Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 113

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

Улсын яллагч С.Энхтуул,

Нарийн бичгийн даргаар Б.Батбаяр,

шүүгдэгч Л.Болор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням /№0317/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогтой Лхагвадоржийн Болор-Эрдэнэд холбогдох 201625032167 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сум 12 дугаар баг, Цамбагарав, Олзвой 1-16 тоотод оршин суух( одоо Баянгол дүүргийн 10 дугаар хороо зүүн тасганы 44-16 тоотод түр оршин суудаг), улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогтой Лхагвадоржийн Болор-Эрдэнэ /РД-ПЮ96120811/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Л.Болор-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх аргаар залилж иргэн Б.Баясгалангаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5-39 тоотод "гар утсыг чинь ломбарданд тавиад мөнгөөр нь найз охиныхоо утасны дэлгэцийг засуулах гэсэн юм" гэж Самсунг галакси жи-7 загварын гар утсыг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "зөөврийн компьютерийн хэрэг байна. Хятадуудад газар танилцуулах гэсэн юм 2 цаг хэрэглээд өгье" гэж Асус маркийн зөөврийн компьютер, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Ууганбаатараас "2 цаг хэрэглээд өгье" гэж Эйсэр маркийн зөөврийн компьютерийг тус тус залилан авч бусдад нийт 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг найз охинтойгоо хардаж нэг удаа алгадсан мөн жаахан айлгасан нь үнэн. Гэхдээ энэ асуудал болоод дууссаны дараа Болор-Эрдэнэ надаас уучлал гуйгаад эвлэрсэн. Тэгээд нэг нутгийн хүмүүс байна гэж хоорондоо ярилцаад цуг усанд хүртэл явсан. Ингээд байж байтал Болор-Эрдэнэ надаас найз охиныхоо утасны дэлгэцийг хагалчихсан учраас янзлуулж өгөх шаардлагатай байна чиний гар утсыг 7 хоног ломбарданд тавьчихаад аваад өгье гэж надаас гуйгаад байхаар нь үнэхээр аваад өгчих байх гэж бодоод итгээд Самсунг галакси Жи-7 маркийн гар утсаа Болор-Эрдэнэд өгсөн тэгээд би хэд хоногийн дараа араас нь ярьж гар утсаа асуудаг байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ахад нь нөүтбүүкний хэрэг болчихлоо 2 цаг ашиглачихаад өгье хэдэн хятадуудад газрын танилцуулга хийж үзүүлэх гэсэн юм гэж хэлэхээр нь найз Элбэгийн нөүтбүүкийг нь гуйж аваад Болор-Эрдэнэд өгчихсөн юм. Тэгээд утас нөүтбүүк хоёрыг чинь хоёр цагийн дараа хамт авч ирж өгнө хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн78-79х/,

 

Хохирогч Ц.Ууганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гарч явсан чинь гадаа үүдэн дээр манай нийтийн байранд байдаг Лхагвадоржийн Болор-Эрдэнэтэй тааралдсан чинь чи надад 2 цаг нөүтбүүкээ хэрэглүүлчих гэхээр нь би тэг тэг гээд өгсөн чинь гарч явсанаа эргэж орж ирээд би модны хоёруу найзындаа очиж хичээлээ хийчихээд авч ирээд өгье гээд цүнхийг нь аваад гарсан тэгээд би орой 19 цагийн үед гэрт нь нөүтбүүкээ авахаар орсон чинь ирээгүй байсан тэгээд 23 цагийн үед Болор-Эрдэнэ би нөүтбүүкийг чинь найз охиндоо өгчихлөө, өглөө аваад ирье гэсэн тэгээд би маргааш өглөө нь уулзсан чинь найз охинд байгаа манай найз охин хичээлтэй байна гэнээ 12 цаг 40 минутанд тарна гээд байна тэгээд аваад өгье гэж байсан ингээд 13 цагийн үед гэрт нь орсон чинь найз охин ирж байна гэсэн ирэхээр нь оруулаад өгье чи гэртээ ороод байж бай гэсэн тэгээд 2 цаг болоод орсон чинь би мадны 2 ороод аваад ирье гэхээр нь хамт явъя гэсэн чинь чи жоохон байж байгаад ороод ир гэсэн тэгээд гэртээ ороод байж байсан чинь гараад уулзах хэрэг байна гэсэн тэгэхээр нь орсон чинь Ариунболд гэх залуу уучлаарай хөгшөөн нөүтбүүкийг чинь тавиад тоглочихсон аваад өгнө гэхээр нь би 17 цагаас өмнө аваад өгөөрэй та нар яахаараа хүний юм тавьж тоглодог юм гэсэн тэгээд тэрнээс хойш ирэхгүй, утас нь холбогдохоо байчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/

Яллагдагч Л.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд худгаас ус аваад буцаж орж ирээд ус халаагаад толгойгоо угаагаад гарах гэж байснаа би Баясгаланд хандаад чамаас нэг юм гуйчих уу гэсэн чинь за гэхээр нь чи утсаа 10 хоног хэрэглүүлчих 10 хоногийн дараа буцаагаад өгье гэсэн чинь үгүй ээ ахаа энэ тэр гэхээр нь би яг 10 хононо илүү удаахгүй би чамаас болоод найз охиныхо утасны дэлгэцийг хагалчихсан юм. Би чиний утсыг ломбарданд тавьж найз охиныхоо утсыг янзлуулчихаад утсыг чинь буцаагаад өгье гэж хэлж гуйсаар байгаад авсан. Баясгалан ахдаа юу гэж хэлнээ гээд шаналаад байхаар нь миний дүү найздаа өгөөд программ уншуулах гээд өгчихсөн энэ тэр гээд 10 хоног л аргалчих гэсэн чинь тэгье гээд зөвшөөрсөн юм. Тэгээд би утсыг нь аваад бид гурав гараад Ариукаа дүүтэйгээ очиж уулзана гээд Баясгалан хороолол явна гэсэн би Баясгаланг гандангаас суулгаж өгсөн. Тэгээд би Баясгалангаас авсан самсунг жи-7 загварын гар утсыг модны хоёрт байх ломбарданд 180.000 төгрөгөөр өөрийнхөө үнэмлэхний лавлагаагаар барьцаалж зээл аваад мөнгөөрөө интернет ороод покер тоглочихсон юм. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 21 дүгээр хорооллын тэнд интернетэд байж байсан чинь Баясгалан залгаад ахаа утсыг минь өгөх болж байна уу гэхээр нь дахиж нэг тоглоод хожчих юм бол утсыг нь аваад өгчихье гэсэн бодолтой чамд нөүтбүүк байна уу ахдаа нөүтбүүкээ өгчих би газрын зурагнаас юм тодорхойлох гэсэн юм хүнд юм хийж өгөх гэсэн юм ч гэлүү худлаа яриад орой 22 цаг гэхэд утастай чинь цуг авч ирээд өгье гэсэн чинь за та яг авч ирж өгөөрэй 10 цагаас оройтохгүй шүү гээд офицер дээрээс ирээд авчих гэхээр нь за тэгье гэж хэлээд чамд мөнгө байвал өгчих ах нь таксидаж очоод авъя орой нэг мөсөн мөнгийг нь өгье гээд 10.000 төгрөг дансаараа авсан юм. Тэгээд нөтбүүкийг нь очиж авахад Асус маркийн ай-3 үзүүлэлттэй нөүтбүүк байсан ба модны хоёрт байх анх очсон ломбардныхаа хажуу талын ломбарданд 350.000 төгрөгөөр барьцаалаад мөн адил мөрийтэй тоглосон юм. Тэгээд дараа нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө зурагтад байх нийтийн байранд хэвтэж байгаад 13 цагийн үед босоод зүс таньдаг манай Ховдын Ууганбаатар гэж хүүхэд манай нийтийн байрны дээд давхарт байдаг юм. Гарч 00 ороод гадаа Ууганбаатартай таараад буцаж өрөөндөө байж байгаад тамхи асуух гээд Ууганбаатарын өрөө рүү орсон чинь Ууганбаатарын Дэлл брэндийн ай-3 үзүүлэлттэй нөүтбүүк харагдсан юм. Тэгэхээр нь би Ууганбаатарыг чи нөүтбүүкээ өгчихөө ганц хоёр цаг хэрэглэж хичээл хийчихээд өгье гэсэн чинь за за чи 17 цагаас өмнө өгөөрэй гэж хэлээд надад нөүтбүүкээ өгсөн. Тэгээд Ууганбаатарын нөүтбүкийг 25 дугаар эмийн сангийн тэнд нэг ломбарданд өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулгаар 180.000 төгрөгөөр барьцаалаад мөн адил мөнгөөр нь тоглосон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89х/

Дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтууд /хх-ийн 12, 61х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн37х/, хохирогч Ц.Ууганбаатарыг дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 77х/ зэрэг болно.

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Болор-Эрдэнэ нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун тасганы 5-39 тоотод хохирогч Б.Баясгалангаас "гар утсыг чинь ломбарданд тавиад мөнгөөр нь найз охиныхоо утасны дэлгэцийг засуулах гэсэн юм" гэж хуурч мэхлэх аргаар залилж “Самсунг галакси жи-7” загварын гар утсыг,  давтан үйлдлээр хохирогч Б.Баясгалангаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт "зөөврийн компьютерийн хэрэг байна. Хятадуудад газар танилцуулах гэсэн юм 2 цаг хэрэглээд өгье" гэж хуурч мэхлэх аргаар залилж“Асус” маркийн зөөврийн компьютер, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ууганбаатараас "2 цаг хэрэглээд өгье" гэжхуурч мэхлэх аргаар залилж “Эйсэр” маркийн зөөврийн компьютерийг тус тус залилан авч бусдад нийт 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 86-89х хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баясгалан /хх-ийн 78х/, Ц.Ууганбаатар/хх-ийн 14-15х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтууд /хх-ийн 12, 61х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Л.Болор-Эрдэнийг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Ууганбаатараас залилан мэхэлж авсан 250.000 төгрөгийн үнэлгээтэй /хх-ийн 12х/ “Эйсэр” маркийн зөөврийн компютерийн хохиролыг шүүгдэгч Л.Болор-Эрдэнэ нь төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар /хх-ийн 77,126х/ тогтоогдож байна.

Харин хохирогч Б.Баясгалангаас залилан мэхэлж авсан 400.000 төгрөгийн үнэтэй “Самсунг галакси жи-7” загварын гар утас, 750.000 төгрөгийн үнэтэй “Асус” маркийн зөөврийн компьютер /хх-ийн 61х/ зэрэг гэм хорын хохиролыг шүүгдэгч Л.Болор-Эрдэнэ төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баясгаланд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Л.Болор-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын заримыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржгон овогтой Лхагвадоржийн Болор-Эрдэнийг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Л.Болор-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Болор-Эрдэнийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыгэдлүүлсүгэй.

4.Л.Болор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болор-Эрдэнээс нийт 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баясгаланд /РД:ПЕ98071510/ олгосугай.

6. Л.Болор-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Болор-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ