| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00367/И |
| Дугаар | 155/ШШ2017/00484 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2017/00484
| 2017 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2017/00484 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, Олзод овогт Бат-Очирын Цэнгэлчулуун /РЛ73122107/ -ын хүсэлттэй,
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Адъасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, гуравдагч этгээд Р.Цагаанхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэнгэлчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2011 онд охин Хонгорзулыг төрүүлсэн юмаа. Тухайн үед охины маань ээж охиноо охиноо эмээ дээр нь бүртгүүлчихээч гэхээр нь ямар нэг юм бодолгүй санамсаргүй тэг гээд л бүртгүүлчихсэн. Охин маань аав ээж бид 2 дээр байнга цуг амьдардаг. Нөхөр бид хоёр одоог хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй явдаг. Тиймээс би охиноо өөрийнхөө нэр дээр болгох хүсэлтэй байна. Иймд 2012.01.23-нд 01 дугаартай бүртгүүлсэн үрчлэлтийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эгч Б.Цэнгэлчулуун нь 2011 оны 12 сарын 25-ны өдөр охин Хонгорзулыг төрүүлсэн. Энэ охиноо хадам ээжийнхээ хүсэлтээр 2012 оны 01 сард үрчлүүлсэн юм. Охин Хонгорзул нь одоо ээж Б.Цэнгэлчулууны асрамжинд өсөж хүмүүжиж байгаа тул энэ үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Р.Цагаанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 01 сард хүүгийнхээ охиныг өөрийнхөө хүсэлтээр өсгөж өгье гэж үрчилж аваад 5 нас хүртэл нь харж өсгөж өгсөн. Тухайн үед манай бэр бие нь муу байсан тул би өсгөж өгье гээд авч байсан. Би өөрөө 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, алдарт эхийн 2 дугаар одонтой. Охин Хонгорзул маань сүүлдээ өөрийнхөө ээж аавыг гэх болж тэдэн дээрээ байх болсон тул энэ үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв. Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэнгэлчулуун нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Б.Цэнгэлчулуун нь 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Хонгорзулыг төрүүлсэн бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хадам эх Р.Цагаанхүүд үрчлүүлсэн болох нь №0003703 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үрчлэгч Б.Цэнгэлчулуун, үрчлэн авагч Р.Цагаанхүү нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Хонгорзул нь одоо өөрийн төрүүлсэн эх Б.Цэнгэлчулууны асрамжинд байгаа гэх ба үрчлэлт хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тухай тайлбарыг үрчлэн авагч Р.Цагаанхүү шүүх хуралдаанд гаргаж байх тул охин Ц.Хонгорзулыг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чулуут овогт Ренчинжүгдэрийн Цагаанхүүд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Ц.Хонгорзулыг асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эх Б.Цэнгэлчулуунд шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Цэнгэлчулууны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Хонгорзулыг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ренчинжүгдэрийн Цагаанхүүд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Хонгрзулыг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрүүлсэн эх Б.Цэнгэлчулуунд шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэнгэлчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН