| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/0947/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/978 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/978
2023 07 06 2023/ШЦТ/978 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Э.Баасанбаяр /томилолтоор/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 02001 2202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.У ыг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын түүхий эд авдаг цэгийн орчим Л.Ц ийг хазах, цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар, баруун сарвууны зулгаралт, баруун сарвууны долоовор хуруу, зүүн сарвууны ядам хуруунд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 02001 2202 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.У нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын түүхий эд авдаг цэгийн орчим Л.Ц ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Уг бичлэгийг тоглуулахад нийт 20 секундын бичлэг байх бөгөөд бичлэгт дэлгүүрийн лангууны ард дээгүүрээ саарал өнгийн цамц өмссөн эмэгтэй хүн байх бөгөөд гаднаас цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, дээгүүрээ хар бараан өнгийн цамцтай өндөр нуруутай хүн орж ирээд эмэгтэйн урд талд лангууны урд зогсож байгаа нь харагдаж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд уг эрэгтэй лангуун дээгүүр биеээрээ тонгойж гараа зааж юм ярьж байгаа харагдаж байснаа цаашаа алхаж яваад эргэж харж хэсэг зогсож байснаа бичлэгийн 17 секундэд лангууны урд эргэж ирээд баруун хөлөөрөө лангуу руу өшиглөчихөөд наашаа гарч яваа нь харагдаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /ххийн 9/, Хохирогч Л.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед төрсөн дүү У .... дугаараас залгаад “ахаа манай дэлгүүрийн шилэн лангуу руу согтуу хүн өшиглөж хагалчихаад зугтаагаад гараад явчихлаа” гэхээр нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... хүнсний дэлгүүр дээр очоод дүүтэйгээ хяналтын камер шүүж үзээд тухайн хүний царай дүрсийг тогтоож аваад гарч хайсан чинь дэлгүүрийн хажууд байрлах хоёр дахь түүхий эд авдаг цэг дээр байхаар нь би утсаар холбогдож тодруулаад царайг нь харуулахад “наад хүн чинь мөн байна, дагуулаад ороод ир, цагдаа дуудчихсан байгаа” гэхээр нь “чи манай дэлгүүрийн лангууг хагалчихаад гараад зугтаасан байна, цагдаа дуудчихсан байгаа, цагдаа иртэл дэлгүүр дээр хамт байж байя” гээд хэлсэн чинь “цагдаагаа дуудна биз, надад хамаагүй” гээд гар цохиод зугтаагаад гүйхээр нь араас дагаж гүйгээд цамцнаас нь татсан чинь энэ залуу газар унаснаа шууд миний зүүн хөлний шилбэнээс эхлэж хазахаар нь толгойг нь баруун гараараа түлхэж холдуулсан чинт миний баруун долоовох хурууг цус гоожтол хазаад тавихгүй байхаар нь арай гэж сугалж аваад байж байтал дахиад миний зүүн хоёр хурууг давхраар нь хазаа байх үед приус маркийн тээврийн хэрэгслээс энгийн хувцастай махлаг залуу ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь “энэ залуу манай лангууг хагалаад зугтаачихаад миний гарнаас хазаад тавьдаггүй” гэхэд нөгөө залуу цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд “би цагдаа байна” гэхэ нөгөө залуу хазаж байснаа бид хоёр босох гэж байх үед миний зүүн талын нүд рүү нэг удаа, баруун талын нүд рүү хоёр удаа тус тус цохиод “надад хутга байсан бол танай лангууг хагалах биш, чамайг хутгална” гээд миний дагз руу цохиж аваад зугтахаар нь тухайн энгийн хувцастай цагдаагийн алба хаагч тухайн залууг барьж аваад өчиж унагаагаад цагдаагийн алба хаагч нарт 3 хүлээлгэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Цолмонгийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4256 дугаар: “Л.Ц ийн биед баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун сарвууны долоовор хуруу, зүүн сарвууны ядам хуруунд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн БЗ1-23-1011 дугаар: Тус үнэлэгдэж буй өндөр 130 см, өргөн 50 см барааны лангууны шилэн нүүр хэсэг нь зах зээлийн хандлагын нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 65.000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх тайлан /хх-ийн 33-36/, Шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Цайз худалдааны төвийн тэнд байдаг ... нэртэй дэлгүүрт орж “хараа нэртэй 0.33 граммын архи авъя” гэхдээ тухай худалдагч эмэгтэйг сайхан хүүхэн минь гээд хэлчихсэн юм. Тэгсэн нөгөө худалдагч эмэгтэй “миний сайхан муухай чамд хамаагүй, архичин минь зайл” гэхээр нь “би яахаараа хүнтэй ингэж харьцаж байгаа юм” гэж хэлээд тухайн үедээ уур хүрээд дэлгүүрийн шилэн нүүртэй лангууг гарахдаа баруун хөлөөрөө 1 удаа өшиглөчихөөд гараад явсан. Би тэндээс гараад замын эсрэг талд 2 хүнтэй уулзаад төмөр тушаадаг цэгийн тэнд ирээд байж байсан чинь 1 залуу ирээд “энэ мөн үү” гээд утсаа бариад ирэхээр нь би зугтаах гэсэн чинь тэр залуу миний толгой руу гараараа цохихоор нь дахиад цаашаа зугтаасан чинь араас нөгөө залуу ирээд замын голд намайг унагаагаад дахиад цохисон. Тэгээд намайг цохиод байхаар би тавиулах гээд гарыг нь хазсан, аль гарыг нь хазсаныг мэдэхгүй байна. Тэгсэн нөгөө залуу намайг тавиахаар нь нөгөө талд гарсан чинь араас ирээд барьж аваад цохисон. Тэгсэн энгийн хувцастай цагдаа гээд хүн ирээд тэгээд цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 45/, Хохирогч Л.Ц ийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Л.Ц миний бие 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлын дагуу хохирлыг минь барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 57/, Шүүгдэгч Б.У ын Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Б.У миний бие 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ... 4 дэлгүүрийн хүнтэй маргаж дэлгүүрийн лангууны шилийг хагалсан. Үүний улмаас түүний биед хохирол учирсан. Би хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 58/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэргээс шүүгдэгч Б.У ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 334 дүгээр “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Б.У т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.У ын хохирогч Л.Ц ийн бие махбодод баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун сарвууны долоовор хуруу, зүүн сарвууны ядам хуруунд няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Л.Ц нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг 6 эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгч Б.У ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 7 зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ