| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00400/И |
| Дугаар | 155/ШШ2021/00786 |
| Огноо | 2021-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2021/00786
| 2021 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2021/00786 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ж.Н-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ж.Ө-д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 155/2021/00400/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ж.Н (цахим) нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 10 жилийн сурагч байхаасаа 2005 он хүртэл үерхсэн. 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүү Н.Ж төрсөн. Хүүгээ төрсний дараа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Би Улаанбаатар хот руу сургуульд сурахаар явахад Ж.Ө араас ажил хийхээр ирсэн. Бид хамтран амьдарч байгаагүй. Би их сургуульд 4 жилд сурсан. Тухайн хугацаанд хариуцагч ажил хийж бидний уулзах хугацаа багассаар хэн хэнээсээ холдож эхэлсэн. Би сургуулиа төгсөж Хөвсгөл аймагт хүү дээрээ ирсэн. Харин Ж.Ө хотод ажил хийхээр үлдсэн тэр цагаас хойш тусдаа амьдарч байна. Би 2009 онд хамтран амьдрагчтайгаа танилцаж бидний дундаас 3 охин 1 хүү төрсөн.
Иймд Ж.Ө бидний гэрлэлтийг цуцалж 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.Жыг эцэг Ж.Н миний асрамжид үлдээж өгнө үү. ...Хүү маань М сумын Т Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. ...Мөнгө санхүүтэй холбоотой асуудал байсан. Мөн хамт амьдрах гэр оронгүй хэн хэн нь тус тусдаа хамаатан, ах, дүү нарынхаараа амьдардаг байсан. Нэхэмжлэгч ажил хийдэг, би сурдаг байсан. Уулзах цаг багасаж холдож эхэлсэн. Утсаар ярьдаг холбоотой байж байгаа эвлэрэх боломжгүй болж нэхэмжлэгчийн утас холбогдохоо больж холбоо тасарсан. ...Тухайн үед хүүхдийн мөнгийг гэр бүлийн батлахтай бол олгодог байсан. Хүүхэдтэй болоод гэр бүлээ батлуулсан. Хуримаа хийж байгаагүй. ...Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. ...Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. ...2008 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байнагэв.
Хариуцагч Ж.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид арван жилд сурч байхаасаа үерхэж байгаад 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүү Н.Ж төрсөн. Ж.Н хүүгээ төрсний дараа Улаанбаатар хот руу сурахаар явсан. Би араас нь ажил хийхээр очсон. Би 2012 онд хамтран амьдрагчтайгаа танилцаж, 2012 болон 2014 онд төрсөн хоёр хүүтэй. Одоо хэн хэн нь тусдаа амьдралтай болсон тул цаашид нийлж хамт амьдрах боломжгүй. Тиймээс гэрлэлт цуцлуулах болон хүү Н.Жын эцэг Ж.Нийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ...Ж.Н оюутан болсон цагаас хойш бидний харилцаа холдож эхэлсэн. Би хотод хоёр ахындаа ээлжилж амьдардаг. Ж.Н сургуульдаа ойрхон гээд найзуудтайгаа байр түрээсэлж амьдардаг байсан. Би цуг Хөвсгөл аймаг руу буцаж хамт амьдрах боломжтой байсан. Тэр үедээ хүүхэд байсан тул алдаа гаргасан. ...Маргаан байгаагүй. Хол тус тусдаа байдаг байсан учир хөндийрч эхэлсэн. Ж.Н сургуулиа төгсөөд Хөвсгөл буцсан. Харин би Хөвсгөлд очихгүй гээд Улаанбаатар хотод үлдсэн. ...Хурим хийгээгүй. Үерхэж байгаад хүүхэдтэй болсон. ....Эд хөрөнгийн маргаангүй. ...2008 оноос хойш тусдаа амьдарч байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нь Ж.Өд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид сурагч байх үеэсээ үерхэж, 2004 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0007209 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэгчдийн дундаас 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүү Н.Ж төрсөн болох нь бүртгэлийн 0053205/326 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. (хх-ийн 4, 5 дугаар тал)
Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ж.Ө нар нь хамтын амьдралыг эхлүүлээгүй, ажлын шаардлагаар тус тусдаа амьдарч байснаас шалтгаалан 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдэд тавих эцгийн халамж, эцэгтэйгээ өсч бойжиж байгаа нөхцөл байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.Жыг эцэг Ж.Нийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Н.Жыг эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ж.Өы хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эх Ж.Өаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эцэг Ж.Н нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Ж.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Өаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж.Н, Ж.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Н.Ж -ыг эцэг Ж.Нийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ж.Өд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ж.Нид тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Өаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ