Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/975

 

2023 07 06 2023/ШЦТ/975 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Г ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2245 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Г ыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Б ийг гараараа алгадах, заамдах, үснээс нь зулгаах, гараараа цохих, хутгаар зүсэх зэргээр биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас зүүн сарвууны гуравдугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, зүүн шуу, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Г ыг Эрүүгийн 2 хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 2245 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Г  нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын хуудас, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/, Хохирогч Ц.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай .......  тоотод хамтран амьдрагч Ч.Г , түүний хүүхэд Ц , дундаас төрсөн Э  нарын хамт оршин суудаг ба 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим хамтран амьдрагч Ч.Г  нь ... гийн зуслангийн байшингаас хүү Ц ын хамт ирж намайг “... д оршин суудаг ээж, аав дээрээ очлоо” гэж уурлаж заамдаж хоолой боож үсдэж байгаад баруун шанаа хэсэг рүү алгадаж бүсэлхийн баруун хэсэг болон баруун гарын шуу хэсгээс базаж байгаад надаас холдож миний хувцасыг гаргаж зайл гэж шидэж байхад нь өөрийнхөө самсунг А14 маркийн утсаар ээж рүүгээ залгахад над руу ирж гэрт байдаг хар өнгийн иштэй хутгаар гар хэсэг рүү цохиж зүсээд гар утсыг булааж аваад голоор нь нугалж шидээд бага хүү Г.Ц ыг жижиг өрөө рүү дагуулж ороход нь өөрийнх нь цэнэглэж байсан гар утсаар нь өөрийн бага дүү Ц.Х  руу нөхөр Ч.Г ыг зодсон талаар хэлж хүрээд ир гэж зурвас бичээд устгахад дүү Ц.Х  видео чатаар залгахад нь авахад юу болсон талаар асууж тодруулж асуусан ба болсон асуудлын талаар хэлж байхад нөхөр Ч.Г  над руу ирж миний өмсөж байсан цамцыг урж гараа ороож зулай хэсгийг нэг удаа шүргэж цохиход нь гар утсыг унагаж тонгойх үед нөхөр цааш явж сандлыг том өрөөний гол хэсэг рүү шидээд “хамт дэлгүрр гаръя” гэж дагуулж гараад дэлгүүр орж маргаан үүсгэхэд нь дэлгүүрийн эгч хөөж гаргасан. Тэгээд дэлгүүрт ээж аавыг хүлээж байгаад дүү Ц.Х аар цагдаа дуудуулж цагдаагийн хамт гэртээ орсон. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Миний цамцыг урж зулай хэсэг рүү нэг удаа цохиж авахыг видео чатаар холбогдож ярьсан дүү Ц.Х  харсан байх. Уг маргаан болоход нөхөр Ч.Г  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба миний хувьд архи хэрэглэдэггүй. Миний толгой хөндүү өвчтэй, хүзүү, баруун гар хэсэгт зулгарч, зүүн гарын дунд хуруу зүсэгдсэн байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 11- 12/, 3 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Долгормаагийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6807 дугаар: “Ц.Б ийн биед зүүн сарвууны гуравдугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, зүүн шуу, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо болон хурц ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/, Шүүгдэгч Ч.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан 6807 дугаартай дүгнэлтийг уншиж танилцлаа. Уг шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Уг шүүх эмнэлгийн дүгнэлтэд заагдсан гэмтлийг эхнэр Ц.Б ийн биед миний бие халдаж цохиж болон татаж чангайх үедээ учруулсан. Миний хувьд дахин ийм үйлдэл гаргахгүй ба өөрийн гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрч Ц.Б тэй учир зүйгээ олсон тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 40/, Хохирогч Ц.Б гийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Ц.Б  миний бие нөхөр Ч.Г той эвлэрч хоорондоо учир зүйгээ олж эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх хүсэлт /хх-ийн 44/, Шүүгдэгч Ч.Г ын Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Ч.Г  би эхнэр Ц.Б тэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /ххийн 22/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 23/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хх-ийн 25/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 25/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 26/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 27/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ххийн 46/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 331 дүгээр “хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 49-50, 56-57/ зэрэг нотлох баримтыг судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. 4 Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Г  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Б ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.Г  хохирогч Ц.Б  нар хамтран амьдардаг, дундаасаа нэг хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ч.Г  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Б ийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулсан, тэрээр хүлээн зөвшөөрснөөр Ч.Г т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Г ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Б ийн биед зүүн сарвууны гуравдугаар хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, зүүн шуу, урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч Ц.Б  мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг 6 үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

Шүүгдэгч Ч.Г  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Ч.Г ын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ч.Г  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Г  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Г т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ