Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2017/00464

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2017/00464

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00044/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ,,,,,,,,,,,,,тоотод оршин суух Б овогт Ш-ийн О /РД: ,,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, тоотод байрлах С ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн хэмжээг тогтоолгож, талбайн зөрүү үнэ 2,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн сайдын зөвлөлийн хуралдаанаас орон нутгийн 6 аймаг, 3 дүүрэгт орон сууцны зээлд хамруулахаар тогтсон шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд ... банкнаас олгох орон сууцны зээлд хамрагдах байгууллага, ажилчдын нэрс хавсралтаар батлагдаж, уг хавсралтанд Ш.О миний нэр бичигдсэн байдаг. Тус баримт бичгүүдийн хүрээнд 2013 оны 09 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, С ХХК, .... банк гэсэн 5 байгууллагын хооронд орон сууцны барилгын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, орон сууцыг хүлээлгэн өгөхтэй холбогдсон хамтарсан гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу С ХХК нь Ш.О надад Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, ,,,,,3 өрөө 82,08 мкв талбайтай орон сууцыг худалдан борлуулсан. Энэ 3 өрөө байрны 82,08 мкв талбайгаас 79,88 мкв талбайн хэсгийг 103,844,000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээлээр би худалдаж авсан. Орон сууцны талбайн үлдсэн 2,2 мкв талбайн 2,860,000 төгрөгийг бэлнээр өөрийн хөрөнгөөр төлсөн. Гэтэл С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн газарт тодорхойлолт өгөхдөө 79,88 мкв гэж талбайн хэмжээг бичсэний улмаас өмчлөх эрхийн гэрчилгээн дээр орон сууцны талбайн хэмжээ 79,88 мкв гэж бичигдсэн байна. Иймд С ХХК-иас худалдаж авсан орон сууцны байрны талбайн хэмжээг бодитойгоор тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн хэмжээнээс илүү 2,2 мкв талбайн төлбөр болох 2,860,000 төгрөгийг С ХХК-иас гаргуулж, хохиролгүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-иас Дархан сумын ,,,,,тоотод байрлах 3 өрөө, 82,08 мкв талбайтай орон сууцыг худалдан авсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тус орон сууцны талбайн хэмжээг 79,88 мкв гэж бичсэнээс одоо бид цаашид энэ байраа зарахад ийм бага хэмжээтэйгээр зарах болоод байна. Учир нь бид улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн хэмжээнээс илүү 2,2 мкв-ын үнэ болох 2,860,000 төгрөгийг бэлнээр компанид төлсөн бөгөөд 79,88 мкв-д ногдох хэсгийг ..... банкнаас С......... ХХК-д төлөгдсөн байдаг. Үндсэндээ нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэнээс илүү 2,2 мкв талбайн үнийг С............ ХХК-д төлсөн байгаа нь анхнаасаа тус компани иргэдийг луйвардсан шинжтэй байна.

Энэ байр зээлээр олгох асуудал нь яамны хөтөлбөрийн дагуу 5 байгууллагын хамтарсан гэрээгээр явагдсан бөгөөд тухайн үедээ 80 мкв-аас дээш хэмжээтэй бол 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй гэж ...........банкнаас шаардлага тавьсан тул ярилцаж байгаад улсын бүртгэлийн гэрчилгээн дээр орон сууцны хэмжээг 79,88 мкв гэж бичсэн. Гэхдээ дараа нь С ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг зөвөөр бичиж өгөхөөр ярилцаж байсан боловч одоо банкны барьцаанд байгаа гээд энэ асуудлыг зөвшөөрөхгүй байна. Шүүх дээр хүсэлт гаргаж шинжээч томилуулахад талбайн бодит хэмжээ гэрчилгээнд бичсэнээс ч бага болох нь тогтоогдож байгаа хэдий ч бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх асуудал байхгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэнээр 2,2 мкв-ын зөрүүний үнэ 2,860,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш.О нь тус компаниас Дархан сумын ......82,08 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдахын тулд худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ 80 мкв-аас ихгүй байх шаардлагатай болсны улмаас Ш.Оюунсүрэн нь манай компанитай харилцан тохиролцож, худалдан авсан орон сууцны талбайн хэмжээг 79,88 мкв байхаар Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2 тал тохиролцон мэдүүлэг гаргасан. Тухайн үедээ Ш.О-н худалдан авсан орон сууцны талбайн хэмжээг 82,08 мкв талбайтай байсныг тухайн үедээ хэмжилт хийж тогтоож байсан. Энэ байдлыг Ш.О өөрөө сайн мэдэж байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 79,88 мкв гэж бичсэнийг далимдуулан компаниас 2,860,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч С ХХК-д холбогдуулан, нэхэмжлэгч Ш.О нь орон сууцны талбайн хэмжээ тогтоолгох, талбайн зөрүү 2,2 мкв талбайн үнэ 2,860,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э Ш.О нь тус компаниас Дархан сумын ,,,,,,,,,, 82,08 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлэнд хамрагдахын тулд худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ 80 мкв-иас ихгүй байх шаардлагатай болсны улмаас Ш.О нь манай компанитай харилцан тохиролцож, худалдан авсан орон сууцны талбайн хэмжээг 79,88 мкв байхаар 2 тал тохиролцон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Тэгээд одоо гэрчилгээг үндэслэн зөрүү үнэ нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж маргадаг болно.

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч С ХХК-ийн шинээр барьж ашиглалтанд оруулсан орон сууцнаас Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,,82,08 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авч, 79,88 мкв талбайн үнэ болох 103,844,000 төгрөгийг Капитал банкны зээлээр, 2,2 мкв талбайн үнэ болох 2,860,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгч, орон сууцны үнийг төлсөн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ХХК нь тус орон сууцыг нэхэмжлэгч Ш.О-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...... дугаар гэрчилгээ, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт орон сууц худалдах, худалдан авах талаарх бичгийн гэрээ авагдаагүй боловч дээрх орон сууцыг худалдан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иймд дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү хуульд заасан худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохигчид хэн аль нь биелүүлсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Ш.О нь 82,08 мкв талбай бүхий орон сууц худалдан авч үнийг бүрэн төлсөн байхад улсын бүртгэлийн гэрчилгээн дээр орон сууцны талбайн хэмжээг 79,88 мкв гэж бичсэн тул үүний зөрүү 2,2 мкв талбайн үнэ болох 2,860,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр орон сууцны талбайн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон байна.

Тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч Арккад ХХК-ийн дүгнэлтээр орон сууцны нийт талбайн хэмжээ 79,27 мкв гэж тогтоогдсон бөгөөд энэхүү дүгнэлтийн талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал талбайн дутуу хэмжээний үнийг дээрх дүгнэлтэд заасан хэмжээнээс бус улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн 79,88 мкв-аар тооцож нэхэмжилсэн байна.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Ш.О-ийн өмчлөлд 82,08 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууц шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр талуудын тохирсон хэмжээнээс дутуу талбай бүхий орон сууц шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д: гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл талуудын хэлэлцэн тохирсон хэмжээнээс дутуу талбай бүхий орон сууц шилжүүлж байгаа нь дээрх хуульд заасны дагуу эд хөрөнгийн биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.О нь дээрх хуульд заасан шаардлагуудыг гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4-т зааснаар энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй ба түүнийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т заасан орон сууцны дутуу талбайн үнийг буцаан гаргуулах агуулгатай байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ш.О нь 2014 оны 04 сарын 11-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул энэхүү хугацаанаас орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх бөгөөд тус гэрчилгээн дээр орон сууцны хэмжээг тохиролцсон хэмжээнээс багаар буюу 79,88 мкв гэж бичсэн байгаа, мөн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ...тухайн үедээ 80 мкв-аас дээш хэмжээтэй бол 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй гэж ,,,,, банкнаас шаардлага тавьсан тул улсын бүртгэлийн гэрчилгээн дээр орон сууцны хэмжээг 79,88 мкв гэж бичсэн. Гэхдээ дараа нь С ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд орон сууцны талбайн хэмжээг зөвөөр бичиж өгөхөөр ярилцаж байсан боловч одоо банкны барьцаанд байгаа гээд энэ асуудлыг зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбараар тус тус нэхэмжлэгч Ш.О нь орон сууцыг хүлээн авах үедээ эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.О нь худалдан авсан орон сууцны талбайн дутуу хэмжээний үнийг гаргуулах тухай шаардлага гаргах эрхээ дээрх хуульд заасны дагуу алдсан байх тул түүний хариуцагч С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд Ш.О-ийн орон сууцны талбайн хэмжээг тогтоолгож, талбайн зөрүү 2,2 мкв талбайн үнэ 2,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийн хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны талбайн хэмжээ тогтоолгож, талбайн зөрүү 2,2 мкв талбайн үнэ 2,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.О-с төлсөн 70,200 төгрөгөөс 60,710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 9,490 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ