу гэхээр Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт заасан зүйл явж байна. М.Д-д давуу байдал олгосон захиргааны актыг захиргааны байгууллагаас гаргаагүй. Монгол улсын хэмжээнд маш олон аймаг, сум, нийслэлийн хэмжээнд тамхины олон тусгай зөвшөөрөл олгоход байршлыг олгоход Гүүглээр хараад зургаар гаргаад олгож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тойргийн геометрийн хэмжээсээр гаргасан хэмжээс байна. Энэ хэмжээсээс харахад Л.М-ын байршлын цэг Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сургууль, дотуур байрнаас 500 м байх бүрэн боломжтой. Би газар дээр нь очиж бодит байдлыг харсан. 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурал дээр хариуцагч байгууллагын гаргасан, сая өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр хоёулаа 500 м байна уу гэдгийг нарийвчилж үзэх нь зөв байсан байх. Хоёрдугаарт, “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг харахаар гадаад худалдаа эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлтэй юм байна лээ. Тамхи худалдаалах үйл ажиллагааг тус компани бүртгүүлээгүй. Тийм учраас энэ нь хууль ёсны юу, хууль ёсны биш үү гэж харах шаардлага гарч байна. Дээрх хоёр үндэслэлээс харвал Л.М-ын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах шаардах эрх байгаа юу? ер нь бодитой харвал шүүх өнөөдөр ганцхан “Э” сургуулиас 500 м-ийг тооцохоор байна уу? зэргэлдээ байрлаж байгаа “Э” төв гэж бага насны хүүхэд байнга амьдардаг газар, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв гэж ерөнхий боловсролын сургалт явдаг төв байгаа. Энэ гурван байгууллагаас гурвуулангаас нь энэ зай хангагдаж байна уу гэж үзэх ёстой. Хэрвээ хоёулаа хангахгүй байгаа бол бас эргэлзээтэй зүйл байгаа. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 758 дугаартай магадлалын 4 дэх заалтад нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа эрх хууль ёсны ашиг сонирхол хуульд заасан үндэслэл, захиргааны буруутай үйл ажиллагааны талаар үндэслэлд дүгнэлт хийх шаардлагатай гэж заасан. Ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа талаар Өрсөлдөөний хуульд заасан бизнесийн ашиг орлого байгаа. Энэ бизнесийн ашиг орлогод нөлөөлсөн зүйл байхгүй. Цаад худалдан авагчийн хүсэл сонирхол болохоос захиргааны байгууллагаас нөлөөлөх зүйл байхгүй.

Тийм учраас процессын журмаар ашиг сонирхол зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Өмнө нь яг адилхан Л.М-ын нэхэмжлэл шийдэгдсэн байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй. Гуравдугаарт, М.Д-ийн тамхины цэг “Э” сургуулиас 4.4 метр буюу ялимгүй хэмжээгээр дутсан. Үүнээс хамаараад эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэж харж байгаа байх. Дараагийн асуудал нь Л.М нийтлэг эрх ашгийн талаар яриад байгаа. Иргэн хүн нийтлэг эрх ашгийн талаар ярих боломжгүй. Тийм учраас би энэ захиргааны актыг илт хууль бус гэж үзэж хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Засч залруулах боломжтой гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлж зөрчлийг арилгах үндэслэл байгаа гэж бодож байна” гэв.

Гуравдагч этгээд М.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч өмнө нь хүсч байсан гэдэг нь нотлогдоогүй. Хүсэлт өгч байсан гэдэг нь тодорхойгүй. Надад хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан зүйл байхгүй” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.М анх иргэнээр нэхэмжлэл гаргаад дараа нь компани байгуулж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага нь адилхан байсан гэдэгтэй санал нэг байна. Гаргасан хоёр нэхэмжлэлдээ миний орлогыг хаалаа л гээд байдаг. Энэ тамхи худалдан борлуулах 2 цэг нь Л.М-ынх замаас жаахан зайтай, М.Д-гийнх нь замын хажууд чанх урд байдаг учраас замын хажууд байгаа М.Д-д давуу байдал олгосон гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь огт тогтоогдохгүй байгаа. Засаг даргын захирамж М.Д-д давуу байдал олгосон уу гэдэг нь огт нотлогдохгүй байгаа. Яагаад гэвэл сүүлд 2022 оны 05 дугаар сард шинжээч томилоод түүний дагуу “ГМОМОН” компанийн гүйцэтгэх захирал, инженертэйгээ, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн улсын байцаагч Э нарын хамтарч гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж үзвэл үүнтэй зөрчилтэй нотлох баримт байгаа гэж хүсэлт гаргаж байхдаа хэлж байсан. Тамхины хяналтын тухай хуулийг мөрдөж эхлэх үед Ерөнхий боловсролын сургуулиас 500 м-ийн зайтай байх ёстой гэж улсаас тогтоож өгсөн. Гэтэл улсаас Ерөнхий боловсролын сургуулийг радиусаар хэмжээд 500 метр нь энэ шүү гэж заагаад тамхи худалдан борлуулах зөвшөөрөл олгодог эрх бүхий төрийн байгууллага хүргүүлсэн байна. 500 метрээс дотогш зөвшөөрөл олгож болохгүй шүү гэдгийг үндэслэж тамхи худалдаалах цэгүүдэд зөвшөөрөл олгоод байна. Энэ нь өмнөх Л.М-ын нэхэмжлэлтэй хэрэг дотор зураг нь байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх байх. Энэ зураглалыг нэгдсэн байдлаар, улсын хэмжээнд тогтоогоод өгсөн хэмжээг хүчингүй, буруу гэж тогтоосон эрх зүйн акт, шийдвэр хаана ч байхгүй байна. Тэгэхээр энэ бол хүчин төгөлдөр хэмжээс гэж үзэж байгаа. Энэ хэмжээсний гадна М.Д-гийн тамхи худалдаалах цэг байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хоёр хэмжээ байна. Радиусаар хэмжээд 2 хэмжээ гаргасан. Гэхдээ амьдрал дээр бодитой авч үзэхийн тулд шинжээчийн дүгнэлтийг барих юм уу, улсаас тогтоосон хэмжээг барих юм уу?

Дараа нь Л.М-ын ямар эрх ашиг зөрчигдсөн бэ, би нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан гэж байна. Сургуулийн хажууд хүүхдүүдэд тамхи зараад байна гэсэн асуудал ерөөсөө гарч байгаагүй. Тэгэхээр нийтийн эрх ашгийн төлөө явж байгаа гэдэг нь худлаа, өөртөө давуу байдал олгох гэсэн нэхэмжлэл байна гэж харж байна.

“С” ХХК нь гадаад худалдаа эрхэлдэг юм байна лээ. Тамхины үйл ажиллагаа эрхэлдэг гэж улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байхгүй. Эхний гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь байсан. Хоёр дахь удаагаа өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Тамхины худалдаа эрхлэх зөвшөөрөл байхгүй байна лээ. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа учраас энэ хүн тамхи худалдаалах эрхтэй юм уу? гэдгийг хэлье гэж бодож байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх ямар ч боломжгүй байна. Ингэснээр М.Д-гийн зохих зөвшөөрлөөр эрхэлж байгаа тамхины худалдаа эрхлэх үйл ажиллагааг зогсоовол Л.М-д давуу байдал бий болох асуудал үүснэ гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Р.Баяр дүгнэлтдээ: “БӨСЗД иргэн М.Д-д хууль тогтоомж баримтлан тамхи худалдаалах эрх олгосон гэдэг нь үндэслэлгүй байх магадлалтай гэж үзлээ. Шалтгаан нь хуульд заасан 500м дотор хүүхдийн гурван байгууллага байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул цаашдаа ямар хэмжилтээр хэмжихээ тодорхой болгох шаардлагатай, захиргааны байгууллага буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК  нь ОА-ийн БӨСЗД-д холбогдуулан “БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Д-д Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгосон А/51 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “... илт хууль бус болохыг тогтоолгох” гэснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” гэж өөрчилсөн. / ХХ-ийн 1-2, 195 тал/

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нар нь “...Маргаан бүхий А/51 тоот захирамжийг хүчингүй болгуулах” хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

1.ОА-ийн БӨСЗД-ын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/24 тоот захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-д БӨС-ын Оюут багийн нутаг дэвсгэрт 2 жилийн хугацаатай  “Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл” олгосныг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/239 тоот захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан. /ХХ-ийн 229-237 тал/

2. Мөн гуравдагч этгээд М.Д-д ОА-ийн БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/51 тоот захирамжаар БӨС-ын Оюут багийн нутаг дэвсгэрт “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл” 3 жилийн хугацаатай олгосон байна. /ХХ-ийн 238-240 тал/

3.Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно”,  6.7.14-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах” гэж заасан.

4. БӨС-ын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль болон хүүхэд асран хамгаалах байгууллагаас 500м дотор иргэн М.Д-д тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хариуцагч байгууллагаас олгосон болохыг “Шинжээчийн дүгнэлт”-ээр тогтоосон.

5. Шинжээчид нь шүүхээс даалгасан дүгнэлтийг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог шинэчлэн батлах тухай” 25 дугаар тогтоолын 1-д /... олон улсын геодезийн "WGS-84" солбицлыг, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, том, дунд масштабын байр зүйн зураглалд дэлхийн хөндлөн меркаторын "UTM" тусгагийг хэрэглэнэ/ заасан аргачлалын дагуу хийснийг Монгол улсад мөрдөгдөж буй Монгол улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог шинэчлэн батлах тухай” №267 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үнэлэв.

6. Түүнчлэн  хариуцагч /захиргааны байгууллага/  тал шийдвэр гаргахдаа дараах хуулиудыг зөрчжээ. Үүнд:

1/ Боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно”, 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно” гэж тус тус зохицуулсан.

2/ Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Тодруулга хүргүүлэх тухай” 205 тоот албан бичигт “...Э ТӨҮГ-ын харьяа бүтэн өнчин хүүхдийг асрах асрамжийн “Э төв” нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 60 хүүхдийг асарч хүмүүжүүлэх хүчин чадалтай, ... сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, МСҮТ-ийн сурагч оюутнуудыг 24 цагаар байлган сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг тул тус төвийг хүүхдийн орчинд болон ерөнхий боловсролын сургуулийн дотуур байртай адилтган үзэж болно, ...  “Э” сургууль нь 1999 онд байгуулагдсан 6 дугаар ангиас элсэлт авдаг бөгөөд суурь, бүрэн дунд боловсрол олгодог ерөнхий боловсролын сургуулийн орчинд хамаарна” гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

7. БӨС-ын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Э” хүүхэд асрах төв, “Э” ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ зэрэг боловсролын байгууллагуудад тамхи худалдан борлуулахыг хориглосон насны хүүхдүүд сурч хүмүүждэг тул эдгээрийг аль алиныг нь сургуулийн болон хүүхдийн орчинд хамааруулж ойлгохоор байна.

8. Өөрөөр хэлбэл, Тамхины хяналтын тухай хууль нь боловсролын байгууллагын тогтолцоонд чиглээгүй, боловсролын байгууллагыг тамхины хор аюулаас хамгаалах гэхээсээ илүү тухайн боловсрол олгох сургууль, МСҮТ зэрэг боловсролын байгууллагад сурч хүмүүжиж байгаа хүүхдүүдийг тамхины хор аюулаас урьдчилсан сэргийлэхэд чиглэгдсэн учраас адил шаардлага тавигдах нь зүйн хэрэг юм.

9. Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “… хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулах” талаар зохицуулж, энэ талаар  төрд, тодруулбал, захиргааны байгууллагад хяналт тавихыг хуулиар үүрэг хүлээлгэсэн.

10.Тамхины хяналтын тухай хуулийн  7  дугаар зүйлийн 7.3-т “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно” гэж зааснаар “Тамхи худалдан  борлуулах тусгай зөвшөөрөл”-ийг сумын Засаг дарга олгох бөгөөд тухайн эрх бүхий этгээд нь дээрх тусгай зөвшөөрлийг олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 /Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална/, 9.1.1 “улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйл /Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох/-ийн 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” заасныг анхаарах ёстой байсан.

11.Тодруулбал, тамхи нь өөрөө онцгой бүтээгдэхүүн бөгөөд захиргааны байгууллагаас 1 баг /Оюут баг/-ийн нутаг дэвсгэрт ойролцоо байршилтай, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй этгээд /хүн, хуулийн этгээд/-үүдэд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг олгохдоо ижил шаардлага тавьж, адил тэгш хандах ёстой байтал хүүхдийн байгууллагын орчинд хуульд заасан 500м дотор /иргэн М.Д-д/ “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл” олгосныг “тэгш эрх”, “хууль дээдлэх” зарчмыг тус тус алдагдуулсан гэж дүгнэхээр байна.

12. Түүнчлэн Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”  зарчмуудыг баримтлах үүрэгтэй.

            13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н-гээс шүүх хуралдаанд “...өмнө Л.М нь БӨСЗД-д холбогдуулан яг энэ утга агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Харин одоо “С” ХХК-ийн захирал Л.М-аас БӨСЗД-д холбогдуулан өмнөх нэхэмжлэлээ гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, маргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэх тайлбар, хууль зүйн дүгнэлтээ гаргасныг үндэслэлгүй гэж үзлээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс  захиргааны байгууллагын  хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж  хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... маргааныг  шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэмээн тус тус тодорхойлсон.

15. “С” ХХК нь БӨСЗД-ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/239 тоот захирамжаар “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл” бүхий, Улсын бүртгэлийн  №2011020....., регистрийн №4395.... дугаартай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд Компанийн тухай хуулийн 5, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн байдал нь тодорхойлогдох хуулийн этгээд юм. /Хавтаст хэргийн 229-231, 8 тал/

16. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох “Захирал” нь түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1 дэх хэсэгт  “Хууль эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” зааснаар нэхэмжлэлд гарын үсгээ зурж баталгаажуулна.

17. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 25–ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 119/ШШ2021/0010 тоот шүүгчийн захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэгч нь иргэн Л.М байна. 

18. Энэ цаг хугацаанд “С” ХХК-ийн захирал Л.М-ын компаниа төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хувь хүн /Л.М-/д нь шууд хамаатуулан “нэг этгээд” гэж үзэх боломжгүй. Тодруулбал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Л.М гэх иргэн буюу хүн, “С” ХХК гэх хуулийн этгээд нь эрх зүйн байдал нь тус тусдаа этгээдүүд юм.

19. Иймд шүүх “С” ХХК-ийн ОА-ийн БӨСЗД-д холбогдуулан гаргасан тус нэхэмжлэлийг иргэн Л.М өмнө нь шүүхэд гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

            20. Шүүх бүрэлдэхүүн дээрх хууль зүйн үндэслэлүүд болон иргэдийн төлөөлөгчийн “...хуульд заасан 500м дотор хүүхдийн гурван байгууллага байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, захиргааны байгууллагын шийдвэр буруу...” гэх  дүгнэлтийг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

            21. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлүүдээр адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан шаардлагыг тэгш хангуулаагүй, захиргааны байгууллагын шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн адил төрлийн үйл ажиллагаагаа эрхлэх тэгш өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх  хэсэгт тус тус заасныг баримтлан “С”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ОА-ийн БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас урьдчилж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БӨС-ын ЗДТГ-ын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болно.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧИД                                 П.УУГАНЦЭЦЭГ

                                                                  Б.БАТЧИМЭГ