| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/0960/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/981 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/981
2023 07 07 2023/ШЦТ/981 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч М.Очбадрах,
хохирогч Б.Д ,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2175 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч С.Б ийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод эхнэр Б.Д гийн толгой болон нүүрний хэсэгт цохиж зодон түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 2 ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00000 2175 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч С.Б э нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод эхнэр Б.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хохирогч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчим .... тоотод ганцаараа байхад манай нөхөр С.Б э согтуу гэртээ орж ирсэн. Ингээд намайг шалтгаангүйгээр “тэнэг” гэж хэлээд толгой руу түлхээд унагаасан. Тэрээр гараа атгаж байгаад толгой руу цохисон. Мөн баруун талын нүд рүү гараараа цохисон. Дээш харуулж байгаад хоолой боомилсон. Тэгээд гараад явсан ба миний толгой өвдөөд байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун хацар хавдсан байна. Хамар хөндүүрлэж, зүүн бугалганд цус хурсан. Толгой өвдөж байна..”, “Тухайн гэмтлийг надад манай нөхөр С.Б учруулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6303 дугаар: “Б.Д гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/, Шүүгдэгч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Төв аймгийн Баянжаргалан сумаас .... тоотод ирсэн. Намайг гэртээ ирэхэд эхнэр Д, хүү У , охин Н, О нар байсан. Ингээд тухайн өдөр гэртээ байж байгаад орой унтаж амарцгаасан. Маргааш нь манай хүүхдүүд хичээлдээ явцгаасан. Би дэлгүүр ороод 0.5 литрийн “хараа” нэртэй архи гэртээ уусан. Ингээд эхнэртэйгээ гэр бүлийн асуудлаас болж маргалдаад эхнэр Дгийн баруун нүд, хамар, хацар рүү 3 гараа атгаж байгаад 1-2 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр уйлаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, Хохирогч Б.Д гийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “Б.Д миний бие гомдолгүй, нөхөр С.Б этэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 40/, Шүүгдэгч С.Б ий Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан гаргасан: “С.Б э миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, эхнэр Дтай эвлэрсэн, гэм буруу дээр маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэргээс шүүгдэгч С.Б ий иргэний үнэмлэхийн лавлагаа /ххийн 17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 19/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 20/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 21/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ххийн 22/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 23/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 24/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 336 дугаар “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Б э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Д гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Б э хохирогч Б.Д нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Б э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Д гийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулсан, тэрээр хүлээн зөвшөөрснөөр С.Б эд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Б ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Д гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, хоёр шуу, зүүн бугалганд цус 5 хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба түүнд шүүх хуралдаанд тэрээр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбарласныг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгч С.Б э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн 6 үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал шүүгдэгч С.Б ийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Б эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ