Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2020/01057

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2020/01057

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01107/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ...... тоотод оршин суух Ж овогт А.А /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух Т овогт С.А /РД:.....д холбогдох,

 

4,256,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А миний бие нь С.А хашаа байшинг нь 17,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод урьдчилгаанд нь 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг түүний хашаа байшингаа барьцаалан авсан Төрийн банкны зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож хэлцэл хийгээд би байшинд нь нүүж орсон. С.А нь хашаа байшингаа зарахдаа Канад технологиор барьсан байшин гэж надад хэлж байсан. Гэтэл ороод удаагүй байтал байшингийн гадна будаг нь бороонд норж урсаад, дотор гадна талын шавар нь нураад эхэлсэн. Энэ талаар нь би С.А хэлээд засаж өгөхийг шаардахад, тэр засаж өгөхгүй гэж хэлсэн тул би наймаагаа буцъя зээлэнд чинь төлсөн 4,000,000 төгрөгөө урьдчилгаанд өгсөн 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгөө авах саналаа хэлэхэд тэр зөвшөөрч мөнгийг чинь одоо өгөх боломжгүй байна, зээлийн гэрээ хийгээд 2015 оны 12-р сарын 30-нд төлье гэсэн тул би түүнийг нь зөвшөөрч зээлийн гэрээг түүнтэй хийсэн. Ингээд би хэлсэн ярьсан хугацаа өнгөрөхөөр нь мөнгөө авъя гэтэл өгөхгүй олон удаа нэхэл дагал болгож өнөөдрийг хүрлээ. Сүүлдээ чи шүүхдээд мөнгөө аваарай гэх болсон тул би шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргаж байна. 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А, А.А нар 2015-2-2-нд хашаа байшин худалдах, худалдан авахаар тохирч хэлцэл хийжээ. Уг хэлцэлд худалдагдаж байгаа хашаа байшин тухайн үед банкны зээлийн барьцаанд байсан бөгөөд зээлийн үлдэгдлийн хэмжээ 17,227,220 төгрөг байсныг А худалдан авсан өдрөөсөө хойш өөрөө төлнө гэж хэлцэл хийн уг байрыг хүлээн авч орсон. Гэвч банкны өрийг огт төлөөгүй гэж хашаа байшин хураагдсан юм.

1. Нэхэмжлэгч А нь хашаа байшинг тэр үедээ үзэж харж тохироод авсан бөгөөд С.А засвар хийлгэхээр ярьсан, хашаа байшин засвартай байсан гэх асуудал яригдаагүй юм. Үүнийгээ нэхэмжлэгч нотлоогүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондоо хийсэн хэлцэл нь иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Хэлцэл нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцийн үндсэн дээр ... шилжиж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлэхээр зохицуулсан. Иймд уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2015-11-16-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь дүр эсгэсэн хуурамч хэлцэл юм. Учир нь энэ өдөр С.А нь А ямар ч мөнгө төгрөг зээлж аваагүй бөгөөд А нь 2015-2-2-нд хашаа байшинг авч, амьдарч байхдаа 2020-2-2, 2015-3-2, 2015-4-2, 2015-5-2-ны өдрүүдэд банкны зээл гэж тус бүр 944,000 төгрөг буюу 3,760,000 төгрөг төлсөн байсан. Үүнийгээ буцааж нэхэж Зээлийн гэрээ гэх баримт үйлдсэн юм билээ.

Уг Зээлийн гэрээ нь 2015-11-16-наас 2016-12-30 хүртэл 1 жилийн хугацаатай үйлдэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хашаа байшингийн үнэд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хариуцагч С.А буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,256,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан тус шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 02 сарын 02-ны өдрийн хэлцэл, ... банкны орлогын мэдүүлгүүд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч А.А нь хариуцагч С.А ....банкны зээлийн барьцаанд байсан .... улсын бүртгэлийн дугаартай, .... мкв талбай бүхий газрыг хувийн сууцны хамт худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгсөн, мөн үлдэгдэл төлбөрийг хариуцагч С.А зээлийн төлбөр болох 17,277,220 төгрөгийг нэхэмжлэгч А.А банкинд төлөх, уг зээлийг төлж дуусмагц хашаа байшингийн гэрчилгээг А.А нэр дээр шилжүүлэхээр тохирч, А.А нь С.А банкны зээлийн төлбөрт 2015 оны 02 сарын 02-ны өдрөөс 2015 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл сар бүр 944,000 төгрөг, нийт 3,776,000 төгрөг төлж, энэ хугацаандаа тус хашаа байшинг эзэмшиж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн зохигчдын хэн аль нь зөвшөөрсний үндсэн дээр дээрх хэлцлээсээ татгалзсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээ гэх баримт, С.А нэхэмжлэгч А.А нийт 520,000 төгрөг буцаан өгсөн баримт болох Хаан банкны орлогын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээнээсээ татгалзсан байна. Энэхүү татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч тал эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэж, хариуцагч тал нэхэмжлэгч нь хэлцлээр тохирсон банкны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж тус тус тайлбарлаж байгаа боловч талуудын энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Иймээс гэрээний татгалзлыг талуудын үүргийн зөрчилтэй холбоотой гэж үзэх боломжгүй, харин хэн аль нь зөвшөөрсний үндсэн дээр гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.А нь хариуцагч С.А урьдчилгаа 1,000,000 төгрөг, зээлийн төлбөрт төлсөн 3,776,000 төгрөг, нийт 4,776,000 төгрөг гэрээний үүрэгт шилжүүлснээс хариуцагч С.А 520,000 төгрөгийг буцаан өгсөн болох нь тогтоогдсон бөгөөд гэрээний үүрэгт шилжүүлсэн үнийн дүнгээс аваагүй үлдсэн 4,256,000 төгрөгийг хариуцагч С.А нь дээрх хуульд зааснаар буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн талаарх шаардлага биш бөгөөд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах шаардлага тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.А 4,256,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч С.А 4,256,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А улсын тэмдэгтийн хураамжид 83,046 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ